Ц.Даваасүрэн: “Авахын төлөө өгдөг” гэдэг энэтхэг ардын зүйр үг байдаг даа
2011.09.05

Ц.Даваасүрэн: “Авахын төлөө өгдөг” гэдэг энэтхэг ардын зүйр үг байдаг даа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
Хүнээ сонгоно нам сонгохгүй гэцгээж байна билээ шүү
-Баяр наадам холдож байгаа ч таныг уяач гишүүн гэдгийг мэднэ. Таны хурдлуулсан хурдан хүлгүүд хэр давхисан бэ?
Энэ жил наадмын үеэр хот орчмын ихэнх уяачид морины ханиаданд өртөх шиг боллоо. Гайгүй гэсэн хоёр насны морио хүй долоон хутагт авч очсон. Нэгийг нь монгол адуу гэдэг нь илэрхий байхад эрлийз гээд л хасчихсан. Эцэг нь улсад айрагдсан манай Тожин азарга, эх нь Цэцэрлэг сумаас авчирсан Тэс угшилтай гүү байсан юм. Соёолон маань хурдан байсан боловч айрагдсангүй. Хэдэн зуун хурдан буянгаас тавд багтаана гэдэг маш том аз юм даа. Ер нь эрлийз адууг ялгаж уралдах хүндрэлтэй гэдэг нь энэ жилийн наадмаас тодорхой харагдлаа. Тиймээс энэ асуудалд уяачдын холбоо нухацтай хандаж асуудлыг шийдвэрлэх ёстой байх аа. Тухайлбал, уралдах адууг урьдчилаад гарал угшлынх хувьд нь гэрчилгээгээр баталгаажуулсан байж болох юм.
-УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаагаар тойрогтоо ажилласан. Ямар ажил амжуулав. Иргэдээс тавьж байгаа санал хүсэлт юу байна. Зуншлага сайхан байна уу?
Тодорхой хоёр зорилготой тойрогтоо ажиллалаа. Юуны өмнө УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлэсэн хууль, тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар тэдний санал, бодлыг сонссон. Ялангуяа сонгуулийн хуулийн талаар иргэд, сонгогчид ямар бодолтой байгааг асууж явлаа.
Бүгд л хүнээ сонгоно, нам сонгохгүй гэцгээж байна билээ шүү.
Үүнийг сайн бодолцохгүй, ард иргэдээ үл ойшоож нам дугуйлдаг пропорциональ тогтолцоог авчихбал хямралт байдал луу хөтөлчхөж мэдэх л юм. Харин зуншлага хаа сайгүй сайхан байгаа учраас малчид маань сэтгэл тэнэгэр байна билээ. Энэ жил ойн арга хэмжээ, найр наадам их байсан учраас наадмын дараах ажлыг нь сануулж л явлаа.

Бодол тээгчид гэвэл нийцтэй юм уу

УИХ-аас өнгөрсөн ээлжит чуулганаар хэд хэдэн чухал хууль баталсан. Ялангуяа хөдөөд чиглэсэн олон чухал бодлого шийдвэр гаргасан. Энэ нь бодит амьдралд биелэлээ олж байна уу?
Хөдөөгийн иргэд, тэдний аж ахуйн амьдралтай танилцаж явахад УИХ-аас баталсан шийдвэр, амьдрал дээр хэрэгжих хоёрын хооронд хол зөрүү байгаа нь илт харагдаж байна. Тухайлбал, Малыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хуульд орсон өөрчлөлтийн талаар үнэр ч алга. Монгол мал хөтөлбөр амьдрал дээр төдийлөн сайн мэдрэгдэж өгөхгүй байгаа талаар малчид маань ярьж байна. Хаврын чуулганаар шийдвэрлэсэн хонины ноосонд олгох татаас малчдадаа хүрээгүй л байна. Ноосоо тушаагаад дуусчихсан шүү дээ. Ноолуураа тушааж дууссаны дараа ноолуурын мөнгө гээд л зуу гаруй тэрбум төгрөг УИХ-аар шийдээ биз дээ. Энэ мэт хойноос нь хөөж ажиллаж болохгүй л дээ.
-УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Зарим нэр дэвших хүмүүс эртнээс амлалт өгч, найр наадмын шагналыг гар татахгүй цацаж байгаа сурагтай. Таны сонгогчдоо амласан амлалт биелсэн үү?
Нэр дэвших хүмүүс ч бас биш  юм аа. Нэр тодроход бараг жилийн зай байна. "Бодол тээгчид" гэвэл нийцтэй юм уу. Сонгуулийн хууль  ч яаж гараа билээ, арай л яараад байгаа байх шиг. Ер нь тэгээд "авахын  төлөө өгдөг" гэж Энэтхэг ардын нэг үг байдаг даа, зорилгогүй бэлэг юунд цацхав. Харин хэд хоногийн амьдрал бэлэглэв гэдэг талаас нь бодох ёстой юм. Иргэд маань мөнгө, бэлгэнд хууртдаг цаг ч өнгөрсөн биз дээ. Тэд сонгуулиас сонгуульд хатуужиж, туршлагажиж, хандлага нь өөрчлөгдөж байна.
Төрөөс ч тэр хаана ч хүрэлцэхгүй 21 мянган төгрөг өгч байхын оронд ажлын байр гаргаж өгсөн бол урт хугацаанд иргэдийн маань амьдралд 1 ач тусаа өгнө.

