Ж.Сүхбаатар: Шинэ үе өмнөх үеийнхээ мөрөн дээр зогсож гарч ирдэг
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь эмзэг сэдэв. тулгуур хуульдаа өөрчлөлт оруулж засаад явж байх ёстой юу, эсвэл болж өгвөл халдахгүй байвал дээр юм уу.Таныг УИХ дахь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, хуульч хүний тань хувьд ийм асуулт тавьж байна л даа?
-Үндсэн хуулиа бүхэлд нь шинээр боловсруулж гаргах, эсвэл нэмэлт засвар оруулахын аль аль нь нийгэм улс төрийн том үйл явдалд тооцогдоно.Үндсэн хуулийн эрх зүй" гэж эрх зүйн бие даасан салбар шинжлэх ухаан байдаг. Мэдээж шинжлэх ухаан учраас өөрийн гэсэн онол арга зүйтэй.Үндсэн хуульд нэмэлт засвар оруулах журмын босго шалгуур хэр өндөр байхаас нь хамааруулаад хатуу, зөөлөн Үндсэн хууль гэж хувааж болдог. Манайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваас доошгүйнх нь саналаар оруулж болно гэдгээс харахад хатуу хууль мэт. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өмнө нь шийдвэр гаргагчид их шуурхай хоорондоо тохироод л шийдчихсэн байдгаас нь харахад дархлаа султай ч юм шиг. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг анх удаа батлан гаргалаа. Энэ хуулиа сайтар уншвал манай Үндсэн хуульд нэмэлт засвар оруулахад тавигдах шаардлагууд хатуу ч биш, зөөлөн ч биш, харьцангуй уян хатан гэж дүгнэж болмоор л доо.Үндсэн хууль гэдэг бол аливаа улс орны нийгмийн амьдралын цөм,тухайн ард түмний хүсэл зориг, эрмэлзэл, хамтын амьдралын зохион байгуулалтыг тодорхойлдог зарчмын, бодлогын, үзэл санааны зохицуулалтын ийм баримт бичиг.Үүнийг хүний зүрхтэй зүйрлэж болох юм.
Үндсэн хуулиа засаж сайжруулахаар гар хүрье гэж байгаа нь үнэндээ "ард түмний зүрх"-д мэс ажилбар хийх гэж байгаагаас өөрцгүй.Тиймээс зүрхэнд мэс ажилбар хийхэд ямар нарийн процедур баримталдаг билээ, түүнтэй адил тэгж л хандах учиртай гэдгийг бид сайн ойлгож байгаа.Тэгээд ч Үндсэн хууль нийгмийн зөвшилцлийн баримт бичиг учраас эргээд Бас олон нийтийн зөвшилцлөөр, ойлголцлоор хуулийн үндсэн дээр шийдэх ёстой болдог. Ингэж чадаж гэмээнэ хууль ёсных хэмээгдэнэ. Манай ажлын хэсгийг байгуулсан нь өөрийн учир шалтгаантай. УИХ-ын дарга зүгээр бодож байгаад л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судалж санал боловсруул гээд шийдчихээгүй нь лавтай. Өнгөрсөн онд Д.Дамба-Очир гишүүн Хот тосгоны асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж, Д.Энхбат нарын 15 гишүүн Үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн хоёр асуудлыг нь эргүүлж засаж сайжруулна гээд хуулийн төслөө боловсруулж бэлтгэж байсан.
Олон улстөрч, хувь хүмүүс Үндсэн хуульд нэмэлт засвар оруулах шаардлагатай талаар ярьдаг, бичдэг. Сүүлдээ улс төрийн зарим намын гол чиг шугам, уриа дуудлага болох маягтай болсон шүү дээ. Манай УИХ-ын гишүүдийн зарим нь нутгийн удирдлагын тогтолцоонд, нөгөө Хэсэг нь төрийн байгуулалтын асуудалд өөрчлөлт оруулж парламентаа тодорхой болгоё гэж байхад, өөр бусад нь сонгуулийн асуудалд, шүүгч нарын томилгоонд өөрчлөлт оруулъя гэх мэтээр олон өнцөг, байр сууринаас хандаж байсан. Нэгэнт хөдлөөд эхэлчихсэн галт тэргийг УИХ-ын удирдлагаас анхаарч эдгээр санал санаачилгуудыг төрийн бодлогоор нэгтгэн зангидах, судалж үзэх шаардлагатай гээд энэ ажлын хэсгийг байгуулсан. Дашрамд хэлэхэд, ажлын хэсэг Үндсэн хуулийн хяналт хамгаалалтыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгааг нэмэгдүүлэх, төрийн удирдлагыг үр ашигтай болгоход анхааран ажиллаж байгаа Манай улс сүүлийн 20 жилийн түүхэнд нэг удаа л Үндсэн хуульдаа долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
-Нөгөө дордуулсан долоон заалт уу?
-Яах вэ дээ. Хүмүүс янз янзаар шүүмжлэн хэлдэг л дээ.Тэдгээр засварууд үндсэндээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газартай холбогдох заалтууд. Одоо ажиллаж байгаа манай ажлын хэсэг 40 хүнтэй томоохон ажлын хэсэг.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өөрөө нийгмийн сэтгэл зүйл тогтворгүй байдал бий болгочхож магадгүй эвгүй асуудал учраас бид юу, юугүй ийм юм, ингэж хийнэ гэж яриагүй байгаа. Гэхдээ бага биш ажил хийж, бодож болгоож л байна. Олон түмний ерөнхий санаа бодлыг тандах зорилгоор аймаг, нийслэлийн дүүргүүдэд дөчөөд мянган хүний саналыг нэгтгэж гаргасан. Ажлын хэсэг дотор өөр үзэл бодол, байр суурьтай хүмүүс ч орсон байна лээ.Зарим нь өөрчлөх хэрэггүй, цаг хугацааны хувьд ч болоогүй гэж байхад зарим нь нэлээд өргөн хэмжээний өөрчлөлтийг санал болгож байх жишээний Удахгүй ажлын хэсэг маань шийдэл гаргаж, олон түмнээр шүүлгэх болсноор.
