Д.Ганхуяг: Оюу толгойн гэрээг байгуулахтай холбоотой хуульд оруулсан өөрчлөлт нь бүгд нөгөө талдаа ашигтай гарсан
-УИХ-ын 19 гишүүн гарын үсгээ зурж, Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэлээ. Тус гэрээний ямар зүйл, заалтуудыг өөрчлөх тухай шаардаж байгаа юм бэ?
-Оюу толгойн гэрээг хурдан эхлүүлсэн нь сайн болсон. Нөгөө талаас барууны хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь ч манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ энэ гэрээнд Монголын ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад УИХ-аас 57 дугаар тогтоолыг гаргасан.
Гэтэл уг тогтоолын хэрэгжилт хангагдаагүй. Үүнээс шалтгаалаад Монголын талд орох ашиг 40 гаруйхан хувьтай байгаа. Ийм том төслөөс доод тал нь 60 хувийн ашгийг нь манайд орох нь шударга ёсонд нийцнэ. Үүн дээр парламентад суудалтай улс төрийн нам, улстөрчид ч санал нэгддэг. Харин үүнийг шийдэх арга зам нь УИХ-ын 57 дугаар тогтоолын "хөрөнгө оруулалттай нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувийг эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 50 хувьд хүргэх" гэсэн заалтыг хэрэгжүүлэх юм.
Оюу толгойн гэрээ өөрчлөх өөр нэг шаардлага нь 68 хувийн татварыг тэглэсэнтэй холбоотойгоор УИХ-аас Нөөцийн төлбөрийг өөрчлөх хуулийг баталсан явдал юм. Уг хуульд зааснаар зэсийн үнэ нэг тонн 5000 ам.доллараас дээш өссөн тохиолдолд 68 хувийн татварынхаа 20-30 хувьтай тэнцэх ашгийг Монголын төрд нөөцийн төлбөрөөр төлөх ёстой. Оюу толгойн гэрээг хийж байхад Рио-Тинто эдийн засгийн тооцоогоо нэг тонн зэсийг 4320 ам.доллараар хийсэн байсан. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалтаа орд ашигласнаас хойш 4.7 жилийн дотор нөхнө. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 9-10 мянган ам.долларын үнэтэй байна.
Ер нь цаашдаа 7000 мянган ам.доллараар байхад л анхны хөрөнгө оруулалтаа хоёр орчим жилийн хугацаанд нөхнө.
Ингээд бодохоор хөрөнгө оруулагчдаа үнэхээр ашигтай төсөл байгаа биз дээ.
Өнгөрсөн оны хаврын чуулганаар Нөөцийн төлбөрийн тухай хуулийг өөрчлөн баталж байх үед ч байнгын хороод, УИХ-аас Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг засгийн газарт үүрэг болгосон. Ингэхдээ 68 хувийн татварыг тодорхой түвшинд орлох Нөөцийн төлбөр, татварыг өөрчлөх тухай хуулийг оруулж ирэхийг шаардсан юм. Энэ үүргийг хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа учраас Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж бидний хэдэн гишүүд үзсэн.
Үүнээс гадна 2010 оны арваннэгдүгээр сард болов уу, Ерөнхий сайд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан сайд нараа суулгаж байгаад хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэдгээ орон даяар зарласан. Үүнийг олон түмэн түмэн санаж байгаа байх. Ерөнхий сайд бол УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-ын өмнө өөрийн биеэр хариуцах үүрэгтэй хүн.
-Ерөнхий сайд хэлсэндээ хүрч, гэрээнд өөрчлөлт оруулж чадсан уу?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орсон. Гэхдээ түүнийг эрүүл ухаанаар бодвол мэдээжийн асуудал байсан. Оюу толгойн лицензийг "Айвенхоу майнз" компани эзэмшдэг. Тэр компанийн үнэлгээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 10-15 дахин нэмэгдэх байдлаар хэлбэлзэж байгаа. "Айвенхоу майнз" санхүүжилт босгоод Монголын Оюу толгой ХХК-д таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ энэ санхүүжилтийн хүү жилд дунджаар 11- 12 хувийн хүүтэй байхаар гэрээнд тусгасан байсан. Үүнийг нь Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай хэлэлцэж байгаад 6.5 хувь болгож бууруулсан.
