Хүний хөгжлөөр улс орны хөгжил хэмжигддэг болсон цаг үед бид амьдарч байна
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг боловсруулж өргөн барьсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-Энэ удаагийн урт хугацааны тогтвортой хөгжлийн баримт бичгийн гол онцлог нь юу вэ?
-Хөгжлийн бодлого нь оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоо нь хангагдсан, хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх нь зүйтэй гэсэн үндэслэлээр “Монгол Улсын урт хугацааны (2016-2030 он) тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран боловсруулж өргөн бариад байна.
Өмнөх бодлогын баримт бичгүүдтэй харьцуулахад, товч бөгөөд тодорхой, салбар бүрт хамгийн чухал гэсэн асуудлуудыг тусгаж өгсөн. Тухайлбал, 2030 он гэхэд шатахууны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хямд эрчим хүчний эх үүсвэртэй болох, бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд эхний 40-д, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70-д багтах, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 6.6 хувиас бууруулахгүй байх зэрэг олон чухал асуудлыг тодорхой тусгасан байгаа.
-Өмнө нь 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг УИХ баталж байсан. Энэ баримт бичиг ямар үр дүнд хүрсэн бэ?
-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг 2008 онд УИХ баталж байсан. 2010, 2014 онд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо уялдаа холбоо муутай, хүрэх үр дүнг тодорхойлох боломжгүй байсан гэж дүгнэсэн. Яагаад хэрэгжилт нь хангалтгүй байсан гэхээр нэг талаар төрийн бодлогын залгамж чанар хангагдаагүй, ээлжит улс төрийн сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан намууд тэр бодлогын баримт бичгийг баримтлахгүй байсан.
Ер нь бол урьд нь ийм баримт бичгүүдэд уул уурхайд түшиглэж, аж үйлдвэрээ хөгжүүлэх асуудлыг тусгасан хэрнээ хамгийн чухал зүйл болох хүнийхээ хөгжлийг орхисоор ирсэн. Үүний уршгаар өнөөдөр бид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна, хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Урьд нь улс орны эдийн засаг өндөр үзүүлэлттэй байхад үр өгөөж нь ард түмний ахуй амьдралд төдийлөн хүртээлтэй байгаагүй. Монгол Улс өндөр хөгжилтэй, уул уурхайн салбараас хараат бус, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болон хөгжихөд урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх практик шаардлага гарч ирсэн.
Тиймээс энэ бодлогын баримт бичигт хүний хөгжлийг чухалчилж авч үзсэн. Жишээлбэл, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэх, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг давхаргад багтсан байх, дундаж наслалтыг 78-д хүргэх, 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдлийг “тэг” төвшинд хүргэх, 100 мянган амаржсан эхэд ногдох эхийн эндэгдлийг 20 хувь хүртэл, ЕБС-ийн анги дүүргэлтийг 20 хүртэл хувь бууруулах гэхчлэн тодорхой хэмжиж болох, бодитой үзүүлэлтүүдийг тусгаж өгсөн. Мөн ард иргэдээ яаж эрүүл хүнсээр хангах вэ гэдгийг онцгойлон авч үзсэн. Иймд эрүүл хүнсний тухай заалтууд нэлээд байр суурь эзэлж байгаа. Бид энэ бодлогын баримт бичгийг боловсруулахдаа яавал монгол хүний амьдрах орчныг сайжруулж чадах, иргэдээ яаж баталгаат хүнсээр хангах, хэрхэн ажлын байртай, орлоготой, нийгмийн чинээлэг давхарга бүхий иргэдтэй улс орон болох вэ гэдэгт анхаарсан.
-Энэ бодлогоо ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх вэ?
-Энэ урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн гурван үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай байхаар тооцож боловсруулсан. Дэлхийн улс орнууд НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилж үндсэн гурван асуудлыг бусдаас бүр илүү чухалчилж байна. Нэгт, байгаль орчны тэнцвэрт хөгжил, хоёрдугаарт эрүүл хүнсний үйлдвэрлэл, гуравдугаарт эко эрчим хүчний хангамж бий.
Иймээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, хөгжлөөрөө тэргүүлж байгаа орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлага, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг үндэс болгон энэхүү хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсрууллаа.
-Зорилт болон шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой болж. Гэвч цаасан дээр үйлдвэрлэчихээд, амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хэдэн зуун баримт бичгийн нэг болохгүй гэсэн баталгаа байна уу?
-Тийм ээ, таны болгоомжлох нь зөв. Манай улсад 400 гаруй бодлогын баримт бичиг байдаг ч амьдрал дээр хэрэгжих нь хангалтгүй байдаг тухай бид шүүмжилдэг. Энэ нь юуны өмнө төрийн залгамж чанар алдагдсантай холбоотой гэдгийг өмнө хэлсэн. Тэгвэл энэ удаагийн баримт бичигт энэ алдааг залруулахыг хичээж ажиллалаа. Тухайлбал, УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлэг, бие даагчдын төлөөлөл болсон 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Нэгэнт хамтын бүтээл болохоор дараагийн сонгуулиудаар аль ч нам засгийн эрхэнд гарсан энэ үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа тусгаад явах боломжтой гэж үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр, 2015 оны сүүлчээр УИХ-аас баталсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд сонгуульд оролцох аливаа улс төрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баримтална, хэрэв үүнийг баримталж боловсруулаагүй бол тухайн намын мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзах талаар тодорхой заалт оруулж өгсөн. Ингэснээр төрийн залгамж чанарыг хангаж байгаа юм.
Мөн энэ урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийхээр тусгасан.
-Үзэл баримтлалыг хэзээ УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх бол?
-Ердөө хагас жилийн дараа сонгууль болох гэж байгаа тул энэ бодлогын баримт бичгийг аль болох богино хугацаанд батлах шаардлагатай байгаа. Учир нь энэхүү үзэл баримтлал нь урт хугацааны хөгжлийн чигийг тодорхойлохоос гадна сонгуульд оролцох улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх учиртай юм.