Ч.Улаан: Эдийн засгийн өсөлт бүхэн сайн зүйл биш
2011.06.24

Ч.Улаан: Эдийн засгийн өсөлт бүхэн сайн зүйл биш

УИХ-ын гишүүн, гавъяат эдийн засагч Ч.Улаантай ярилцлаа.

-УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх тухай үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, 2010 оны төсвийн гүйцэтгэл, Төсвийн шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Сонгуулиар мөнгө амлахгүй байх гэрээг улс төрийн намууд байгуулсан. Энэ гэрээ хэрэгжиж чадах боловуу. Төсвийн гүйцэтгэлд Та нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан.

-Улс төрийн намууд сонгуулиар бэлэн мөнгө амлахыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хориглосон. Хуулийн хүрээнд сонгуулиар мөнгөний амлалт өгөхгүй гэсэн гэрээг намууд давхар байгуулсан.Тийм учраас 2012 оны сонгууль бэлэн мөнгөний амлалтаас ангид болох ёстой. Бид хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй. Байнгын ажиллагаатай Парламентын хэлэлцэж байдаг гол асуудлын нэг нь төсөв шүү дээ. Ард түмэн, татвар төлөгчдийн хөрөнгийг хэрхэн зарцуулж, үр дүнтэй ашиглав гэдэг нь Парламентын  анхааралд үргэлж байх учиртай.Төсөвтэй холбоотой хуульд УИХ хариуцлагатай хандах ёстой юм. 2010 оны төсвийн гүйцэтгэлтэй танилцаж байхад зардлыг нэлээд хэтрүүлсэн нь харагдлаа.Төсвийн найман захирагч төсвөө хэтрүүлж.Төсвийн үр ашгийн байдал төдийлөн хангалттай биш байна. Бийлэгжүү, үрэлгэн байдал газар авах хандлагатай болсон учраас нэлээд нухацтай ярилцах цаг болжээ. Зарим Байнгын хорооны хуралдаанаар төсвийг буруу төлөвлөсөнтэй холбоотой гэж ярьсан байгаа.Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Батлагдсан төсөв бол хууль.Төсвийг хэтрүүлсэн, эсвэл хэмнэсэн бол учир шалтгааныг нь олох ёстой.Үр ашгийн талаар бас ярих учиртай. Алдаа, ололтыг нь дүгнэхийн тулд төсвийн тайланг Парламентаар хэлэлцдэг юм шүү дээ. Дутагдал байвал шалтгааныг нь олж, амжилт байвал түүнийгээ бататгах учиртай. Ингэж байж төсвийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлдэг.

-Төсөв хэтрүүлсэн алдааны учрыг олох гэхээсээ илүү манайхан улстөржүүлэхийг хичээж, тухайн төсвийн захирагч аль намын хүн байгаад хамаг анхаарлаа тавьчихдаг талтай.Тэгээд үзэл бодлын өнцгөөс хариуцлага тооцох тухай л ярьдаг. Гэтэл хэмнэсэн захирагчид урамшуулал гэж байдаггүй бололтой.

-Төсвийн тухай хуульд урамшууллын механизм бий. Хэмнэсэн хөрөнгийг дараагийн жилийн төсөвт нь урамшуулал болгож өгдөг. Огт байхгүй нэг зүйл бол хариуцлагын тогтолцоо. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Эхлээд төсөв хэтрүүлсэн, хэмнэсэн учир шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Эрх захирагчаас хамааралгүй шалтгаанаар төсөв хэтэрсэн байж болно. Ханшны өөрчлөлт, байгалийн гамшиг гэх зэрэг нөхцөл байдлаас болж төсвийг хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.Төсвийн захирагчийн хариуцлагагүй, үрэлгэн, хяналтгүй байдал буюу төсвийн сахилга бат алдагдсанаас болж зарлага хэтрүүлсэн бол хариуцлага тооцох ёстой. Ийм байдлаар төсвийн зарлагыг хэтрүүлсэн бол албан тушаалаас нь өөрчлөх хүртэл хариуцлага ногдуулдаг байхаар Төсвийн шинэчилсэн хуульд зүйл, заалт оруулж байгаа.

