Ө.Энхтүвшин:АН-ын бүлэгтэй дахин ярилцана
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.10.25

Ө.Энхтүвшин:АН-ын бүлэгтэй дахин ярилцана

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон ч Монгол Ардын Намын бүлгийн саналыг хүлээж буйгаа бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээллээ. Мөн Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэх санал гарсан ч хууль зүйн үндэслэл хангасан эсэх асуудлаар холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэнэ гэв. Харин УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн хуулийн хүрээнд АН-ын дэвшүүлж буй саналд өгөх байр сууриа  нэгтгэжээ. Хуралдааны талаар бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингээс тодрууллаа.


-АН-ын бүлгээс таван зүйл бүхий санал хүргүүлсний нэг нь одоогийн 26 тойргийг жижиглэхгүй гэсэн байр суурь. Мөн мажоритар давамгайлсан 48 тойрог, эсвэл мандаттай боллоо гэхэд түүний гуравны нэгээс доошгүй нь Улаанбаатарт ногдох ёстой гэж байгаа. Эдгээр асуудлаар Монгол Ардын Нам ямар байр суурьт нэгдэв?
-Энэ асуудлыг  АН-тай дахиж  ярих  хэрэгтэй  гэдэг саналыг  гишүүдийн  олонх нь гаргалаа. 2008 оны сонгуулийг ажиглаж байхад хамгийн   бэрхшээлтэй   зүйл   нь намаас нэр дэвшсэн хүмүүс хоорондоо өрсөлдөөн бий болгосон нь улстөрийн намын төлөвшилд муугаар нөлөөлөхүйц байсан. Үүнийг засах ёстой.
Олон мандаттай нэг тойрог үүсгэх нь энэ нөхцөл байдлыг яг давтахаар байгаа юм.
Хоёрдугаарт,Улаанбаатарт мажоритар тойрог,мандатын гуравны нэг нь ногдох ёстой гэсэн асуудлын хүрээнд өнгөрөгч оны хүн амын тооллогын дүнг харгалзана гэдэгтэй тохирсон. Гэхдээ хуульд "... газар нутаг, хүн амын тоог харгалзана" гэсэн заалт байгаа учраас аль алийг нь баримтлах нь зүйтэй. Жишээ нь, мажоритар давамгайлсан 48:28 хувилбараар тогтвол хөдөөд ногдох тойрог, эсвэл мандатаас 20, Улаанбаатарт ногдож байгаагаас найм хасагдахаар байна. Үүнээс илүү хасах нь зарчмын төдийгүй хуульд нийцтэй биш. Орон  нутгийн төлөөлөл, хүн амын тоог бодолцох ёстой. 21 аймагт тархан суурьшсан хүн амынхаа төлөөллийг хангах ёстой.  Эдгээрийг жигд, тэнцүү хангах нь зүйд нийцнэ.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн үү?
-Үүнийг тусгайлан  ярьсангүй. Үндсэн хууль болон бусад хуульд хэд хэдэн тодорхой заалт бий."Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс  бүрдэнэ", "Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас илүү нь огцорвол Засгийн  газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно", "Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс илүү хувь нь гаргавал түүнийг УИХ авч хэлэлцэнэ" гэж заасан. Ерөнхий сайдыг огцруулах тухайд хуульд тодорхой заалт байхгүй. Харин Үндсэн хуульд Ерөнхий сайд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс ирүүлбэл огцруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ" гэсэн ганцхан заалт бий. Тиймээс үүнийг хуулийн дагуу шийдэх ёстой. Нэгэнт асуудал Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд иж бүрнээрээ тавигдаагүйг гишүүдээс хэлж байгаа. Хариуг ийм байдлаар өгөх байх.
-Ер нь намын дарга, Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудалд бүлгийн гишүүдийн хандлага ямархуу байна вэ?
-Бүлгийн гишүүд иймэрхүү байдлаар гэнэтийн алхам хийх гэж байгаа бол заавал бүлэгтээ танилцуулж, гишүүдийн саналыг сонсон, олонхоороо шийдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ гэж тохиролцсон. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан дөрвөн гишүүнээс  асуухад дээрх зарчим яригдахаас өмнө гарын үсэг зурсан байсан гэж байгаа. Үүнээс хойш бүлгийн гишүүд энэ хариуцлагатай үед эхлээд бүлгээрээ асуудлыг хэлэлцүүлж, шийдүүлнэ. Нэр бүхий дөрвөн гишүүний хувьд Оюутолгойн асууДлыг голчлон тавьж байгаа. Үүнийг нь ч бид буруушаагаагүй. Тэд УЙХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсан. Ялангуяа Засгийн газар хөрөнгө оруулагч талтай идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдэг агуулгаар асуудлыг тавьж байгаа гэж ойлгож байгаа.
-Тавантолгойн орд газрыг ашиглах асуудлаарх 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийг ард иргэдэд шилжүүлэх бүлгийн байр суурь эцэслэсэн үү?
-Энэ тухайд бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Тодорхойгүй зүйлүүд нэлээд байна. Жишээ нь, үндэсний аж ахуйн нэгжүүдийн 10 хувийн хувьцааг иргэдэд өглөө гэхэд Тавантолгойн үйл ажиллагаанд үндэсний компаниудыг хэрхэн оролцуулах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар ахалж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.