Таны авсан хувьцаа 2-3 жилийн дараа 3-5  дахин их ашиг өгнө
2011.12.01

Таны авсан хувьцаа 2-3 жилийн дараа 3-5 дахин их ашиг өгнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-МАН-ын   бага   хурал өндөрлөлөө. Улстөрч  хүн болохоор анзаарч хараа  л  байлгүй.  Та өрсөлдөгч намаа хэрхэн дүгнэж байна вэ?
-Шүүмжлэлтэй   хандах зүйл олон л харагдсан. Том байшин барьснаа  магтаад л... Улс төрийн намуудын дунд явж, өөртөө ашигтай хувилбарыг хайж хайж МАЙ-ыг бараадахаар шийдсэн баахан хүнийг бага хуралдаа аваад л. Тогтсон үзэл бодол, зорилгогүй хүмүүсээр эгнээгээ тэлчихлээ дээ. Энэ мэтээр шүүмжилбэл олон зүйл бий. Гэхдээ авууштай ч зүйл харагдсан. Хэдийгээр дотроо зөрчилтэй, хуваагдал  ихтэй  ч  гэсэн түүнийгээ даваад, нэг  тийшээ харах гэж хичээсэн явдал нь магтууштай л санагдсан.
- Хариуцлагын тогтолцоо гэж ярьж байсныг...?
-Хариуцлага гэдэг зүйл хаана ч байх ёстой. Үүнийгээ л хөндөн ярьсан төдий.
- АН ҮЗХ -НЫ хурал хүлээгдсээр л байна. Намын гишүүдэд ҮЗХ- ны хурлын товын сураг дуулдана уу?
-АН-ын дүрэмд жил бүрийн гурав, есдүгээр сард ҮЗХ хуралдахаар заадаг. Өнгөрсөн гуравдугаар сарынх товлосон, хугацаандаа хуралдсан боловч есдүгээр сард  болох  ёстой  хурал өнөөдрийг хүртэл сураггүй байна. Энэ нь намын дүрэм зөрчсөн хэрэг л дээ.
-ҮЗХ-ны хурал зарлагдчихвал олон зүйл ярих сураг дуулдсан. Тэхдээ үүн дотор намын даргаа солих тухай яриаг хүмүүс их сонирхож хүлээж авсан. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?
-Ярих зүйл үнэхээр олон байна. Бидний хамгийн том өрсөлдөгч нам маань хүртэл бага хурлаа хийгээд, асуудлаа яриад, ирэх оны сонгуульд чиглэсэн гол гол хөтөлбөр, бодлогоо тодорхойлчихлоо. Гэтэл манай нам өнөөдрийг хүртэл ҮЗХ байтугай Гүйцэтгэх зөвлөл нь ч хуралдахгүй юм. Шулуухан хэлчихэд АН-ын зүрх нь цохилоод, бие  мах бод нь ажиллаад байгаа хэрнээ уураг тархи нь ажиллахаа больчихсон нэг тийм үхэжсэн хүнтэй л адилхан байна.  Үүнийг мооргийн үхэл гэж нэрлэдэг.
Бүх аймаг сум, нийслэл, дүүрэг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газар нь ажиллаад, буцлаад л байдаг. Гэтэл уураг тархи нь ажиллахгүй юм. Намын бодлогыг тодорхойлдог Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ нь хуралддаггүй ээ. Тэгэхээр хурлын тов нь гараагүй үед юун тухай ярихыг хэлэхэд эртдэх байх. ҮЗХ-ны хурлаар намын даргын тухай ярих эсэхийг хэн ч мэдэхгүй.
-ҮЗХ  хуралдахгүй удаж буйн шалтгааныг  та хувьдаа юу гэж    хүлээж    авч байна вэ?
-Үнэхээр  ойлгомжгүй. Хэлж мэдэхгүй юм. Ний нуугүй хэлэхэд, адилхан УИХ-д суугаад, сүүлийн 20 жил ардчиллын   төлөө   хамт зүтгэсний  хувьд  би  Алтанхуягийг сайн мэднэ. Гэхдээ шүүмжлэх зүйл байгаа учраас үгээ хэлэх л болно. Хэлэхгүй бол  үнэхээр болохгүй байна. Би Алтанхуягт муудаа биш, энэ хүний мууг үзэх гэсэндээ биш, үнэхээр Ардчилсан нам ажиллахгүй  байна. Намынхаа уураг тархийг чиглүүлэх гол үүрэг хүлээсэн дарга маань ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлэхгүй, зорилго нь тодорхойгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй яваа учраас шүүмжлэхээс өөр арга алга. Өмнө нь ч энэ тухай олон удаа хэлсэн. Тэр үед манай намын зарим гишүүн намайг ингээд ярихаар намыг дотор нь хагаргалаа гэдэг байсан. Харин энэ удаа байдлыг арай өөрөөр харж, миний яриаг арай өөр өнцгөөс нь дүгнээсэй гэж хүсэж  байна.
