Су.Батболд: Парламентыг хоёр танхимтай болгох төслөө намрын чуулганд өргөн барина
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболдтой ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг чуулганы завсарлагаанаар хуралдсан уу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт бол хуралдсан юм алга. Намуудын зөвшилцөх ажлын хэсгээс гарах үр дүнгээс хамаарч асуудал шийдэх болохоор тэр л дээ. Одоогоор Сонгуулийн хуультай холбоотой тодорхой юм алга байна.
-Бүлгийн удирдлагын төвшинд зөвшилцөх ажлын хэсгийн ажилтай танилцсан уу?
-Зөвшилцөх ажлын хэсэг хуралдаагүй байх аа. Сая УИХ-ын дарга чиглэл өгсөн болохоор ажлын хэсэг энэ сарын 20 гэхэд хуралдаад эхэлнэ. Ажил ч идэвхжих болов уу. Миний хувийн байр суурь гэвэл ээлжит бус чуулганыг энэ сарын эхээр зарлан хуралдуулах байсан юм. Бололцоо нөхцөл нь болсонгүй юу, хуралдахгүй нь. Ирэх сард намрын чуулган эхлэхээр маш олон том асуудал ороод ирнэ шүү дээ. Зэрэг хэлэлцээд явахад хүндрэл учрах байх. Төсвийн тодотгол, ирэх оны төсөв, Тавантолгойн гэрээ, Сонгуулийн хууль гээд том асуудлыг зэрэг шийдэхэд хүндрэлтэй. Хэрэв ээлжит бус чуулган зарлаад Тавантолгойгоо хэлэлцсэн бол арай дээр байсан юм болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр Сонгуулийн хууль дээр шинэ юм байхгүй гэж ойлгож болох уу. АН-ынхан хамгийн сүүлд 38:38 гэсэн холимог хувилбар руу буулт хийгээд байгаа. Танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-38:38 бол АН-ын бүлгийн санаа биш. Ийм хувилбар байж болох юм гэж тал талдаа ярьж байсан. Одоо бол гишүүд янз бүрийн үзэл бодолтой байна. Би хувьдаа холимог маягийн тогтолцоо авч явах зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Тооны хувьд хэд байхыг хоёр бүлгийн зөвшилцөх ажлын хэсэг сайн ярих ёстой. Одоо бидэнд сонгуулийн хуулийг батлах хоёр сарын хугацаа л байна шүү дээ. Энэ асуудлаас бусдаар бол санал хураалтаа хийгээд дууссан байгаа.
-Тооноос бусдаар бол санал нэгдсэн гэсэн үг үү?
-Холимог маягийн систем байх уу, эсвэл мажоритар, пропорциональ байх уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв холимог байвал хэд, хэдийн харьцаатай байх вэ гэсэн асуудал үлдсэн. Мөн сонгуулийн автоматжуулсан системийн асуудал бий. Цахим хэлбэрээр сонгуулиа явуулах уу, үгүй юү гэсэн асуудлыг бас шийдэх дутуу байгаа.
-Сонгууль дөхсөн болоод ч тэр үү, гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа явъя гэсэн саналыг хэлэх боллоо. 26 тойрог бүхий томсгосон мажоритараар явах бололцоо бий юү?
-Хуулийн хугацаандаа намууд тохирно гэж бодож байгаа. Ер нь л Сонгуулийн хууль бол цаг нь тулж байж гардаг, өөрөө их хэцүү хууль. Хоёрт, хуучнаараа явъя гэсэн ч сонгуулийн тойрог дахь хүн амын тоо гээд маш олон хүчин зүйл өөрчлөгдсөн. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар явахад хэцүү.
Одоогийн хуулиар явбал УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь хийхээр байгаа.
