Ж.Энхбаяр:Бидэнд баярлаад байх юм бага байна шүү
УИХ-ы гишүүн Ж.Энхбаяртай хийсэн ярилцлаа.
-УИХ дахь МАХН-ын бүлгээс намын шинэ удирдлагадаа шаардлага хүргүүлсэн талаар яриагаа эхэлье. Шинээр үүрэгт ажлаа авж буй удирдлагад шаардлага өгч байгаа нь олон нийтэд намын шинэ дарга С.Батболдын байр суурины талаар эргэлзээ төрүүлж байна. Энэ шаардлагыг ямар учраас өгсөн юм бэ?
-Энэ шаардлага нь МАХН-ын өнөөгийн шинэ удирдлагад хаягласан биш бөгөөд, намын өмнөх дарга С.Баярт хаяглаж бэлтгэсэн зүйл байсан юм. Намын 25 дугаар их хурлаас намын боловсон хүчний бодлого, намын шинэчлэлийн асуудлаар нилээн томоохон бичиг баримт баталсан байдаг. Энэ ажлын хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Үүнийг намын шинэ дарга анхааралдаа авч энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой. Одоо ч гэсэн нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй учраас энэ шаардлагыг намын шинэ удирдлагад очих нь зүйтэй гэж үзсэн. Иймд С.Баяр даргад очих байсан шаардлага С.Батболд даргад очиж байгаа нь энэ юм.
-МАХН-н удирдлага өөрчлөгдсөнөөр МАХН шинэчлэгдэх үү?
-Хүн өөрчлөгдсөнөөр шинэчлэгдэж байна гэж дүгнэх нь ихээхэн учир дутагдалтай. Нам бол улс төрийн манлайлах том хүчин. Үндсэн хуулиар нам улс төрийн хөтөлбөрөө олон түмэндээ танилцуулаад, саналаа аваад, улс орноо удирдан зохион байгуулж байна гэж заасан байдаг. Тийм учраас намын шинэчлэл гэдэг бол хүн солигдохоос илүүтэйгээр намын шийдвэр гаргаж байгаа зарчимд нь, шийдвэр гаргаж буй удирдлагын бүтцэд өөрчлөлт орсноор энэхүү шинэчлэлийн асуудал яригдах байхаа гэж бодож байна.
-Заагдсан нөхцөл байдлууд одоо ч хуучраагүй байна гэлээ. Уг шаардлагад заагдсан “дотоод харилцааны зарчмийг өөрчлөх шаардлагатай” гэсэн нь юу гэсэн үг вэ?
-Тухайн үед буюу С.Баяр даргын үед намын удирдлага тусдаа, засаглал тусдаа, намын цөм болсон намын УИХ дахь бүлэг тусдаа, үйл ажиллагааны уялдаа холбоо сул байсан. Үүнийг зохион байгуулалтанд оруулж зүйд нь оруулах ёстой гэх асуудал байсан юм. Түрүүчээсээ ойлголцохыг шаардан намын даргаар шинэ хүн сонгогдон намын 25 дугаар Их хурлын зарчмийн дагуу эрхээ аваад үүрэгт ажлаа эхэлж байна.
-Намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байгаа хэмээн шаардлагад дурдсаныг тайлбарлаж өгөөч, намын удирдлагыг сонгож байгаа бага хурлуудын үйл явцыг харвал аливаа асуудлыг олонхиороо шийдвэрлэж байна. Тэр ч бүү хэл 100 хувийн саналаар л шийдэж байна шүү дээ. Гэтэл яагаад ганцаарчлан захирах тухай яриад байгаа юм бэ?
