Ж.Батсуурь : Тогтолцоондоо биш, сонгуулиа шударга явуулах нь чухал
Сонгуулийн тогтолцоо бус хамгийн гол нь сонгуулийг шударга явуулах нь чухлыг гишүүд онцолж байгаа. Хоёр намын бүлэг зөвшилцөлд хүрэлгүй маргаантай байгаагаас үзэхэд ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах магадлалтай гэж үзэж буй хүн олон байна.
- Гол нь тогтолцоондоо биш, шударга, хууль зөрчихгүй байвал сонгууль будлиангүй болно. Холимог эсвэл пропорциональ юмуу мажоритар тогтолцоог авчхаар улстөр тогтвортой болчихдог юм биш. Дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа аль ч тогтолцоо нь тухайн орны нөхцөл, хүн амын хэмжээ гэх мэт янз бүрээр нөлөөлж буй тал бий. Гэхдээ ямар ч тогтолцоог авч хэрэглэсэн бид хууль зөрчдөггүй, шударга байх ёстой. Ийм байж улс төр тогтворжино. Өнөөдөр Монгол Улсын засаг, захиргааны нэгж, хүн амын нягтаршилаас шалтгаалж тойрог бүрт мандатын тоо,төлөөлөл янз бур байх нь зайлшгүй. Одоо 22 дахь жилдээ орох гэж буй энэ УИХ их төлөв тойргийн зарчмаар сонгууль явуулж 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Дэлхий даяаршиж байгаа, хэлэлцэж буй асуудлын цар хэмжээ өргөжсөн, байнгын хороодын үйл ажиллагаа гээд олон зүйлээс харахад илүү нарийвчлалтай, мэргэжлийн төвшинд авч үзэх үүднээс УИХ-ыг өргөтгөх шаардлага бий.Түүнээс бус холимог тогтолцоо сонгож авчхаад пропорциональ, мажоритарийн хувь тогтоож тойргийн зарчмаар сонгуульдвал улс төр тогтвортой, сонгууль шударга болж, улс орон хөгжчихнө гэвэл өрөөсгөл юм.