-Харин та өөрөө юу гэж бодож байгаа вэ?
-Хууль номоо харсан тэр, нөхцөл байдлуудаа бодолцсон ч сэтгэлийн хөөрлөөр, улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөж асуудалд шуурхайлаад байж болохгүй л дээ. Гэхдээ зайлшгүй хүлээгдсэн зарим чухал хэдэн асуудлуудаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хүрээндээ энэ УИХ зөвшилцөж чадаад шийдээд явах бүрэн боломж байгаа гэж үзэж байна. Харин бусад асуудлуудыг ирэх сонгуулиар ард нийтийн санал асуулгын үндсэн дээр шийдвэрлэх арга зам бидэнд бас нээлттэй үлдэнэ.
- Үндсэн хуулийн өөрчлөлт яригдахтай зэрэгцээд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярих болсон.Та гэхэд 99 гишүүнтэй байвал зохимжтой гэж боддогоо нэг ярилцлагадаа дурдсан байналээ?
УИХ-ын 76 гишүүн бол 76 дарга биш юм аа. Санаатай санамсаргүйгээр УИХ-ын гишүүдийг дарга гэж хараад даргын тоог багасгая гэж яриад байгаа хүмүүс энэ олны дотор цөөн биш байгаа нь үнэн. Уг нь энэ 76 бол ард түмний төлөөлөгчид. Аливаа улс орны парламентад түүний гишүүдийн тоо хэрхэн нөлөөлдөг юм бэ, зохистой дундаж хэд вэ гээд гаргачихсан шинжлэх ухааны харьцаа бүхий тоо байгаа л байхгүй юу. 90-150 орчим гишүүнтэй байх нь ажлын зохион байгуулалт, хяналт хариуцлагын байдал, нийгмийн төлөөлөл зэрэг талаасаа тохиромжтой байдаг гээд. Жишээ нь, 200-гаас даваад явчихвал хувь гишүүний үүрэг роль гэж байхгүй болоод фракцуудын нөлөөнд автчихдаг, хувь гишүүн хуралдаандаа чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх боломж нь алга болдог.
Манай зарим нөхдийн парламентын хоёр танхимтай болцгооё гэдэг асуудал бол нөгөө талаас парламентын гишүүдээ шууд олон зуун хүнтэй болгож, олон түмний төлөөллийг өргөжүүлье гэсэн санаа шүү дээ. Манайх шиг УИХ, Засгийн газартай улс орны хамаг асуудлаа төвлөрүүлсэн газар ойрын жилүүдэд энэ байдлаасаа тийм амархан салчихгүй, дээр нь агуу түүхтэй, төрт ёсны баялаг уламжлалтай улсад хориод хүн л монголчуудын амьдралын асуудлыг шийддэг нь зөв биш. Юугаар энэ нь илэрч байна вэ гэхээр, байнгын хороо гэхэд дээд тал нь 21 гишүүнтэй. 6-11 хүний саналаар тэр том асуудлууд шийдэгдээд явдаг, үүнээс гадна яамдаасаа цөөн долоохон байнгын хороотой учир хяналт дагасан, мэргэшлийн үндсэн дээр ажиллах боломжгүй, 76 гэсэн тоонд багтаж сонгууль хийдгээс жендерийн төлөөлөл алдагдах, улс төрийн гуравдагч хүчний орон зай бий болохгүй байх гээд бодлогын зорилтууд хангагдахгүй байгаа юм аа.
Харин цөөлөх тухай яриа бол хэт цөөн хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх асуудал учраас эргээд эрх мэдлийг урвуулж ашиглах бололцоог нээдэг үүгээрээ итгэл төрүүлдэггүй, хянах боломжийг нь султгадаг. Ийм яриа гаргаж байгаа нь улс төрийн бодлого ойлгодог хүний яриа биш л дээ. Миний хувьд 99 ч юм уу, 110 гишүүнтэй болгох нь тохиромжтой санагддаг. Эстони гэхэд хүн ам нь манайхаас цөөн атлаа парламент нь 101 гишүүнтэй байх жишээтэй. Арга, билгээ ч бодсон гишүүдийнхээ тоог өөрчлөх нь зөв.
-Сонгуулийн тухай хууль гол хүлээгдэж байгаа хуулийн нэг.Таны удирддагТөрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр танай бүлгийн зарим гишүүн тогтолцоон дээрээ ч эргэлзээд байх шиг байсан. Холимог нь тодорхой биздээ. Буцаад мажоритар энэ тэр байхгүй биз. Сонгуулийн тухай хууль батлагдана биз дээ?
-Манай бүлгийн гишүүд бүгдээрээ тэгж хуучин мажоритар тогтолцоогоо ярьж, хүсээд байгаа зүйлийг би лав олж хараагүй. Байнгын хорооны тухайн хурлын хувьд хэн нэгэн нь өөр байр суурьтай байсны төлөө би тайлбар хийх нь илүүц болно. Шулуухан хэлэхэд, хувь хүн өөртөө тэр тогтолцоо ашигтай гэж харж байхыг үгүйсгэхгүй. Ямар ч хүнд хувийн ашиг сонирхол байна, түүнийг зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Дахиад сонгогдохыг яагаад хүсэж болохгүй байх вэ, тэр тусмаа сонгогчид нь итгэж, дэмжиж байвал юу гэж тэднээсээ нүүр бууруулах вэ. Харин тэр сонирхлыг бусад хүмүүсийн эрх ашигтай хэрхэн яаж уулзуулж, нийцүүлэх вэ гэдэг нь л хамгийн чухал асуулт бүхий асуудал юм.
