2011.09.21

Иргэд “эх орныхоо хишиг-ийг хамгийн ихээр сураглав

Монгол Ардын Намаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Ард түмнээ сонсъё" аян Хэнтий аймагт үргэлжилж байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг даргаар ахлуулсан Ард түмнээ сонсох дөрвөн баг тус аймгийн дөрвөн зүг найман зовхист хуваагдан ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан  баг Бурхан халдун уул, Аварга тосон нуурын рашаан сувиллаараа алдартай Дэлгэрхаан сумаас ажлаа эхэлж, Хэрлэн-Баян улаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзан, улмаар өөрийн төрсөн сум болох Өмнөдэлгэрт хүрэлцэн ирлээ. Энэ багт МАН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Цацрал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, Нийгмийн ардчилал-МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга? нар багтав.

Иргэдтэй хийсэн уулзалт дээр "Эх орны хишиг" нэг сая 500 мянгыг хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд өгөх үү. Энэ мөнгөө авна гэж тооцоод банкнаас зээл авчихсан. Тиймээс бэлнээр авах шаардлагатай байна гэсэн саналыг нийтлэг тавьж байна.

МАН-ын хариуцлагатай хүмүүс "Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд "Эх орны хишиг"-ийг   өгч дуусгана. Оюутнуудад 500 мянгыг нь сургалтын төлбөрт зориулж өгсөн. Одоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгохоор ярьж байгаа. Бусад хүмүүст орон сууцны зээлийн төлөлт, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргээр бэлэн бусаар олгох чиглэлтэй байгаа" гэсэн хариулт өгч байлаа. Хэрлэн-Баян-улаан сумын нутагт олон аймгийн отрын мал ирж бэлчээр талхалдаг. Мөн Солонгосын хөрөнгө оруулалттай нэг компани тус сумын нутаг дэвсгэрт газар тариалан эрхлэхээр 2000 га талбай авсан ч юу тариалж байгаа нь мэдэгдэхгүй, байгаль орчин сүйтгэж байгаа талаар иргэд мэдээлэл өглөө. Үүнд даруй арга хэмжээ авч өгөхийг ч хүслээ. Цэнхэрмандал сумын хувьд Соёлын төвийн барилга хуучирч муудсан гэнэ. Хуучин уурын зуухны зориулалттай байрыг засаж тохижуулан спорт зал, Соёлын төвийн зориулалтаар тохижуулсан байна. Гэвч дээврээсээ ус гоождог, өвөлдөө хүйтэн учраас соёлын үйлчилгээ авах нөхцөл байхгүйтэй адил аж.

Мөн сургууль, ЗДТГ-ын байрны барилгыг ч өөрчилж шинэчлэх шаардлага тулгарчээ. Тиймээс Чехийн хөрөнгө оруулалттай компанийн ашиглаж байсан байрыг засаж тохижуулан дээрх асуудлаа шийдэх санал хэлж байлаа. Энд уул уурхайн маргаан тасардаггүй бололтой юм. Зөвшөөрөлтэй, эсэх нь үл мэдэгдэх хүмүүс ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж, нутгийн ард иргэдийн дунд маргаан үүсгээд байдаг аж. Нутгийн ард иргэд орон нутгийн засаг захиргаагаа буруутгаад байдаг гэнэ. Гэтэл орон нутгийн засаг захиргаанд ашигт малтмал олборлож буй этгээдүүдтэй хариуцлага тооцох эрх байдаггүй ажээ. Цэнхэрмандал Улаанбаатар-Хэнтийг холбосон засмал замаас дөрөвхөн  км-ийн зайтай. Гэвч төв зам хүртэлх дөрвөн км хатуу хучилттай замыг тавихын тулд бас л чамгүй зовлон амссан байна. Жаргалтхаан сумын хувьд  ч ялгаагүй Улаанбаатар-Хэнтийг холбосон засмал замын дагуу оршино. АН-ын гарвалтай  Засаг дарга нь төрөл бүрийн зээл тусламжийг МАН-ынханд огт өгдөггүй, өөрийн намынхандаа л өгдөг гэж иргэд ам муутай байна. Мөн намчирхах үзэл нь хэрээс хэтрээд байгааг ч хэлсэн юм.

Ардын намынхныг ажилд авахгүй, байр барих газрын зөвшөөрлийг ч өгөхгүй байх зэргээр зүй бус аашилж байгааг иргэд ярьж байсан. Мөн сүүлийн үед орон нутгийн сургууль эмнэлгийн барилгын засварын тендерт шалгарсан компаниуд "гурилддаг" болсон тухай ч гомдол тасарсангүй. Жаргалтхаан сум зургаан ортой эмнэлэгтэй. Зам дагуу байдаг болохоор аваар осолд орсон болон замд бие нь муудсан хүмүүс ирэх тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ бүхнээс болж эмийн  төсөв  нь хэтэрсэн байна. Эмнэлгийнхээ байшинг засах 140 сая төгрөгийн төсөл хийгээд ЭМЯ-нд оруулсан боловч тус яамнаас 70 сая хүртэл танасан гэнэ. Мөнгө хүрэхгүй, засвараа муу хийсэн учир эргээд л дээврээс нь ус гоожоод байгаа аж. Мөн хүүхдийн цэцэрлэгийг шинээр барьж өгнө үү гэсэн хүсэлтийг ч иргэд уламжиллаа. Ард түмнээ сонсох ажлын хэсгийнхэн өчигдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хүрэлцэн ирлээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.