Луйварын гэрээг явуулахгүй ээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнийг МОНЦАМЭ агентлаг "Редакцийн зочин"-оороо урилаа. УИХ-аас баталсан Оюутолгойн гэрээг анхнаас ньэсэргүүцэж, ард түмэнд ашигтай болгохын төлөө тэмцэж буй энэ гишүүн бусад 20 гишүүний хамтаар УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн юм. Мөн тэрбээр удахгүй Эрдэс баялаг, эрчит хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлаар шаардлага хүргүүлэх аж. Ингэснээр тэрбээр Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг гурав дахиа тавьж буй юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төр, нийгмийн амьдралд болж буй халуун сэдвээр яриа өрнүүллээ. С.Эрдэнэ гишүүн" Монголчуудбидэнд уул уурхайн асар их баялгийг өвөг дээдэс маань үлдээсэн. Энэ их баялгаа зөв зүйтэй ашиглаад явбал Монгол Улс дэлхийн баян орнуудын нэг болж чадна. Хэрвээ цөөн тооны олигархиуд гаднынхантай хамтран зөөгөөд дуусгачихвал Монгол Улс Африкийн араас орж, нөгөө л НҮБ-ын тусламжаар атьдардаг цөлжсөн нутагтай ядуу улс орны нэг болж хувирна. Тиймээс түүхийн хариуцлагатай энэ үед төр түшилцэж яваагийн хувьд ард түмний төлөөлөгч явах үүргээ шударгаар гүйцэтгэж явах болно" гэсэн юм. "Редакцийн зочин"-ы ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн, "МОНЦАМЭ мэдээ" сонины орлогч эрхлэгч Ш.Батболд, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, Э.Адъяасүрэн, Г.Энхмандуул нар оролцлоо.
ШААРДЛАГЫН ХАРИУГ ЗААСАН ХУГАЦААНД ӨГНӨ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
-Сонин, хэвлэлийн сүүлийн үеийн мэдээллээс харахад таныг Оюутолгой ордыг ашиглах гэрээний асуудлаар Ерөнхий сайд С.Батболд болон холбогдох сайдад шаардлага өргөн барьсан гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Ерөнхий сайдтай өнгөрсөн лхагва гарагийн 16 цагт нэр бүхий зургаан гишүүн уулзаж, УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зурсан шаардлагыг өргөн барилаа. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-ын 57 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Оюутолгойн гэрээний юунд анхаарах, ард түмэнд ямар ашигтай нөхцөл болзол тусгах учиртайг үндсэнд нь чиглүүлж өгсөн бөгөөд УИХ-ын 40 дүгээр тогтоолоор ч гэсэн ерөнхий суурийг нь тавьж өгсөн. Харамсалтай нь тогтоолын хэрэгжилт байхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ явж байна. Төрийн эзэмших хувь хэмжээ доод тал нь 34 хувь байна гэсэн ганцхан заалт гэрээнд бий. Анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц монголын талын эзэмших хувийг эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар 50 хувьд хүргэх зэрэг бусад заалт үндсэндээ хаягдсан. Энэ бүх шалтгаанаас үүдэн 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ирэх сарын нэгний дотор хариу мэдэгдээч гэсэн шаардлага тавьж байгаа юм. Ингээгүй тохиолдолд Засгийн газарт дараагийн хариуцлагыг тооцно гэдгийг шаардлагад дурдсан.
-УИХ-аас тогтоол шийдвэр хангалтгүй гарч байна. Гэтэл Засгийн газар гүйцэтгэх ажлаа биелүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
Ерөнхий сайдтай уулзахдаа хоёр, гурван зүйлийг хатуу анхааруулж хэлсэн. Нэгдүгээрт, УИХ тогтоол шийдвэр гаргадаг, төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг эрх зүйн хүрээнд нь Засгийн газар хэрэгжүүлж ажиллах учиртайг хэлсэн. Хоёрдугаарт, өнөөдөр аливаа ажил Засгийн газрын тогтоол шийдвэр, хоёр намын нөхдүүдийн амаар явж, УИХ-ыг чирч байна. УИХ-ын гишүүд нь Засгийн газрын бүрэлдэхүүнд холилдсоноор эрх мэдлийн хуваарилалт үгүй болсон. Энэ нь төрийг дампууралд хүргэж байгаа учир та холбогдох сайд нартаа хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан. Өнөөдөр мэдээлэл үнэхээр хаалттай байна. Нэр бүхий сайдуудад ямар ч асуулга тавьсан мэдээлэл өгдөггүй, эсвэл асуулгын утга байхгүй болж, шийдвэр нь гарсан тохиолдолд хариу өгч байх жишээтэй. Үндсэн хуулийн 41.1-д зааснаар УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерөнхий сайд хүлээж, хариуцна гэсэн үүргээ биелүүлж ажиллаач гэдгийг шаардлага дээрээ нэмж амаар хэлсэн.
-Ерөнхий сайд уулзалтын үеэр ямар хариу өгсөн бэ?
-Шаардлагыг Ерөнхий сайд хүлээж авахаа илэрхийлсэн. Шаардлагын хариуг заасан хугацаанд өгөх байх гэж найдаж байна.
Д.ЗОРИГТ САЙД АЖИЛ УНАГАЖ БАЙГАА ХҮН ШҮҮ ДЭЭ
-Таны хувьд Д.Зоригт сайдад хариуцлага тооцох асуудлыг гурав дахиа тавих гэж байгаа. Хэзээ асуудлыг дээшээ барих вэ. Энэ асуудлын хойноос уйгагүй явж байгаа учраа тайлбарлаж өгөхгүй юу?
