“Ард түмнээ сонсьё” аян оюутнуудаа сонсож эхэллээ
НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Төмөрбаатар,
Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, «NАВ» группийн ерөнхийлөгч Б.Амарсанаа нарын төлөөлөгчид ШУТЙС-ийн оюутнуудтай уулзалт зохион байгуулж, тэдний санаа бодлыг сонслоо. «МАН-аас «Ард түмнээ сонсъё» аян өрнүүлээд, бүтэн жилийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээр явж ард түмнээ сонссон. Тэгвэл өнөөдрөөс оюутнуудаа сонсож эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төр засгаас оюутнуудад чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа, цаашид боловсролын салбарт хэрхэн ажиллах талаар ярилцсан юм. Дараа нь оюутнуудаас төр засгаас тэдэнд чиглэсэн бодлого ажлын талаар, цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар оюутнуудын саналыг сонсов. ШУТИС-ийн оюутнууд өөрсдийнхөө саналыг сонирхолтой байдлаар илэрхийлсэн.
Тэд дөрвөн баг болж хуваагдаад, өөр өөрсдийнхөө саналыг хоорондоо солилцож, төрөөс явуулж буй бодлогын талаар, тулгамдаж буй асуудлаа цаашид яаж шийдэх вэ гэдэг дээр баг бүрээс төлөөлөл гарч, «Ард түмнээ сонсъё» аяныханд уламжилсан юм. Түүнчлэн юуны түрүүнд тэдний санаа бодлыг сонсохоор ирсэн МАН-ын төлөөлөгчдөд талархаж байгаагаа оюутнууд илэрхийллээ. 2008 оны сонгуулиар амласан 1.5 сая төгрөгийг оюутны сургалтын төлбөрт шилжүүлсэн нь нүдээ олсон арга хэмжээ болсон. Он гараад өдрийн ангийн оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг өгөхөөр болсонд баярласнаа оюутнууд хэлээд амжина лээ. Энэ мөнгийг өдрийн, оройн гэж ялгалгүйгээр өгөх хэрэгтэй гэдэг саналыг ч хэлж байсан юм. Манай сургалтын тогтолцоонд онол давамгайлдгийг оюутнууд шүүмжилж, практик дадлагыг сайжруулах хэрэгтэйг дурдлаа. Түүнчлэн Налайх дүүрэгт барихаар болсон Оюутны хотхоныг бүтээн байгуулах ажлын явцыг түргэтгэх хэрэгтэйг оюутнууд онцолж, нам төрийн удирдлагуудад хүргэхийг хүссэн юм.