Гэтэл энэ хоёр сонгууль чинь хоёр өөр системээр явдаг, хоёр өөр сонгууль шүү дээ. Нэг дор явуулах ямар ч бололцоогүй. Тэгээд ч Монгол Улсад одоогоор хоёр сонгууль зэрэг явуулах боловсон хүчин, техник хэрэгсэл, бусад бүх нөөц дутагдана. Тэгэхээр хуучин хуулиараа явах ямар ч боломжгүй. Ер нь тэгээд ч олонх гишүүн нэг тойрог, нэг мандат гэсэн зарчмаар явах саналтай байна лээ. Мэдээж тэгж явж болно. Гол нь сөрөг хүчин зүйлүүдийг яаж багасгах вэ гэдгээ бодох ёстой. Санал худалдаж авдаг хүчин зүйлийг яаж багасгах юм бэ гэдгээ тооцох хэрэгтэй. Тэрийг шийдчихвэл нэг тойрог, нэг мандатаар явж болно.
-Нэг тойрог, нэг мандат буюу жижиг 76 тойрогтой мажоритараар явахыг олон гишүүн дэмжиж байгаа хэрэг үү?
-Тэр бол сонгуулийн сайн систем үү гэвэл сайн шүү дээ. Гэхдээ бид дутагдалтай талыг нь дэндүү сайн мэдэрсэн. Тойргууд дэндүү жижигхэнээс бол мөнгөний хүчин зүйл сонгуульд их нөлөөлдөг. Товчхондоо, сонгуулийг хэвийн явуулахад хэцүү байх нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, ерөнхийдөө нийгмийн уур амьсгалыг хараад байхад Сонгуулийн хуулийг шинэчилье гэж байна. Шинэчлэхдээ саналаа өгсөн ард түмэн хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд шинэчлэх ёстой гэсэн шаардлага явж байгаа. Энэ үед хуучин руугаа буцаж ороход хэцүү.
-Та автоматжуулсан системийн асуудлыг шийдээгүй байгааг түрүүн хэлсэн. Уг нь энэ оны төсөвт хөрөнгийг нь суулгачихсан биз дээ?
-Суулгах нь суулгасан. Одоо тоног төхөөрөмжөө сонгох ёстой юм. Гэхдээ хууль баталж байж л автоматжуулсан сонгууль явуулах болно. Хүчин төгөлдөр хуультай байж сонгууль явуулахгүй бол сонгуулийн үр дүн хүчингүй болж магадгүй. Хэлэлцүүлгийн явцад хуульдаа энэ талаар маш тодорхой тусгах ёстой. Автомат систем нэг талдаа сайн юм шиг хэрнээ нөгөө талдаа маргаан араасаа дагуулдаг юм билээ. Олон оронд маргаан гардаг. Хамгийн найдвартай арга бол цахим төхөөрөмжөөр тооллого явуулж, маргаан гарвал хуудсаа дахин тоолж болдог байхаар хуульчлах нь зүгээр. Мэдээж цахим төхөөрөмж хүний оролцоог багасгах болохоор олон асуудлыг шийдэх байх.
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр бол цахим сонгууль явуулахаар санал нэгдчихсэн биз дээ?
-Үгүй, автомат сонгууль явуулах хуулийн төслийг л өргөн барьсан. Тусдаа хуулиар зохицуулах ёстой юм.
-Та ярианыхаа эхэнд намрын чуулганаар олон асуудал хэлэлцэнэ гэсэн. Энэ олон асуудлыг намрын чуулганы хугацаанд багтаж хэлэлцэж амжих уу. Жишээ нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...?
-Багтаах л юм байлгүй дээ. Хоёрхон сарын хугацаа байна. Намрын чуулган өөрөө их богинохон.
-Тэр тусмаа төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг бол нэгдүгээр сарын 1-нээс өмнө батлах ёстой биз дээ?
-Бүгдээрээ хугацаанд баригдсан асуудлууд. Тиймээс би ээлжит бус чуулган зарлах ёстой гэж бодоод байгаа юм. Тавантолгойгоо дангаар нь шийдчихвэл зүгээр шүү дээ. Ээлжит бус чуулган бол ганцхан асуудлаар шуурхай хуралддаг. Нэгэнт ээлжит бус чуулган зарлахгүй бол гишүүдийг хариуцлагажуулж, Байнгын хороог шахаж сайн ажиллуулах ёстой. Тэгэхгүй бол амжихад хэцүү.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болчихсон уу?
