2011.10.24
Н.Энхболд: Тонгойгоод байхад гэдийсээр байгаад явчихсан хүмүүс байна
УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг МОНЦАМЭ агентлаг "Редакцийн зочин"-оороо урилаа. Хэвлэлийн инженер мэргэжлийг эзэмшсэн ч эдүгээ төрийн өндөр алба хашиж, олноо танигдсан энэ улстөрчийг хэвлэл мэдээллийн салбарынхан "манай" хун гэж дотночилдог. УИХ дахь Энхболдуудаас ч түүнийг "хэвлэлийн" гэдгээр нь ялгаж байсан цаг бий. Тэрбээр Монголын хэвлэлийн хүрээлэнг үүсгэн байгуулахад гар бие оролцсон гэдгийг нь онцолж байна. Бидний ярилцлага улс төр, нийгмийн амьдралд болж буй халуун сэдвүүдээр өрнөлөө. "Редакцийн зочин"-ы ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн, МОНЦАМЭ мэдээ сонины ерөнхий эрхлэгч Б.Номинчимэд, сэтгүүлч Э.Адъяасүрэн, Г.Энхмандуул нар оролцлоо.
Оюутолгойн өмнөх гэрээ одоогийнхоос илүү байсан
-Энэ удаагийн УИХ-аас гарсан ямар шийдвэр түүхэнд тэмдэглэгдэхээр болсон гэж та УИХ-ын дэд даргын хувьд бодож байна вэ?
-Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг зарим хүн өнөөдөр болтол асуудалтай хэмээн ярьсаар л байна. Харин миний хувьд Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг зориглож баталснаар Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх онцгой ажлыг энэ УИХ гүйцэтгэлээ гэж бодож байна. Цаг хугацаа нь ч ингэж таарлаа. Энэ ажлыг эхлүүлснээр бидний яриад байгаа эдийн засгийн хурдтай хөгжлийн үндсэн эх суурь тавигдсан гэдэгт итгэлтэй байгаа. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээнд цаашид засаж сайжруулах зүйлүүд бий.Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд өмнөх УИХ-д оруулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл одоогийнхоос илүү байсан юм.
Хэрвээ тухайн үед УИХ асуудлыг нь шийдээд өгсөн бол ордыг ашиглах зардал одоогийнхоос хоёр дахин бага байх байсан гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Миний хувьд аль болох мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохыг хичээдэг. Хэрвээ тухайн үед улс төржилгүй гэрээг явуулсан бол өнөөдөр өгөөжөө өгөөд эхлэх байжээ. Гэхдээ энэ удаагийн УИХ энэ чухал асуудлыг шийдэж чадсан учраас түүхэн шийдвэр болсон гэж онцолж байна. Аливаа том зүйл алсаас тод харагддаг зөв бурууг нь цаг хугацаа илүү бодитой шүүдэг дээ. Хоёрдугаарт, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт хийж, боловсронгуй болгочихвол бас том шийдвэр болно гэж бодож байна. Хэдий өнөөдөр хуулиа батлаагүй ч баталчих болов уу гэж найдаж байна. Дээр нь Таван толгойн гэрээ гэх мэтчилэн нэлээд чухал асуудлууд бий.-Тавантолгойн төслийг энэ УИХ баталж чадах болов уу?
-Миний хувьд Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлээсэй гэж бодож байна. Гэвч сүүлийн үед эргэлзээ төрөөд байна. Чин үнэнийг хэлэхэд энэ асуудалд олон янзын ашиг сонирхол тал талаас нь тусаад эхлэхээр эдийн засгийн томоохон асуудал замхраад эхэлдэг.Миний хувьд нэг зүйлд санаа зовнидог болоод байна.
Өмнө улс төр нь эдийн засгаа шинэ зүйл рүү хөтөлж явдаг байсан бол өнөөдөр улс төр нь эдийн засгаа хойш нь татдаг боллоо. Энэ нь УИХ-ын бүрэлдэхүүнд янз бүрийн ашиг сонирхлын төлөөлөл орсон болон их мөнгө эдийн засаг руу орж ирж байгаагаас шалтгаалж байна. Тиймээс энэ бүхэн Тавантолгойд нөлөөгөө өгч, сүүдрээ тусгачих вий дээ гэж бодож байна. Олон янзын шалтгаан бий шүү дээ."Энэ удаа гаргахгүй байя.Дараагийн УИХ ямар ч бүрэлдэхүүнтэй болох билээ. Тэр үед нь шийдүүлчихвэл ашиг илүү гарах нь" гэсэн бодолтой хүмүүс ч байгаа. Сонгууль дөхсөн болохоор асуудал болгож, анхаарлын төвд оруулъя гэсэн хүмүүс ч бий. Харамсалтай нь сүүлдээ тоглоом нь шоглоом болон гацчихдаг болохоор санаа зовниж байна. Сонгуулийн хууль ч мөн энэ замаар явчих вий гэж бодож байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болон 7 дугаар сарын нэгний үймээнээс хойш хуулиа шинэчлэх талаар ярьж эхэлсэн. Сонгуулийн хуулиас болоод л 7 сарын нэгний үймээн гарсан гэж шууд үзэж болохгүй. Сонгогчдын санал УИХ-ын суудал дээр очиж хуваарилагдахдаа буруу тусаад байна. Ойролцоо санал авсан байхад нэг тал нь учиргүй давуу, нөгөө тал нь бодлогоо гарах хэмжээнд нөлөөлж чаддаггүй гэсэн олон жилийн яриа байсан. Яриа ч биш байдал тийм байсан.Хэн нэгэн зохион байгуулж, өдөөн хатгасан байлаа ч гэсэн дагаад гарч ирсэн хүмүүсийн яагаад шударга биш дүн гараад байна вэ гэсэн эргэлзээ бухимдал нөлөөлсөн байх гэж боддог.