-Ирэх даваа гарагт (өнөөдөр) асуулга тавих гэж байна. Өмнө Д.Зоригт сайдад хариуцлага тооцох асуудлыг хоёр удаа тавьсан ч олонхиороо хамгаалан авч үлдсэн. Хоёр удаагийн шаардлагад дурдсан асуудлуудын нэгийг нь ч өнөөдөр биелүүлээгүй. Нефть хангамжтай холбоотой ямар ч ажил хийсэнгүй. Одоо аль ч шатахуун түгээх станцад А-95 бензин байхгүй, А-92 тасалдалтай байна. Дизелийн түлш хангасан төдий. Гэвч хэзээ мөдгүй тасалдахад бэлэн байх жишээтэй. Үүнээс болж иргэд шатахуун, түлш нөөцөлсөн хэвээр сэтгэл санаа нь тогтворгүй байна. Эрчим хүчний хангамжтай холбоотой чухал ажлуудаа эхлээгүй. III цахилгаан станцын хашаанд V цахилгаан станцыг байгуулах юм гээд цаасаар хийсэн баахан загвар үзүүлээд л байсан. Тэгээд өнгөрсөн хавар Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг өргөн барих гэж байхад ажил хийж 'байхад нь дэмий юм ярилаа гэж намайг зэмлэсэн. Гэтэл одоо болтол 3-р цахилгаан станцын хашаанд эхлээгүй л байна. Миний хувьд мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцсан. V цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар зөрөөд III цахилгаан станцын одоогийн байгаа өндрийн зуухуудыг нураах юм байна лээ. Учир нь ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол шинэ цахилгаан станц байгуулж байгаа хэрэг биш.
Харин III цахилгаан станцын шинэчилсэн өргөтгөлийг хийх нь гэж ойлгож байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй шүү дээ. Дээр нь сэргээгдэх эрчим хүчний асуудлаар юу ч хийхгүй байна. Дэлхий нийтээр цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай ярьж эхэлсэн. Монгол Улсын нар, салхины эрчим хүч нь дэлхийд ховорт тооцогдох сэргээгдэх эрчим хүчний нөөц болж байна. Хэрвээ сэргээгдэх эрчим хүчийг хөрөнгө зарцуулаад нэг босгоод ирвэл эргээд зардалгүй эрчим хүчээр хангаад байх бололцоотой. Байгаль экологид ээлтэй, урт хугацааны цахилгаан эрчим хүчний хангалттай болно гэсэн үг. Гэтэл энэ чиглэлээр ажил хийх нь битгий хэл ярих ч үгүй байна. Оюутолгой ордын дэргэд 240 мгвт-ын салхины эх үүсвэрээр ажиллах сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр байгуулахаар хэдэн залуу хувиараа хөөцөлдөж байгаа юм билээ. Гэвч тэднийг мөнгө идэх гэсэн хэдэн хүн хэмээн үл ойшоосон байдалтай байна. Би тэр залуусын саналыг сонсож, дэмжих гэж оролдсон.
Нөгөө талаар ашигт малтмал, уул уурхайн байдал манайд юу болоод байна вэ гэдгийг шаардлагад тусгасан. УИХ-ын 27 дугаар тогтоолыг 2007 онд баталсан. Уг тогтоолд стратегийн 15 ордыг баталсан. Стратегийн 15 орд өнөөдөр юу болсон бэ. Эрхбиш Оюутолгой, Тавантолгойн орд юу болж байгааг хүмүүс гадарлаж байна. Бусад 13 , орд хаана байна. Ордуудын тусгай зөвшөөрлийг хэн эзэмшиж байна, ашиглаж байна уу үгүй юу гэсэн асуудал бий. Гэвч энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, жирийн иргэн бүү хэл УИХ-ын гишүүд нь мэдээлэлгүй сууж байна. Тиймээс би стратегийн 15 ордтой холбоотой асуулга тавьж мэдээлэл авахаар төлөвлөж байна. Дээр нь стратегийн ордод багтах магадлалтай 39 орд бий бөгөөд хоёрдугаар хавсралтаар баталж өгсөн. Мөн л 39-өөс стратегийн ордод багтах нь хэд байгаа талаар судалгаа , дүгнэлт хийж УИХ-д танилцуулах үүрэг өгөөд таван жил болсон ч таг чиг. Тэр битгий хэл 39 орд нь байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэтэл эрээ цээргүй ашиглаж, зөөгөөд эхэлсэн байдаг. Төмөртийн ордыг яаж зөөж байна вэ. Та бүхэн бод л доо эргэлт нь 3-4 мянган вагоноор зөөж байна шүү дээ. Монголын баялаг яаж тэсэх юм. Миний бодлоор стратегийн ордыг ашиглах, захиран зарцуулахтай холбоотойгоор нэг зүйлийг онцлон хэлэхэд Оюутолгой, Тавантолгой ордын ашиглалтыг л зөв эхлүүлэхгүй бол монголын уул уурхай тэр чигээрээ буруу замаар орно. Олигархиуд үүнийг л хүлээж байгаа. Тиймээс хоёр "толгой"-гоо л зөв эхлүүлэх хэрэгтэй. Яагаад Зоригт гэдэг хүнд хариуцлага тооцох гээд зууралдаад байна вэ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам бол Монгол Улсын амин судсыг атгасан газар. Би хэн нэгэн хувь хүнд асуудлыг хамаатуулаад байгаа хэрэг биш. Д.Зоригт гэдэг хүнийг танихгүй. УИХ-д ороод мэнд мэддэг болсон. Энэ яам ажлаа үнэндээ хийхгүй байна. Учир нь нефть, эрчим хүч гээд бусад чухал ажлаа хойш тавиад ганцхан уул уурхайн салбар руугаа хошуугаа дүрчихээд байна. Ашигт малтмал дотроо зөвхөн Оюутолгой,Тавантолгой руу л хошуугаа дүрчихээд ноцолдоод байх юм энэ Зоригт гэдэг хүн. Зарим хэвлэлд Д.Зоригтыг энэ хэмжээний ажил хийж байгаа хүнийг гоочиллоо гэсэн байна лээ. Харин Д.Зоригт сайд энэ хэмжээний ажлыг унагаж байгаа хүн шүү дээ.
