Дотуур байранд суух хүүхдийн тоо жилээс жилд буурч байна
“Дотуур байрны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг”
2015.10.01

Дотуур байранд суух хүүхдийн тоо жилээс жилд буурч байна

-ДОТУУР БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЬЯ-

“Дотуур байрны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг” Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Гачууртын 85 дугаар сургууль дээр боллоо. 

Хэлэлцүүлэгт БСШУЯ, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газар, Баянзүрх дүүргийн Тамгийн газар, Норвегийн тусламжийн байгуулагын Хүүхдийн эрх-хөгжил II төслийн төлөөлөл оролцож, мэдээлэл солилцож, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцав. 

Сурагчдын хувьд хаана амьдарч байгаагаас шалтгаалж хичээлийн шинэ жил өөр өөрийн онцлогтой эхэлдэг. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд сургуулийн дотуур байрандаа шинэ амьдрал эхлүүлдэг. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 33  мянга гаруй хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарна. Харин энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад жилээс жилд буурч байгаа нь анхаарал татна. Уг нь улсын хэмжээнд 38-39 мянган хүүхдийг дотуур байранд хамруулах боломжтой гэсэн тоо бий. 

Гэтэл,

  • 2011-2012 оны хичээлийн жилд 38 мянган хүүхэд,
  • 2012-2013 оны хичээлийн жилд 36 мянган хүүхэд,
  • 2013-2014 оны хичээлийн жилд 34 мянга гаруй,
  • 2014-2015 оны хичээлийн жилд 33 мянган хүүхэд дотуур байранд хамрагджээ.

Дотуур байранд суух хүсэлт гаргах хүүхдийн тоо ч гэсэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 42 мянгаас 35,500 болж буурч байгаа нь хүртээмжээс хамаарсан хэрэг биш дотуур байрны үйлчилгээнээс хамаарч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөө талаас сум баг дээр хүүхдүүд өрх толгойлон амьдрах, “Тавиул хүүхэд” буюу айлд амьдруулах, гэр бүлийн хүмүүс сургуулийн хүүхдээ харж хандах гэж сумын төвд тусдаа амьдрах зэрэг нь энэ тоонд нөлөөлж байгаа юм.

Зарим эцэг эхчүүд намар хүүхэддээ цүнхтэй хувцсыг нь бариулаад, нутгийн унаа машинд дайгаад явуулдаг.

Зөвхөн Ховд аймгийн хэмжээнд гэхэд 2015 оны байдлаар айлд амьдарч буй хүүхдийн тоо дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тооноос олон буюу 1983 байна. Мөн гэр барин өрх толгойлон амьдарч байгаа 596 хүүхэд байна.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэний хөгжлийн цогц бодлогод “Ерөнхий боловсролын дотуур байрны тохилог орчинг бүрдүүлж, дотуур байранд суух хүүхдийн тоог 2.1 дахин нэмэгдүүлэх” зорилт тавьсан билээ.  Гэтэл Мянганы хөгжлийн зорилтын хугацаа дуусч, биелэлтийг энэ намар болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чууганаар дээд хэмжээнийн түвшинд хэлэлцэхээр болоод байгаа.

Ямар ч гэсэн дотуур байранд суух хүүхдийн тооны хувьд буурсан үзүүлэлттэй гарах нь тодорхой боллоо. Тэглээ гээд асуудлыг шийдвэрлэхгүй орхиж болохгүй. Цаашид  дотуур байрны хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний стандартыг бий болгож мөрдүүлэх, сум баг дээр өрх толгойлон амьдарч байгаа хүүхдүүд, “Тавиул хүүхдүүд” хүүхдээ харан сумын төвд эхнэр, нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэр бүлүүдийн талаар судалгаа гаргаж, тэдний санал зөвлөмжийг нэгтэх хэрэгтэй. Түүнчлэн дотуур байранд ажиллаж байгаа хүний нөөцийг чадавхижуулах төлөвлөгөө гарган мөрдүүлж, “Хүүхэд хамгааллын бодлого” батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ардын уран зохиолч Т.Галсан гуай нэгэнтээ “Дээлээ даахтайг нь сургуульд аваад явчих юм” гэж бичиж байсан удаатай. Үнэндээ нялх үстэй нойтон сэвлэгтэй шахуу хүүхдүүд ижий аавынхаа өврөөс гарч, гэр орноосоо хол, шинэ орчин нөхцөлд сурч амьдарч эхэлнэ гэдэг хэцүү. Зарим эцэг эхчүүд намар хүүхэддээ цүнхтэй хувцсыг нь бариулаад, нутгийн унаа машинд дайгаад явуулдаг.