Зөвхөн нэг талаас нь тайлбарлахад энэ шүү дээ. Сонгуулийг будлиангүй явуулаад гарч ирсэн дүнг нь хэн нь ч гэсэн маргаангүй хүлээн зөвшөөрдөг зүйл заалт хэрэгтэй байна. Дээр нь мөнгөний асуудлыг зохицуулах нь чухал. Ер нь улс төрийн тогтолцоо, төрийн эрх барих ажилд намууд, иргэдийн үүрэг оролцоо ямар байх нь сонгуулийн тогтолцооноос хамаардаг. Тиймээс олон жил хэрэглэж ирсэн аргуудаасаа сургамж авч тэр бүх алдаа мадгийг сайтар хаасан хууль гаргах нь чухал юм. Энэ нь зөвхөн сонгуулиа хэрхэн явуулахтай холбоотой биш, харин монгол төрийн тогтолцоо, УИХ, Засгийн газрынбүтэц,гаргаж байгаа шийдвэрүүдийн цар хүрээнд нөлөөлөх учраас сонгуулийн хуулиа шинэчлэн найруулж батлах нь энэ УИХ-ын хамгийн том шийдвэр болно гэж ойлгож байна. Нэмж нэг зүйлийг онцлоход УИХ-аас хөдөөд чиглэсэн бодлого, шийдвэрүүд түлхүү гаргалаа. Тодруулбал, "Малчдын талаар төрөөс баримтлах бодлого","Монгол мал" хөтөлбөр, "Биржийн тухай" тухай хуулийн төслийг батлан гаргасан нь өмнөх УИХ-уудаас их онцлог шийдвэрүүд болсон.Популист хөндлөгө одоо хүртэл УИХ-аас салахгүй байна
-Сөргүүлээд энэ удаагийн УИХ-ын сул тал нь юу вэ байна вэ гэсэн асуултад хариулт авч болох уу. Учир нь хэдий чанартай, олон хууль гаргадаг ч хэрэгжилт нь сул байдаг шүү дээ?
-Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. УИХ ч баталж байгаа хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Миний хувьд УИХ-д гурав дахиа сууж байна. Илэн далангүй хэлэхэд өмнө ч энэ асуудал байдаг л байсан. Хуулийн хэрэгжилтийг хянах, хэрэгжүүлэх нэрийн дор УИХ-ын гишүүн болон ажлын хэсгийнхээ нэр нөлөөг ашиглан давхар юм хөөцөлдөөд яваад байгаа нь анзаарагддаг байсан. Энэ УИХ-д тийм байдал байна. УИХ-ын бүрэлдэхүүнтэй ч холбоотой болов уу. Угаасаа эдийн засгийн хүрээ тэлж, хүмүүсийн хардаг, онилдог зүйл өөр болоод ирэхээр энэ байдал ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бол нийгэмд бүхэлд нь хамаарах асуудал. УИХ-ын гишүүдийг нэгэнт сонгосон хойноо янз бүрээр ярьдаг.Тиймээс сонгогчид мөн хариуцлагатай байх хэрэгтэй юм. Үнэхээр төрийн томоохон бодлого гаргахад оролцож, улс орны хөгжлийг бүхэлд нь харж санаа зовниж байгаа хүмүүс өнөө маргаашдаа цөөнх байсан ч хамаагүй нийгмээ урагшаа хөтөлдөг, соён гэгээрүүлдэг зүйлдээ анхаарал тавих хэрэгтэй.
Ялангуяа УИХ-ын гишүүд соён гэгээрүүлэх тал дээр анхаараасай гэж боддог. Иргэд УИХ-ын гишүүдийг хамгийн том эрх мэдэлтэй гэж ойлгодог, тэр хэрээр нь хэлсэн зүйлийг нь шууд хүлээж авах хандлагатай байдаг. Аливаа хүн дуртай, чихэнд наалдацтай зүйлээ илүү хүлээж авдаг. Гэтэл тэр чихэнд чимэгтэй зүйл нь алс хэтдээ зөв үү, буруу уу юу гэдгийг төдийлөн анхаарахгүй байгаа нь нийгэмд ажиглагдаад байна. Хэдий өнөө маргаашдаа хүмүүс саналыг нь хүлээж авахгүй ч ирээдүйд хэрэгтэй бол зөв гэж бодсоноо хэлж, ойлгуулах үүргээ давхар хийж яваасай гэдгийг нөхдөдөө хэлдэг. Миний бодлоор аль ч УИХ, тэр дундаа өнөөгийн УИХ энэ чиглэлээр учир дутагдалтай ажилладаг юм уу даа гэсэн бодолтой. Аль болохоор л олон нийтэд таалагдсан популист зүйл хийх гэсэн хандлага одоо хүртэл УИХ-аас салахгүй байна. Үүнийг би УИХ-ын сул тал юм уу гэж ойлгодог.57 дугаар тогтоол хэрэгжих л болно
-УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоол хэрэгжих үү?