-Энэ чухал яамыг толгойлж, улсынхаа төлөө шударга ажиллаасай гэж томилсон хүн биш үү?
-нэг үгээр хэлбэр олигиархуудын гарын хуруу, утсан хүүхэлдэй л болсон хүн шүү дээ.Ийм хүнд хариуцлага тооцох нь зүйтэй гэж асуудал тавьсан юм. Сүүлийн үед манай зарим хэвлэл мэдээллийнхэн томоохон олигархиуд, уул уурхайн компаниудад худалдагдаж, тэдэнд үйлчилдэг байгууллага болчихоод байгаа нь харамсалтай юм.
МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ ЮМ УҮ
-Оюутолгой гэрээг монголын ард түмэнд ашигтайгаар засах ямар боломжуудыг та бүхэн харж байна вэ. Тавантолгой ордыг ашиглах гэрээ явж байна. БНХАУ, АНУ, ОХУ гэсэн гурван улстай хамтран ашиглах тухай мэдээллийг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байсан. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Оюутолгой орд бол монголын газар нутаг дээр байгаа монголын баялаг. Оюутолгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалт. хувь нийлүүлэгчдийн гэсэн хоёр өөр төрлийн гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээнд ноцтой заалтууд бий. Жишээлбэл, экспортоор гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээс олсон бүх орлогыг гадаадад байршуулж, захиран зарцуулж болно гэж заасан. Нэг үгээр хэлбэл, монголын төр, ард түмэнд хамааралгүйгээр Оюутолгойн эцсийн бүтээгдэхүүнээс олсон бүх орлогыг гадаадад байршуулж, захиран зарцуулах нь монголыг баялгийг гадаадад гаргаж угаана гэсэн үг. Мөн гэрээнд бүх анхан шатны нягтлан бодох бүртгэл, албан хэрэг хөтлөлтийг англи хэлээр хөтөлнө гэж заасан. Энэ юу гэсэн үг вэ. Цэвэр колоничлолын бодлого бөгөөд цөөн тооны олигархиуд эх орноо худалдсантай адил хэрэг болж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийт хувьцааны 80 хувь нь давуу эрхийн хувьцаа байна. Давуу эрхийн хувьцаанд монголын талын оролцоо байхгүйгээр тусгасан. Бид тэмцсээр байгаад энэ заалтад өөрчлөлт оруулсан. Монголын талын эзэмших хувь хэмжээ энгийн хувьцааны 34 хувь байна гэсэн. Гэтэл энгийн хувьцаа нь 20 хувь. Хорин хувийн 34 хувь гэдэг нь нийт хувьцааны 5-6 хувь. Хэнээр тоглоод байна вэ. Монголчуудыг дандаа тэнэг хүмүүс гэж ойлгоод байгаа юм уу. Мөн ноцолдож байж 100 хувь энгийн хувьцааны хэмжээнд гэрээнд өөрчлөлт орсон. Монголын тал 34 хувь дээрээ 800 сая ам.долларын зээлтэй, жилийн 12 хувийн хүүтэй гээд гурав, дөрвөн жилээр тооцоод үзэхэд тэрбум хоёр зуугаас тэрбум дөрвөн зуун сая ам.долларын өртэй гарах гээд байна. Ашиг олох гэж ордоо нээж байгаа юм уу, өртэй болох гээд байгаа юм уу. Үүнийг энгийн ёгт жишээгээр тайлбарлая. Саалийн сайн үнээтэй айл байжээ. Гэтэл тэр айл үнээгээ алдлаа. Харин нэг хүн үнээг нь олж ирээд, сүүг нь хувааж хэрэглэе гэсэн санал тавьжээ. Санал нь би 66, чи 34 хувиа төлбөртэй зээлээр эзэмшинэ шүү гэвэл үнээний эзэн зөвшөөрөх үү. Өнөөдөр яг л ийм зүйл болоод байна даа. Оюутолгой ордод Канадын компани хайгуул хийсэн нь үнэн. Гэхдээ монголын .газар нутагт, монголын баялгийг л нээсэн. Гэрээнд өөрчлөлт оруулах боломж бий. Хэлэлцээр хийсэн хүмүүс асуудлыг дахиж гаргаж тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын гэрээнд дурдаагүй мөртлөө хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэг зүйл тусгасан байдаг. Энэ нь УИХ-ын 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц монголын талын эзэмших хувийг 50-иас доошгүй хэмжээнд хүргэ гэж үүрэг өгөөд байхад Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийсэн гээд 30 жилээр тогтвортой байдлын гэрээг хийсэн заалт бий.
