С.Баярцогт: Иргэд “За” эсвэл “Үгүй” гэсэн хариулт л өгнө
УИХ-ын 76 гишүүн сонгууль явуулах тогтолцоогоо сонгож чадахгүй байгаа тул ард түмнээсээ асуухаар шийдэв бололтой. Мөн эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу гэж лавлах нь. Харин бүх нийтийн санал асуулга явуулахдаа хэрхэн ямар томьёололтой байх ёстойг ч товлоогүй. Тиймээс дээрх ажлыг боловсруулахаар ажлын хэсэг томилжээ. Уг ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Томьёолол боловсруулах ажлын хэсгийн явц хэр байна вэ?
-Манай ажлын хэсэгт хэрхэн ард нийтийн санал асуулга явуулах талаарх хууль зүйн гаргалгааг хоёр намын бүлэгт танилцуулах үүрэгтэй. Энэхүү хариуцлагатай ажил нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар бид хоёрт ногдсон. Тиймээс өнөөдөр /өчигдөр/ уг асуудлаа албан ёсоор танилцуулах гэж байна. Ажлын хэсэг дээр нэлээд зүйлийг ярилцсан байгаа.
-Тухайлбал, ямар асуудал ярьсан гэж?
-Тодруулбал, хууль эрх зүйн орчин, цаг хугацаа, санал асуулгаас гарах үр дүн, саналын томьёолол ямар байх зэргийг ярилцан, боловсруулж байна. Ерөнхийдөө, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд зааснаар нэг удаа санал асуулга явуулахдаа хоёр л асуудлаар явуулах ёстой юм билээ. Түүнээс олон байж болохгүй. Энэ удаагийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж гарвал тодорхой процедуртай байх хэрэгтэй болно. Тиймээс уг асуудлыг хэрхэх зэргийг боловсруулж байна даа.
-Хуульд хоёр л асуудал гэж заасан болохоор Үндсэн хуулийн олон заалтыг хөндөж болохгүй гэсэн үг үү.Тэгэхээр яг аль хэсэгт нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна?
-Арай ташаа ойлгоод байна. Нэг асуудалд чинь маш олон асуулт багтааж болно. Тиймээс асуулт болгонд л "За" эсвэл "Үгүй" гэсэн хариулт өгөх юм. Ерөнхийдөө иргэдээс асуух зүйл нь маш энгийн, тодорхой, бас ойлгомжтой байх шаардлагатай.