-Тогтоолыг хэрэгжүүлэх гэж гаргасан болохоор хэрэгжих л болно. Минийхээр цаг хугацааны хувьд бодох зүйл байна гэж ойлгож байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийн гаргаж ирсэн асуудлуудтай санал нэг байна. Угаасаа ч тогтоолд тэдгээр асуудлыг тусгасан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн саяхан бидэнтэй уулзахдаа хэлсэн үгийг зориуд иш татья. Энэ нь "эдийн засагт орж ирж байгаа гурван төгрөг болгоны нэг нь Оюутолгойг дагасан эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтэй холбогдон орж ирж байна" гэсэн санаа юм. Энэ бол их том үзүүлэлт. Асуудлыг энэ талаас нь харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэт туйлширвал "Жоомоо алах гээд гэрээ шатаав" гэдэгтэй ижил юм болж мэднэ. УИХ-ын гишүүдийг энэ асуудлыг тавих үед гадна доргио үүсэн,улс төрийн тогтвортой байдал нь хангагдах уу, үгүй юу гээд хувьцааны үнэ нь хүртэл унаад эхэлсэн байна лээ. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Ийм том төслүүдийн үнэ цэнэ нэг хоёр өдөр, нэг хоёр долоо хоногоор зэсийн үнэ хэлбэлзэхэд төдийлөн унахгүй учраас мөнгө хийж байгаа хүмүүс хэтийг нь харж байгаа болов уу гэж бодож байна. Ганц энэ ч биш гишүүд асуудал тавьж, Засгийн газраа шахаж байна, гэрээгээ яаралтай өөрчлөхийг шаардаж байна гэдгээс үүдэн нөлөөлөл бий болж байна.Цаад утгаар нь бодоход орж ирэх мөнгө нь багасаж, төсөл удааширна. Асуудал тавьж байгаа нэр бүхий гишүүд төслийг зогсоох гэж байгаа биш, харин сайжруулах гэж байгаагаа тайлбарлаж байна.
Тэгэхээр цаг хугацааг тооцох хэрэгтэй гэж ойлгож байна. Цаад талууд ч гэсэн Монгол Улсыг ардчилсан, нээлттэй нийгэм учраас иргэдийн санаа бодол шийдвэр гарахад нөлөөлдгийг сайн ойлгодог юм билээ. Миний хувьд гадна, дотнын хүмүүстэй уулзаж байхад энэ байдал тод харагддаг. Өөрөөр хэлбэл, жишээ болгож ярьдаг Африкийн улс орнууд шиг байгалийн баялгаа хямд үнээр харийнханд алддаг улс орнуудтай адил биш юм гэсэн ойлголттой байдаг. Энэ ойлголтыг нь ч баталгаажуулж явах нь. Гэхдээ бид хэлсэн амандаа хүрдэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг байх хэрэгтэй. Миний хувьд гэрээнд зааснаар 30 жил болж байж хувь нь өөрчлөгдөнө гэж ерөөсөө бодохгүй байна. Аль болохоор түргэн хөрөнгө оруулж, ашиг олж, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нь егөөд асуудлаа тавьбал, хамтарч ажиллаж байгаа талууд нь ойлгоно гэж бодож байна.-Энэ УИХ Засгийн газраа шахаж ажиллуулж чадаж байна уу. Өнөөдөр энгийн ухамсрын түвшинд Засгийн газар УИХ-ын толгой дээр гарлаа гэсэн яриа тарсан байна. Та ямар саналтай байна вэ?
-Тиймээ, энэ санаа тарсан ч байх, зориудаар тарааж ч байгаа болов уу. Би Засгийн газарт ажиллаж үзсэн хүн болохоор зовлонг нь сайн мэднэ. Хоёр Засгийн газар дамжин ажиллаж байхад УИХ-ын дээр л гарч ажиллах юм шүү гэсэн бодол төрөөгүй. Ийм байдал аль ч Засгийн газрын үед байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын шийдвэрийг бид биелүүлнэ гэсэн зорилготой ажилладаг. Тиймээс Засгийн газар УИХ-ын толгой дээр гарчихлаа гэсэн яриатай УИХ-ын Дэд даргын хувьд санал нийлэхгүй байна. Засгийн газраас орж ирж байгаа олон асуудал УИХ дээр өөрчлөгдөж, шийдвэр болж гардаг. Үүний тод жишээ бол Төсвийн хууль юм. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл сүүлийн хоёр гурван жил анхныхаараа батлагдаж байсныг би мэдэхгүй юм.Харьцааны гол асуудал энэ цэг дээр байдаг.
УИХ-ын гишүүдээс санал их гардаг. Тэдгээрийг УИХ шийдвэртээ тусгаад л гаргадаг. Манай УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүд хамтын шийдвэрээр асуудлыг шийддэг. Гэхдээ зарим нэгэн ойлголтын зөрүүгээс болж, тухайлбал, УИХ-ын гишүүний хэлсэн бүхнийг Засгийн газар биелүүлж байх ёстой гэж ойлгосноос болж Засгийн газар УИХ-ын дээр гарчихлаа гэж ойлгож болохгүй шүү дээ.-Та өмнөх УИХ-д оруулж байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашигтай хувилбар байсан гэж ярилаа. Одоогийнхоос хоёр дахин бага зардлаар ашиглах байсан гэрээг мэдсээр байж яагаад тухайн үед нь баталсангүй вэ. Өнөөдөр гэрээний нөхцөл муудсан гэдгийг дээр дооргүй мэдсэн атлаа яагаад батлав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна?