ТАВАНТОЛГОЙГ АЙГААД ОРУУЛЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгярилцлагадаа энэ УИХ-:ын үед гэрээг өөрчилж чадахгүй байх даа. Засгийн газар нь гаднынханд үйлчилж, УИХ-аа мэхлээд сурчихсан үед дийлэхгүй. Харин огцруулж, өөрчилсөн тохиолдолд нөхцөл байдал өөрөөр эргэх болов уу гэсэнутгатай зүйл ярьсан байсан. Та ямар бодолтой байна вэ?
- Гэрээнд 34 хувийг 30 жилээр баталгаажуулчихлаа. УИХ-ын тогтоолыг Засгийн газар үг дуугүй биелүүлэх учиртай. Гэтэл хууль нь ийм байсан гэж гэрээ хийсэн хүмүүс хэлдэг. Тогтоолд эрх зүйн зохицуулалт хийх замаар гэдгийг уг нь заасан байгаа шүү дээ. Хуулиа өөрчилж болох байсан. Канадын талд ашигтай бүх зохицуулалтыг хийж өгсөн шүү дээ. Усны нөөцийг өгч, гэнэтийн ашгийн 68 хувийг чөлөөллөө. Дээр нь рояалтигаас чөлөөлсөн. Харин монголын талд ашигтай нэг ч зохицуулалт хийгээгүй мөртлөө хууль нь тийм байсан гэсэн "гоё" тайлбар өгдөг. УИХ хуулинд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй байгууллага. Луйврын гэрээг явуулж болохгүй ээ. Би Оюутолгой ордын ашиглалт, үйлдвэрлэлийг эсэргүүцээгүй. Манай улс баялгаа ашиглаж, үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх учиртай. Гагцхүү ийм нөхцөлөөр явуулж, гаднынханд шулуулж болохгүй гэдэгт л хатуу байр суурьтай байна. Тавантолгой мөн л араас нь цэвэр луйврын замаар явахад бэлэн болсон. УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтад Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулж, ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ гэж заасан байдаг. Одоо Тавантолгой ашиглалтын нэг л лицензтэй явж байгаа шүү дээ. Гэтэл яг энэ тогтоолын эсрэг Тавантолгойг дөрөв, тав хуваачихаад явж байна. 2008 оны гуравдугаар сард тухайн үеийн Засгийн газар "Энержи ресурс" компанид лицензийн төлбөр гээд 851 мянган ам.доллар төлсөн аг юм. Түүнийх нь төлбөрт Тавантолгой ордын 4 хувь буюу Ухаа худагийн ордыг өгөх шийдвэр гарсан. Гэтэл Засгийн газарт тухайн үед тийм шийдвэр гаргах эрх байгаагүй. Яагаад гэвэл Ухаа худагийг оруулаад Тавантолгойг стратегийн орд гээд УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан. Энэ ордын 50 хувь төрийн өмч, сая шинэчлэн хуваарилснаар 20 хувь нь ард түмэнд өгч, 30 хувийг нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар шийдэх ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт хийхгүй, ямар ч хувь хэмжээ ярихгүйгээр энэ ордыг "Энержи ресурс"-т шилжүүлсэн. Гэтэл Ухаа худагт өнөөдөр коксжих нүүрсний 14-16, эрчим хүчний нүүрсний 6-8 хувь байна. Гэхдээ энэ бол зөвхөн 200 метр хүртэл тооцсон нөөцийн хэмжээ. Цаашаа хэдэн км явж, нөөц нэмэгдэхийг нь хэн ч мэдэхгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар доошоо 3-4 км өрөмдлөг хийдэг ч тохиолдол бий. Гэтэл энэ нь тухайн үеийн ЗХУ-ын техникийн хүчин чадлаас хамаарч хийсэн нөөц тогтоолт. Ер нь манай ордуудын нөөц 200 метр хүртэлх хэмжээнд тогтоосон байдаг. Харин өнөөдөр энэ орд Хонконгийн хөрөнгийн биржид их хэмжээний хөрөнгө босгоод л нүүрс баяжуулах үйлдвэрлэл байгуулж, улс орны төлөө ихийг хийж байгаа мэт байна. Үгүй шүү дээ. Тавантолгойг яагаад өндөг дарж байгаа мэт хэвтсэн юм. Учир нь Ухаа худагийн нүүрсийг үнэд оруулах, Ухаа худагийг Тавантолгойгоос түрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олох гэж д тэр шүү дээ. Ингээд л ашиг олж, Тавантолгойгоос эдийн засгийн эргэлтээрээ дор хаяж 5-10 жил түрүүлээд ирмэгц, за одоо Тавантолгойг эргэлтэд оруулъя гэж байгаа юм.
-"Энержи ресурс"-ийн хувь эзэмшигчид төрийн томчууд гэдэг шүү дээ?
-Тиймээ. Манай намын ч, МАН-ын ч нөхдүүд хувь эзэмшдэг. Гадаадын хоёр ч этгээд хувь эзэмшдэг гэсэн. Гэтэл тэр хоёр нөхрийг хаанахын ямар хүмүүс гэдгийг мэдэж болдоггүй юм. Яг үнэнийг хэлэхэд монголд шударга үнэн гэж байхгүй болжээ. Өнөөдөр Тавантолгой ордыг дөрөв, тав хуваахад бэлэн болж, олон улсын хэмжээнд бүх хуйвалдаанаа хийчихсэн. Одоо УИХ-д оруулж батлуулах л үлдчихээд байна. Харин эд нар айгаад оруулж ирж чадахгүй байгаа юм. Энэ УИХ-ын 76 гишүүн чинь бүгд тэнэг биш шүү дээ. Маш их эсэргүүцэлтэй учирна. Дээр нь Оюутолгойн хэл ам нь дуусаагүй байдаг. Уг нь Тавантолгой төслийг энэ маягаар оруулж ирэхийн эсрэг хатуу байр суурьтай байх болно.
