Ж.Сүхбаатар: Пропорциональ тогтолцоо нам доторх авилгыг дээд цэгт нь хүргэх аюултай
2011.07.22

Ж.Сүхбаатар: Пропорциональ тогтолцоо нам доторх авилгыг дээд цэгт нь хүргэх аюултай

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд олон чухал асуудлыг шийдэлгүй орхилоо. Ялангуяа Сонгуулийн тогтолцоондхоёр нам зөвшилцөлд хүрч чадалгүй гацчихлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Сонгуулийн тухай хуулийн гацааг асуухгүй өнгөрч болохгүй?

-Би Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт байгаа. Мөн энэ асуудлыг хариуцаж байгаа байнгын хороог ахалж байна. 2008 оны сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлын дараа Сонгуулийн тогтолцоо, хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага гарч ирсэн. Хаврын чуулганыг завсарлахдаа ч хоёр намын бүлэг намрын чуулганаар шийдэлд хүрэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Тиймээс Сонгуулийн хуулийг гацаанаас гаргаж, хуулийг батлахын төлөө л байна. Гишүүд ч үүнийг ойлгож байгаа.

-Гэхдээ хоёр нам мажоритар давамгайлсан, пропорциональ давамгайлсан гэж талцаад хэн хэндээ буулт хийхийг хүсэхгүй байна шүү дээ. Ялангуяа МАН-ынхан мажоритар давамгайлсан гэж зүтгээд байгаа?

-Өнгөрсөн 20 жилд болсон сонгуулийг бүгдийг мажоритар системээр явуулсан.Тиймээс шууд пропорциональ давамгайлсан болгоод өөрчилчхөөр сонгогчдод танил биш байна. Тэгээд ч пропорциональд суурилсан систем давамгайлбал улс төрийн тогтолцоонд том өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Нам гол тоглогч болоод ирэхээр улс төрийн намуудын тухай хуульд томоохон өөрчлөлт орох хэрэгтэй. Нам  өөрөө эрүүл болох ч ёстой. Харин ч намаар сонгодог улс орнуудад намын дотоод дахь авилга дээд цэгтээ хүрсэн байдаг. Сүүлийн үед мажоритар гэхээр л мангаа, пропорциональ гэхээр л сайн сайхан юм шиг хараад байх шиг. Пропорциональ нь өндөг шиг өөгүй юм бол бүх улс орон түүнийг авна шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард Английн парламент мажоритар тогтолцооноос татгалзаж, пропорционалийг сонгоё гэсэн асуудлаар ард түмнээсээ санал авсан. Гэтэл ард түмнийх нь 60 гаруй хувь нь мажоритар буюу хүнээ сонгодог системийг дэмжсэн байсан. Үнэхээр пропорциональ нь сайн сайхан юм бол англичууд яагаад авахгүй байгаа юм бэ.

-Та тэгэхээр хувь улс төрчийнхөө хувьд ч мажоритар давамгайлсан хувилбарыг дэмжиж байгаа юмуу?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Би хувь хүнийхээ хувьд ирээдүйд пропорциональ нь Монголын улс төрд ээлтэй гэж хардаг. Гэхдээ пропорциональ ээлтэй гээд өнөөдөр шууд авах нь хэр зөв алхам юм бэ гэдгийг бодох ёстой. Одоо байгаагаа өөрчилнө гээд гэнэт өөр зүйл рүү үсэрч болохгүй. Магадгүй 2016 оноос хэрэгжүүлэх нь зөв байх. Улс төрийн онолд ч нэг тогтолцооноос нөгөөд шилжих завсрын үе гэж байдаг. Тэгэхээр Монгол 2012 оны сонгуулийг шилжилтийн үе болгоод, дараа дараагийн сонгуулийг пропорциональ давамгайлсан хувилбараар явуулах нь зүйтэй. Энгийн логикоор харахад шатны эмийн үүрээс гурав, дөрөвдэх рүү алхахад гар, хөлөө гэмтээхээс эхлээд аюул ихтэй. Тэгэхээр эхлээд хоёрдугаар шатандаа хүрчхээд гуравдугаар шат руу гарах нь зөв биз. Мэдээж мажоритараас татгалзах зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр Монголчууд бид аливаа асуудлыг хэтэрхий их тойргийн системээр хараад байна. Тойрогтоо очиж ажиллаж байна гээд парламентын ажилд сул оролцдог тал ч бий.

-Сонгуулийн тухай хуулийг хугацаанд нь баталж амжихгүй хоёр нам талцаж байгаад ирэх сонгуулийг хуучин мажоритар хувилбараараа явуулах нь гэсэн хардлага, болгоомжлол олон нийтийн дунд байна. Улс төрчид ч аль болох хуучин хувилбарыг дэмжихийг бие биендээ ятгах боллоо гэсэн яриа дуулдах юм?

-Хуучин хувилбараар явах сонирхолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч одоо 3-5 байр суурьтай хэд хэдэн бүлэг байгаа. Тэгэхээр хуучин хувилбарыг сонговол зарим хүнд ашигтай. Ялангуяа энэ хувилбараар сонгогдсон хүний хувьд бүр ч илүү ээлтэй байж магадгүй. Харин улс орны тухайд харвал мажоритар систем зовлон үүсгээд байгаа нь үнэн. Энэ тогтолцоогоор 2012 оны сонгуулийг хийнэ гэвэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйд хүргэж мэднэ. Тэр нь эргээд үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж, төрд итгэх итгэл буурна. Төрд эргэлзэнэ гэдэг төрөө хүндлэхээ больж, хууль хэрэгжихгүй байхын эхийг тавина. Энэ мэтээр харвал Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой.

ймгийн тань ой болоод та тойрогтоо амарч байна уу?

-Дарханчууд бид аймаг биш Дархан хот гэж хэлэх дуртай. Манай Дархан 70 гаруй мянган хүн амьдардаг, үйлдвэр, үйлчилгээ төвлөрсөн, хагас зууны түүхтэй том хот шүү дээ. УИХ-ын гишүүн амралт, ажил хослуулж явах юм байна. Хаа очсон газраа хүмүүстэй уулзаж, иргэдтэй ярилцаж ажлаа хийж явдаг. Энэ жишгээр тойрогтоо ажиллангаа Дархан хотынхоо ойд  оролцож байна.

-Дархан хотын 50 жилийн ой өргөн болж байна уу?

-Энэ жил манайх ойгоо угтаж 50 бүтээлч ажил хийсэн. Манайх улсдаа тэргүүлэх Ногоон хот. Хотынхоо ойд зориулаад "Дархан 50" соёл амралтын цогцолбор байгууллаа. "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. 2200 хүний суудалтай спорт цогцолборын шав тавилаа. Энэ мэтээр бүтээн байгуулалтаар ойгоо угтаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.