-Аливаа үйл явдал, үр дүн, шийдвэр нь тухайн цаг үе орон зайндаа болж өнгөрдөг. Тухайн үед гэрээг батлаагүй шалтгаан нь улстөрөөс болсон гэдгийг би дээр хэлсэн. Дараагийн хүмүүс гэрээ хэлэлцээ хийх үед дэлхийн зах зээлийн хандлага өөр болж, өөрчлөгдсөн байсан. Гэхдээ миний итгэл үнэмшлээр бид гэрээг аль болох эрт хийсэн бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог. Зах зээл бий болсон аль ч газар аливаа бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ тууштай өсөж байснаас биш буурч байсан удаагүй юм. Манайд ч ялгаагүй. Энэ цаг үе, орон зайтай уялдуулаад үзэхэд гарцаа байхгүй хурдан эхлүүлэхийн тулд энэ ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй юм гэсэн бодолтой байна.Гадныхан ганцхан Оюутолгой ордыг ашиглах дээр хамтарч ажиллахаар орж ирсэн гэж харахгүй байна. Манай улс ирээдүйтэй улс. Монголтой зөв ойлголцож, монголчуудын эрх ашгийг зөв тооцож байж л олон жилийн хамтын ажиллагаа явуулна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Гэхдээ гэрээ хэлэлцээр хэцүү байдаг болохоор аль аль талаас нь буулт хийж, ойлголцолд хүрдэг учиртай.Бид учиргүй гуйгаад байх хэрэггүй
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн энэ гэрээг муу болсон гэдгийг үдэш бүр телевиз болгоноор ярьж, ард түмэнд олон баримт дэлгэж байна. Яагаад Засгийн газар, Оюутолгой компани болон мэргэжлийн хүмүүс дээрх гишүүдийн ярьж, нотолж байгаад ямар нэгэн хариу тайлбарыг баримттайгаар хэлэхгүй байна вэ. Ийнхүү таг суугаа нь эргээд нийгэмд энэ гэрээ үнэхээр "но"-той болчихжээ гэсэн эргэлзээг төрүүлж байна?
-Засгийн газар үүнд илүү анхаарч, ажлаа зөвөөр ойлгуулж чадахгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Аливаа шүүмжлэлтэй мэдээлэл хүмүүст илүү хүрдэг. Миний хувьд та бүхэн үйл ажиллагаатай чинь холбоотой аливаа асуудлын дараа хариу тайлбар яагаад егдөггүй юм бэ гэдгийг хэлдэг.-Та төсвийн хуулиар жишээ татаж ярилаа. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг нилээд өөрчилж, засаж баталдаг гэлээ. Засгийн газар яагаад чамбай төсөл оруулж ирэхгүй байна вэ?
-Төрийн тус тусдаа үүрэгтэй хоёр өөр институци юм даа. Засгийн газар нь ялангуяа өдөр тутмын үйл ажиллагаа, мөнгө төгрөгтэй холбоотой ажлын хамгийн гол цэг дээр сууж байгаа байгууллага. Хуулиар олгогдсон эрх нь бий. Монгол Улсын хөгжил, дэвшил тухайн үе болон ирээдүйн зорилтуудыг шийдвэрлэх төсвийн төсөл оруулж ирэх учиртай. Тиймээс зөвхөн УИХ-ын санаанд нийлсэн төсөл оруулж ирэх ёстой гэж ойлгож болохгүй. Засгийн газар бодлогоо тодорхойлно, шаардлагатай гэж УИХ үзвэл түүнд нь өөрчлөлт хийнэ. Аль ч Засгийн газар, УИХ-ын үед энэ зарчмаар л явах болно.-Ашигт малтмалын хуулиас авахуулаад засаж, шинэчлэх олон арван хууль байна. Учир нь зарим хуулийг нийгмийн амьдрал, цаг хугацаатай тохируулж хэрэглэх шаардлага гарч байна гэдгийг зарим УИХ-ын гишүүн, эрдэмтэд судлаачид хэлдэг. Гэтэл хэлснээ яагаад биелүүлэхгүй байна вэ. Эсвэл тодорхой хэсэг бүлэг хүсэхгүй байна уу?
- Ашигт малтмалын хуулийг батлах үед буюу 1995-1997 оны үед цаг үе нөхцөл байдал оор байлаа. Дэлхий дахин Монгол гэж ямар улс байдгийг өнөөдрийнх шиг сайн мэддэггүй байлаа. Миний хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахыг зөвхөн эдийн засагтай холбон ойлгодоггүй. Харин аль болох оршин тогтнохуй, аюулгүй байдалтай холбон үзэж, монголд гарч байгаа аливаа эдийн засгийн том шийдвэрүүд нь улстөрийн шийдвэртэйгээ зөв эвцэлдэн гарч ирж байх учиртай гэж боддог.Ялангуяа манайх шиг жижиг орны хувьд энэ нь зүйтэй.
Тиймээс гаднын хөрөнгө оруулалт зөвхөн эдийн засгийн гэхээсээ илүү аюулгүй байдлын баталгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хоёр удаа баталж байна. Энэ УИХ-аас бас баталлаа. Уг баримт бичигт Үндэсний аюулгүй байдлаа хангах хамгийн гол аргуудын нэг нь хөгжилтэй, ардчилсан хүний эрх, эрх чөлөөг хүндэлдэг, хууль ёсыг дээдэлдэг орнуудаас хөрөнгө оруулалтыг татан оруулж, улс төр эдийн засгийн сонирхлыг нь бий болгож, түүгээр нь дамжуулан тойруу замаар аюулгүй байдлынхаа баталгааг хангана гэсэн заалттай.Ашигт малтмалын хуулийг гаргаж байхад дутуу бодсон зүйл бий.
