С.Бямбацогт: Үндсэн хуулийг өөрчлөх төсөл бэлэн болчихсон байгаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Хаврын чуулганы төгсгөлд УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаад завсарласан. Ер нь ээлжит бус чуулган зарлах сураг байна уу?
-Сонгуулийн хуулиас болж нэлээд асуудал үүсэж, АН-ын бүлэг завсарлага авсан л даа, хаврын чуулганы төгсгөлд. Үүнээс болж УИХ-ын хурдан гаргах ёстой шийдвэрүүд хойшилж, хэрэгжихгүй удсан тал ч бий. Сая хөдөөгүүр, тойрогтоо ажиллаж байх хугацаанд малчид санал бодлоо хэлж байна. Малчдаас үндэсний үйлдвэрлэгчдэд тушаасан кг ноос тутамдаа 2000 төгрөгийн урамшуулал авах ажил удааширч иргэд бухимдсан байдалтай байна. Ажилгүйдлийг бууруулах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг батлах байсан. Хуулиа бид баталсан ч хуучин хуулийг нь хүчингүй болгоогүй байна. Шинэ гарсан хууль нь түүнээс болоод хэрэгжиж эхлээгүй. Тиймээс нийгмийн өмнө тулгамдсан ажилгүйдлийг бууруулах ажил эрчимтэй явж чадахгүй байна. Сонгуулийн хуулийн тухайд ил тод, нээлттэй, иргэдийн өгсөн санал толины тусгал мэт тусдаг байх тал руу нь өөрчлөх ёстой.
Мажоритар байх уу, пропорциональ уу, эсвэл холимогоор явах уу, намаа дугуйлах уу, хүнээ дугуйлах уу гээд нэлээд маргаан гарч байна. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын хамгийн эхэнд Сонгуулийн хуулийг оруулсан байгаа. Миний авсан мэдээллээр ээлжит бус чуулган хийхгүй байх. Намрын чуулган эхлэхээр л УИХ асуудлаа хэлэлцээд явах болов уу. Бидэнд одоогоор ээлжит бус чуулган зарлаж магадгүй, Улаанбаатарт ойрхон байгаарай гэсэн мэдээ ирээгүй байна. Тэгэхээр ойрын хугацаанд ээлжит бус чуулган зарлахгүй байхаа.
-Засгийн газар Тавантолгойн төслөө өргөн баривал ээлжит бус чуулганыг зарлана биз дээ?
-Үнэхээр Тавантолгойн Төслийг хөдөлгөх нь Монголын ард түмэн, төрийн өмнө нийтлэг эрх ашиг болж хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ Тавантолгойг төрдөө, ард түмэндээ ашигтай байлгахаас гадна дэлхийн томоохон улс орны сонирхлыг тэнцүү оруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрх ашгийн эрэмбэ тогтоох тал дээр Засгийн газар сайн анхаарч ажиллах ёстой байх. Энэ төсөл эхнээсээ сайн тооцоологдсон, төр, ард түмний эрх ашиг, бусад томоохон улс орны сонирхлыг хангасан байх юм бол цаашаа хурдан явах бололцоотой. Хэрэв сонин хэвлэлээр явж байгаа мэдээлэлтэй адил төсөл орж ирвэл удах болов уу. Заавал ээлжит бус чуулган зарлаад байх шаардлагагүй.
-Намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал нь Сонгуулийн хууль. Ардын намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаад дэмжлэг авсангүй. Энэ төсөл одоо урагшаа явах болов уу. Хоёр бүлгийн хамтарч байгуулсан ажлын хэсэг ер нь ойлголцолд хүрч байгаа юу?
-Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаад бүлгүүд ойлголцох хэмжээнд асуудлыг дөхүүлсэн байх үүрэг хүлээсэн. Мэдээж ажлын хэсэг сайн ажиллаад бүлгээр дэмжигдэх хэмжээний төсөл боловсруулсан байвал Сонгуулийн хууль эрчимтэй явах бололцоотой. Хэрэв ойлголтын зөрүүтэй юм оруулаад ирвэл дахиад л гацааны байдалтай болно. Гацаанаас гарах, ший-дэл олох ганц арга нь ард нийтийн санал асуулга. Хэрэв УИХ дээр намын бүлгүүд шийдэж чадахгүй бол ард түмнээсээ асуухаас өөр аргагүй. Манай намын бүлгийн хувьд байр сууриа ингэж л тодорхойлсон. Гэхдээ ард нийтийн санал асуулгаа зөвхөн Сонгуулийн хуулиар явуулах нь учир дутагдалтай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ч давхар ярих ёстой юм.
-Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь одоо мөн гэж үү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн шаардлага бий. Үнэхээр л сонгуулийн тогтолцоогоо пропорциональ элемент оруулж холимог хувилбараар сонгох гэж байгаа бол зайлшгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, төр засгийн бодлого шийдвэр ард түмэнд хүрэхдээ үнэхээр дутмаг байна. Ялангуяа доод, дунд шатанд ажил маш удаан явж байна.
Энэ юутай холбоотой гэхээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг ИТХ-аас сонго-догтой холбоотой. Ард түмэн, тухайн орон нутгийн удирдлага хооронд нэлээд зай завсар гарчхаад байна. Тиймээс орон нутгийн удирдлагыг аль болох ард түмнээс шууд сонгодог байх зарчим. руу оруулах хэрэгтэй юм. Ингэж байж төрийн үйл ажиллагаа хурдан шуурхай, ард түмэндээ хүртээмжтэй хүрдэг болно. Өнөөдөр бол УИХ, Засгийн газар мянган сайхан шийдвэр гаргаад ч дунд, доод шатандаа замхарчихдаг боллоо. Энэ бол Монгол Улсын өмнө тулгамдсан асуудал болчхоод байна. Үндсэн хуульд л өөрчлөлт оруулж байж үүнийг өөрчлөх боломжтой. Тиймээс ард нийтийн санал асуулгыг энэ хоёр сэдвийн хүрээнд явуулж болох юм. Ард түмнээсээ асууж шийдэхгүй бол төрийн ажил явахад хүнд байна. Улс төрийн намууд ч ойлголцоход хэцүү байгаа шүү дээ. Ажлын хэсэг сайн ажиллаж байгаа гэж бодож байна.
-Сонгуулийн өмнөх сүүлийн намрын чуулган болохоор нэлээд онцлогтой шүү дээ. Үндсэн хууль, Сонгуулийн хууль зэрэг томоохон хуулийг өөрчлөх сүүлийн боломж нь энэ чуулганы эхний хэсгээр хязгаарлагдана. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд хоёулаа багтсан байгаа. Ийм бага хугацаа үлдээд байхад Үндсэн хуулийг өөрчлөх боломж байгаа гэж үү. Боловсруулсан төсөл ч үгүй, ажлын хэсгийн төвшинд хүрсэн ойлголт ч үгүй байгаа биз дээ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ард түмэн ч тэр, УИХ-ын гишүүд ч тэр, улс төрийн намууд ч ялгаагүй санал нэгтэй байгаа. Зайлшгүй шийдэх ёстой асуудлууд байгаа болохоор тэр л дээ. Нэгд, УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Сонгуулийн хуультай холбоотой хэсэг. Хоёрт, орон нутгийн удирдлагыг иргэд шууд сонгодог байх асуудлыг ард түмэн ч, улс төрийн намууд ч, гишүүд ч ойлгож байгаа. Дээр нь засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг байдал байна. Үндсэн хуульд 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтөөс тодорхой хэмжээгээр засах ёстой гэж бүгд ярьж, ойлгож байгаа.
Өөрөөр хэлбэл, олон шинэ өөрчлөлт биш, хүн болгон мэдэж, хүсэж байгаа өөрчлөлтийг хийхэд хүндрэлтэй биш байх болов уу. Үүнийг хийхийн тулд УИХ ч нэлээд ажилласан. Гэнэт одоо Үндсэн хуулийг өөрчилнө гэж яриагүйг дахин сануулъя. Эхлээд бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм нөхцөлд ингэж хийнэ гээд зохицуулсан. Ингэж бэлтгэл ажлаа хийсэн гэсэн үг. Хоёрт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дээр Үндсэн хуулийг өөрчлөх саналууд бэлтгэгдээд явж байна. УИХ-ын Тамгын газар ч сайн ажиллаж байгаа. Эцсийн байдлаар төсөл бол УИХ-ын гишүүдийн гар дээр ирээгүй байгаа болохоос ажлын хэсгийн төвшинд нэлээд сайн боловсруулсан төсөл бол бэлэн болсон шүү дээ. Ийм болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хүндрэлтэй асуудал гарахгүй байх.
