С.Эрдэнэ: Засгийн газартай хариуцлага тооцож яагаад болохгүй гэж
2011.10.05

С.Эрдэнэ: Засгийн газартай хариуцлага тооцож яагаад болохгүй гэж

УИХ-ын 20 гишүүн Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлээд буй. Тэд өчигдөр энэ асуудлаар ярилцахаар Засгийн газрын гишүүдийг урьсан. Гэвч Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүй нь УИХ-ын гишүүдийн уурыг нэлээд хүргэв. УИХ-ын 20 гишүүний шаардлагын хариуд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй бичиг ирсэн боловч үүнийг нь хангалтгүй гэж үзэж буйгаа гишүүд илэрхийлсэн юм. Энэ асуудлаар С.Эрдэнэ гишүүнтэй ярилцлаа. Мөн Сонгуулийн хуулийн асуудлаар түүний байр суурийг сонирхсон юм.
-Оюу толгойн гэрээнд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлаар тавьсан шаардлагад Засгийн газраас хариулт ирүүлсэн байсан. Засгийн газар чухам ямар хариулт өгөв?
-УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт албан ёсоор шаардлага хүргүүлсэн. Үүгээрээ бид «УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханга, Оюу толгойн гэрээ чинь 57 дугаар тогтоолтой нийцэхгүй байна гэсэн асуудлыг л тавьсан. Засгийн газраас 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэсэн утгатай хариу ирсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолын гурван заалт гурвуулаа хэрэгжээгүй гэж бид үзэж байгаа. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг урьж, санал солилцъё гэсэн юм.
Харамсалтай нь тэд ирсэнгүй.
Уг нь парламентын засаглалтай улсад төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүд нь урьж байхад  Засгийн  газрынхан үг дуугүй ирээд тайлбараа тавих ёстой. Бид урьж байхад манай Засгийн газрынхан яагаад ирээгүйг ойлгохгүй байна. Нөгөө талаараа бид 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангалтгүй гэж үзэж байгаа. Тиймээс гэрээний хэрэгжилтийг хангуулах тал дээр цаашид анхаарч ажиллана.
-Засгийн газраас ирүүлсэн хариуг яагаад хангалтгүй гэж үзэж байгаа юм бэ?
-57 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад Монголын төрийн эзэмших хувийг 34 хувь байхаар гэрээнд тусга гэж оруулсан. Харамсалтай нь 34 хувиа Монголын тал зээлээр авсан. 57 дугаар тогтоолын нэгдүгээр заалт дээр бол зээлээр буюу худалдаж авах тухай ямар ч асуудал тусгаагүй. 34 хувиа ямар ч үнэ төлбөргүйгээр Монголын тал эзэмших ёстой гэсэн үүрэг чиглэл өгсөн. Гэтэл энэ заалт огт хэрэгжсэнгүй. Үүнээс гадна Монголын тал анхны хөрөнгө оруулалтын 34 хувь болох 800-гаад сая ам.долларын өрөнд унаад байна. Энэ нь тодорхой хугацааны дараа буюу Оюу толгойн үйлдвэр ашиглалтад орох үед бараг нэг тэрбум 500 саяд хүрэх магадлалтай. Монголын төр яахаараа өөрийнхөө баялгийн 34 хувийг зээлээр эзэмших ёстой юм бэ. Энэ чинь манай баялаг. Бид үнэ төлбөргүй эзэмших ёстой.
- Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын эзэмших хувийг 50-д хүргэх тухай ч УИХ-ын 57 дугаар тогтоолд байгаа?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад «Эрх зүйн орчин бий болгох чиглэлээр Оюу толгойн анх-ны хөрөнгө оруулалтыг нөхмөгц Монголын талын эзэмших хэмжээг 50 хувьд хүргэнэ» гэж бий. Гэтэл Засгийн газар 30 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр бол Монголын талын 34 хувь 30 жил хөдлөхгүй гэсэн үг. 30 жилийн дараа Оюу толгойд юу үлдэх юм бэ. Энэ хугацаанд хамаг баялгийг нь гадныхан хамж аваад дуусна шүү дээ. Ийм нөхцөлд гэрээний биелэлтийг хангасан гэж үзэх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмших хувь хэмжээг 50 хувьд хүргэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөөр байтал 30 жилийн дараа 50 хувьд хүргэх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүнээс үүдээд Монголын ард түмнийг төлөөлсөн Засгийн газар юм уу, эсвэл гадныхны эрх ашгийг төлөөлсөн Засгийн газар юм уу гэдэг асуудлыг тавихад хүрсэн.