Тухайлбал, тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг бодох л байж дээ. Ерөөсөө туршлагагүй, энэ замаар явж үзээгүй байсан нь нөлөөлж байна. Ашигт малтмалын тухай хуулийг 1997 оны УИХ-аас баталсан.Харин өнөөдөр хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Гадны хөрөнгө оруулагчид ч үүнийг ойлгоно. Тиймээс хуулийг өөрчлөхөөр боловсруулаад явж байна. Хуулийг даруй өөрчлөхөөр яарч байгаа бол төслийг нь боловсруулаад бушуу оруулж болно шүү дээ. Ер нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс хуулийн төслүүд боловсруулан явж байгаа гэж ойлгож байна. Зарим хүмүүс өгсөн юмаа хурдан авах тухай ярьдаг. Тухайн үед манай улсын хуулиар авсан болохоор эргээд авахдаа хүрвэл хуулиа өөрчилж, ойлгуулж байж авахгүй бол Монгол Улс чинь юу болж харагдах вэ. Бид учиргүй гуйгаад байх хэрэггүй юм. Төрийн зөв бодлого явуулаад, улс төр тогтвортой байвал манайд хөрөнгө оруулах сонирхолтой улс орнууд их болчихлоо. Тиймээс тэр үед гарсан хуульдаа өөрчлөлт оруулахыг хөрөнгө оруулагчид ойлгоно.
Улс төр нь эдийн засгаа баллачих гээд байна
-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулсан. Хэрвээ зардлаа нэмсэн төслийг энэ чигээр баталбал инфляци нэмэгдэж, үр дүн нь ядууст л тусна гэдгийг зарим эдийн засагч хэлж байна. Нөгөөтэйгүүр, сонгуулийн өмнөх жилийн төсөв болохоор онцлог юм. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн сонгуулийн амлалтад зарцуулах замбараагүй төлөвлөсөн төсөл юм гэсэн хардлага байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн хэдэн жил эдийн засаг идэвхтэй тэлж, мөнгө ч олж байна. Инфляцийн асуудал үүнийг сүүдэр мэт байнга дагаж байгаа нь үнэн. Харин яагаад ч юм манайд төсөвтэй шууд холбогдон инфляци үүсэж, юмны үнэ учиргүй өссөнгүй. Энэ бол онцлог юм. Мэдээж сонгуулийн жил учраас амлалтуудаа биелүүлэхээр ажиллана. Гэхдээ давхар эдийн засгаа татаад унагачихгүй хэмжээнд тусгах учиртай. Учир нь сонгогчид бидэнд ажил хийхийг үүрэг болгож, амлалтаа шаарддаг. Яг өнөөдөр ирэх оны төсвийн төсөл гишүүдийн гарт ирээгүй ч ямар төсөл орж ирэхийг багцаалж байна.-Европ даяар хямралаас сэргийлэхийн тулд тосов хэмнэх бодлого явуулсан нь иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч байна. Харин манайх танах биш тэлэх бодлого явуулж байгааг Та юу гэж бодож байна вэ?
-2008, 2009 оны эдийн засгийн хямрал манайд сүрхий нөлөөллөө шүү дээ. Хамгийн нүдэнд ил байгаа салбар бол барилгын салбар юм. Энэ салбар хэсэг хугацаанд маш хурдацтай хөгжиж байснаа хямралын үеэр үйл ажиллагаа нь зогссон. Харин манай иргэдэд тэр хямрал тод мэдрэгдээгүй. Бусад улс орны иргэд хямралыг тод мэдэрсэн. Энэ нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байсан зарим бодлогын дүн нөлөөгөө өгснийх гэж ойлгож байна. Харин эдийн засагт маш том тормоз болсон. Тиймээс Засгийн газар дөрвөн жилийнхээ жил хагасын хугацааг яаж ч чадахгүй алдсан гэж боддог. Одоо хямралын хоёр дахь давлагаа Европоос эхэлнэ гэцгээж байна. Бид сургамж авах хэрэгтэй. Тухайлбал, Грекийн асуудал бий. Ерөөсөө л хүмүүсийнхээ хүссэн болгоныг л биелүүлж, санаанд нь таалагдах гэж явсаар байгаад эцэстээ улс нь дампуураад сууж байна. Хамгийн том сургамж бол энэ. Иймд халамжийн бодлогыг зөв явуулж, халамжийг нүдийг нь олж өгөх, сонгуульд бүтэх бүтэхгүй амлалт авахгүй байх зэргийг оновчтой зохицуулахаар зарим хуулийн төслүүдэд тусгаж байна. Хэрвээ бэлэнчлэх сэтгэлгээ иргэдийн сэтгэхүйд нөлөөлөөд эхэлбэл улс орны хөгжлийг хойш татахад гол нөлөө үзүүлж эхэлнэ. Ер нь эрдэмтэн судлаачид геополитикийн асуудлыг ярихдаа хүн амынх нь өсөлт, амьдрах чадвар, бүтээмж нь ямар байна гэсэн гол үзүүлэлтүүдийг харьцуулж тухайн улс орны ирээдүйг төсөөлдөг болж байна. Цэрэг зэвсгийн хүчээр асуудлыг шийддэг эрин өнгөрч байна гэсэн үг.-УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж, улс төрийн намууд, хувь хүмүүс бэлтгэлдээ орж байна. Танай нам ирэх сонгуульд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа юу? МАН-ын нэр хүнд ямар байна вэ. МАН-ыг 90 жилийнхээ түүхэнд байгаагүйгээр хямралт үед ирчхээд байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Хүссэн ч хүсээгүй МАН ямар байхаас Монгол Улсын хувь заяа шалтгаална. Энэ нь удирдлагад байгаа хэдхэн хүнээс ч шалтгаалдаг зүйл биш. Хэдий судалгааны дүнгээс намын рейтинг өмнөх жилүүдээс доогуур гарч байгаа ч энэ намын байдал хэрхэх бол гэсэн олон зуун мянган хүний хүлээлт бий. Манай нам уламжлалтай. Хамгийн сайн уламжлал нь хэрэгтэй шаардлагатай үед нэгдмэл эвтэй байж чаддагт оршдог. Миний хувьд олон зүйл ярилгүй ганцхан юм тов тодорхой хэлье. Бидний хувьд ойлголцож байгаа, эв нэгдэлтэй байгаа. Удирдлагын түвшинд ч сайн ойлголцож чадаж байна. Би намын амьдралын талаар тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаггүй. Янз бүрийн яриа хөөрөө зөндөө гарсан. Цаашид ч гарах болов уу. Тиймээс манай намынхан нэг зүг хараад явж байгаа гэдгийг л хэлье. Гэхдээ тонгойгоод байхад гэдийсээр байгаад явчихсан хүмүүс байна. Тэр хүмүүс мэдээж өөр зорилготой.