Олон эрх ашгийг уулзуулж, нэг эрх ашиг болгож эрэмбэнд оруулж байгаа нь л ардчиллын удирдлагын өнөөгийн соёлт хэлбэр шүү дээ. Аль ч улсад парламентын гишүүд нь өөрсдөө сонгуулийн дүрмээ баталж, өөрсдөө тэр дүрмийнхээ дагуу өрсөлдөх болдог. Гэхдээ үүнийг хардах, хардуулах тэр үйл явцын дунд хийхээс аргагүй. Мэдээж сонгуулийн хуулийн талаарх мэдээлэл нь ойлгомжтой, ил тод байх ёстой. Сонгуулийн асуудлаар бүгдээрээ бараг гурван жил ярьж байна ш дээ. Хэн юу ярьж байна, ямар байр суурьтай байна гэдэг нь бараг ойлгогдчихсон байгаа. Үүнд ямар нэгэн далд хуйвалдаан ч юмуу, хэн нэгнийг буруутгаад байх юм байхгүй. Ерөнхийдөө сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр нийгэм ч, улс төрийн намууд ч санал нэгдчихсэн байдалтай нь ажиглагдаж байна. Гагцхүү намуудын удирдлагын тууштай, тодорхой, ухаалаг хамтын шийдэл хүлээгдэж байна. Манай Байнгын хороо, ажлын хэсгийнхэн хуулиа энэ хаврын чуулгандаа багтаая гэж байгаа. Үнэндээ манай байнгын хороо өнөөг хүртэл нэгдэж чадахгүй байхад нь сонгуулийн хосолмол тогтолцоон дээр зарчмын санал хураалт явуулж, сонгуулийн шинэчлэлд зоримог түлхэц үзүүлсэн.
Юутай ч, пропорциональ элемент орж ирснээрээ улс төрийн намын үүрэг хариуцлагыг өмнөхөөсөө дээшлүүлж өгнө. Одоо харахад манайд улс төрийн нам улс орныг жолоодоод, удирдаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч сонгуулийн арга хэлбэрээсээ болоод улстөрийн нам институцийнхээ хувьд хүчтэй, бодлоготой, сахилгатай болж төлөвшиж чаддаггүй. Уул шугамандаа гэдэг шиг уг нь Засгийн эрхэнд гарсан улс төрийн нам төрийг жолоодож авч явдаг ийм дэглэм журамтай парламентын удирдлагыг бид сонгочхоод, улс төрийн намд нь зохих байр суурийг тодорхой эзлүүлэхгүй байгаад байхаар нөгөө улс төрийн намын ч зохион байгуулалт, үйл ажиллагаа ч өөдөлдөггүй, өнгө ордоггүй. Нэр муут нэгэн болоод, иргэдтэй-гээ бодлогын төлөө бүрэн дүүрэн хариуцлагаа үүрч хамтарч ажиллаж чадахгүй цаг хугацааг элээгээд л. Нэг тийм карусель шиг урагшаа давхиад байгаа мэт, хэрэг дээрээ байрандаа эргээд байдаг тоглоомон эргэдэг морь шиг байгаад л байдаг. Цаашдаа хүлээсээр л байх уу... Хосолмол Системд шилжсэнээр бидний хэрэглэж заншсан мажоритар тогтолцооны олон сайн үр дагаврууд хадгалагдаж үлдэх бөгөөд илүү шинэлэг дэвшилтэт түвшин рүү алхам урагшилна.
-Тэгэхээр таныхаар хэд нь хувь тэнцүүлж, хэд нь мандатаар сонгогдвол зүйтэй вэ?
-Хувь хүнийхээ хувьд 38:38 гэсэн хувилбарыг намынхаа хүрээнд өнгөрсөн жил санал болгож байсан.Тойрог хуваарилахаар гишүүдийн хувьд зөрчилдөөн гардаг. Аль аймагт яаж хуваах юм, заримд нь хэдийг өгөх юм гэх мэт.Үнэндээ шийдэхэд амаргүй л дээ. Олон ч бэрхшээл, дагаад хардалт гарч ирнэ. Гэхдээ бас л олон ашиг сонирхлуудын нэгдмэл шийдэл болгож, бүх талуудын саналыг харгалзаж олсон дундаж хувилбарыг гаргаж таарна. Магадгүй 52,24 ч байж болно.
-Тэгэхээр УИХ-д МАН олонх юм чинь танай намын эрх ашгийг л илүү тусгасан хууль гарах байх л даа...
-Сонгуулийн хуулийн мэргэжилтнүүдийн нэг үг байдаг юм гэнэ лээ. Хэн хэзээ ч сонгуулийн тогтолцоог өөртөө ашигтайгаар тохируулчихлаа гэж хэлэх боломжгүй гэж. Сонгуулийн эрхийн стандарт гээч зүйл олон улсад тогтсон байдаг. Аль ч тохиолдолд энэ стандартаас гажихгүй байх ёстой юм. Иргэний сонгуулийн эрхийг хөсөр-дүүлж дордуулсан байх бол тэр нь Үндсэн хуулийн бус болох учраас.Тэгэхээр Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн нэг хүчинд илүү боломж олгосон юм шиг хийчихлээ гэж бодож болох боловч явж, явж сонголтыг саналын хуудсан дээр саналаа бичиж байгаа сонгогч л хийдэг.