Хэрэгтэй гэвэл хүүхэдтэйгээ утсаар ярьсан төдий болж, цөөн хэдэн төгрөг мобайл банкаар шилжүүлж, хувцас хунар эд зүйлсийг нь хүнээр дайж орхиод сургууль багш нартай нь ямар ч холбоогүй байх нь элбэг. Тэр ч бүү хэл хүүхэд нь өвдөж, эм тарианы зардал гаргах хэрэгтэй болоход   огт хөдлөхгүй байх тохиолдол ч гардаг гэнэ. Иймд сургууль, эцэг эх, дотуурны багш нарын дунд гурвалсан гэрээ байгуулж, үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай.

Ер нь жилийн 9 сарыг нь гэр орноосоо хол, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг аль болох ая тухтай, сурч боловсорч, хөгжих нөхцлийг хангасан тохилог орчинд байлгах ёстой. Иймд отуур байр бүр хүүхэд хөгжүүлэх өрөө танхимыг орон нутгийн хөрөнгө, хандив тусламжаар байгуулж, тэдгээрийн ажиллах журам тогтолцоог бий болгох хэрэгтэй. Түүнчлэн дотуур байр бүр хүүхдийн зөвлөлтэй болж, тэдгээрийг чадахижуулснаар дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулахад хүүхдийн санал санаачлага, оролцоог нэмэгддүүлэх хэрэгтэй.

Дотуур байрны нэг хүүхдэд ногдох хоногийн хоолны зардлыг дунджаар 3,820 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай

“Хүүхэд бүр эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдах эрхтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцид дурдсан байдаг. Манай улс энэ Конвенцийг хамгийн анх батласан эхний таван орны нэг билээ. Энэ үүднээс авч үзвэл Конвенцийг хэрэгжилтийг хангахад бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байх учиртай. Харамсалтай нь тийм биш байна. Дотуур байрны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний ихэнх нь хоолны амт чанар, хүртээмжид сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Шим тэжээлийг хангасан хүнсийг хэрэглэх нь хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн чухал нөлөөтэй.

Хүүхдийг дотуур байранд хооллодог байх нь зүйн хэрэг. Харин хүүхдэд нэн шаардлагатай шим тэжээлтэй хүнсээр хангадаг байх нь төрийн үүрэг юм. Одоо дотуур байрны нэг хүүхдэд ногдох хоолын зардал хоногт 2,315 төгрөг байна. Уг нь хүүхдийн өдөрт авбал зохих шимт бодисын хэрэгцээг 2015 оны зургадугаар сарын байдлаарх хүнсний бүтээгдэхүүний үнэд харьцуулан тооцвол дотуур байрны нэг хүүхдэд ногдох хоногийн хоолны зардлыг дунджаар 3,820 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай. 

Иймд дотуур байранд хамрагдаж байгаа хүүхдийн хоногт авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис илчлэгийн хэмжээг Засгийн газрын түвшинд баталж, түүнд шаардагдах зардлыг жил бүр хүнсний үний өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож хэвших хэрэгтэй. Цаашилбал, нэгж дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоо, насны ангиллыг харгалзан хоолныг зардлыг ялгавартай байх боломжийг судлан шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хэлэлцүүлэг өрнүүлсэн 85 дугаар сургууль нь Баянзүрх дүүргийн ЕБС-иуд дундаас дотуур байртай ганц сургууль нь юм байна. Тус сургуулийн дотуур байранд Гачуурт тосгон орчмын амуудад амьдардаг малчин өрхүүдийн 100 орчим хүүхэд амьдардаг гэнэ.