-Та бол монголын нөлөө бүхий улстөрчийн нэг. Тиймээс тантай том эрх ашгийн талаар хөөрөлдөх нь үр дүнтэй гэж бодож байна. Грекийн жишээг та ярилаа. Манайд ч ялгаагүй, 21 мянга, 500 мянга, одонгийн мөнгө амлаж өгч байна. Жил бүр 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн ч үр дүн алга. Цалин, тэтгэврийг нь гурав дахин нэмнэ л гэнэ. Заримыг нь бүтэхгүй нь гээд татгалзаж болохгүй юу. Ерөнхий сайд Монгол Улс "Үсрэнгүй хөгжил"-ийн гарманд ирсэн тухай ярьж эхэллээ. Үнэхээр манай улсын эдийн засаг үсрэнгүй хөгжөөд байна уу. Жирийн иргэдэд наалдах юм ер алга байна шүү дээ?
-Энэ бүхнийг бүгдийг базаад хэлэхэд улстөр нь эдийн засгаа баллачих гээд байна гэсэн яриаг дахиад л өдөөж байна. Бүгдийг дэлгэрүүлээд салаа, мөчир бүхнээр нь яривал урт яриа болох байх. Бид сургамж авч байна. Үүнээс үүдэн хуулийн зөв зохицуулалтууд хийж, буруу зам руу хөтөлчихгүй арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байна. Нөгөө талд нь мөн соён гэгээрүүлэх тухай яриа гарч байна. Энэ нийгмийнхээ утга учир, хэрхэн амьдрахыг хүмүүст ойлгуулахгүй байсан нь бидний хамгийн том алдаа байсан. Хамгийн гол нь хүн өөрөө хичээж байж хөгжилтэй орны иргэдийн хэмжээнд хүрнэ шүү гэдгийг өнгөрсөн хорин жил өдөр болгон давтаж байгаагүйгээс алдаж байна. Бидний сүүлийн хорин жил хийсэн гол ажил бол аль болох нэгнийхээ дээр гарах гэж нөгөө нь зөв юм хийж байсан ч гэсэн буруу гэж ойлгуулж ярьж байсанд оршино. Энэ бол маш том алдаа. Эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Харин ямар үг хэрэглэх нь тухайн хүний асуудал болов уу. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв хэдэн арав дахин нэмэгдсэн. Гэтэл энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрхэн бууж байна вэ. Бодох зүйл олон байна. Огт наалдахгүй гэж хэлж боломгүй байна. Хэрвээ эдийн засаг 7,10,12 хувь өсөөгүй бол өнөөдөр бид хүн болгонд 21 мянган төгрөг өгч чадах уу. Энэ их хөрөнгө оруулалтуудыг хийж чадах уу. Нэг зүйлийг хэлэхэд 21 мянган төгрөгийг бүгдэд нь хавтгайруулж өгч болохгүй гэсэн саналтай байдаг. Гэхдээ энэ их өсөлт бол үндсэндээ уул уурхайн салбараас, бүр онцолбол бидний оролцоогүйгээр бий болоод байна. Харин бид оролцоогоо мөнгөөрөө биш, зөв бодлого, засаглалаараа бий болгох хэрэгтэй.
Бие биенийхээ дээр гарахын тулд хамаагүй биенийхээ дээр гарахын тулд хамаагүй юм ярьдагаа болих хэрэгтэй
-Та яриандаа улс төр нь эдийн засгаа баллаад байна гэдгийг хэлж байна. Үүний ул үндэс явж явж нь популизм болоод байна. Улстөрчийн ухамсар, ёс зүйтэй холбож энэ асуудлыг тайлбарлах болов уу. Манайд байнгын ажиллагаатай парламент төлөвшөөд 20 жил болж байна. Гэвч улстөрчид нь популизмыг хийгээд байна вэ. Та тайлбар хэлэхгүй юу?
-Манай парламент хорьхон жилийн түүхтэй залуу байгууллага юм. Монгол Улс маань ч ардчиллын, чөлөөт сонгуулийн хорин жилийн түүхтэй залуу ардчилал. Парламентын засаглалтайгаар хөгжиж ирсэн улс орны түүхийг харахад парламентын төлөвшил нь цаг хугацааг шаардсан байдаг. Аливаа парламент бол тухайн улс орныхоо хүн амын толинд туссан дүрс гэдэг. Тухайн УИХ-ын гишүүний зорилго, боловсрол, хувийн зан чанар, ёс суртахуун гээд олон зүйлээс шалтгаална. Тиймээс төлөвшихөд цаг хугацаа шаардана. Энэ асуудалд улс төрийн намуудын харилцан ойлголцол их чухал юм. Аливаа хүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэр дэвшээд ямар ч популизм хийгээд явахыг хориглож чадахгүй. Тиймээс ядаж улс төрийн намуудын түвшинд намынхаа мөрийн хөтөлбөрт популист амлалт оруулахгүй байх талаар ойлголцож, бие биенийхээ дээр гарахын тулд юу хамаагүй юм ярьдагаа болих хэрэгтэй байна. Улс орны аюулгүй байдал яагаад мууддаг вэ гэвэл харилцан итгэлцэл байхгүйгээс л болдог.-Улс орны эдийн засгийн аюулгүй байдал ямар байна вэ. Тусгай зөвшөөрлийн дийлэнхийг гадныхан эзэмшдэг гэдэг ч албан мэдээ байдаггүй. Та бүхэнд холбогдох байгууллагаас нууцлалын зэрэглэлтэй мэдээ өгдөг болов уу гэж бодож байна?