Хэрэв сонгуулийн тогтолцоонд бохир мөнгөний, луйврын нөлөөллүүдийг хаачих юм бол АНУ-ын Ерөнхийлөгч агсан А.Линкольны хэлснээр "Саналын хуудас гэдэг бол сумнаас хүчтэй" байж чадна. Ямар ч сонгуулийн тогтолцоо иргэдийн саналыг өөрчилж чадахгүй. Өөрсдөдөө ашигтай гэж тооцоод сонгуулийн тогтолцоог өөрчлөөд ялагдал хүлээсэн явдал манайд ч гарч байсан, олон улсад ч цөөнгүй гарч байсан. Тэгэхээр ашигтай гэж тооцож байгаа хувилбар эсрэгээрээ байж болно. Хэн мэдлээ. Сонгогч, бурхан тэнгэр хоёр л мэдэх байх даа. /инээв/
-Таны ярианд луйврын сонгууль, бохир мөнгөний сонгууль гэсэн үг гарч байна л даа. Үнэхээр ийм зүйл байдаг уу?
-Би сонгуульд ажиллаж байсан, өөрөө ч нэр дэвшиж өрсөлдөөд сонгогдож үзсэн. Одоо байгаа 76 гишүүн бол иргэдийн олонх дэмжсэн учраас л сонгогдсон гэдэгт хувьдаа эргэлздэггүй. Сонгууль нь өөрөө олон түмний нүдэн дээр болж байдаг процесс. Сонгуульд бохир мөнгөний нөлөө байна уу гэвэл байна. Монголд сонгуулиас үл хамааран далд эдийн засаг хүчтэй оршсоор байгаа. Сонгуулийн үеэр албан ёсны дансаар гардаг мөнгө маш бага. Энэ нь бохир мөнгө байдгийг шууд харуулдаг. Бохир мөнгө сонгуульд эргэлдэж байгаа үед төр тунгалаг байх тухай яриад ч үр ашиггүй. Гэхдээ энэ бохир мөнгөний асуудал ганцхан сонгуульд гарч ирээд байгаа юм биш ээ. Бас ганц сонгууль л луйвартай гэж чичлүүлж байгаа юм биш. Монголын амьдрал бүхэлдээ авлигажсан албан ёсны бус байдалтай байна. Харин сонгуулиар энэ байдал нь тодорч, манай системийн гажуудал өвчин ил гарч ирж байна ш дээ.
Сонгууль бол энэ нийгмийн толь нь. Одоо сонгуульд сонгогдож ялахаасаа илүү хэрхэн сонголтоо баталгаажуулж хүлээн" зөвшөөрүүлэх вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдал, төрт ёсны дархлааны талаасаа тулгамдсан асуудал боллоо гэж би боддог. Гишүүд нь ч, намууд нь ч сонгуулийн үр дүн нь ч хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй учраас аль нэг хүчин ялсан ч цаашид дангаараа засаглаж чадахгүйд хүрнэ. Ингээд үзэхээр иргэдийнхээ сонгуулийн үйл явцад итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс сонгуулийн тогтолцоо, хуульд шинэ зохицуулалт хийхээс өөр арга байхгүй.
-Сүүлийн хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд эвссэн, хамтарсан төр засагтай байлаа. Өмнөхөд нь эвсэхээс аргагүй байсан гэдэг бол 2008 онд танай нам олонх байсан атлаа хамтрах шийдвэр гаргасан...
-Улс төрийн шийдлийг нам маань гаргасан. Хууль зөрчсөн юм байхгүй л дээ. Үндсэн хуульд Засгийн газрыг байгуулах талаар шууд тухайлан заагаагүй байдаг. Ерөнхий сайдыг сонгуульд олонх болсон нам, эвсэл санал болгож томилуулах тухай тодорхой заалттай. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж ирдэг. Энэ утгаар харвал Ерөнхий сайдын саналаар АН-ын дарга бас зарим гишүүн нь орж ажиллаж байгаа гэж болно. Хууль зүйн үүднээс дангаар болон эвслийн Засгийн газар л гэж байдаг. "Хамтарсан Засгийн газар" гэсэн ойлголт манай улс төрийн практикт байгаа нь шинэ ч биш, хуучин ч биш де факто.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсаныг та юу гэж үздэг вэ.Танай намын зарим нөхөд хариуцлагаа хамтдаа хүлээх ёстой, замын дундаас гарч болохгүй гэдэг, бас зарим нь ч АН-ынхныг явах цаг болсон гээд хөөж ч байгаа?
-Хоёр намын дарга кабинетад хамтдаа багтан ажиллаж байгаа болохоор улс төрийн талаасаа хариуцлагаа хамтдаа үүрэлцэж л таараа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамтран ажилласныхаа хувьд хүссэн хүсээгүй хариуцлагаа хамтдаа үүрч ирсэн. Хууль зүйн хувьд эвслийн биш ч үүрэг хариуцлагын хувьд эвсэх зарчмаар ажиллаж ирсэн. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь улс төрийн үүднээс алдаатай байсан уу, үгүй юу гэдгийг өнөөдөр хэлэх боломжгүй. Манай намын Бага хурлаар үүнийг шийдсэн. Шийдвэр хүчинтэй байгаа болохоор намын гишүүний хувьд энэ шийдвэрийг дагаж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд хамтарсан Засгийн газрыг шүүмжлэхдээ шүүмжлээд, бас дэмжихдээ дэмжээд явж байна. Хамтарсан Засгийн газар байгуулсны том хохирол нь хяналт хариуцлага суларсан явдал. Хамтрахын хэрээр түгжрээд байсан том асуудлаа шийдсэн үү үгүй юу гэсэн асуулт хариулт нэхсээр л байгаа. Хяналт хариуцлага суларсан энэ байдал цаашид намд, нийгэмд хэр сөрөг үр дагавар учруулах бол гэдэгт би үнэхээр санаа зовж суудаг.