-Сонгуулиар мөнгөний амлалт өгөхийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хориглосон, намууд мөнгө амлахаас татгалзаж гэрээ байгуулсан ч хууль, гэрээгээ биелүүлж чадах уу. Сонгуулийн өмнөх жилийн төсөв ярьж байна шүү дээ. Намууд амлахгүй байж чадах уу. Ил, далд янз бүрийн арга хэрэглэнэ дээ?

-Сонгуулийн жилийн төсвийг хараахан өргөн бариагүй учраас энэ талаар хэлэх боломж алга.Төсвийн тодотгол хийх эсэх нь тодорхойгүй байна. Сонгууль ойртож байна.Тийм учраас улс төрийн намуудад өмнөх сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардсан дарамт энд байгааг нуух юун. Дутуугаа гүйцээх, дундуураа дүүргэх шаардлага тавигдана.Тэгэхээр ирэх оны төсөв нэлээд ачаалалтай байх болов уу гэж төсөөлж байна. Амлаад амжаагүй зүйлээ 2012 оны төсөвт тусгуулаад авах гэсэн уур амьсгал мэдрэгдэж байгаа.

-Нэгдсэн төсөв алдагдалтай байх тусам сөрөг үр дагавар их баймаар. Гэтэл 2010 оны төсвийг 400 тэрбумын алдагдалтай баталсан нь үр дүнгээ өглөө. Ихээхэн алдагдалтай батлахын хэрээр Засгийн газар хамаг хүчээ дайчилж, далд байгаа хөрөнгө, орлогын эх үүсвэрийг гаргаад ирдэг юм байна. Түүний   хүчинд2010оны төсвийн орлогоболомжийнхэмжээндбайлаа. Энэ аргаараа2011оны төсвийг 800тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Гэсэн чцоорхойгоо нөхөөд ашигтайажиллах бололцоотой гэсэнүгийг төрийн томоохоналбан тушаалтан хэлэхийгби өөрийн чихээр сонслоо.Арай ч ингэж хандажболомгүй санагдах юм.

-Эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд ийм юм сонсоод гайхаж л байна. Энэ бол хариуцлагагүй дүгнэлт. Ингэж ярьж болохгүй. Эдийн засагч хүн ингэж ярьсан ч би хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцлагагүй явдал хаана хаанаа байгаа л байх.Төсөв эерэг гарч.Түүнд нь тааруулж ярьж байгаатай мэргэжлийн хүний хувьд эвлэрэхгүй.Төсөв бол эдийн засаг, хөгжлийн нүүр царай.Түүнийг чиглүүлэгч, хөдөлгөгч суурь шүү дээ.Тийм учраас төсвийг бодит нөхцөлтэй уялдуулан батлах ёстой. Хууль гэдэг утгаар нь үг дуугүй хэрэгжүүлэх үүрэгтэй.Төсвийг огт алдагдалгүй баталчхаар эдийн засаг "борцлогдоод", зайлшгүй хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч улсын хөгжилд чөдөр тушаа болох үр дагавартай. Хэтэрхий алдагдалтай төлөвлөхөөр хөрөнгө, мөнгийг үрэлгэн зарцуулж, төсвийн удирдлагагүй болох аюултай. Ингээд эдийн засгийн эмх замбараагүй байдалд орох сөрөг үр дагаварт хүргэдэг. Энэ хоёр туйлыг тэнцвэртэй хадгалах ёстой юм. Бодитой байлгахын тулд л улс орнууд төсвөө нарийн тооцож, баланслуулж баталдаг зүй тогтолтой. Энэ зүй тогтлоор явах учиртай. Тэгэхгүй бол ирээдүйгээ баллаж болзошгүй. Ирээдүйгээ бодож байна гэж хэтэрхий туйлширвал өнөөдрөө баллах аюултай. Их алдагдалтай баталсны хүчинд нөөцөө дайчилж чадлаа. Эх үүсвэр оллоо гэдэг байж болохгүй гаргалгаа.