-Оюутолгойн гэрээг өөрчлөх, Тавантолгойг ордын ашиглалтыг зөв замд нь оруулах улс төрийн хүчин байна уу. Магадгүй та бүхэн цөөнх болж мэдэх юм...
-УИХ-ын гишүүд хэний сонголтоор, яах гэж төрийн түшээ болсон үүрэг хариуцлагаа мэддэг байх. Үүргээ ухамсарлаж байгаа бол эх орныхоо талд зогсох болов уу. Хэрвээ өнөө маргаашийн таван цаас, албан тушаал эрх мэдэл гээд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа бол түүнийхээ талд л үлдэх байх. Хэн нь хэн бэ гэдэг нь Оюутолгой, Тавантолгойн асуудлыг хэлэлцэх үед тодорхой болно. Ялангуяа манай хэвлэл мэдээллийнхэн хэн нь зөв талд, хэн нь гаднынхны төлөө ажиллаад байна гэдгийг нэр устай нь зарлах байхаа гэж найдаж байна. Энэ бол хэвлэл мэдээллийнхний үүрэг. Хамгийн бодитой мэдээллийг та бүхэн л хүргэх учиртай шүү дээ. Ер нь бүр болохгүй бол Тавантолгойн асуудлыг ирэх УИХ-ын сонгуулийн дараа шийдэхээр хойш тавих хэрэгтэй. Шинэ парламент, шинэ уураг тархи гарч ирж байж засвал сайн талтай гэж ойлгож байна. Бид ямар өнөө маргаашдаа өлсөж үхэх гэж байгаа биш. Оюутолгойн гэрээний нэмэлт өөрчлөлтийг ч дараагийн парламент хэлэлцвэл зүйтэй.
-Та Оюутолгой орддээр очиж, ажил байдалтай нь танилцсан уу?
-Надад хоёр ч удаа урилга ирэхэд нь яваагүй. Угаасаа УИХ-ын гишүүдийг аваачиж рекламд даг биз дээ. Харин Ховдын Хөшөөтийн уурхай болон Говь-Алтай ордуудын нөхцөл байдалтай танилцсан. Сэлэнгэ, Дарханы чиглэлд ч явсан. УИХ-ын намрын чуулган эхэлмэгц УИХ-ын даргад Оюутолгой, Тавантолгойн гэрээнд мониторинг хийх ажлын хэсэг байгуулах санал тавьж, хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна.
ТЭДЭНД ДАМЛАХ НЬ АШИГТАЙ
-Нефть импортлогч компаниудын монополь байдлаас шалтгаалж, шатахууны хомсдол үүсэх явдал байдаг. Зөвхөн энэ салбарт ч биш шударга бус өрсөлдөөнөөс үүдэн нийгэмд бухимдал үүсдэг. Үүнийг зохицуулах Засгийн газрын агентлаг байдаг ч эрх зүйн хувьд чадамжгүй, нэр төдий байдаг гэсэн шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энэ асуудлыг ярихад эргээд л Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хэрэг гарна. Засгийн газрын үйл ажиллагаа нь ямар байна, агентлаг нь тийм л байдалтай байна. Өргөн хэрэглээний бараа, нефть бүтээгдэхүүний үнэ хэд дахин өслөө. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүйгээр үл барам аж ахуйн нэгж иргэдэд учирсан хохирлыг хэн ч тооцсонгүй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад тавьсан асуулгад нефть импортын асуудлаас болж аж ахуйн нэгжид учирсан бодит хохирлыг тооцож, буруутанд хариуцлага тооцооч гэсэн. Аанай л хариу байхгүй. Энэ мэт Засгийн газарт олон асуудал тавьсан нь ямар ч хариу байдаггүй. Нефть импорт, хангамжийг зохицуулах нь Засгийн газрын хүлээх үүрэг. Манай шатахууны хэрэгцээ бол гаднын нэг улсын томоохон хотын л хэрэгцээ шүү дээ. Энэ мэт асуудлыг шийдэх чадамжгүй Засгийн газар яаж олон улсын хэмжээнд ярилцах болж байна. Монгол нүүрсээр баялаг. Нүүрсээс шингэрүүлсэн шатдаг хий ялгаруулаад хэрэгцээгээ хангах боломж бий. Миний сонссоноор гурван тонн нүүрснээс тонн шингэрүүлсэн түлш гардаг юм гэнэ лээ. Яагаад нөөц нь байхад шингэрүүлсэн түлш боловсруулдаг үйлдвэр байгуулж болдоггүй юм. 2008 онд УИХ-ын тогтоолоор нефть боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлийг нь Засгийн газарт зааж өгсөн. Энэ хугацаанд Засгийн газар нэг ч алхам хийсэнгүй. Үнэндэз олигархиуд төрийн толгойд байгаа үед нефть импортын хэмжээг багасгаж, үйлдвэрлэл байгуулах сонирхол байхгүй. Учир нь тэдний орлого буурна. Тэдэнд гаднаас өндөр үнэтэй бүтээгдэхүүн оруулж, ирж дамлах нь ашигтай. МАН-ын саатайн үнээ болсон "Петровис", АН-ын нөхдүүд байдаг "Шунхлай" гээд олон газар байна шүү дээ. Эзэд нь бүгдээрээ том албан тушаалтнууд. Ийм нөхдүүд байхад нефть импортын асуудал цэгцрэхгүй ээ. Тиймээс дараа дараагийн сонголтод манай сонгогчид хариуцлагатай оролцох хэрэгтэй. Манай иргэд тухайн сонгуулийн үеэр гоё үг ярьж, мөнгө цацсан хүмүүс сонгочихдог. Харин сонгосон хүн төрийн толгойд гармагцаа сонгуулийн үеэр цацсан мөнгөө хэд дахин нугалаад авчихдаг. Хамгийн гол нь улсын хувь заяа, иргэдийнхээ хувь заяагаар тоглоод байна.