Нэг талаас хоёр намын мөрийн хөтөлбөрт орсон олон асуудал амжилттай шийдэгдэж яваа ч нийгэм дэх шударга бус, нийгмийн хорт хавдар болсон авилгын асуудлаа дорвитой шийдээгүй л байна. Дүгнээд үзэхээр бидэнд шийдэж байгаа ч юм байна, алдаж байгаа ч юм байгаа. "Бүгд шүүмжилж чаддаг, гэхдээ улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж чадах нь тун цөөн" гэсэн үг бас бий. Манай намын гаргасан стратегийн том шийдэл зөв, буруу эсэх нь 2012 оны сонгуулиар л харагдана. Магадгүй хамтрах нь нийгмийн учир шалтгааны үндэстэн байсныг би үгүйсгэдэггүй. Учир нь мажоритар тогтолцоо нь сонгогчдын 50 хүрэхгүй санал авсан улс төрийн хүчин төр засгаа дангаар аваад явах боломжийг олгодог.
Өнгөрсөн сонгуулиар манай нам сонгогчдынхоо 50 хувийн саналыг авч чадаагүй боловч 46 суудалтай болсон. Мажоритар тогтолцоогоор гарсан сонгуулийн энэ үр дүнг пропорциональ хэлбэр рүү шилжүүлэх хэлбэрээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан байж болохоор харагдаад байгаа. Яагаад гэвэл нийт улс орны хэмжээнд иргэд яг хамтарсан тухайд хүчтэй эсэргүүцэхгүй байгаа юм. Үүнийг судлаачид улам тодруулах биз ээ. Хөөж байгаа гэдгийн хувьд өөрсдөө урьчхаад "одоо шууд яв даа" гэх нь улс төрийн моралийн хувьд зохисгүй гэж бодож байна.
-Тэгвэл уригдсан зочид чинь одоо бидний явах цаг боллоо гэвэл та нар яах вэ?
-Ер нь айлд зочин ирээд сайхан байж байгаад өөрийнхөө гэр рүү буцдаг даа.Тэгэхээр ирсэн гийчинд буцах цаг байж л таараа. Магадгүй буцчихаад эргэж харилцан уулзалдах гээд элдвийн юм гарч болдог хорвоо. Гэхдээ сонгуулийн өмнө АН шалтаг заан Засгаас гарвал улс төрийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөж байгаа хэрэг болно доо. Болоод зогсохгүй итгэл эвдсэн хударгагүй авиртай, буурь суурьгүй этгээд шиг л харагдана даа. Сонгуульд энэ Засгийн газартайгаа орох нь хаа хаанаа шударга болно байх. Бидний аль алинд иргэд дүнгээ тавиг.
-Аль ч салбарт үе, үеийнхний зөрүү, үл ойлголцол байдаг. Улс төрд энэ нь бүр ч хүчтэй байдаг бололтой. Саяхан танай намын залуу үеийнхэн Их тэнгэрт болсон өргөтгөсөн хурлаар удирдлагууд, ахмадуудтайгаа хатуухан тулсан тухай сонссон...
-Арваад хоногийн өмнө Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдийн хамтарсан уулзалт болсон л доо. Цаг үеийн асуудлаар, сонгууль бас улс төрийн бусад бодлогын талаар бид илэн далангүй ярилцсан. Харин би энэ уулзалтыг энэ намд ойрд болж байгаагүй нээлттэй ажил хэрэгч уулзалт болсон гэж бодож байгаа шүү.Тун чөлөөтэй ярилцаж, хурц шүүмжлэл ч гаргаж, бодлогын сонирхолтой яриа ч өрнүүлсэн. Аливаа нийгэмд хөгшин, залуу, хүүхэд гээд сонирхол, байр суурь үнэмлэмжээрээ ялгаатай учир өрсөлдөөн зөрчилдөөн гарч л байдаг. Үүнийг энэ хүний нийгэм чинь үгүйсгэдэггүй. Залуу гишүүдийнхээ ярьсныг манайхан наагуур цаагуураа сайхан хүлээж авсан.
Яах вэ, ганц нэг хүн бухимдалтай хүлээж авсныг эс тооцвол. Намын маань хувьд Удирдах зөвлөл, УИХ, Засгийн газрын түвшинд хаа хаанаа залуучуудаа их дэмжиж байгаад талархалтай явдгаа онцолж хэлье. Бид намын ирээдүйд санаа зовж, тухайн асуудал дээр залуучууд ийм байр суурьтай байна гэдгээ л илэрхийлж үгээ хэлсэн.Түүнээс албан тушаалын төлөө үгээ хэлээд, хөөцөлдөөд, зууралдаад байвал улс төрөөс амархан зайлуулагддагийг одооны залуучууд бид эрх биш мэднэ.
-Ц.Нямдорж гишүүн нэлээд уурласан тухай Ж.Энхбаяр гишүүн ярьсан байсан.Та өнгөрсөн жил Ц.Нямдорж гишүүнтэй нэлээд үзэлцээд байсан байх аа?