-Тусгай зөвшөөрлийн хэдэн хувийг гадныхан, хэдэн хувийг дотоодынхон эзэмшдэг гэдгийг сайн мэдэхгүй байна. Хамгийн харамсалтай нь тусгай зөвшөөрөл нь монгол хүний нэр дээр байдаг ч цаана нь өөр гаднын хүн байдаг тохиолдол их байдаг юм байна. Тиймээс тусгай зөвшөөрлийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хүнтэй нь хөөцөлдөж байснаас тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулиараа цэгцлэх хэрэгтэй. Нэг юм уу, хоёр улсаас эдийн засгийн хараат байвал аюулгүй байдал нь сайн байна гэж хэлэхэд хэцүү. Үнэхээр улсын аюулгүй байдлыг алдахгүй, тэнцвэртэй байдлаа хангая гэж бодож байгаа бол гуравдагч орнуудын оролцоог бий болгох хэрэгтэй гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг орноос оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байх заалт бий. Уг заалт нь манай зарим хөршүүдийн эгдүүг хүргэж байгаа тал бий. Гэхдээ манай төрийн бодлого ийм юм. Манайхаас уул уурхайн бүтээгдэхүүнийг эхний ээлжид хэрэглэж, дамжуулдаг гол орнууд бол хоёр хөрш маань. Монголын төрөөс гаргаж байгаа эдийн засгийн том бодлогууд нь дан ганц эдийн засгийн бус улстөр, аюулгүй байдлын бодлогоо давхар агуулж явдаг. Энэ бол нуугаад ч байх зүйл биш.
Сонгуулийн хуулийг ямар ч гэсэн урагшаа явуулах хэрэгтэй
-Сонгуулийн хуулийн тогтолцоог МАН 48:28 гэсэн хувилбараар зүтгүүлж байна. Хувь тэнцүүлсэн тогтолцоо давамгай байх тусам улстөрийн намуудын хариуцлага, төлөвшилд хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг та ч сайн мэдэж байгаа. Гэтэл МАН яагаад мажоратори тогтолцоо давамгайлсан хувил-барыг сонгож байна вэ. Үүний цаана жижиг тойрог дээр мөнгөөр тоглох гэсэн санаа явж байна гэсэн хардлага байна?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа улс төрийн намууд сонгуулийн тогтолцоогоо тодорхой болгоё гэж тохироод Д.Лүндээжанцан, Лу.Болд нар хувь тэнцүүлсэн тогтолцоо бүхий хуулийн төслүүд өргөн барьсан. 1 эвч явсаар байгаад холимог тогтолцоон дээр ирсэн. Явсаар байгаад хэдэн тоонууд гараад ирсэн. Аливаа хуулийг ярихдаа УИХ-ын 76 гишүүн өөр өөрийн байр сууриа илэрхийлж, тэдгээрийн нийлбэр хууль, шийдвэр болдгийн дагуу асуудлыг яриад явж байна. Хувь тэнцүүлсэн тогтолцоог ярихад нэг талаасаа сайн талууд байгаа ч Монгол Улсын онцлогтой холбож үзэхэд хэлэлцүүлгийн явцад бодмоор зүйлүүд гарч байсан. УИХ-ын гишүүд өөрсдөдөө хэрэгтэй хууль гаргах гэж байгаа зарим нь ярьдаг. Гэтэл тийм биш юм. Тухайлбал, аль ч орны сонгуулийн тогтолцоо нь тухайн орныхоо улс тор, нийгмийн амьдрал, ёс заншилтай нарийн холбогдож байх учиртай. Манайх нэгдмэл зохион байгуулалттай улс. Их өргөн уудам нутагтай ч цөөхөн хүн амтай орон. Тэрхүү өргөн уудам нутаг нь эзгүйрчих гээд байгаа улс. Энэ бүхнийг бодолцохгүй бол болохгүй гэсэн саналыг гишүүд гаргадаг.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нутгийн өнцөг булан бүрт иргэдээ тарааж, хөгжлийг түгээх л хэрэгтэй.
Энэ мэт олон талаас нь ярилцсан юм. Аливаа сонгуулийн тогтолцоо төгс төгөлдөр байна гэж байхгүй. Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь намуудыг төлөвшүүлэх, нийтлэг эрх ашгийн төлөө явдаг хүмүүсийг улс төрд оруулж, мөнгөний хэмжээг багасгах зэрэг сайн талуудтай. Харин жижиг тойргийн тогтолцоо нь иргэдтэйгээ ойрхон харилцаж, нутаг орны хөгжилд дэм үзүүлдэг зэрэг сайн талтай. Эдгээрийг харгалзаад одоогоор холимог дээр нь тогтоод байна. Миний хувьд иргэдтэй уулзах үеэрээ зориуд сонгуулийн хуулийн талаар иргэдийн саналыг сонсож явдаг. Иргэдэд тоо нь хэд байх чухал биш байдаг. Сонгуулийг хуулийг ямар ч гэсэн урагшаа явуулах нь хэрэгтэй. Ямар ч хууль гарсан мэдээж шүүмжлэл дагуулах байх гэж бодож байна.Би олигархи байсан бол тодорхой хэлэх байсан болов уу
-Энэ удаагийн төр засаг иргэдийн үг, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн үгийг хэрхэн сонсож байна вэ. Сонссон дүр эсгээд үл тоомсорлож хаях нь бас өөр хэрэг юм?
