Ж.Энхбаяр: Буруутан нь хэн бэ гэвэл улстөрчид
-Долдугаар сарын 1-нд хүний эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Дүгнэлтийн гол цөм юунд төвлөрч байгаа вэ?
-Ажлын хэсэг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, цагдаагийн байгууллагад хандсан зөвлөмж гаргаж байгаа. УИХ-ын зүгээс шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх, ХЭҮК-ыг өөрчлөн зохион байгуулах, энэхүү комисс болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажлыг уялдуулах шаардлагатай юм. Мөн УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомж, бусад шийдвэрт хүний эрхийн асуудал хөндөгдөж байна гэж үзвэл Хүний эрхийн дэд хороо заавал дүгнэлт гаргадаг байх ёстой. Ер нь нээлттэй сонсгол, тэр дундаа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий сонсголыг УИХ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгтэй байна.Ерөнхийлөгчийн тухайд шүүх, прокурорын байгууллагын боловсон хүчний шинэтгэлийн асуудалд улстөрийн биш хүний эрхийн үүднээс хандаарай гэж зөвлөмж гаргаж буй. Хууль хүчний бүх байгууллагын тангараг, эрхэмлэдэг үнэт зүйлд хамгийн түрүүнд монгол хүний эрхийг хамгаалж, хүндэтгэнэ хэмээн тунхагладаг.
Иймээс шүүгчийн томилгоонд хүний эрхийн хандлагыг шалгуур болгох, хуульчдыг сонгон шалгаруулахдаа олон улсын нийтлэг журмыг барьдаг байх ёстой. Хүний эрхийн баталгаа болохынх нь хувьд шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах учиртай. Засгийн газар, цагдаагийн байгууллагын зүгээс дотоод хяналт шалгалтын тогтолцоог өөрчлөх, хүний эрхийн зөрчил их гардаг цагдан хорих төвүүдийн үйл ажиллагаагхянах, хүний эрх зөрчсөн үйлдлүүдэд тооцох хариуцлагыг чангатгах, цагдаагийн боловсон хүчний тогтолцоонд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүтцийг бий болгох шаардлагатай. Тэрчлэн галт зэвсэг хэрэглэх харилцааг нарийвчлан хуульчилж, хариуцлагыг тодорхой болгох гэхчилэн хийх ёстой олон ажил байна.Шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах хууль зүйн баталгааг хангах, хуульчдыг давтан сургах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлээр мән зөвлөмж гаргалаа.Өнөөдөр Монголд хүний эрхийн зөрчил их байна. Ардчиллын үнэт зүйл нь хүний эрх байдаг. Тэгэхээр энэ бүх зөрчлийг багасгах, хүний эрхийн дархлааг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй. Хууль тогтоох, хэрэгжүүлэх шатанд үүнийг суулгаж, үнэт зүйлийг нь бэхжүүлэхгүй бол хэврэг байна.
-Ажлын хэсгийн зохион байгуулсан нээлттэй сонсголын үеэр зөвхөн цагдаагийн байгууллагын албан хаагчдад бурууг тохоод өнгөрөх нь гэсэн шүүмжлэл гарч байсан. Аливаад хүлээцтэй хандаж, эв нэгдлийг эрхэмлэдэг монголчууд хүний алтан амь эрсдэх хэмжээнд хүртэл үймсний уг шалтгаан юунд байна вэ?
-Долдугаар сарын 1 бол Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх хамгийн хар өдөр. Туйлын харамсалтай, цөөхүүлээ Монголд байж боломгүй үйл явдал. Ажлын хэсэг ХЭүК-ын илтгэлийг хэлэлцэх ажлынхаа хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулсан.Сонсголын гол зорилго нь хэн нэгнийг буруутгахад биш болсон үйл явдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж байсан. Цаашид ийм үйл явдлыг дахин гарахаас сэргийлэх, олон түмнээрээ сургамж авах, учир шалтгааныг нь сайн тодруулах зорилготой ажиллалаа. Ерөнхийдөө долдугаар сарын 1-ний үймээн самуун буюу нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох үйл явцад дотоод гэхээсээ илүү гадаад хүчин зүйл нөлөөлөх магадлал өндөр. Янз бүрийн өнгөтэй хувьсгалууд, өнөөдрийн Киргизийн асуудал гэх мэт нь эцсиин цэгтээ юунд тулж байна вэ.