-Ц.Нямдорж гишүүн бид хоёрын асуудал өнгөрсөн жил яригдсан яригдсан. /инээв/ Мань хүнтэй зөрөлдсөнөөс хойш хэлж байгаа үгийг нь хэзээ хэзээнээсээ илүү анхааралтай сонсдог болсон. Бас залуу хүмүүс ааг омогтой бол хашир улстөрчид илүү тооцоотой анаж байдаг. Ер нь Ц.Нямдорж гэдэг улстөрч хурц, хурц үг хэлдгийг хувь хүн талаасаа илүүтэй би ажил хэргийн үүднээс ойлгож хандаж байгаа. Тодруулаад хэлбэл, би хуулийн салбарын хүн. Юм яривал үүнийгээ л илүүтэй ярьж, бас хийчхийг бодно. Гэтэл хуулийн салбарын гол толгойд байгаа хүнд болохгүй байгааг хэлэхээс өөр арга надад байхгүй, дээр нь зүгээр магтаад байж чадахгүй.Тэр хүн өөрийн орон зайгаа олсон, өөрийн дэмжигчидтэй, карьераа ч хийчихсэн хүн. Улс төрийн тогоонд илүү удаан чанагдсан хүний хувьд залуучуудад хандан сануулж анхааруулж хэлэх үгээ хэлж байна гээд байгаа.
Үнэндээ шинэ үе гэдэг жам ёсоороо өмнөх үеийн мөрөн дээр зогсож гарч ирдэг болохоор илүү алсыг хардаг гэсэн үг байдгийг бодолцох хэрэгтэй л байгаа юм. Энэ бол шилэн хүзүүн дээр гишгэх асуудал биш юмаа. Эрүүл саруулаар өрсөлдөж, бас харилцан хүндэтгэл дээр бий болно гэдгийг ухамсарлах ёстой гэж би амьхандаа өөртөө хандаж хэлээд л байгаа. Нэг зүйл дээр би хатуу зарчимтай. Шинэ хуучиндаа биш. Өөрийнхөө орон зайг өөрөө л олж авах ёстой. Ингэхдээ хэн нэгэнтэй хэл амаар уралдахаас гадна хийж байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж боддог.Тэгээд ч улс төрийн энэ хатуу хөтүүд аль болох нэгнийгээ сэтгэлээс гарамгүй үгээр муухай хэлчихгүй байхыг бодож байгаа, тэр тусмаа журмын нөхдөдөө.
Ердөө намайг өөртэйгөө адил сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон нэгэн гэдгээр нь хүлээн зөвшөөрөхөд л болно. Гэхдээ тэр явдлаас хойш Ц.Нямдорж гишүүн намайг хуучин удирдлагад нь ажиллаж байсан гэж харахаасаа илүүтэй УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэдгээр нь хардаг болсон байх гэж найдаж байгаа. Намайг байгаагаар маань хүлээн зөвшөөрчих, би хариу итгэл хүндэтгэлийг дааж сурсан залуу. Сайд ч сүүлийн үед хуучин шигээ түрэмгий, дарангуй ярихаа байсан байна лээ. Бас үгэн завсраа сургамжийн үг хавчуулаад л. Тэр нь надад таалагдаж байгаа шүү.
-Одоо Х.Тэмүүжин гишүүн Ц.Нямдорж гишүүнтэй нэлээд тулж байгаа харагдах юм. Бас С.Нарангэрэл гуайтай шүүхээр хүртэл явж байна.Танай хуульчид чинь нэгийгээ хүлээн зөвшөөрөхдөө муу хүмүүс байх шүү?
-Ер нь аман дээрээ ардчилсан үзэлтэй байх, ачир дээрээ ардчилагч байх хоёр бол их амаргүй зүйл юм. Ардчилагч байна гэдэг нь болж буй үйл явдалд хүлээцтэй хандах явдал. Бүр уурласан ч асуудалд эрүүлээр хандах чадвар. Манай УИХ-д байгаа залуу гишүүдийн хоорондын ойлголцол нь илүү.Тэр ч утгаараа өөр намд байдаг ч бид нэгийнхээ бодлого уйл ажиллагааг нь дэмждэг. Хуульчид бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй гэсэн нэг тийм шүүмжлэл байдаг л даа. Үүнийг би хэлж мэдэхгүй юм.
Хэдийгээр би Х.Тэмүүжинг дэмждэг ч С.Нарангэрэл багштай холбоотой тэр асуудал дээр өөр байр суурьтай байгаа. С.Нарангэрэл багш бол надад хичээл заасан багш маань.Тэр хүний талаарх миний бодол дандаа сайн сайхнаар байх болно. С.Нарангэрэл багш бол хуульчийн хувьд дандаа өөрийгөө боловсруулж байдаг, миний хувьд үлгэр дуурайл болдог хүн. Хоцрогдоно гэдгийг ямар утгаар хэлсэн юм. Хэзээ нэгэн цагт хун бүр, би ч хоцрогдож л таараа.
-2004 оны сонгуулиар та СЕХ-нд нарийн бичгийн даргаар ажиллажбайсан байх аа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа "2004 оны сонгууль луйврын сонгууль болсон. СЕХ-нд асар их дарамт ирж байсан. Хэн гэдгийг нь одоохондоо хэлэхгүй" гэсэн л дээ.Тэр чигийг та л гаргах байх.Тийм дарамт байсан бол хаанаас ирж байсан юм бол?
-Н!Энхбаяр даргын хэлсэн дээр би тайлбар хийх нь утгагүй байх.Тэр үед СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь үнэн. Тэгэхэд сонгуулийн хэд хэдэн тойрог дээр маргаантай байдал үүсэж, Үндэсний телевизийн байр руу, СЕХ-ны байр руу дайран орж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ мэтээр дарамт шахалт зөндөө л байсан. Гэхдээ тэр нь нууц биш, телевизээр хүртэл гарч байсан л даа. Асуудал шүүхэд хүртлээ явж, би СЕХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд жил хагас шүүхийн үүдийг сахиж байлаа. Тэр үеийн нөхцөл байдал амаргүй байсан гэдгийг нууцлаад байх юм байхгүй. СЕХ-ны төлөөлөгчийн хувьд тэндээс гаргасан шийдвэрийг танилцуулж байсны хувьд намайг шүүмжлэх хүмүүс одоо ч бий.
