Хүнсний талонд хамрагдсанаар найман ам бүлтэй айл сарын хэрэгцээгээ хангадаг гэв
Сүхбаатар дүүрэгт гэхэд л 233 өрхийн 1482 иргэн энэхүү үйлчилгээнд хамрагдсан байна.
2014.11.06

Хүнсний талонд хамрагдсанаар найман ам бүлтэй айл сарын хэрэгцээгээ хангадаг гэв

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улс орон даяар зохион байгуулсан.

Энэхүү судалгаанд нийт өрх, хүн амын 93 хувийг хамруулсан аж. Судалгааны үр дүнд Хүнсний эрхийн бичгийн үйл- чилгээ буюу хамгийн ядуу хэмээн тодорхойлогдсон, хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхийг хүнсний талонд хамруулж байгаа билээ.

Сүхбаатар дүүрэгт гэхэд л 233 өрхийн 1482 иргэн энэхүү үйлчилгээнд хамрагдсан байна. Ингээд энэхүү талоны үйлчилгээ үнэхээр эзэндээ хүрч байгаа эсэх, айл өрхийн амьжиргаанд нэмэр тустай байгаа талаар сурвалжлахаар хэд хэдэн газрыг зорилоо.

Хамгийн эхний айл болох Сүхбаатар дүүргийн IX хороонд амьдрах н.Мөнхсоёлын гэрт очив. Эднийх жижигхэн умгар амбаарт зургаан хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр нь бөөрний архаг дутагдалтай учраас ажил хийхгүй бага хүүхдээ хараад гэртээ суудаг гэнэ.

Хүнсний талоноор найман хүний хүнсний нэг сарын хэрэгцээг хараахан хангаж чаддаггүй ч 20 хоногийн хүнсээ өлхөн залгуулдаг тухай хуучиллаа. Тэрээр зундаа машин угаалгын газарт ажил хийж, өвөлдөө нүүрс, мод шуудайлан амьдралаа болгодог гэнэ. Хүүхдийнхээ сар бүрийн тэтгэмжийн мөнгийг хуримтлуулж чадаж байгаа талаар асуухад сургуулийнхаа таван хүүхдийн хувцаснаас эхлээд мөнгөний хэрэгцээ тун ч их байдаг учраас хуримтлуулж чаддаггүй гэв.

Сүхбаатар дүүрэгт гэхэд л 233 өрхийн 1482 иргэн хүнсний талоны үйлчилгээнд хамрагдсан байна

 Сар бүр талоноороо гурил, будаагаа аваад хүүхдийнхээ мөнгөтэй хавсаргаад зургаан хүүхдээ тэжээж явна даа хэмээн гэрийн эзэгтэй хуучлав. Хорооны нийгмийн ажилтан М.Сүндэрьяа ажлаа аваад удаагүй байгаа ч чамгүй идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа нь илт. Тэрээр өөрөө хөөцөлдөн байж Мөнхсоёлынхыг талонд хамруулсан гэнэ.

Тэрээр хэдэн сарын өмнө цонх нь хагарсан байсан чинь ашгүй шиллээд авсан байна шүү. Эднийд яаж ийж байгаад шинэ гэр бариад өгчих бодолтой байгаа. Энэ асуудлаар хэд хэдэн газартай очиж уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Ямартай ч зорьсон юм бүтдэг жамтай хэмээн ажилдаа хичээнгүй залуу хүний хэлэх нь сайхан сонсогдож байлаа.

Хүүхдийн мөнгө, талон хоёроор л амь зүүж явна

Баянгол дүүргийн X хороонд оршин суудаг Т.Алтанхуягийнд очлоо. Эднийх ам бүл долуулаа амьдардаг бөгөөд нөхөр нь барилга дээр туслах ажил хийдэг аж. Эхнэр н.Авирмэд нь нялх хүүхдээ хараад гэртээ суудаг аж. Тэрээр хүнсний талон манай амьдралд их нэмэр болж байна. Сард 45 мянган төгрөгийн хүнс авдаг. Ингэхдээ гурил, будаа, гоймон зэрэг бүтээгдэхүүн авдаг.