Энэ нь дэлхий нийтээр эрдэс баялгийн салбарт хяналт тогтоох гэсэн өрсөлдөөн ширүүссэнтэй холбогддог, тэр нь тухайн улс оронд янз бүрийн нөхцөл байдал үүсэхэд нөлөөлж байна гэж би хувьдаа ойлгодог. Өрнөж буй үйл явдлуудыг харж нягталж байхад энэ итгэл үнэмшил маань улам баталгаажиж байна.Нөгөө талаар бид 1990 оноос ардчилсан нийгмийг байгуулж буй ч засч залруулах шаардлагатай, алдаатай, дутуу дулимаг зүйл их байна. Ардчиллын үнэт зүйлүүд бэхжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутуу, шинэчлэх, сайжруулах, өөрчлөх шаардлагатай их зүйл байгааг долдугаар сарын 1-ний үймээн харууллаа. Бид энэ бүхэнд зөв дүгнэлт хийж, ялангуяа улстөрийн намууд, улстөрчид үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, баталж буй хууль тогтоомжуудад анхаарч, алсыг харж урагшлах ёстой. Монгол орон байгалийн асар их баялагтай, гадаад, дотоодын үндэстэн дамнасан корпорациудын эдийн засгийн сонирхол хүчтэй орж ирж байна. Ийм цаг үед бид үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгаараа нэгдэх учиртай.
-Хорин жил ардчиллын замаар явсан хэрнээ үнэт зүйлээ бэхжүүлж чадаагүй, тогтолцоонд алдаа мадаг их байгаагаас үймээн дэгдэхэд хүрчээ гэж ойлголоо. Тэгвэл долдугаар сарын 1-ний үйл явдлын гол буруутан нь хэн бэ. Хэдийгээр буруутныг хайх чухал биш ч энэ асуултын хариултыг хүмүүс хүлээж байгаа?
-Буруутан хэн бэ гэвэл улстөрчид. Улстөрчид улс орныг авч явж, улстөрийн намыг удирдаж байна. Энэ үйл явдлыг өдөөсөн, турхирсан, зохион байгуулалтад оруулсан, хяналтад авч чадаагүй улстөрчид буруу-тай. Тэд хариуцлага хүлээх ёстой. Долдугаар сарын 1-ний үймээний хариуцлагыг хэн нэг хүнд эсвэл аль нэг байгууллагад хүлээлгээд өнгөрөх нь буруу. Хувь хүн, Дорж, Батын асуудал биш. Харин улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашиг хөндөгдсөн шүү дээ. Хэтэрхий амгалан, гэнэн итгэмтгий монголчууд бид их том аюултай үйл явдлын захыг шүргээд гарлаа. Эндээс л сургамж авах ёстой. Цагдаагийн байгууллагын хувьд хүчин чадал, техник хангамж ямар байгаа билээ. Тэр нөхдүүд байгаа бүх хүчин чадлаараа ажилласан. Ер нь долдугаар сарын 1-ний үйл явдлыг нягталж байхад далд, бидэнд анзаарагддаггүй байсан олон зүйлийг илрүүлж чадсан. Жагсаал цуглаан, улстөрийн намууд, сонгуулийн хууль, хүчний байгууллагын хүчин чадал, ажиллах орчин нөхцөл, эрх зүйн ” зохицуулалтыг тодорхой болгох шаардлага байна. Сургамж авч, энэ бүх асуудлыг шийдвэрлэж, хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Тэгвэл улстөрчдөд яаж хариуцлага тооцох ёстой бол?
-Улстөрчдөд хариуцлага хүлээлгэх эрх нь сонгогч олон түмэнд байдаг.
-Долдугаар сарын 1-нд онц байдал зарласнаас хүний амь нас сүйдэхэд хүрсэн, үймээнд оролцсон хүмүүст ял оноож хэлмэгдүүлсэн гэж зарим хохирогч үздэг. Эндээс үүдээд тэр өдөр яг хэний эрх зөрчигдсөн юм бэ гэдэг эргэлзүүлдэг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Үймээнийг зогсоохын тулд онц байдал зарласан нь төр хийх ёстой ажлаа цаг алдалгүй хийсэн арга хэмжээ. Монголын төр маш богино хугацаанд асуудлыг таслан зогсоож чадсан. Онц байдал зарлах нь олон түмний эрх ашгийг хамгаалах зорилготой. Улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Хэний эрх зөрчигдсөн бэ гэж байна. Үймээнийг турхирсан, татагдан орсон иргэдийн хувьд тэр хүмүүс Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагаа хүлээгээд, ялаа эдлээд, нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн. Энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгоогүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэд гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой, төр ял оноосон, тэгээд нэг удаа уучлал үзүүлсэн. Түүнээс биш хэрэг үйлдсэнийг нь үгүйсгээгүй. Дахин хэлэхэд долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэргийг үгүйсгээгүй. Үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр энэ асуудалд хэн нэгэн нь улстөрийн ашиг хонжоо олох үүднээсхандаж болохгүй. Харин нийгмийн, нийтийн том ухаарал, сургамж авах ёстой. Тэр ч үүднээс бид ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатай хэлье.