-Манай эдийн засаг зүйтогтлоороо хөгжиж байнагэвэл нийгмийн олонххүлээнзөвшөөрөхгүй.Монгол руу хөрөнгө урсаж байна. Эдийн засаг нь бусад улс оронтой харьцуулбал "тасархай" хөгжиж байна гэдэгтэй ард түмэн, мэргэжлийн эдийн засагчид санал нийлэхгүй байна. Энэ онд найман хувиар өсөх Тооцоо байна билээ. Гэтэл энэ  их хөрөнгийн урсгал, өсөлтийн үр ашиг улс орон, иргэддээ наалдахгүй байна. Энэ бүхэн зүй тогтлын асуудал биш биз дээ?

-Хөгжлийн зүй тогтлыг хэн нэгэн хүн бодоод гаргачихдаггүй.Тодорхой асуудал, үзүүлэлтээр зүй тогтлоос гажих явдал байж болно. Улс орон бүр нөхцөл байдал болгон адилгүй. Бүх зүйл өөрийн онцлогтой. Эдийн засгийн хөгжлийг үнэлдэг үзүүлэлт байнга өөрчлөгдөж байна. Энэ өсөлтийг үнэлдэг үзүүлэлт өрөөсгөл байна гэх болж. Өсөлт бүхэн сайн биш гэдэг нь харагдаж байна. Өгөөжтэй өсөлт бий. Өгөөжгүй нь ч байна. "Хөөсөн" эдийн засаг гэж байна. Энэ бүхнийг хооронд нь ялган дүгнэж, ямар үр дагавар авчирч болзошгүйг сайн тооцож,харах ёстой. Манай улсад ажиглагдсан цөөн хэдэн жилийн эдийн засгийн өсөлт чухал нь мэдээж. Гэхдээ ямар үнээр олдов гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өсөлт хэдий хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг ч нухацтай ярилцах ёстой. Зүгээр л нэг өсөлтийн үзүүлэлт харчхаад сайн байна, бусад улс оронд байхгүй үзүүлэлт гэж сайрхвал өнгөцхөн дүгнэлт болно. Өнөөдөр яагаад ашигт малтмалын "хараал", "голланд" өвчний тухай яриад байгаа юм. Эд чинь дандаа л эдийн засгийн өсөлтийг дагаж бий болсон сөрөг үр дагавар  шүү дээ. Ашигт малтмалаас их хэмжээний ашиг олсноо зөв зарцуулж чадаагүйгээс болж эргээд хүнд байдалд ордгийн л жишээ. "Голланд" өвчин ч гэсэн ялгаагүй. Олсон ашгаа зөв зарцуулаагүй нь л алдаа. Энэ бүхэн эдийн засгийн хөгжлийн сөрөг үр дагавар байхгүй юу. Эдгээрийг саармагжуулах, сэргийлэх арга хэмжээг зөв бодлогоор авч байж эдийн засагт бодитой өсөлт бий болдог жамтай. Энэ чиглэлээр хийсэн томоохон алхам бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм. Ашигт малтмалын хараал,"голланд" өвчнөөс сэргийлэх чухал механизм нь тогтвортой байдлын тухай хууль. Энэ хуулиа тууштай хэрэгжүүлэх ёстой.

-Ирэх оноос хэрэгжүүлэх бил үү?

-Энэ оноос хэрэгжиж байгаа. Гэхдээ л хэрэгжүүлэхээс алхам алхмаар ухраад байна. 2011 оны төсвийг 10 хувийн алдагдалтай баталлаа. Яаж нөхөх нь тодорхойгүй.Тогтвортой байдлын хуульд буй зорилтуудаа хангаж чадаагүй, хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулсан. Ингэснээрээ Монгол улс "голланд" өвчний халдварыг тээгч болж хувирчихаад байгаа юм.