-Би ажлын хэсэгт ороогүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ би бие дааж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар бэлдээд байгаа.
-Ямар агуулгатай төсөл вэ?
-Парламентыг хоёр танхимтай болгох төсөл.
-Төсөл нь бэлэн болчихсон юм уу?
-Өргөн барихад бэлэн болчихсон. Гэхдээ заавал одоо хэлэлцэх асуудал биш ч байж болох юм. Ерөнхийдөө л Монгол Улс ирээдүйд хоёр танхимтай парламент руу шилжих хэрэгтэй.
Парламентын төгөлдөршил нь тэр байх учиртай.
Хэрэв одоогийнх шиг 76 гишүүнтэй нэг танхим бүхий парламент хэвээрээ яваад байвал Монголын парламентын засаглалын нэр хүнд, түүнд итгэх итгэл гээд олон юманд сөрөг нөлөөтэй. Тиймээс ард түмний төлөөлөл, оролцоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ нь хуучны Ардын Их Хурал, Бага хурал биш шүү. Миний төсөөлж байгаагаар хоёр танхимтай парламентыг сонгодог загвараар нь байгуулах ёстой. Дээд, доод танхимтай парламент гэсэн үг л дээ. Тэгснээрээ бидний гаргаж байгаа шийдвэр, төлөөлөх чадвар гээд олон юмаа сайжруулах боломж бүрдэнэ. Энэ нь магадгүй 2016, 2020 оноос шийдэгдэнэ биз. Гэхдээ аль болох эртхэн хоёр танхимтай парламент руу орох нь Монголын улс төрийн амьдрал, ардчилалд нэлээд хэрэгтэй гэж бодож байна.
-Хэзээ өргөн барих вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа заавал Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авах ёстой. Нэлээд олон шат дамжлагатай. Би удахгүй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар руу санал авахаар төслөө явуулна гэж бодож байгаа.
-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах том ажлын хэсэг бий. Энэ ажлын хэсэгт саналаа танилцуулсан уу?
-Би саналаа хэлээгүй. Тэр ажлын хэсэг явж явж ганц, хоёрхон зүйл дээр л санал нэгдсэн юм шиг байна лээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болохгүй ч гэдэг юм уу, ямар ч ач холбогдолгүй зүйлээр санал оруулах юм шиг байсан.
-Бас сумын Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болох санал явж байгаа биз дээ?
-Сумын Засаг даргыг иргэд сонгоно гэвэл засаглалын маш том өөрчлөлт орно. Дэмжигдэх үү гэдэг нь сонин л доо. Ер нь бол ажлын хэсгээс УИХ-тай холбоотой ганц, хоёрхон заалт оруулж байгаа юм билээ. Өөр зарчмын юм байхгүй. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал нэлээд бодитой өөрчлөлт оруулах цаг нь болсон байж болох юм.
-Таны санал бол намуудын дарга нар уулзаж ярилцсан хүрээндээ явж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэр хүрээнд л боловсруулсан.
-Төслөөр дээд, доод танхим нь ямар эрх үүрэгтэй, хэдэн гишүүнтэй байхаар байгаа вэ?
-Төсөлд туссанаар мэдээж УИХ байна. УИХ нь дээд, доод танхимтай байх юм. Дээд танхимыг пропорциональ тогтолцоогоор сонгож, доод танхимын гишүүдийг тойргоос сонгоно. Гишүүдийн хувьд дээд танхим нь 40 орчим, доод танхим нь 100-120 гишүүнтэй байхаар төсөөлж байна. Дээд танхимын эрх үүрэг нь гэвэл зөвлөхүүдийн танхим маягтай ажиллах юм. Доод танхим нь хуулиа баталж, Засгийн газраа байгуулна. Харин дээд танхим нь баталсан хуулийг дахин хянаж үзэх агуулга төсөлд туссан. Ер нь ийм л төсөөлөлтэй хуулийн төсөл боловсруулаад байгаа.