-Та Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг ойлголцох нь чухал гэдгийг түрүүнд хэллээ. Гэтэл үнэндээ 50:26 гэсэн пропорциональ давамгайлсан хувилбараасаа АН-ын бүлэг татгалзаж, 38:38 руу буулт хийсэн шүү дээ. Харин Ардын намын бүлэг 24:52 буюу мажоритар давамгайлсан төслөө л зүтгүүлээд байгаа. Энэ чинь Сонгуулийн хуулийг гацаагаад байгаа ганц шалтгаан юм биш үү?
-Бид 24:52 дээр хатуу зогсоогүй. Зүгээр л 24:52 баймаар байна гэж саналаа хэлсэн. Хүлээж авахгүй гэхээр нь буулт хийсэн. Үнэхээр ойлголцож чадахгүй байгаа бол ард нийтийн санал асуул-га явуулж, ард түмнээрээ хагалуулъя гэсэн. МАН бол хамгийн том буулт хийсэн гэж бодож байгаа шүү. Бид ард түмний төлөөлөл. Тиймээс ард түмэн юу гэж үзэж байгааг дагах ёстой гэсэн. Хэрэв пропорциональ байх ёстой гэвэл бид дагаад л явна. Бусдаар бол өөрсдийн намын эрх ашиг гэж яриагүй шүү дээ. Ард түмний эрх ашиг л нэгд байх ёстой. Энэ бол хамгийн том буулт байх шүү.
-Тоонд ер нь ямар ач холбогдол байгаа юм бэ. Үнэхээр л МАН-ынхан холимогоор явахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа юм бол эхлээд үүнийгээ ярих ёстой биз дээ. 24:52, 50:26 байсан ч ялгаагүй Үндсэн хууль зөрчинө биз дээ?
-Сонгуулийн хуульд холимог элемент орж ирэх юм бол Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байх. Тэгэхээр Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт хоёр хамт явна гэж ойлгож болно.
-Таны өрөөнд Бурхан Халдун уулын зураг байна. Нэлээд хэдэн гишүүний өрөөнд ийм зураг байх юм. "Монголын төлөө" гээд фракцын гишүүд өрөөндөө Бурхан Халдуны зураг залж байгаа гэл үү?
-Миний хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим бол нэгд, улс орныхоо эрх ашгийг тавина.Дараа нь намынхаа эрх ашгийг тавина. Гуравт, хувь хүнийхээ эрх ашгийг тавина гэсэн зарчим баримталдаг. Мэдээж би Монголын төлөө ажиллаж байгаа.
-"Монголын төлөө"-г фракц гэж ойлгочхож болох уу?
-Монгол Улсын 2.7 сая иргэн бүгд Монголын төлөө байгаа гэдэгт найдаж байна. Монголын төлөө хүмүүс олон болоосой гэж боддог. Харамсалтай нь, УИХ дээр зарим тохиолдолд үзэл бодлын зөрүүгээсээ болж "Монголын төлөө" юу, юуны төлөө вэ гэсэн асуудал яригддаг. Тиймээс бусдаар бол бүлэг фракц биш ээ. Монгол Улсын иргэн болгон эх орныхоо төлөө ажиллах үүрэг хүлээх ёстой. Энэ үүргээ хүн болгон мэддэг байгаасай.
-Н.Батбаяр гишүүн болохоор манай "Монголын төлөө" фракц 20-иод гишүүнтэй гэж мэдэгдэж байсан шүү дээ. Нам дамжсан фракц гэх үү дээ?
-Улс төрийн намууд өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай. АН бол барууны, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг нам. МАН бол зүүнийх. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн үзэл баримтлалтай. Үүгээрээ ялгагдаж, хуваагддаг. Эдийн засаг, нийгэм, улс төрийн бусад асуудал дээр УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл учраас өөр өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлдэг. Мэдээж гишүүд тодорхой асуудлаар санал нийлэх нь бий. Санал нийлэхгүй байх тохиолдол ч бий.
Бид тийм л хүмүүс. Эх орны баялгийг ард түмэндээ хүртээе, түгээе, Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, гаднын хөрөнгө оруулалтыг зохицуулъя гэдэг асуу-дал дээр Н.Батбаяр гишүүний хэлж байгаа "Монголын төлөөгийнхөн санал бодлоо илэрхийлдэг. Бусдаар бүх асуудлаар санал нийлнэ гэдэг хатуу ойлголт байхгүй. Бүлэг фракц хатуу байдаг байх. Харин бид төрийн эрх ашгийн төлөө гэж үзэж байгаа асуудлаараа нийлдэг. Нийллээ гээд бүхнийг хараар будаад, эсвэл дандаа цагаан болгож яриад байдаггүй. Энэ хүрээнд л бид явдаг.