Манай улс “Голланд” өвчний халдвар тээгч болчихоод байна

 -Инфляци оны сүүлээр ямар төвшинд байхаар харагдаж байна вэ. 14 хувийн инфляцыг манай улс даах чадвартай  гэх юм  билээ.Гэтэл инфляцид шууд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүн шатахууны үнэ өдөр өдрөөр өсөөд эхэллээ. Бэлэн мөнгө тарааж буй нь бас нөлөөлж байна. Айхтар өсчхөөгүйнь махны үнэ тогтворжсонтой холбоотой байх.

-14 гэдгийг хэн тогтоосон хувь юм. 

-Монголбанкны ерөнхийлөгчийн үг л дээ.

-Байж болох хувилбар гэвэл болох юм. Инфляц бага л байвал сайн шүү дээ. Монголын эдийн засаг төдөн хувийн инфляцыг даваад гарчихна гэж ул үндэстэй тогтоосон зүйл байдаггүй. Улс орны онцлогоос л хамаарах эд. Хүн амын орлого, амьжиргааны төвшнөөс хамаарна. Гэхдээ аль болох бага байх ёстой. Инфляц манайд өсөх хандлагатай байгаа. Шатахууны үнэ өсөж байна. Хэрэглээг урамшуулж бэлэн мөнгө тараасаар байвал бас нөлөөлнө. Инфляцыг давж гарах эсэх нь хүн амын амьжиргааны төвшинтэй шууд холбоотой. Манайх шиг хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай улсад нэг хувийн инфляц ч том дарамт болно. Тийм учраас инфляцыг хөөрөгдөхгүй байх бодлогыг зөв хэрэгжүүлэх ёстой. Монгол банкнаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг тоохгүй байх учиргүй. Зөвхөн мах, шатахууны үнийн өсөлт, бэлэн мөнгө тарааж байгаатай инфляц холбоогүй. Сүүлийн таван жилийн хандлагыг ажиглахад холбоо, мэдээлэл, харилцаа, үйлчилгээ, тээвэр гэх мэт хэрэглээний үнийн өсөлт том нөлөө үзүүлсэн байна. Хүн бүр шахуу 2-3 гар утас такси  бариад давхиад байгаа чинь өрхийн амьжиргаанд нөлөөлж л байгаа. Оновчгүй, үр ашиггүй хэрэглээ шүү дээ.

-Шатахууны нийлүүлэлт хомсдож байгаа нь амьжиргаанд шууд сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн. Өөрсдийн хэрэглээг хангах нөөцөө түүхийгээр нь гадагшаа зөөгөөд байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя гэхээр төр, засаг нь дэмждэггүй. Яаж ч бодсон харалган бодлого явуулсаар иржээ. Харин С.Батболдын Засгийн газар овоо нааштай зүйл ярих болж.

-Ямар ч тохиолдолд гадаадаас хэрэгцээгээ хангадаг, тэр тусмаа бараг 100 хувь нэг улсаас хангадаг орон ямар эрсдэлтэй байх нь тодорхой шүү дээ.Тийм учраас огтхон ч эргэлзээгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг Монголд барих нь зөв. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Эдийн засгийн үр дүн шууд гарахгүй байж болох ч нийгмийн үр ашиг цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