-Саяхан нэг Засгийн газрын сайдын ярилцлагыг уншиж байхад Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гуравт явж байгаа гэнэ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь найман хувь байхад манайх 13 хувьд хүрч өмнөд хөршөө хойноо хаяжээ. Гэтэл манайд баян, хоосны ялгаа улам ихэсэж, 21 мянган төгрөгийн дараалал хэдэн метрт хүрч байна. Үүний учир шалтгаан юу вэ?
-Уул уурхай, ашигт малтмалаас олж байгаа орлогоор эдийн засгийн өсөлтийг хэмжих гэж байгаа бол хамгийн тэнэг хүний яриа. Манайд эдийн засгийн өсөлт хүчээр яваад байгаа. Уул уурхайн баялгаас олж байгаа орлого нь тэгж харагдаад байгаа боловч иргэндээ бодитоор наалдсан зүйл байхгүй. З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хавар хамтарсан Засгийн газрын 2008-2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргасан. Бид 30,8хувийн биелэлттэй гэсэн дүн гаргасан. Гэтэл саяхан Засгийн газрын хуралдаанаас өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 70 гаруй хувьтай явна гэж зарласан. Өөрсдийнхөө үйл ажиллагаанд өөрсдөө дүн тавьж болох уу. Засгийн газар жил бүр 60-аас доошгүй мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Тэр ажлын байр хаана байна вэ. Өрхийн орлогыг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн. Энэ ажил болсон уу. Ингээд ярихаар мөрийн хөтөлбөрийн биелэлт байхгүй гэж хэлж болно. Мөрийн хөтөлбөр нь ийм байхад улс орны эдийн засгийн өсөлт арав гаруй хувиар өссөн гэж ярих нь инээдтэй хэрэг. Ордуудаас орж байгаа бодит орлого ард түмэнд яаж наалдаж байгаа юм бэ. Хүний хөгжил санд хэдэн төгрөг орж ирсэн нь хатуухан хэлэхэд архины мөнгө болж байна. Дээр нь болсон болоогүй бүтээн байгуулалтад зарцуулж байна. Яг хүндээ наалдсан . юу байгаа юм. Хичээлийн шинэ жил эхэллээ. Олон мянган хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй, сургуульд ширээ сандал нь хүрэлцэхгүй байна. Засгийн газар мэдээгүй биш мэдэж байгаа. Гэтэл 704 тэрбум төгрөгийг . нэг намын амлалтыг биелүүлсэн дур эсгэхийн тулд салхинд цацаж байна. Хэрвээ энэ мөнгөөр бодит хөрөнгө оруулалт хийвэл хэчнээн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих вэ гэсэн асуудал бий. Ийм үрэлгэн, ард түмний тархийг угаах зорилготой монголын төр байсаар байх уу. Би үүний эсрэг л яваад байгаа юм. Зарим хүн намайг гоочилдог шиг хэрүүлч, заргачдаа ч яваад байгаа юм биш. Би энэ сарын 30-ны өдөр хүртэл сонгогчидтойгоо уулзаж, өдөрлөг зохион байгуулна. 60 гаруй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэр хороололд үнэхээр нүд халтирам амьдрал байна. 21 дүгээр зуунд цахилгаангүй, үзэх зурагтгүй айл зөндөө байна. Идэж ууж, өмсөж зүүж байгааг нь хэлэхэд ч хэцүү. Ажилгүйдэл хэрээс хэтэрсэн. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн байхад цалин, тэтгэвэр нэмэх асуудал ажил болоогүй л байна.
САЙДААСАА ДАВСАН ЭРХ МЭДЭЛТЭЙ ТҮШМЭД ОЛОН
-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх чухал асуудал нь тбёвийн тодотгол. Томоохон бүтээн байгуулалтад төсвийн тодотголыг чиглүүлнэ гэсэн зүйлийг албаны хүмүүс ярьж байна. Төсвийн тодотголтой холбоотой саналаа хэлэхгүй юу?