-Нийгэмд ялангуяа танай намд Н.Энхбаяр гэдэг хүнээс зугтах хөдөлгөөн өрнөөд байгаа гэвэл та хүлээн зөвшөөрөх үү.Та ер нь хуучин даргынхаа тухай юу гэж бодож явдаг вэ?
-Би ямар ч үед хүн хүнээрээ байх ёстой гэж боддог.Хүний хийсэн сайныг нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Н.Энхбаяр дарга хуучнаар МАХН, одоогийн МАН-д оруулсан өөрийн гэсэн хийсэн юмтай хүн. Социнтерний гишүүн болгосон, ялагдсан намыг ялалтад хүргэсэн, түүгээр ч зогсохгүй намыг институцийнх нь хувьд хүчирхэг болгосон. Алдаа дутагдал нь бол миний ярих асуудал биш. Одоо хүмүүсийн яриад байгаа шиг намын байгууллагын дарга төдий байгаагүй. Намын лидер байсан. Дарга байх нэг хэрэг, лидер байх өөр том агуулга.Лидер байсныхаа хувьд өөрийн гэсэн хамтран зүтгэсэн багтай байсан.
Одоо тэр багийнх нь гишүүд улс төрийн дээд албан тушаалд ажиллаж байгаа. Маш олон залуучуудыг энэ намд бодлогоор дэмжсэн. 1999 онд УИХ-ын цөөнхийн бүлгийн ахлагч байхад нь би цөөнхийн бүлгийн ажлын албанд хуулийн зөвлөхөөр ажиллаж байлаа. Үнэндээ энэ хүн намайг ажилд томилсон.Тухайн үед цөөнхийн бүлгийн ажлын албанд арваад л хүн ажиллаж байсан.Тэндээс миний улс төрийн ажлын гараа эхэлсэн гэж би боддог.Тэгээд үзэхээр би энэ хүнтэй хамаатай болж таарна.
Мэдээж, Н.Энхбаяр гэдэг лидерийн ойрын хүрээлэл, удирдлагын багийн түвшинд би байгаагүй. Жирийн нэг гүйцэтгэх ажилтан л байсан. Ямар ч хүнд алдаа, оноо байдаг. Гэхдээ алдлаа гээд хийсэн оноог нь үгүйсгэж боломгүй. Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа М.Энхболд даргатай ч, С.Баярдаргатай ч ажиллаж байсан. Би удирдлагад нь ажиллаж байсан хүний хувьд тэдний хэн ямар араншин, арга барилтай вэ гэдгийг мэдэх ч, тэдний талаар үнэлгээ дүгнэлт өгч одохгүй, хүсэх ч үгүй байна. Хүний ёс талаасаа ч, төрийн ёс талаас ч ингэж бодож байгаа юм. Улстөрч хүнд хүний, төрийн ёс хамаатай л байх ёстой. Ер нь ямар ч ажил хийж байгаа хүн алдаанаас ангид байх боломж байдаггүй юм. Бас улстөрч хүний алдаа ямагт том болж харагддаг. Нэгэнт амьдралынх нь хэсэг үе хамтдаа өнгөрсөн хүмүүс уулзаж л таараа, уучилж л таараа, нэгийгээ.
Тэрийг нь мэдэж байж би хажуугаас нь хараад хошуу нэмэрлээд байх нь хаашаа юм бэ дээ. Үнэндээ хамтдаа сайхан байсан хүмүүс эе эвдрээд явахыг харахад надад хэцүү байдаг. Улс төрд хүнийг муучлах амархан л даа. Монголын төр зүтгэж байсан хүндээ халгаатай гэдэг л битгий болоосой гэж боддог. Тэд ямар ч байсан түүхийн нэг хэсэг нь болчихсон хүмүүс. Зүгээр миний нэг хүсэж явдаг зүйл гэвэл Н.Энхбаяр нь ч, С.Баяр нь ч хэн ч бай, залуус бидэндээ үлгэр дуурайлтай яваасай гэсэн бодол байна.Үнэндээ одоо өрнөөд байгаа байдал надад эвгүй санагддаг. Би тухайн үедээ ч Н.Энхбаяр дарга, Н.Багабанди дарга хоёрыг нэг зүг рүү хамтарч ажилладаг байгаасай л гэж дотроо их л хүсдэг байлаа.
-Намаасаа гарч өөр нам байгуулсныг нь юу гэж боддог вэ?
-Нэг намын гиш үүд байхаа больсон нь харамсалтай санагддаг. Нэг намын гишүүн байхаа больсон нь бидэнд ч, тэдэнд ч сайн зүйл авчраад байгаа юм алга. Одоо 2012 оны сонгуульд халтай, балтай юм хэн хэндээ хийхгүй байгаа-сай билээ л гэж хүсэж байна.
-Таныг хурц, хурц ярьчихдаг байсан. Сүүлийн үед больчихсон байна гэх нь бий. Энэ нь нэгталаас хүү тань хүнд өвчнөөр өвдсөнтэй холбоотой хурц шүүмжлэлээс зайлсхийдэг боллоо ч гэж байгаа...