-Гэрээ байгуулагдахаас өмнө асуудлаа тавихгүй өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна. Нөгөө талаараа сонгуулийн өмнөх шоу гэсэн хардлага ч бий?
-Энэ бол гадныхны захиалгаар зориуд бор шувуу нисгэж байгаа хүмүүсийн яриа. Оюу толгойн гэрээний асуудал яригдаж эхэлснээс хойш нэр бүхий гишүүд шаардлага тавьсан. Миний хувьд Оюу толгойн гэрээг алдаатай хийсэн гэсэн үндэслэлээр ЭБЭХ-ний сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа тавьсан. Сонгууль дөхөхөөр л гэнэт яриад, шуугиад байгаа юм биш. УИХ-ын 57 дугаар тогтоол Оюу толгойн гэрээг байгуулахаас өмнө гарсан. Бид «Оюу толгойн гэрээг байгуулахаас өмнө батлагдсан УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханга» гэж байгаа болохоос биш гэрээ байгуулагдсаны дараа үүссэн нөхцөл байдлыг яриагүй.
-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Засгийн газрын унагах оролдлого явагдаад байна уу гэсэн хардлага байна. Энэ байж болох хувилбар уу?
-Монголын ард түмний эрх ашгийн эсрэг үйлдэл хийсэн хэнтэй ч хариуцлага тооцно. Яагаад болохгүй гэж. Нийгмийн эрх ашгийг л дээгүүр тавих ёстой. Ер нь төрийн эрх барих дээд байгууллага аль нь юм бэ. УИХ шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй. Энэ эрх, үүргийнхээ дагуу асуудал тавьж байна. Үүнийг Засгийн газар үг дуугүй дагаж биелүүлэх үүрэгтэй. Бид Засгийн газраас энэ үүргийг нь Шаардаж байна. Оюу толгойг битгий ашиглах, хөрөнгө оруулалтыг зогсоо гээгүй. Оюу толгойг ашиглахыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ Оюу толгойн гэрээ гадныханд биш, Монголын ард түмэнд ашигтай байх ёстой.
-Сонгуулийн хуулийн талаарх асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй байх. АН-ын бүлгийн хувьд 38:38 гэсэн хувилбар дээр байгаа тухай мэдээлэл байна?
-38:38 гэсэн тоог хаврын чуулганаар санал болгосон. Энэ байр суурин дээрээ хэвээр байгаа. МАН-аас ямар санал тавих нь вэ гэдгийг харж байна. Өчигдөр /энэ сарын гуравны даваа гараг/-ийн байдлаар 48:28 гэсэн хувилбарыг МАН-ын бүлгийн дарга санал болгосон. Юутай ч эхлээд ажлын хэсэг хуралдаад гарсан дүнг бүлгийн хурал дээр ярилцъя гэсэн байр суурьтай байна.
-Тэгвэл танай намын бүлэг цаашид ч сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна гэдэг дээр хатуу зогсоно гэсэн үг үү?
-Хэрэв нөгөө тал манайхтай зөвшилцөх тохиролцох тал дээр асуудлыг ярихгүй бол бид өөрсдийнхөө байр суурин дээр хатуу зогсоно. Сонгуулийн хуулиа баталъя гэсэн бодол, ойлголцох эрмэлзэл байвал бид хүлээж авна. Хэрэв тэгэхгүй гээд зөрүүдлээд байвал бид юу боллоо гэж дагаж намираад байх вэ. Өөрсдийнхөө байр суурин дээр л хатуу зогсоно шүү дээ.
-Танай намын бүлэг Сонгуулийн хуультай холбоотойгоор завсарлага авахаар болсноо мэдэгдсэн. Ганцхан энэ хуультай холбогдуулж УИХ-ын ажлыг гацаах нь хэр зөв гарц юм бол?
-Манай намын бүлэг пүрэв гараг хүртэл Сонгуулийн хуулиар байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа. Бусад хуулиар бол орно. Тиймээс ажлын хэсгийн уулзалтаас бүх зүйл шалтгаална.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.