-Монгол Улс хөгжил төлөвлөлтийн хууль юмуу бодлоготой болох нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Урт, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй байж, түүндээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж байх учиртай. Харамсалтай нь хөгшчүүл их идэхээр "нэг өдөр идээд үхэх гэж байгаа юм шиг" гэж загнадаг шиг нэг жилийн төсөв батлаад л Монгол Улс байхгүй болчих юм шиг төсөвт хандаад байна. Тэгээд цаана нь нөгөө л эрх мэдэлтнүүд, бүлэглэлүүдийн ашиг сонирхол явдаг. Ийм байдалтай тосов хуваарилалт явж байна. Яам болгон өөрийнхөө салбарын эрх ашгийг дээгүүр тавьж, дийлдэхгүй том том too оруулж ирдэг. Дээр нь 76 гишүүн тойрогтоо хандуулсан бодлого, төр захиргааны байгууллагууд нь жижиг гэлтгүй асуудлууд орж ирүүлснээр бөөн холион бантан болдог. Төлөвлөлт байхгүйгээс л цэгцгүй байна. Тиймээс Д.Балдан-Очир гишүүн бид хоёр Монгол Улсын хөгжил, төлөвлөлтийн хуулийн төсөл боловсруулахаар УИХ-ын даргад саналаа өргөн барьсан. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж ажлаа хийдэггүй байгууллага байна. Монгол Улсын Сангийн яам нь ч ажлаа хийхгүй юм. Сангийн яаманд олон жил ажиллаж, догь болсон хэдэн түшмэл үзэгнийхээ үзүүрээр улс орны чухал асуудлыг шийдээд сууж байна. Сайдаасаа давсан эрх мэдэлтэй түшмэд аль ч яаманд олон бий шүү. Тэгээд юм хэлэхээр өмнөөс албаны хуурай мохоо хэлээр тайлбар тавиад, өдөр өнгөрөөгөөд сууж байна. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд хөөцөлдөж байж хотоос төвлөрдөг 70 гаруй тэрбум төгрөгийг нь улсын төсөвт төвлөрүүлэхгүйгээр хөрөнгө оруулаарай гэж үлдээсэн. Зам, шуудуу засаад эхлэхээр нь овоо юм хийх нь гэж бодсон. Гэтэл байхгүй. Ажил хийхээрээ заавал эвдэж хийх юм. Нэг зам засахаараа л зүгээр байсан замыг нь хуулаад хаячих юм. Хотын удирдлагууд энэ зунжингаа л бүтээж байгуулаад байгаагаа сонин хэвлэлээр гайхуулж ярилаа. Зуслан явах замыг хараарай. Өнгөрсөн хавар өч төчнөөн тэрбум төгрөг зарцуулж баримлын шавар шиг нөхөөс тавиад байсан. Гэтэл одоо нөхөөс нь байхгүй. Дараа жил дахиад л зам нөхнө гээд улсын төсвөөс мөнгө авна. Энэ чинь нөгөө л хэдхэн замын компаниуд бизнес хийж байгаа хэрэг шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр хийж байж чанартай зам тавиад өгөөч. Нэг удаа замын нөхөөс тавьж байгаа залууст ажилдаа чин сэтгэлээс хандахыг хүссэн биш бараг зодуулах дөхсөн дөө.
-Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай асуудал анхаарал татаж байна. Албан бус хэлэлцээр болсон гэж байгаа. Гэвч Засгийн газар үүнийг эрс үгүйсгэж байна. Та энэ талаар ямар нэгэн мэдээлэлтэй байгаа юу?
- УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш энэ асуудлыг эрчимтэй ярьж эхэлсэн. Миний хувьд энэ асуудлаар хэд хэдэн гишүүний хамтаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавихаар ярилцаж байна. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай яригдсан эсэх үнэн зөв мэдээллийг Засгийн газраас авах нь зүйтэй. Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүрэг нь Засгийн газарт байна. Тиймээс үнэн хариултыг Засгийн газар өгөх үүрэгтэй. Одоогоор сонин хэвлэлээс уншсан мэдээлэлтэй байгаа учраас тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй.
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ХУРАЛДААГҮЙ
-Засгийн газрын үйл ажиллагааны талаар нэлээд шүүмжлэлтэй яриа өрнүүллээ. Засгийн газар үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа нь хяналт тавих сөрөг хүчингүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хамтарч Засгийн газар байгуулсных гэж үзэж байгаа хэсэг бий. АН хамтарсан Засгийн газраас ирэх сонгуулиас өмнө гарах тухай яриа хэр үндэслэлтэй вэ?
-Намаа муулаад байх нь юу юм. Гэхдээ сүүлийн хоёр жил манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Өөрөөр хэлбэл, намын уураг тархи ажиллаагүй гэсэн үг. Миний хувьд намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд намын удирдах алба хашиж байсан. Гэхдээ намын анхан, дунд шатны байгууллагууд хэвийн ажиллаж байгаа. Хамтарсан Засгийн газраас гарах болон улс орны амьдралд тулгамдаж байгаа асуудлыг Ан ын удирдлагын түвшинд яриагүй. Миний хувьд Хамтарсан Засгийн газрын эсрэг анхнаасаа байсан. Одоо ч байр суурь хэвээр байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглал гэж юу юм. Олонх нь Засгийн газраа бүрдүүлж, цөөнх нь сөрөг хүчин болж хяналтаа тавиад явах учиртай. Ингэж байж төр тунгалаг байх учиртай бөгөөд эрх зүйн зохицуулалтыг нь Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар ажиллаж л байдаг. Олон түмний сонголтоор тоглож болохгүй.
-УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчлэлийг ярьж хаврын чуулганы ихэнх цагийг барсан. Хуулиа шинэчилснээр шударга сонголт бий болсон уу. Сонгуулийн хуулийн шинэчлэлтэд ямар байр тодорхойлно.
НЭГ ӨДӨР НАР МАНДАХ БАЙЛГҮЙ ДЭЭ
-УИХ-ын гишүүнд нэр дэвших хүмүүс намдаа 50 сая төгрөг хураалгах хэрэгтэй болж байна. Энэ хэр зөв шийдвэр юм. Түүнчлэн Хамтарсан Засгийн газраас явуулж байгаа боловсон хүчний бодлогын асуудалд ямар байр суурьтай байна вэ. Шударга, эх оронч, боловсролтой мөртлөө халаасандаа мөнгөгүй нь гудамжинд лааз өшиглөөд явж байгаатай та санал нийлэх үү?