-АН-д одоогийн даргаас   илүү   намыг удирдах лидер байхгүй   мэтээр  зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн. Харин та үүн дээр юу хэлэх бол?
-Энэ намд арай илүү хүчтэй, нээлттэй, шударга ажиллах, намаа гэсэн сэтгэлээр хандах тийм лидер удирдагч хэрэгтэй байна. Аль нэг фракцын төлөөлөл намын  удирдлагыг авахаараа зөвхөн тэр фракцынхаа эрх ашгийг боддог, тухайн фракцынхаа хүмүүсийг ажилтай болгодог байдлаа болих хэрэгтэй. Ийм замаар бид хол явахгүй ээ. АН-ынхаа нийтлэг эрх ашгийг ирээдүйг харж гишүүн бүртээ тэгш үйлчилж, ойлгож, ойлголцож чаддаг тийм л даргыг хүсэж байна.
-Л.Гантөмөр гишүүн бол Н.Алтанхуягаас өөр намын дарга хийчих лидер байхгүй мэтээр ярьсан байна билээ?
-Яах вэ, Гантөмөр залуу хүн. Олж харахгүй л яваа биз. Манай намд чадвартай, чадалтай лидер олон. Хэдэн зуун мянган гишүүнтэй ийм том намд толгойлоод, удирдаад явчих лидер захаасаа авахуулаад л бий.
-Бас сонгууль дөхсөн ийм цаг үед намын дарга солих хугацаа үлдээгүй гэх юм?
-Манай намын дүрэмд намын дарга солих хугацааны тухай заалт байхгүй. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч дөрвөн жил гэж хуулийн хугацаатай сонгогддог л доо.  Харин намын дарга бол үгүй шүү.
-Та хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай гишүүн. Харин АН хамтарсан Засгийн газраас салах тухай одоо л ярьж эхэллээ?
-Би анхнаасаа л хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан, цаашдаа ч энэ үзэл бодолдоо үнэнч хэвээр явна. Хамтарсан Засгийн газарт орсноор АН, ард түмэн юу хожсон юм бэ. Яах вэ, Оюу толгой, Таван толгойг эхлүүлсэн гээд олон юм ярих байх л даа. Тэгвэл Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай хийж чадсан уу, үгүй шүү дээ. Энэ бол луйврын л гэрээ болсон. Гадаадынханд үйлчилсэн, харийнханд зориулсан л гэрээ. Таван толгойн гэрээ хаана байна, одоо болтол хэрэгжээгүй. Тэр байтугай хэсэг хэсгээр тасдаж идсээр бараг дууслаа. Ухаа худгийг таслаад өгчихсөн, одоо Зүүн цанхиас хэсэгчлээд Хятадад худалдчихсан. 2018 он хүртэл нүүрсээ олборлох эрхээр худалдчихсан шүү дээ. Таван толгой бүтэн нэг цогцолбор байх бодлого нь алдагдаад хэсэг хэсгээр нь зулгаагаад эхэлчихлээ. Энэ хэмжээгээр Таван толгойн үнэ цэнэ унана. Бялуу хуваахтай адил ингэж хэрчиж тараах тусам хувьцааны үнэ цэнэ унана. Товчхондоо л, ард түмэнд очих хувьцааны үнэ унана л гэсэн үг.
-Саяхан архи тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай хуулийн төсөл өргөн барихад гишүүдээс дэмжлэг авч чадаагүй унаж харагдсан. Та үүнийг хувьдаа хэрхэн дүгнэсэн  бэ?
