Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүллээ
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан явуулсан уг аяны хүрээнд халамжийн салбарын хамт олны тусламж дэмжлэг үзүүлсэн өрх Сүхбаатар дүүргийн 17 –р хорооны иргэн, 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Д.Ганцэцэгийнх юм.
Д.Ганцэцэг нь Баянзүрх дүүрэгт нөхөр, 4 хүүхдийн хамт амьдарч байсан боловч 2014 оны 06 дугаар сарын 26 –ны өдөр нөхөр нь нас барж, гэр оронгүй болсны улмаас хүүхдүүдийнхээ хамт айлын хашаа, 4 ханатай муухан гэрийг түрээслэн амьдрах болсон байна. Тэрээр амьдралын боломжгүй нөхцлөөс шалтгаалан хүүхдүүдээ төрүүлээд сар ч бололгүй микроны кондуктор хийж , амьдралаа залгуулж өдийг хүрсэн бөгөөд түүний нэг өдөрт олдог 10000-15000 төгрөг хоол унд, түлээ нүүрс, 2 ихрийн сүүний мөнгө гээд хаанаа ч хүрэлцдэггүй байна.
Тиймээс Сүхбаатар дүүргийн НХҮХ-ийн хамт олон уг өрхийн амьдралын нөхцөл байдалтай танилцан үнэлгээ хийж, хэрэгцээг нь тодорхойлсноор, өрхийн амьдралд нийгмийн шаардлагатай үйлчилгээг хүргэх, амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулах, өөрийн гэсэн гэр, хашаатай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхийг зорилгоо болгон уг аяныг өрнүүлжээ.
Аяны хүрээнд Д.Ганцэцэгийн гэр бүлд тусламжийн гараа сунгасан олон байгууллага, хамт олон, хувь хүн бидний ажилд тусалсныг дурдахад таатай байна. Тухайлбал Ч.Сэлэнгээ захиралтай “Их засаг” лицей сургууль нийт багш, сурагчид , эцэг эх, ажилчид болон бүрэлдэхүүн сургуулиудынхаа дунд хандивын аяныг өрнүүлэн, цугласан мөнгөөр 5 ханатай өргөө цагаан гэр, Аз” хүүхдийн их дэлгүүр 6 хүүхдэд нь 800 000 гаруй мянган төгрөгийн хувцас, тоглоомыг гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүнчлэн “Рояал” телевиз бүхий л цаг үеийн туршид бидэнтэй хамт байж, ажил үйлчилгээг сурталчлан, “Саранд мэлмэрсэн бүсгүйн заяа” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн олон түмэнд түгээж бидний ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүллээ.
Хандив, тусламж үзүүлсэн байгууллагууд:
. Алтан гадас” ХХК
“Их засаг” лицей сургууль
“Рояал” телевиз
“Иргэний боловсролын төв” ТББ
“Үндэс сайхан” ХХК
“Цэвэр агаар” төсөл,
Аз хүүхдийн их дэлгүүр
16-р хорооны иргэн , ахмад настан Т.Жавзандулам
Дашрамд дурдахад Сүхбаатар дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Сайн үйлсийн аян”, Сайн дурын нийгмийн үйлчилгээг жил бүр хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ тус дүүргийн 20 хорооноос 60 кейс сонгон авч нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлэх юм.