-Санал нэг байна. Ялангуяа хамтарсан гэх тодотголтой энэ Засгийн газрын үед бүх төрийн байгууллага, агентлагаа хоёр нам хуваагаад авчихсан. Танил талгүй бол ажилд орох талаар бодоод ч хэрэггүй болжээ. Хувааж авсан албан тушаалдаа танил тал, ах дүүс, мөнгөтэй төгрөгтэйг нь томилж байна. Намайг гүтгэж байна гэж хэлж магадгүй. Надад тодорхой баримтууд бий. Ийм байгаа цагт төрийн ажил яаж өөдтэй байх юм. Өнөөдөр долигнодог, үг дуугүй дагадаг хэсгийнх нь амьдрал сайхан явж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх аа. Нийгэмд шударга ёс тогтох учиртай. Нар нэг өдөр мандах байлгүй дээ. Монголын төрийн тэргүүн маань шударга ёсны төлөө тэмцэж байгаад сонгогдсон хүн. Энэ хүн юм юманд ганцаардаж, хүч нь тэр болгонд хүрэхгүй байх шиг байна. Миний хувьд дэргэд нь байж үг саналыг нь сонсож байдгийн хувьд бодит байдлыг ойлгодог. Хийж байгаа ажлынх нь эсрэг зогсож, хаалт хийж байгаа хэсэг ч бий. Энэ дунд ухаан зарах хэрэгтэй. Чамгүй олон ажил эхлүүлж, нийгэмд гэрэл гэгээ авчирч байна гэж хардаг. Нэг хэсэг энэ нийгэм чинь падхаранхуй байлаа шүү дээ. Өнөөдөр ард түмэнд бага ч болов итгэл найдвар төрж байна. Монгол төр цэвэр тунгалаг байх нь төрийн албан хаагч нь тунгалаг цэвэр байснаас л шалтгаална. Өнөөдөр их дээд сургууль төгссөн залуусаар Монгол Улс дүүрч байна. Харамсалтай нь ажлын байртай болох нөхцөлийг нь бодлогоор хангаагүйгээс тэд зөөгч, үйлчлэгч л болж хувирсан.
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгөтэй хүмүүсийн гарт орж, бодит мэдээлэл эрхтэн дархтангуудын захиалгаар олон түмэнд хүрдэг нь нуух зүйл биш болжээ. Энэ нь Монголын ардчилал, ирээдүйд аюул авчрах юм биш байгаа гэсэн эмзэглэл төрдөг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Үнэхээр санал нэг байна. Хэвлэл мэдээллийн салбар эрүүл бус байна. Ялангуяа сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг мөнгөөр, албан тушаалаар худалдаж авдаг нь ердийн үзэгдэл боллоо. Тэр сайд, тэр улс төрчийн сонин, телевиз гэж ярьдаг болжээ. Уг нь хэвлэл мэдээллийн салбар нь эрүүл байвал тухайн улс орон эрүүл байдаг. Нийгэм дэх болохгүй бүтэхгүй бүхнийг шударгаар бичсэнээр дутагдал үгүй болж, арилах учиртай. Надтай гишүүнээ гэрээ байгуулъя гэсэн сэтгүүлч орж ирдэг. Нөгөө тогтвортой байдлын гэрээ гэдэг шиг л. Таны талаар гарч байгаа сөрөг мэдээллийг хаая, таны хийж байгааг магтан дуулъя гэсэн агуулгатай гэрээ юм байна. Ний нуугүй хэлхэд энэ бодит байдал болжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг хангах, дэмжих талаар Монголын төр ажиллахгүй байгаагаас л энэ бүхэн болж байна. Хэрвээ Монголын төрөөс хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг бодлогоор дэмжиж ажиллавал заавал хэн нэгэн олигархийн гарт орох албагүй шүү дээ.
НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ЯДУУСТ ЗОРИУЛНА
- Сонгуулийн Ерөнхий хороог шүүхээр унагаасан ганц хүнбараг та байх. 4 жилд нэг удаа тодордог энэ байгууллага ямар эрх үүрэгтэй ажиллах учиртай гэж үздэг вэ?
-Одоогийн байгаа хуулиа§ СЕХ-ны эрх үүрэг маш бүдэг. Тиймээс энэ байгууллага дорвон жилд нэг удаа тодордог. Уг нь СЕХ-ны эрх үүргийг тодорхой болгож өгвөл сонгуулийн бэлтгэл ажлыг дөрвөн жил хийж байх учиртай байгууллага. Аймаг орон нутагт очиж сонгогчдын дунд сургалт зохион байгуулж, сонгуулийн хууль сурталчилж байх нь гол ажил. Гэвч өнөөдөр намын харьяалалтай, нэг Л том эрх мэдэлтэй хүмүүс байх юм. Миний гомдлыг шүүхээс шийдэж өгсөн. Тухайн үед би тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад сонгогдсон байсан. Гэвч сонгогдсон байсан УИХ-ын гишүүнийг жил таван cap өргөн бариагүй. Яриад байвал түүхэн роман шиг л юм болно.
-Нөхөн төлбөрөө авсан уу?
-Би 10 сая гурван зуун тавин мянган төгрөг нэхэмжилсэн. Хоёр шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан. Хэрвээ хохирлын хэмжээ тогтоогдоод нөхөн төлбөр олгогдвол мөнгөө нэн ядуу амьдралтай өрхүүдэд зарцуулах болно.