2011.12.22

Ц.Дашдорж гишүүн тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Цалин болон малаа барьцаалан зээл авсан иргэд өөрт ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр зээлийн төлбөрийг барагдуулах талаар энэхүү тогтоолын төсөлд тусгасан байна.

2011 оны гуравдугаар улирлын байдлаар нийт банкуудад 157888 иргэний 499,44 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа юм байна.

Зээлдэгчид дунджаар сар бүр 16 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа аж. Өнөөгийн байдлаар манай улсад зээлийн хүү болон инфляци өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа.

Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь банкнаас зээл авсан иргэдэд санхүүгийн хувьд сөргөөр нөлөөлж зээл, зээлийн хүүгээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас цалин болон малаа барьцаалан өндөр хүүтэй зээл авсан дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин буурч байгаа юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн цалин болон малаа барьцаалан зээл авсан Монгол Улсын иргэний банкнаас авсан зээлийн нийт үнийн дүнгээс нэг удаа иргэнд ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр орлуулан зээлийн төлбөрийг барагдуулах үндсэн зорилгоор эрхэм гишүүн дээрх тогтоолын төслийг боловсруулжээ .