-Архи, тамхи бол нийгэмд хэзээ ч сайн зүйл авчирдаггүй. Иргэдийн эрүүл мэндээс эхлээд амар тайван амьдрах бүхий л нөхцөлийг архи, тамхи эвддэг.  Энэ бизнесийг эрхэлж буй хүмүүс төрийн хууль тогтоох эрх мэдэл бүхий дээд байгууллагад орж ирнэ гэдэг их аюултай. Цаашдаа нарийн яривал үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал. Хүмүүс хувь хүний эрхэлж буй бизнест ингэж халдаж болохгүй гээд эсэргүүцсэн л дээ. Тэгвэл архи, тамхины бизнес эрхлэгчид улс төрд орох гэж байгаа бол чин зориг гаргаад бизнесээсээ татгалзчих хэрэгтэй.
-Та УИХ дахь АН-ын бүлгийн Төсвийн ажлын хэсэгт орсон. АН  төсвийг 1.2 их наядаар танах санал гаргалаа. Энэ нь хэр бодитой, үр дүнтэй гэж бодож байна вэ. Үүнээс ч илүү танах ёстой гэх юм?
-Чадлаараа л ажилалаа. Үр дүн гарсан байх аа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг бид 1.2 их наядаар таналаа. Урсгал зардлыг өндөр хувиар бууруулж чадсан. Бид АН-ын ажлын хэсэгтэй хэл амаа ололцох гэж нэлээд хэрэлд-сэн, уралцсан, олон хоног өдөр  шөнөгүй хуралдсан. Үүний үр дүн гарсан л гэж бодож байна.
-Иргэдэд нэг сая төгрөгөө яаж авах, цалин хэрхэн нэмэгдэх, инфляцыг яаж нэг оронтой  тоонд барих нь л сонин байгаа. Үүн дээр та тодорхой тайлбар хэлэх үү?
-"Хүний хөгжлийн" сангаар дамжуулаад Таван толгойн 1072 хувьцааг иргэдэд олгоё гэж санал оруулсан. Өмнө нь 536 хувьцаа гэж ярьж байсан шүү дээ. Хэрвээ иргэн өөрөө хувьцаа авахгүй ээ, мөнгөн хэлбэрээр авна гэвэл мөнгөн хэлбэрээр өгнө, хувьцаагаа авъя гэвэл хувьцааг нь өгнө. Ийм хувилбараар төсвийн төсөл батлууллаа.
-Монголчууд хувьцааны талаар төдийлөн сайн ойлгохгүй явах шиг. Магадгүй, иргэн 1072 хувь-цаа эзэмшсэнээр нэг хүнд тэдэн төгрөгийн ноогдол ашиг ирнэ гэсэн тооцоо гаргасан зүйл бий болов уу?
-Би бол эсэргээрээ гэж боддог. Харин ч,  1990 оныг  бодвол монголчууд хувьцаа гэж юу байдгийг мэддэг болчихсон. 1990 рнд бол хүмүүс хувьцаа байтугай хувийн өмч гэдгийг ч мэддэггүй байсан. Миний юм гэдгийг огт мэддэггүй нийгмээс зах зээлийн тогтолцоо руу шилж-сэн. Одоо бол иргэд өөр болсон. Нийт иргэдийн 30 хувь нь хувьцааг ойлгохгүй, бид мөнгөө авъя гэлээ гэж бодъё. Тэгвэл 70 хувь нь хувьцаагаа авна гэж төсөөлж байна. Яагаад гэхээр, өнөөдөр нэрлэсэн үнээр нь авсан хувьцаа нэг, хоёр жилийн дараа хамгийн багаар бодоход 2-3 дахин өсч, ашгаа өгнө. Хүмүүс хувьцаагаа зарахаасаа илүү ноогдол ашгаа авах нь илүү орлого авчирна гэдгийг ухаарсан байх гэж боддог. Гэхдээ яг одоо энэ хувьцаа танд тэдэн төгрөгийн ашиг өгнө гэж хэлэх боломжгүй. Таван толгой  ашиглалтад ороогүй, хувьцаа нь арилжигдаж эхлээгүй учраас.
-Магадгүй, танд төсөөллийн тооцоо байна уу?
-Төсөөллөөр тооцоо хийж болохгүй л дээ. Гэхдээ, одоо нэг хувьцааны үнийг мянган төгрөг гэж тооцъё. 1072 ширхэг хувьцааг мянган төгрөгөөр үнэлбэл нэг сая 72 мянган төгрөг болно. Энэ мөнгө хувьцаагаар авбал ойрын 2-3 жилийн дотор хамгийн багаар тооцоход 3-5 дахин өснө гэдгийг би хувьдаа харж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.