-Манай нийгэм чинь сонсохгүй байхын аргагүй шүү дээ. Иргэний нийгмийн асуудал нь тусдаа том сэдэв юм. Иргэний нийгмийн ард иргэний. нийгэм нь байна уу гэдэг чухал асуудал. Хүмүүст иргэний нийгмийн хөдөлгөөний ард улс төрийн аливаа нэг хүчин бий гэсэн ойлголт хардлага байх юм. Энэ нь өөрөө иргэний нийгмийн байгууллагууд жинхэнэ ёсоор төлөвшихөд бэрхшээл учруулж байж болзошгүй.-Газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа иргэний хөдөлгөөнүүд арай өөр зорилготой юм биш үү?
-Эх орон газар шорооны төлөө тэмцэл бол иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй хөдөлгөөнүүдгүй монгол хүн бүрийн сэтгэлд байдаг асуудал. Тиймээс энэ чиглэлийн асуудлыг бид бүхэн анхааралдаа байнга авдаг. Гэхдээ зарим үед тэмцэж байгаа асуудлаа үнэгүйдүүлэх вий дээ гэж бодох юм. Зарим хөдөлгөөнүүдийг харж байхад тэмцэж байгаа хэлбэр нь арай л буруу тийш зүглээд байх шиг.-Өнөөдөр төр засгийг "МАНАН"-гийн, олигархуудын төр гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?. Тухайлбал, Сангийн яамны дэд сайд үндэсний томоохон компаниудыг дэмжих нь чухал байна. Сүүлийн жилүүдэд явуулж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого үр дүнгээ өгсөнгүй хэмээн телевизээр ярьж байсан. Үүнийг олигархиа дэмжсэн, цөөн тооны баячуудыг дЭмжсэн бодлого гэж ойлгож болох уу. Дэд сайдын үгийг төр засгийн бодлогын хэмжээнд хүлээж авч болох уу?
- Би олигархи байсан бол илүү тодорхой хэлэх байсан болов уу. Олигархиудын төр гэхэд хаашаа ч юм. УИХ, Засгийн газрын хэмжээнд хөрөнгөтэй хүмүүсийн тоо нэмэгдээд байвал тэдний эрх ашигт нийцсэн бодлого гаргана гэсэн хар нэмэгдэнэ. Гэвч тэр хүмүүсийн дотроо юу гэж бодож байгааг бид мэдэхгүй шүү дээ. Аливаа шийдвэр гаргадаг газар, тэр тусмаа эдийн засгийн шийдвэр гаргадаг газар мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн тоо нэмэгдээд байвал түүнийгээ дагасан бодлого чиглэл гарахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар үнэхээр туршлага мэдлэгээ нийтлэг эрх ашгийн төлөө зориулдаг хүн байвал мөнгөтэй гээд ад үзэж болохгүй шүү дээ. Парламент нь төлөвшсөн газруудын гишүүдийн бүрэлдэхүүнийг харахад мөнгөтэй хүн төдий олон байдаггүй юм байна лээ. Харин хөрөнгөтэй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс байдаг. Жишээ нь АНУ-д лоббизм ил тод хийгддэг.Манай намынхан нэг зүгт хараад явж байгаа
-УИХ-ын 2012 оны сонгууль дөхөж, улстөрийн намууд, хувь хүмүүс бэлтгэлдээ орж байна. Танай нам ирэх сонгуульд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа юу? МАН-ын нэр хүнд ямар байна вэ. МАН-ыг 90 жилийнхээ түүхэнд байгаагүйгээр хямралт үед ирчхээд байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Хүссэн ч хүсээгүй МАН ямар байхаас Монгол Улсын хувь заяа шалтгаална. Энэ нь удирдлагад байгаа хэдхэн хүнээс ч шалтгаалдаг зүйл биш. Хэдий судалгааны дүнгээс намын рейтинг өмнөх жилүүдээс доогуур гарч байгаа ч энэ намын байдал хэрхэх бол гэсэн олон зуун мянган хүний хүлээлт бий. Манай нам уламжлалтай. Хамгийн сайн уламжлал нь хэрэгтэй шаардлагатай үед нэгдмэл эвтэй байж чаддагт оршдог.Миний хувьд олон зүйл ярилгүй ганцхан юм тов тодорхой хэлье.
Бидний хувьд ойлголцож байгаа, эв нэгдэлтэй байгаа. Удирдлагын түвшинд ч сайн ойлголцож чадаж байна. Би намын амьдралын талаар тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаггүй. Янз бүрийн яриа хөөрөө зөндөө гарсан. Цаашид ч гарах болов уу. Тиймээс манай намынхан нэг зүг хараад явж байгаа гэдгийг л хэлье. Гэхдээ тонгойгоод байхад гэдийсээр байгаад явчихсан хүмүүс байна. Тэр хүмүүс мэдээж өөр зорилготой.Нийтлэлч
Г.Энхмандуул
Эх сурвалж
Монцамэ
Г.Энхмандуул
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.