С.Бямбацогт: Н.Багабанди, Н.Энхбаяр гэж хоёр хүний 20 жилийн түүхтэй өрсөлдөөн МАН-ыг ийм байдалд хүргэлээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ?
-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад УИХ-ын даргад өргөн барих гэж байна. УИХ-ын нэг гол чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм, Үүнийгээ УИХ хангалтгүй биелүүлдэг. Одоогийн байдлаар батлагдаж гарсан 400 гаруй төсөл хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд гэхэд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг баталсан. Дагалдуулж 17 хууль шинээр санаачилж, 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл орж ирснийг эс тооцвол Засгийн газар нэг ч хууль өргөн барьсангүй. Урт нэртэй хууль байна. Аль хэдийнэ батлагдсан. Засгийн газар, яам, агентлагууд хариуцлагагүй ажиллаж энэ хуулийг хэрэгжүүлээгүй. УИХ-ын баталсан хууль хэрэгжүүлэгч байгууллагад таалагдахгүй бол хэрэгжүүлэхгүй байж байгаад хүчингүй болгуулъя гэсэн зарчмаар Засгийн газрын үйл ажиллагаа явж байна. Ийм байж таарахгүй шүү дээ. Тийм учраас УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн найруулах ажлын хэсэгт байгаа. Бүсийн нэмэгдлийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай гэх мэтийн хуулийн төсөл дээр ажиллаж байна даа.
-Засгийн газрын талаар ажил хэрэгч шүүмжлэл хэлж байна. Сүүлийн үед Ерөнхий сайдын хувийн асуудалтай холбоотой мэдээллүүд их гарах болсон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ер нь хүн бизнес хийж, орлого олж болно. Амьдрахын тулд хуулиар хориглоогүй бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй. Ийм маягаар орлого олсон бол татвараа төлсөн байх ёстой, ард иргэдийн сайн сайхны төлөө юм хийсэн байх учиртай. Бусад орлогоороо лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэр хүний хэрэг. Хөрөнгөө хуулийн хүрээнд олж авсан бол гайхаад байх зүйлгүй.
-Гэхдээ албан тушаалаа ашигласан юм биш үү?
-Тэгвэл асуудал яригдах байх. Гэхдээ өөрөө сонин, телевизээр энэ талаар тайлбар хийгээд байсан шүү дээ.
-Танай нам хоёр хуваагдчихлаа. Нэрийн асуудлаас болж нэлээд маргаан дэгдэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ямар бодолтой яваа вэ?
-Эцсийн эцэст хувь хүмүүсийн хоорондын өс хонзон МАН-ыг ийм байдалд хүргэж байна. Н.Багабанди, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний арав, 20 жилийн түүхтэй өрсөлдөөн, тэмцэл МАН-ыг ийм байдалтай болголоо. Тэд болиосой гэж бодож байна. Энэ бол миний хувийн байр суурь.
-Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд дайралт нь Н.Багабанди гэхээсээ илүү Ерөнхий сайд асан С.Баяр руу чиглээд байгаа юм биш үү?
-1990-ээд оны МАХН-ын дотоод амьдралд байсан тэмцэл, зөрчлийг хөөгөөд үзвэл Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын зөрчил байж таардаг. 1997 оны намын ээлжит бус их хурал, түүний өмнөх хурал, 1992-1996 оны процесс гээд үзвэл энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын аль, аль нь өөрсдийн бүлэгтэй байсан байх. Тэдний өрсөлдөөн явсаар эцэстээ намыг ийм байдалд оруулж байна. Тэгэхээр үүнийг эхлүүлсэн хүмүүс нь үүнийгээ зогсоогоосой. Намаа хагалахгүй, эв нэгдэлтэй байлгахын тулд хувийн эрх ашгийг гуравдугаарт тавиач. Сонгууль ч дөхөж байна. Жижиг амбицаа байдаг газарт нь тавиасай гэж хүсэж байна.
-Намын хагарал хуваагдал энэ хоёр хүнээс эхлэлтэй юм бол Ерөнхий сайд асан С.Баяр яасан юм бэ?
-Яах вэ дээ. С.Баяр бол Н.Багабанди даргын үргэлжлэл байхгүй юу.
-Одоо үүсээд байгаа маргааныг зогсоох арга байгаа гэж бодож байна уу?
-Тэгэхгүй бол энэ тэмцэлдээнээс хэн хожих юм. МАН-ын хэдэн зуун мянган гишүүн хохироод явах юм уу. Бүгдээрээ л хохироод үлдэнэ.Энэ хоёр хүн хоёулаа Монгол Улсад байж болох бүх л том албан тушаалыг хашиж явсан. Тиймээс тэдэнд асуудлыг зөвөөр зохицуулах ухааны цар, эр зориг байгаа байлгүй дээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрд буцаж ирэх гээд МАН-ынхныг зовоогоод байгаа юм уу. Танай генсекийн амнаас ийм үг гарч байна лээ?
-Би тэгж бодохгүй байна. Түрүүн хэлсэн дээ. Хувь хүмүүсийн өс хонзонгоос үүдэлтэй маргаан өрнөөд байгаа байх. Өөр юм хэлмээргүй байна.
-Уг нь таныг намынхаа болохгүй бүтэхгүйг зоригтой шүүмжилж чаддагаараа намын залуу гишүүдээсээ ялгардаг гэж боддог. Гэхдээ Удирдах зөвлөлд орсноосоо хойш амаа үдүүлчхэв үү гэж харагдаад байна?