Сонгуулийн амлалтын хувьд бүгд хэрэгжиж эхэлсэн. Томоохоноос нь дурьдвал аймгийн төв дээр баригдаж буй дулааны станц, сургуулийн барилгууд, 50 ортой төрөх эмнэлэг, хүүхдийн ордон, спортын ордны дуусгал, дэд бүтцийн зам, гүүрнүүд гээд нэрлэж болно. Зөвхөн амласанаар хийх ажлаа хязгаарлаж болохгүй. Ирэх жилийн төсөвт гэхэд аймгийн төвд шинэ эмнэлэг барих гэх мэт зайлшгүй шийдэх шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлуудыг гишүүдтэйгээ хамтарч хөөцөлдөж байна.
-Сонгуулийн хуулиа баталж чадахгүй УИХ завсарласан. Танай намаас ард түмний санал асуулга явуулахаар болж байгаа. Үүнийг та дэмжиж байгаа юу?
Дэмжилгүй яах вэ. Ард иргэдийнхээ сонгох эрхэд нь халдаж байгаа учраас асуух ёстой гэж бодож байна. УИХ-д хэн суухыг ард түмэн шийддэг байсныг нам шийддэг болгоно гэсэн чинь зарчмын өөрчлөлт мөн биз дээ. Харин АН дэмжээгүй учраас энэ санал гацаанд орсон.

Түнш  орнуудыг гомдооход хүргэх вий гэсэн болгоомжлол байна

-Тавантолгой төслийг УИХ-ын 2010 оны хаврын чуулган завсарлахаас өмнө өргөн барих тухай ярьж байгаад завсарлав. Таны авсан мэдээллээр байдал ямар байгаа вэ. Та ордыг ашиглах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Би өмнө хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн учраас товчхон бодлоо хэлье. Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчдын оролцоо, хувь хэмжээг Засгийн газар тогтоож өгөх нь бусад түнш орнуудыг гомдооход хүргэх бий гэсэн болгоомжлол байна. Хувьцаа эзэмшүүлэх янз бүрийн л арга хэрэгсэл санхүүгийн зах зээл дээр байдаг шүү дээ. Ийм арга замаар хандах нь нэгд, шударга ёсонд нийцэх, хоёрт, элдэв гомдол дагуулахгүй юм. Ер нь бол мордохын хазгай болсон Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг засаж байж дараагийн томоохон төсөл лүү орох нь зохистой юм.
-УИХ-ын 19 гишүүн Оюу толгойн гэрээг сайжруулах асуудлаар гарын үсэг зурж байгаа гэж сонссон. Та зурсан уу?
Мэдээж зуралгүй яах вэ. Эхнээсээ энэ гэрээг сайжруулах шаардлагатай гэж татгалзаж үлдсэн найман гишүүний нэг нь би л дээ. Надад тэгж байр сууринаасаа эргэж, буцаад байдаг зан байдаггүй. Энэ гэрээ монголын талд ашигтай болтол, тодорхой хэлбэл, манай хувь 51-ээс дээш болтол үзэлцэнэ. Арван ес ч биш байх аа. УИХ-ын 57 дугаар тогтоолыг дэмжсэн 20 гаруй гишүүд уг тогтоолын биелэлтийг хангуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх юм.
-Хөгжлийн банк байгуулах тухай УИХ-ын шийдвэр хэрэгжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Хөгжлийн банк, БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, удирдлагаар нь БНСУ-ын иргэн ажиллах болж байна. УИХ, Засгийн газраас гарсан шийдвэр буюу томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд Хөгжлийн банк чухал үүрэг гүйцэтгэх юм. Та банкны талаар ямар бодолтой байна?
Дэлхийн улс орнууд хөгжлийнхөө тодорхой үе шатанд ийм төрлийн банк байгуулж байсан туршлага бий л дээ. Ялангуяа, Япон, Солонгос улсуудын хувьд Хөгжлийн банк чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр талаас нь бодолцож Солонгосын банкийг сонгосон юм болов уу.
Яаж сонгосон талаар мэдээлэл алга. Үнэхээр улс орноо бодож ийм сонголт хийсэн бол үр дүн нь гарах байлгүй.
Одоо ч тэгээд гадны хүн гэчхээд ард нь манайхан нуугдаж байхаас сийхгүй хэцүү цаг юм даа.
Улс орноо гэхээсээ бизнесийн санаа л цухалзуулаад байх юм.
Нөгөө талаар энэ бүтээн байгуулалтууд маань ямар бодлого, зарчмаар тодорхойлогдоод байна гэдэг асуудал бас гарч ирж байна. Томсгож яривал, тэр стратегийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд судлагдаж, боловсрогдсон хөгжлийн хөтөлбөр мөн үү.
Ийм хэмжээнд хөгжлийн бодлогыг тодорхойлох институц нь манайд байгаа билүү. Аль эсвэл уул уурхайн орлогоос ашиг хайсан бизнесийн бүлэглэлийн төлөвлөгөөнд гоё чамин нэр зүүгээд нөгөө баялгаа угаах гээд байна уу гээд олон асуудлууд ар араасаа хөвөрч байна. Үр дүнг нь нарийн судалж, тооцоогүй ажилд хөрөнгө мөнгөө үрээд байвал ямар олигтой ажил болох вэ. Тиймээс маш сайн шүүгдэж сонгогдсон хөтөлбөр, төслүүд, шударга үйл ажиллагаатай банк байж л Хөгжлийн банкны үр дүн сайн болно.
-Эцэст нь сүүлийн үед халуун сэдэв болоод байгаа цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах талаарх таны бодлыг сонирхох гэсэн юм?
Өрнөөд байгаа яриаг харахад ямар нэг сэжүүр байх шиг. Ер нь тэгээд мөнгөний төлөө яаж ч мэдэх вэ дээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.