Өөрийгөө хангалттай албан тушаалтай гэж боддог

 Японы төслөөр Дарханд барих үйлдвэр эдийн засгийн өндөр үр ашигтай юм билээ. Гэтэл түүнд эргэлзэж хугацаа алдаад байгаад харамсдаг. 2008 онд шийдвэр нь гарсан. Энэ хугацаанд нэлээд хэдэн үйлдвэр барих хөрөнгийг идэж уугаад дууссан шүү, бид. Хөгжлийн сан гэж байсан. Хоёр тэрбум доллар байсныг хэрэглээнд зараад дууссан. Хүний хөгжил сангаар дамжуулан 800 тэрбум төгрөг зарцуулна.Тэр мөнгөөр хэдэн үйлдвэр барих боломжтой нь маш тодорхой биз. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад биш, хэрэглээнд мөнгө зарцуулаад байхаар нийгэмд наалдах үр ашиг нь бага байгаа юм. Иргэд энэ мөнгийг шүүмжлээд байна. Ихэвчлэн архи дарс болоод үрэгдэж байна гэдэг. Хэрэглээ үргэлж үр ашиг багатай байдаг. Хөрөнгө, мөнгийг ирээдүйд буюу хөрөнгө оруулалтад түлхүү зарцуулж байгаа бодлогыг хамгийн зөв эдийн засаг гэж үзнэ гэсэн бичигдээгүй хууль байдаг юм.

-Төрийн албан хаагчдын тоог цөөлөх шаардлагатай. Багаар бодоход төсвийн зардлыг 30 тэрбум төгрөгөөр бууруулах судалгааг Та танилцуулж байсан.Тэр ажил юу болсон бэ?

-Тэр бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гараагүй юм чинь яах юм. Уг асуудал орхигдсон. Ер нь бид эдийн засгийн олон асуудлыг орхигдуулсан.Төрийн албаны бүтэц, үр ашигтай төсөв, эдийн засгийн бодлогын асуудал байна. Хөгжлийн хоёр арга зам байдгаас хөрөнгө оруулалтад анхаарч эхэлж байна. Дараах нь түүний үр өгөөжийг дээшлүүлэх. Энэ асуудал үндсэндээ орхигдсон.

-Манай улсад ажиглагдаж эдийн засгийн үр ашиг багатай өсөлт, түүнээс улбаатай "голланд" өвчний шинж тэмдгийгхэрхэн засах вэ?

-Эдийн засгийн өндөр өсөлт болгон үр ашигтай биш шүү дээ. Зарим орон яагаад эдийн засгийн өсөлтөө хязгаарладаг гэж бодож байна. Зүгээр л өсөлт ажиглагдаж байвал өрөөсгөл. Огцом өсөлт эргээд олон сөрөг үр дагавар дагуулдаг. Хамгийн түрүүнд эдийн засаг халдаг. Өөрийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрнэ.Түүнээсээ болж их хэмжээний импортын хараат болно. Өр зээлд орно.Тийм учраас асуудалд ухаалаг хандах ёстой. Урсгалаар бий болсон өсөлтөд сэтгэл ханаад байвал их ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Өнөөдөр уул уурхайн салбар руу хошуурснаас өмнө нь байсан бодлогууд орхигдож эхэллээ. Ингэснээр эдийн засгийн өрөөсгөл бүтэц бий болох аюултай.Тэгэхээр оновчтой, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Харамсалтай нь тэгж чадахгүй байна.

-Монгол улсын эдийн засгийн хөгжил, бодлогын асуудлыг нэгтгэн зангиддаг засгийнгазрынбүтэц хэрэгтэй санагддаг. Яам болгон уялдаа холбоогүй бодлого хэрэгжүүлдэг нь хөгжих боломжийг тарамдуулж байгаа харагддаг уу.Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо бол яамны өмнө үүрэг хүлээсэн нэг агентлаг шүүдээ?