Энэ л нэг өөрчлөлт байгаа юм.
Өнгөрсөн хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн чиглэл хэлэлцэж байх үед Сангийн сайдаас хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар манай талд ямар ашиг орж ирэх вэ гэж асуухад хамгийн доод тал нь нэг тэрбум ам.доллар гэж байсан. Энэ бол нэр бүхий гишүүдийн хувь нийлүүлэгчдийн гэрээг эрж хайж олсон, өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас шахаж шаардсаны үр дүн байсан.
-Одоо тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах үлджээ?
-Тийм. Энэ асуудал үлдээд байна. Уг гэрээг өөрчлөх асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж дээр дурдсан хоёр өөрчлөлтийг хийхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг олгосон, Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Гэтэл асуудал, нэг ч алхам урагшилсангүй. Бид хоёр толгойн асуудлаар үргэлж ярьдаг. Ярихаас ч өөр аргагүй. Энэ том Төслүүдийг зөв эхлээд явчихвал Монгол Улс хөгжинө. Тиймээс хоёуланд нь тусгайлсан тогтоолыг УИХ-аас гаргасан. Таван толгойд зориулж 39 дүгээр тогтоол гаргасан. УИХ-аас гарсан шийдвэр нь олон түмний нүдэн дээр байдаг тул Монгол Улсын эрх ашигт нийцсэн байгаа. Үүнийг л Засгийн газар хэрэгжүүлээд явбал ямар ч асуудал байхгүй. Тийм учраас дараагийн Таван толгойн асуудлыг шийдэхээс өмнө Оюу толгойн асуудлаа хурдан шийд гэдэг асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүнд тавьж байгаа юм.
-Оюу толгойн гэрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 30 жил гэж заасныг гишүүд эсэргүүцэж байгаа юм билээ...
-Тийм. Энэ бас л УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэлгүй Оюу толгойн гэрээ хийсэнтэй холбоотой. Энэ заалт 57 дугаар тогтоолын эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн байдлаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа гэдэг заалттай холбогддог. Ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэсэн заалт бий. Энэ хугацааг өөрчлөх хуулийн төсөл байгаа. Энэ төсөл нэг тонн зэсийн үнийг 9000 ам.доллараар бодоход бол 1.7 жилийн дотор л хөрөнгө оруулалтаа нөхнө. Тийм ашигтай талхны цех ч Монголд байхгүй болов уу. Үүнээс харахад хөрөнгө оруулагч талд ямар их ашигтай гэрээ болсон нь ойлгомжтой. Ер нь Оюу толгойн гэрээг байгуулахтай холбоотой хуульд оруулсан өөрчлөлт нь бүгд нөгөө талд ашигтай байхаар болсон гэж хэлж болно.
-Оюу толгой дээр бүтээн байгуулалтын ажил ямархуу явцтай байгаа вэ, гишүүдийн зүгээс энэ тал дээр ямар нэг хяналт тавьдаг уу?
-Аливаа гэрээний хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар хариуцдаг. Мэдээж том төсөл учраас УИХ хөрөнгө оруулалтын гэрээнд хяналт тавьж байгаа. Хаврын чуулган завсарлахаас өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн Засгийн байнгын хорооны хэсэг гишүүд Оюу толгойд ажиллаад ирсэн. Рио-Тинто бол дэлхийн томоохон хэмжээний олборлогч компани учраас ийм төслүүд дээр хамтарч ажилладаг компаниудаа шалгаруулаад туслан гүйцэтгэгч хэлбэрээр ажлаа хийлгэдэг. Тэд өөрсдөө гүйцэтгэлд нь хяналт тавиад, ажил нь сайн явж байна лээ. Харин Оюу толгой, Таван толгой аль алинд нь Монголын төрөөс оролцох шийд гаргах ёстой зам, ус, цахилгаан гэх мэт дэд бүтцийн асуудал шийдлээ хүлээсээр байна. Ер нь ийм төслүүд дээр төр дэд бүтцэд нь оролцоод тэндээсээ ашиг олох хувилбар байдаг. Мөн Оюу толгойн гэрээтэй холбоотой Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын гурав дахь заалт нь усны талаар байгаа. Тийм учраас уг асуудлыг ч тодруулах шаардлага бий.