- Намын бага хурлуудын шийдвэр МАХН-ын дотоод ардчиллын хүрээнд, асуудлаа зөв хараад, зөв шийдэж байгааг л илэрхийлж байгаа юм. Өөр бусад асуудлууд дээр жишээ нь боловсон хүчний бодлого, зохион байгуулалт, улс төрийн томоохон шийдвэр гаргахад хэт ганцаараа шийдэж байгаа зүйлс харагдаж байна. Энэ шаардлага бол намын даргын ажиллагааг дэмжиж байгаагын илэрхийлэл гэж ойлгож болно. Намын шинэ даргад энэ шаардлагыг анхаараасай гэж сануулж байгаа юм. Яагаад гэвэл энэ хүн ажлаа дөнгөж шинээр аваад байгаа хүн. Урьдын удирдлагын алдаа нь энэ байна хэмээн бүлгийн гишүүдийн гол цөм нь ингэж үзэж байгаагаа шинэ удирдлагад сануулж байгаа юм.
-МАХН-ын Удирдах зөвлөлд намын бүлгийн гишүүдээс хэр олон хүн байдаг вэ?
-Намын дүрмийн дагуу хязгаартай байдаг. Удирдах Зөвлөлд Улсын Их Хурлын гишүүдийн байх квот байдаг. Энэ квотынхоо хэмжээнд л байгаа.
-Квот байх шаардлага бий юу? Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгийн хоорондын харилцаа хэвийн байж чадаж байна уу?
-Яг өнөөдрийн нөхцөлд бол тийм квот байх шаардлагагүй. Улс төрийн гол цөм УИХ-ын гишүүд байж байхад, намын бүлгийн гол гишүүд УЗ-ийн гишүүдийн дийлэнхи байх нь зүйн хэрэг мэт санагдаж байна.Удирдах Зөвлөлийн шийдвэр намын бүлгийн шийдвэр хоёрын хоорондын уялдаа холбоо дутуу байна уу гэж харагдаж байна.
-Жишээ нь?
-Маш олон үйл ажиллагаан дээр харагдаж байна. Тийм ч болохоор Удирдах Зөвлөлийг шинээр эмхэтгэн байгуулах нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ үүнийг намын их хурлаар, намын ээлжит хурлаар л шийдвэрлэх боломжтой-Та намын залуучуудын байгууллагад ихээхэн үүрэгтэй оролцож явсан хүн. Одоо МАХН-н Боловсон хүчнийг бэлтгэх, сонгох бодлого ямар түвшинд явагдаж байна?Өнөөдрийн хувьд бүрэн дүүрэн хангалттай гэж хэлж болохгүй. Тиймээс ч энэ шаардлагууд тавигдаж байгаа.
-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тал дээр та ямар байр сууртай байдаг вэ? Таны дэмжиж буй сонгуулийн системийн сайн муу тал нь юу вэ?
-Сонгуулийн хоёр хууль нь сайн муу зүйл олонтой. Миний хувьд пропорциональ системийг бодлогын хувьд дэмжих ёстой гэсэн байр сууртай байгаа. Нийт өгсөн саналыг засаглалд бүрэн тусгах ёстой, үүнийгээ хувь тэнцүүлэн тооцох зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр хувь хүнээ бодоод, шинэ залуу нэр дэвшигчидээ бодвол хуучин систем нь илүү их боломжтой гэж санагддаг. Энэ системээр УИХ-ын гишүүдийн 40-50 хувь нь солигдоод байх боломжтой байдаг буюу шинэ залуу хүн сонгогдоод байдаг.