-Хөгжлийн бодлого зангиддаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, төрийн байгууллагуудын бодлогыг уялдуулдаг бүтэц алга.Тийм учраас эдийн засгийн нэгдсэн бодлогогүй явж байна. Улс орнууд хөгжлийн асуудлаа өндөрт тавьж, нэгдсэн бодлого,төрийн зохицуулалттайгаар хөгжил өөд тэмүүлж байна.Тийм учраас хөгжлийн бодлогоо зангидсан төрийн захиргааны төв байгууллага байх л учиртай. Байхгүйгээс олон бодлого, зорилт задгай, эзэнгүйдэж байна. Олон асуудал хаягдсан гэж миний яриад байдгийн учир энэ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог анх эдийн засгийн хөгжлийн яам гэсэн бүтэцтэйгээр байгуулах тухай ярьж байв. Хэлэлцэх явцад үүргийг нь хэвээр үлдээгээд статусыг нь агентлаг болгож орхисон. Агентлаг яам, аймаг, орон нутаг, бүсийн үйл ажиллагааг яаж уялдуулж зохицуулах юм. Энэ агентлагтай холбоотой шүүмжлэл гараад байдаг нь үүнтэй л холбоотой. Өнөөдөр ҮХШХ судалгаа хийдэг л байгууллага болж хувирсан. Зарим талаараа хэлэх үг бэлддэг байгууллага болсон харагддаг. Уг нь хөгжлийн бодлого тодорхойлдог, хэрэгжилтэд нь хяналт тавьж яамдын ажиллагааг уялдуулан зохицуулдаг газар байх ёстой. Энэ агентлагийн бүтцийг өөрчлөхгүйгээр өгөөжөө өгөхгүй. Хөгжил төлөвлөлтийн бодлогоо гаргаад өг гэж Засгийн газарт хандаад хариу өгөхгүй л байна.

-Саяхан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов.Танай намын лидер асны хүсэж байсан, мөн танай намын үл хүсэж байсан асуудлыг бараг л шийдчихлээ. Н.Энхбаярын улстөрчийн хувь заяа цаашид хэрхэх болсон. Хамтран ажиллаж байсан хүний хувьд улс төрийн нэг том лидерийн цаашдын сонголт бүрхэг болсонд харамсаж байна уу?

-Хүн бүгд Цэцийн шийдвэрийг анхааралтай ажиглаж байсан. Цэц шийдвэрээ гаргалаа.Түүнийг нь хүлээж авах л ёстой. Манай намын олон хүний хүсэж байсан шийдвэр гарлаа. Бид үүнийг л хүлээж байсан. Би тэр хүний төлөө харамсаад, баярлаад байх зүйл алга. Надад дотроо бодсон зүйл бий.Түүндээ л үнэнч байгаа.

-УИХ-ын хоёр "сул" гишүүний тухай ярьдаг юм. Р.Гончигдорж гишүүн Та хоёрын тухай л даа. Гончигдорж гишүүнийг УИХ-ын дэд дарга болгохоор нам нь тохироод байтал буцсан гэж.Түүнтэй адил Таныг ч бас сул гишүүн байгаад гайхаххүн цөөнгүй юм билээ.

-Янз бүрээр ярьдаг биз.Төр засаг ажил хариуцуулж байхад түүний төлөө л зүтгэдэг байсан. Зүтгэх ч болно. Албан тушаалын төлөө бүлэг байгуулж байсан тохиолдол надад байхгүй.Тэгэх ч ёсгүй. Өөрийгөө хангалттай албан тушаалтай гэж боддог. УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга. Мэргэжлийнх нь хувьд намайг ашиглая гэвэл ямар ч хэлбэрээр ашиглаж болно. Бодлогын Байнгын хороодод би санал бодлоо хэлдэг.

-Нутаг усны бүлэглэл Монголд хүчтэй. Увсын бүлэглэлийг "UBS" нам гэдэг. "Алтан гадас"-ын арыг Ц.Нямдорж даадаг гэх ч юм билээ. МАН-ын хувьд Ерөнхий сайд, генсек хоёр нь Сүхбаатарынх. Гэтэл нутгийн ах нараа дэмждэггүй гэх мэт яриа хөөрөө байдаг тухай сонсож байсан...

-Миний хатуу үзэл бодол бий. Хувь хүн, хэсэг бүлгийн эрх ашиг, албан тушаалаас улс орны ажлын эрх ашгийг дээгүүр тавих ёстой гэж.Түүнийг л хатуу бодож байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр тийм биш болж.Тодорхой эрх ашгийн үүднээс албан тушаал хашихыг хичээдэг хүн олон болсон байна. Ажлын эрх ашгийг бодохоо больжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.