-Оюу толгойн гэрээг эргэж харах асуудлаар УИХ-ын олон гишүүд удаа дараа сануулга өгч, шаардаж ирсэн. Энэ нь нөгөө талаас Засгийн газрын тэргүүнийг ажлаа хариуцлагатай хий гэсэн дохио гэж ойлгож болох уу?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын зүйл, заалтыг хэзээ хойно нь ярьж байх биш гэрээ байгуулахдаа энэ дагуу ажиллах ёстой байсан. Монголд үйл ажиллагаагаа явуулж бай-гаа ямар ч компани Монголын хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Оюу толгойн дор байгаа газрын баялгийг борлуулалтаар нь тооцвол 400-500 тэрбум ам.доллар. Гэтэл хөрөнгө оруулж байгаа компани нь таван тэрбумыг л оруулж байгаа. Эндээс харахад л энэ төсөл ямар их ашигтай гэдэг нь харагдана. Тиймээс энэ төслийн хоёр талын ашгийг 50, 50 хувь болгох, улмаар Монголын Засгийн газар олон улсын жишгээр энэ төслөөс авах ашгаа 60-аас доошгүй хувьд хүргэх шаардлагатай. Гэтэл манай хамтарсан Засгийн газар өнөөг хүртэл ингэж чадсангүй.
-Хамтарсан Засгийн газар огцорч АН-ыг засгаас гарна гэсэн мэдээлэл гараад байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Өнөөдрийн хамтарсан Засгийн газраас хүсэн хүлээж байсан шийдвэр болох Оюу толгойн гэрээ нь монголчуудад ашиг багатай байна. Таван толгойн гэрээний талаарх 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явц нь тааруу байна. Гэхдээ эцсийн гэрээний төсөл УИХ-д орж ирэх ёстой. Энэ хоёр толгойн төслийг л хамтарсан Засгийн газар сайн шийдэх ёстой байгаа юм. Ингэхийн тулд бидний хэдэн гишүүд шаардаж байгаа.
АН-ын ҮЗХ-ноос хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан. Өнөөдөр тэр шийдвэр хэвээр л байгаа. Орох, гарах асуудлыг хэзээ ч гаргаж болох байх. Гэхдээ анх орохдоо сонгууль дөхөхөөр гарна гэж шийдвэрлээгүй.
Өнөөдрийн хамтарсан Засгийн газарт хоёр толгойн гэрээний асуудал, Сонгуулийн тухай хууль зэрэг чухал асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Сонгуулийн тухай хуулийг шийдвэрлэх гэтэл нөгөө нам нь байр сууринаасаа буцчихаад байна.
Ийм байж болохгүй шүү дээ. МАН ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялна гэсэн хоцрогдсон бодлогоосоо татгалзсан нь дээр. Монгол Улсын эрх ашгийг бодох хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө холимог тогтолцоог оруулна, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэдэг бол хамтарсан Засгийн газрыг байгуулахад хоёр намын хооронд байгуулсан гэрээ, улмаар 2008 оны намуудын мөрийн хөтөлбөрт нь байгаа. Улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр УИХ-аас гаргасан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх сонирхолгүй, эсвэл эсрэг хэрэгжүүлээд байх тохиолдолд ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид хамтарсан Засгийн газартайгаа хариуцлага тооцох нь зүй ёсны асуудал. Ийм үүрэгтэй хүмүүс. Ингэж хариуцлага тооцдог жишиг дэлхийн бүх улс оронд байгаа биз дээ. Гэхдээ энэ асуудал одоохондоо яригдаагүй байна.
-Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газарт дүн тавих арай болоогүй гэж хэлэх гээд байна уу?
-Дээр хэлсэн хоёр толгойн гэрээний асуудал, Сонгуулийн тухай хууль гэх мэт томоохон шийдвэрүүдийн үр дүнгээс л бүх асуудал шийдэгдэнэ. Мөн олон түмний амьжиргааны түвшин дээшилсэн үү, үгүй юу гэдэг нь хамгийн оновчтой дүн байх болно.