-Би улс төрд маш их амбиц, хүсэл эрмэлзлээр орж ирсэн.Тэгээд ч хүчтэй зоригтой шийдэмгий байхыг бодсон. Хүний амьдралд чинь янз бүрийн асуудал гардаг юм байна. Би хоёр хүүтэй хүн. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бага хүү маань хүндээр өвдсөнийг мэдээд хүнд шоконд орсон. Тэглээ гээд уйлж унжаад ажлаа орхилтой биш, ажлаа хийсээр байсан. Бас дунд нь хүүгээ эмчилгээнд авч яваад хэсэг ажлын эрч хүч суларсан тал ч бий. Сэтгэл зүйн тийм үе нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ер нь би амьдралд сөрж амьдрах ёстой гэж боддог. тэгж ч ирсэн. Нэг үеэ бодвол хүнд үеийг манай гэр бүл даваад байна. Хүүгээ байнга эмчид үзүүлж хяналтад байгаа. Ирэх намраас дахин хянуулах ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьдралыг үзэх үзэлд маань өөрчлөлт орсон нь үнэн л дээ. Би өөртөө их итгэлтэй, омголондуу хүн. Одоо аль болох ихийг боддог боллоо. Хүүгээ сахиад хүний нутагт үүдний өрөөнд хэвтэж байхдаа юу хийх вэ, бодож л суудаг байлаа. Хэцүү бэрхшээл тохиолдохоор хүн аливааг өөрөөр хардаг юм байна. Эмнэлгийн үүдний өрөөнд би Бурхан багшийн сургаал, Библи, Коран судрыг ч уншиж ойлгох гэж үзсэн. Улс төрд түрэмгий байхаас илүү өрсөлдөгчөө хайрлаж сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ер нь хүн юмыг наанатай, цаанатай хардаг байх нь чухал гэж боддог болсон. Ямар ч байсан одоо ажилдаа илүү эрч хүчтэй зүтгэе гэсэн эрмэлзлээр сүүлийн нэг жил шаргуу ажиллаж байна.
-Ер нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь бизнестэй л дээ. Хүүхэд чинь өвдөх үед Ж.Сүхбаатар гишүүнд ямар ч бизнес байдаггүй юм байна гэсэн яриа сэтгүүлчдийн дунд гарч байсан...
-Бизнес хийнэ гэвэл бодлого боловсруулж чадах л бизнес байна. Би насаар бага ч нэг тийм хуучинсаг хүн л дээ.Төрийн албанд 14 жил ажилласан байна.Төрийн хүн түмний ашиг сонирхлын төлөө илүү зүтгэх хэрэгтэй гэж боддог. Нөгөө талаас, улс төрд Залуучуудын төлөөлөл болсон нэгний хувьд янз бүрийн юманд холбогдвол залуучууд ийм гээд нэр гарах вий гэж ч болгоомжилдог. Миний улстөрчийн амьдрал дөнгөж эхлээд явж байна. Улс гөрд байгаа цагтаа хүмүүст үйлчлэх үүргээ мартахгүй юмсан.Тэгэхийн тулд авилгад өртөхгүй юмсан, хувийн амьдралаараа үлгэр дуурайлал болох юмсан гэж боддог. Миний хэрэглээ тийм их биш учраас их хөрөнгө надад хэрэг болдоггүй. Угаасаа хүн хэрэглээгээ нэмэхгүй бол орлого нэмэх шаардлага ч байдаггүй. Би хэрэглээгээ нэг хэмжээнд бариад л ирсэн. Хүнд их мөнгө хэрэг болдоггүй юм. Харин өвдөх үедээ хэрэг болох хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй юм билээ шүү. Би хийж байгаа зүйлээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Түүнээс заавал УИХ-д сонгогдоно гэж зүтгээд байх юм алга.
-Хэрэв дахин сонгогдохгүй бол яах вэ гэж боддог уу?
-Тэгвэл зөвлөхийн ажил хийж, багшлаад явах байх аа. Би хааяа төрийн албанд зүтгэхээ байсан цагтаа хувийн бизнес эрхэлж гэр бүлийнхнээ хэрэглээгээ хянахгүй байлгах юмсан гэж боддог үе ч бий. Гэхдээ хар залуугаасаа төрийн албанд зүтгэж ирсэн хүн болохоор чадах ч үгүй биз. Би сургуулиа төгсөөд С.Төмөр багшийнхаа гишүүний туслахаар ажилд орж байлаа. Үүнийхээ хажуугаар хэд хэдэн сургуульд багшилдаг байсан. Миний шавь гээд хөгшин залуу олон хүн байдаг юм. Би найман жил төрийн албаны чиглэлээр их сургуульд хичээл заасан, бас зүгээр ч үгүй захиргааны эрх зүйн чиглэлээр хэд хэдэн гарын авлага ном бичсэн. Одоо бодоход их оргилуун байж дээ. УИХ-ын гишүүний туслах болчхоод хэдхэн хоноод Дархан руу аав руугаа явмаар санагдаад очиж байж билээ. Нэг совин татаад байсан юм. Тэгээд аавдаа шинэ ажлын үнэмлэхээ үзүүлэхэд аав минь жигтэйхэн баярласан сан. Харин аав маань очсоны минь маргааш нь бурхан болсон.
-Таны аав ямар мэргэжлийн хүн байсан юм бэ?
-Аав маань барилддаг, аймгийн арслан хүн байлаа. Сүүлд сургуульд сурч санхүүгийн мэргэжилтэй болсон. Намайг багаас маань л номын хүн болоосой гэж хүсдэг байсан. Хүүгээ мундаг хүн болоосой гэж хүсдэг тийм л нэгэн аав байсан. Одоо өөрөө аав болчхоод явж байхдаа хэрэв аав маань намайг төрийн түшээ болчхоод явж байгааг харсан бол жигтэйхэн бахархах байсан байх даа гэж бодогддог юм. Аав маань надад маш их итгэдэг байсан болохоор би тэр итгэлийг нь л алдахгүй гэж хичээдэг байсан сан. Одоо ч тэр л сэтгэлээрээ ажиллаж яваа.