Төсвийн орлого 248,8 тэрбумаар давж биеллээ
2011.08.26

Төсвийн орлого 248,8 тэрбумаар давж биеллээ

Засгийн газрын хуралдаанаар 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд С.Баярцогт болон яамны холбогдох албаныхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар Монгол Улсын төсвийн орлого 2011 оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум  төгрөгөөр давж биелсэн байна. Ийнхүү эерэг үзүүлэлт гарсан нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 936.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар, зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэх үүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1-8.5 дахин нэмэгдсэнтэй холбоотой хэмээн Сангийн сайд тайлбарлалаа.

Үүний зэрэгцээ импортын үнийн дүн энэ оны эхний долоон сард 4489.0 тэрбум төгрөгт хүрснээр жилийн төлөвлөгөө 95 хувьтай биелж, хүлээгдэж буй гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай болсон байна. Түүнчлэн нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас найм орчим пунктээр нэмэгдэж, 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлжээ. Энэхүү нөлөөллүүдийг 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй тооцоход төсвийн орлого 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх дүр зураг харагдаж эхэлжээ. Иймд 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон байна. Ингэхдээ төсвийн орлогыг 456.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох боломжтой аж. Мөн төсвийн орлого нэмэгдэж байгаа-тай холбогдуулан төсвийн урсгал зардлыг 92.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ.

Мөн төсвийн тодотголд ноос ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондын ашиглалт зэрэг УИХ, Засгийн газрын шийдвэрээр зайлшгүй нэмэгдэх зардлыг тооцон тусгасан гэнэ. Үүний үр дүнд урсгал зар-лага цэвэр дүнгээр 92.6 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 288 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 300 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Ийнхүү төсвийн орлого нэмэгдэж буй тул төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд 288 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг тодотголоор нэмж оруулахаар төлөвлөж байгаа аж. Үүнд 230 тэрбум төгрөгийн 150 барилга байгууламжийг энэ онд багтаан ашиглалтад оруулж, 41 багц төхөөрөмжийг худалдан авах боломж бүрдүүлнэ. Үүгээр ч зогсохгүй барилгын ажил үндсэндээ дууссан боловч техникийн болон улсын комисс ажиллаж чадаагүй, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь оройтсон, будилсан, газрын маргаан гарсан, барилгын төсөвт ажлын тоо хэмжээ дутуу тусгагдсан, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас 2010 онд ашиглаж чадаагүй объектуудад 24 тэрбум төгрөг, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжид шаардагдах 34 тэр-бум төгрөгийг тус тус тусгажээ. Түүнчлэн 2011 оны төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоог боловсруулахад нэгдсэн төсвийн төслийн нийт тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 680.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.003.9 тэрбум буюу ДНБ-ий 9.9 хувь байгааг сангийн яамныхан онцолсон юм.

Монгол  улсын төсөв тогтвортой байна гэв

Сангийн яамнаас зарласан хэвлэлийн хурлын үеэр зэсийн үнийн асуудал ч хөндөгдлөө. Зэсийн үнийг төсвийн үнэ, дэлхийн зах зээлийн үнэ гэж хуваадаг болсон төдийгүй, энэ жилийн төсөвт зэсийн үнийг 5983 ам.доллараар тусгажээ. Тиймээс зэсийн үнэ ч хэлбэлзсэн төсөвт өөрчлөлт орохгүй гэж үзэж буйгаа Сангийн сайд мэдэгдэв. Учир нь төсвийн үнэ дэлхийн зах зээлийн үнэ хоёрын хоорондын*зөрүү Тогтворжуулалтын сан руу орох аж. Гэхдээ Тогтворжуулалтын санг энэ жилийн төсөв ч, ирэх жилийн төсөв ч ашиглахгүй гэнэ. Харин зэсийн. үнэ төсвийн үнээс доошоо орсон тохиолдолд ашиглах юм байна. Иймээс Монгол Улсын төсөв маш тогтвортой байна гэж Сангийн сайд С.Баярцогт хэллээ. 2008 онд эдийн засгийн хүндрэл үүсэж байсан шалтгаан  нь  зэс,  нүүрс,  алтыг бүгдийг нь дэлхийн зах зээлийн үнээр авч байсантай холбоотой хэмээн нэмж хэлэв. Дэлхийн зах зээлийн үнэ буурангуут төсвийн орлого багасдаг тул ийнхүү нөлөөлдөг гэнэ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид «Төсвийн тодотголыг хэлэлцэхгүй нэлээд цаг хугацаа алдлаа. Одоо тодотголыг хэрэгжүүлэх хугацаа хангалттай байна гэж та үзэж байна уу» гэсэн асуултыг Сангийн сайдад тавьсан. Үүнд С.Баярцогт сайд «Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх цаг хугацааны хоёр боломж байгаа. Ээлжит чуулган аравдугаар сарын нэгэнд эхлэхэд хамгийн эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж найдаж байна. Энэ асуудал тодорхой хэмжээний нэмэгдлийг яаж зарцуулах вэ гэдэг дээр төвлөрөх учраас богино хугацаанд шийдэх боломжтой. Мөн зайлшгүй шаардлага байна гэж үзвэл ээлжит бус хурал зарлаад богино хугацаанд зөвхөн энэ асуудлыг шийдэх бас нэг гарц бий» гэсэн хариулт өглөө.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.