-Би хэзээд өөрийнхөөрөө явж ирсэн. Аливаа юмнаас хараат байж үзээгүй. Төрөөс юм уу, хэн нэгнээс хөрөнгө мөнгө, албан тушаал гуйгаагүй. Өөрийнхөө хүчээр амьдраад байж чадна гэж боддог. Тийм болохоор албан тушаалаар амаа үдүүлэх хүн биш.
-МАХН гэдэг нэрийг тэртэй тэргүй өөрчилчихсөн юм чинь авъя гэж байгаа хүн нь авч л байг. Юу нь болохгүй байгаа юм?
-Намуудын тухай хуульд тодорхой заалт байгаа. Энэ хүрээндээ л явж байгаа байх. Манай нам дүрэмдээ МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд заачихсан. Заавал улс төр хийх гээд зүтгээд байгаа бол МАХН нэрийг булаацалдалгүйгээр улс төр хийж болно шүү дээ.
-МАН сонгуулиар МАХН-д хамаг суудлаа алдахаас айгаад байгаа юм биш үү?
-Намуудын нэг зорилго бол сонгуульд ялалт байгуулах. Ингээд зүтгэж байхад хажуугаас саад хийгээд байвал яах уу. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг биз дээ. Түүнтэй адил шүү дээ.
-Тийм учраас танай намынхан Н.Энхбаяр гэж хүний эсрэг янз бүрийн аргаар тэмцээд байна уу. Залуучуудын холбоогоо ч өөдөөс нь босголоо?
-Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Асуудлаа дотроо ярьцгаах байсан юм. ЭнЭ асуудалд миний хувьд эмзэглэсэн. Намынхаа дарга, Монгол төрийн тэргүүн байсан хүн рүү дайрч давшилсан нь тийм ч таатай санагдаагүй. Буруу л юм хийчихлээ дээ гэж бодож байсан. Аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэхийг хүсдэггүй. Би МАСЗХ-ны сонгуульд ажлуудыг хийж явсан. Одоо ч залуучуудынхаа холбоотой ойрхон ажилладаг.
-Долдугаар сарын 1-тэй холбоотой Ерөнхийлөгч байсан хүн ноцтой мэдээлэл хийсэн. Үүгээр бол тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Онц байдал зарлуулсан гэж байгаа?
-Мэдээж долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаа, жирийн ард иргэд, намын гишүүд дэмжигчид эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ үймээнийг зохин байгуулагч, өдөөгч нь хэн байв гэдгийг олж тогтоох ёстой. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шүү дээ. Долдугаар сарын нэгний жагсаал юунаас болж гарсан гэдгийг нь тогтоож хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хэн нэгнийг ялан дийлэхийн тулд хариуцлагын тухай ярих нь зөв ч юм уу, буруу ч юм уу.
-МАХН байраа шатаалгасан учраас хохирсон байх. Гэхдээ таван хүн амиа алдсан нь юу ч биш юм гэж үү. Тэдний ар гэрийнхэн болоод тэр үед гэмтэж бэртсэн хүмүүсийн шарх одоо болтол аниагүй яваа. Танай нам ч яахвэ богино хугацаанд сайхан шинэ байр бариад авлаа?
-МАН шинэ байртай боллоо Нэг талдаа сайн хэрэг. Гэвч нөгөө талаараа МАХН-ын 90 жилийн түүхийг өгүүлэх архив тэр байшинтай хамт шатсан. Энэ бол Монголын түүх байсан. Хэзээ ч нөхөж барахгүй хохирол. Жирийн иргэд, цагдаа нар хохирсон нь том асуудал. Монголын төрийн төлөө тангараг өргөж ажиллачхаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэтэл үүний төлөө Монголын төр яаж ажиллаж байгаа юм. Бодох л ёстой. Хамгийн сүүлд гэхэд сая Ч. Сангарагчааг төрд зүтгэсэний төлөө яллалаа. Тэр бол УИХ-аас томилогдсон хүн шүү дээ. УИХ-аар бүрэн эрхийнх нь асуудлыг ярьдаг байхад ял оноож байдаг. Үүнийг УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал боллоо гэж үзэж байна. Монгол Улс төрдөө ажилласан хүндээ ийм халгаатай байвал төрд хэн ажиллах юм. Монгол төрийн дархлаа, тусгаар тогтнол яах юм.
-Хууль зөрчсөн нь тогтоогдсон Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-д хэд хэдэн удаа оруулсан ч танай намынхан хаацайлаад байсан тал бий байх?
-Манай намынхан хамсаатсандаа биш л дээ. Төрийн төлөө хэн нэгний дарамт шахалт доор биш, аялдан дагалдахгүйгээр тангарагтаа үнэнч ажиллаасай гэдэг зарчмаар хамгаалж байсаН. Мэдээж хэн ч алдаа гаргана. Сэтгүүлчдийг хоёр гурван үсэг алдсаных нь төлөө яллана гэвэл яах юм. Хүнийг базах юм бол баас гарна гэдэг шүү дээ. Тэгээд "чи баастай байна" гээд яллах юм уу.
-Түүний алдаа үсгийн алдаатай зүйрлэх хэрэгбиш байх аа?
-Алдаа гаргахгүйн тулд ажил хийхгүй сууж байх ёстой юм уу. Хүмүүсийг тийм байдал руу түлхэж байгаа юм шиг санагдаж байна.
-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа. Гэхдээ МАН-ынхан холимогоо болиод мажоритар тогтолцоон дээр тогтож байгаа гэсэн үү?
-Мэдэхгүй. Би тэгж бодохгүй байгаа. Тэр энэ тогтолцоо гэхээсээ илүү сонгуулиа шударга явуулчихдаг болбол болоо. Монголын ард түмэн ямар ч тогтолцоо байлаа гэсэн хэнийг сонгохоо мэддэг болоод хэрсүүжчихсэн шүү дээ.