н.Авирмэд

Мах жаахан үнэтэй учраас тэр бүр авч чаддаггүй. Гурилаа л түлхүү авдаг. Гурилаараа хүүхдүүддээ гамбир, боорцог хайрч өгдөг. Хүүхдүүд бага болохоор чихэр, боов нэхээд байдаг юм. Бага охиндоо л хааяа хүүхдийн будаа авч өгдөг юм гэсээр угтсан юм.

Түүнээс нөхөр чинь өвөл ажилгүй болохоор амьжиргаагаа хэрхэн зохицуулж байна хэмээн асуухад “Улсаас өгч байгаа хүнсний талон, хүүхдийн мөнгө хоёроор л амьдардаг юм. Энэ талон манайд бол их нэмэр болж байгаа. Дүүрэг, хорооноос ч хэдэн хүүхдийг минь харж үздэг. Сая нэгдүгээр ангид орсон хүүд маань дүүргийн Халамжийн хэлтсээс форм, хичээлийн хэрэгсэл, өвлийн хувцас өгсөн. Ингэж тусалж дэмждэгт нь их баярлаж байна" хэмээлээ.

Харин дараагийн өрх бол тус дүүргийн XXI хороонд оршин суух Ц.Ариунсайханых. Тэднийх ам бүл тавуулаа, гурван ханатай үнхэлцэг шиг жижигхэн гэрт чихэлдэн амьдардаг. Гэрийн эзэн болох Ц.Ариунсайхан шил, лааз цуглуулж амьжиргаагаа залгуулдаг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй юм байна.

Эднийх мөн л хүүхдийн мөнгө, хүнсний талон, хөгжлийн бэрхшээлтэй иргэний группын мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг айл аж.

 Ингээд гэрийн эзэн н.Ариунсайхантай цөөн хором ярилцлаа.

-Танайх хэдэн төгрөгийн хүнсний талон авдаг вэ. Амьдралд тань тус нэмэр болж чадаж байна уу?

н.Ариунсайхан

-Манайх сард 40 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Бидэн шиг хүмүүст үнэхээр нэмэртэй юм. Урьд нь өдрийнхөө хоол ундыг залгуулаад л тогныхоо мөнгөө ч төлж чаддаггүй үе байдаг байсан. Харин одоо энэ талоноор сарынхаа хүнсийг бөөн аваад олсон жаахан мөнгөө өөр зүйлүүддээ зарцуулж болоод л байна. Би ажил хийдэггүй өдөртөө лааз, сав цуглуулж хэдэн төгрөг олно. Эхнэр маань хөгжлийн бэрхшээлтэй тархины хүнд бэртэлтэй учраас хамаагүй  ажил хийж болдоггүй.

-Одоо хүнсний талоноороо ямар, ямар хүнсний бүтээгдэхүүн авдаг вэ?

-Өнгөрсөн сард шуудай гурил, арван кг будаа авсанодоо дуусаагүй л байна. Энэ сард мах, ургамлын тос авна. Тэгэхээр дараагийн сар хүртэл болгочихно доо Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд авдаг юм маань, багасаад байгаа ч бидний амьдралд тус нэмэр болж хоосон хонуулахгүй байгаад их баярлаж явдаг. Бидэн шиг  амьдралтай хүмүүст хүрч чадсан төрийн бодлого болж байна.

Амьжиргааны түвшин доогуур, хүнс тэжээлийн хэрэгцээгээ хангаж чаддаггүй айл  өрх, тэдний хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн төрийн бодлого, хавтгайрсан нийгмийн халамжийг  зорилтод бүлэгт хүртээмжтэй  хүргэж байгаагийн жишээ дээрх гурван өрхөөс харж болно.

Тухайлбал, Ц.Ариунсайханых нийгмийн халамжийн хөгжлийн бэрхшээлт иргэний тэтгэвэр 115 мянган төгрөг, гурван хүүхдийн мөнгөн тэтгэмж 60 мянга, хүнсний  талоны 40 мянган төгрөгийг сар бүр авах буюу төрөөс нэг  сард тус өрхөд 215 мянган төгрөгийн бодит тусламж үзүүлж байна гэсэн үг.