-Намуудын уулзалтаас гарсан санал болохоор улс төрийн намууд ерөнхийдөө дэмжих төсөл гэж ойлгож болох уу?
-Бүх нам зөвшөөрсөн гэж хэлж болохгүй. Би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ намуудын даргаас санал авах шаардлагагүй. Миний төслийг дэмжиж байгаа, бас дэмжихгүй байгаа хүмүүс ч бий. Зарим нь бүр Ардын Их Хурал, Бага хурал маягаар байгуулъя гэж ярьж байгаа. Миний хувьд хуучин руугаа орох нь ухралт гэж үзэж байна. Шинэчлэл биш шүү дээ. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог зарчмаар нь байгуулбал зөв.
-Ер нь парламентыг хоёр танхимтай болгосны гол агуулга юу вэ?
-Одоо хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа зүйл бол парламентаас гарч байгаа хуулийн чанарын асуудал. Бас төлөөлөх чадварын асуудал. Парламентад маш олон бизнесмэн орж ирж, өөрийн бизнесээ хамгаалсан хууль гаргаж байна. Төрийн бодлогыг хэтэрхий цөөхөн хүний хүрээнд гаргаж байна гэсэн шүүмжлэл өрнөөд байна. Энэ бол яах аргагүй бодох ёстой зүйл. Хоёр танхимтай парламент бол гол хариултыг нь өгөх учиртай. Мэдээж парламентад илүү сайн төлөөлөл орж ирнэ. Гэтэл өнөөдөр мөнгөтэй хүмүүсийн өрсөлддөг талбар нь парламент болчихоод байна шүү дээ.
Хоёр танхимтай болсноор илүү өргөн хүрээнд ард түмний төлөөлөл орох боломж бүрдэнэ.
Мөн парламентын мэргэшсэн байх чадварт их нөлөө үзүүлнэ шүү. Дээд буюу зөвлөхүүдийн танхимыг байгуулахдаа намуудын авсан саналаар суудал хуваарилах болохоор илүү мэргэшсэн парламентчид орж ирнэ. Доод танхимд хүн бүхэн сонгогдох боломжтой. Нөгөөтэйгүүр, доод танхимын баталсан хуулийг дээд танхим нь хянах юм бол чанарын асуудал ч өөрөөр яригдана. Өнөөдөр 76-хан хүн маш явцуу хүрээнд, богино хугацаанд хуулийг баталж байна. Ямар ч судалгаа боловсруулалт гэж юм алга. Парламентаас гарсан шийдвэрт хяналт тавьдаг газар Ерөнхийлөгчийн хоригийг эс тооцвол үндсэндээ алга шүү дээ. Тиймээс эрүүл тогтолцоо руу явах ёстой.
-Таны төслийг дэмжиж байгаа гишүүн байна уу?
-Дэмжиж байгаа нь ч, эсэргүүцэж байгаа нь ч бий. Өргөн барихдаа өөрийн дэмжигч гишүүдээр гарын үсэг зуруулах бодолтой байгаа.
-Энэ хуулийн төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай зөрчилдөхгүй биз дээ?
-Мэдээж үгүй. Гэхдээ Үндсэн хуульд нэлээд том өөрчлөлт орно. Гаргаж тавих асуудлын нэг мөн үү гэвэл мөн.
-Төслөө хэзээ өргөн барих юм бэ?
-Намрын чуулганы хугацаанд өргөн барина.
-Уг нь нэг танхимтай парламенттай. Тэр нь 108 гишүүнтэй байх санал явж байсан биз дээ?
-Одоогийн парламентын гишүүдийн тоог өргөтгөх нь дэмий зүйл. Нэгэнт л парламентын төвшинд өөрчлөлт хийх гэж байгаа бол шууд хоёр танхимтай болгох ёстой. Нийтлэлч