Одоогийн санал болгож буй хуулиар үндсэндээ шинэ залуучууд хуучин туршлагатай гишүүдтэй өрсөлдөхөөр болоод байна. Жишээ нь, би Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бус бүхий л Монгол Улсын хэмжээнд санал авах шаардлагатай гэсэн үг юм. Муу тал нь, өнөөдрийн сонгуулиар их хурлын гишүүд айлын малчны хотонд, багийн төвд, хороонд хүртэл хүрч ажиллаж чадаж байна. Харин энэхүү пропорциональ системээр бол сонгогдож байгаа гишүүд ард түмний хооронд хөндийрөл үүсгэх байхаа гэж бодож байна. Хүрж чадахгүй, хүрэх бололцоо ихээхэн муу гэж үзэж байна. Сайн тал нь улс төрд Монгол Улсын шилдэг 76 нь хэн бэ гэдгийг нэг мөр шийднэ. Үүний үр дүнд парламентийн засаглал хүчтэй болно. Улстөрчдийн нөлөө өндөр болно. Гарч буй шийдвэр хүчин чадал өндөртэй болно. Яваандаа засаглалын хэлбэрийг өөрчлөх томсгуур болно. Нэгэнт бүх ард түмний дундаас сонгогдсон төлөөлөгчид учраас дундаасаа ерөнхийлөгчөө сонгох боломжтой болно. Дахин дахин олон сонгууль явуулах шаардлагагүй болно. Том өөрчлөлтийн суурь болно гэж бодож байна. Том эрх ашигаар нь харвал Монгол Улсын эрх ашигт нийцэж байна гэж үзэж байна. Мөн тохиолдлын улсууд орж ирэх, хэн нэгэн өнгө мөнгөний асуудлаар, хэн нэгэн даргын “халаас”-ны улсууд төрд шургалж орох боломжгүй болох юм. Үндсэндээ ард түмнээсээ шүүгдээд хамгийн өндөр санал авсан 76 хүн л сонгогдох боломжтой болно гэсэн үг.
-Энэ систем нь эмэгтэй нэр дэвшигчдэд ямар нөлөө үзүүлэх бол? Намын жагсаалт бүхий пропорциональ системд сонгуульд илүү амжилт үзүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн нэрийг жагсаалтны хойгуур оруулах зүйл байдаг.
-Нийт нэг сая хоёр зуун мянган сонгогчийн 600 мянга гаруй нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр заавал эрэгтэй эмэгтэй гэж ялгахаас илүү хувь хүн талаас нь хэн нь хэн бэ гэдгийг харах нь чухал биз. Жагсаалт нь сайн муугаар нь жагсаах биш, эрэгтэй эмэгтэйгээр нь ялгах биш, цагаан толгойн үсгийн дарааллаар А-Я хүртэл бичигдэх бөгөөд сонгох хүн өөрөө дугуйлж шийдэх л асуудал. Үүнд би тэрнээс илүү дутуу хэмээн дээр доор гарах эрэмбэлэх бололцоо байхгүй. Нам өөрөө дотооддоо шалгуураа гарган жагсаалтаа гарган бүх ард түмэндээ нэрсийг нь санал болгох байх.
-Сүүлийн үед зарим асуудлыг хойшлуулах боллоо. Үүний нэг нь Байнгын хороогоор хэлэлцэх Хүний эрхийн дэд хорооны 7-р сарын 1 ний өдрийн үймээн, хүний эрхийн зөрчлийн талаархи мэдээлэлтэй холбоотой 2 дахь сонсгол байв. Хойшлуулах үндэслэлд прокурор оролцох боломжгүй гэх тайлбар гаргалаа. Хойшлуулсны цаана ямар нэгэн зорилго байгаа юу? Энэ хорооны гишүүний хувьд та юу гэж үзэж байна вэ?
-Тайлбар нь үндэслэлтэй л дээ. Үндэслэлийг ойлгон хүлээн авч байгаа. Тийм ч учраас УИХ-ын даргын гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байна. Хоёрдугаарт, Бид улс төрийн том шийдвэр гаргах цаг дээр ирээд байна. Улс төрийн тогтвортой байдал, намуудын хамтын ажиллагаа ихээхэн чухал байна. Энэ үед ямар нэгэн хэлбэрээр улс төрийг хурцатгах нөхцөл байдлыг үүсгэх асуудлыг хойш нь тавих хэрэгтэй гэсэн зарчмын зүйл байгаа юм. Асуудлыг хэлэлцэхээ больж байгаа биш бөгөөд зөвхөн хойш нь тавьж буй хэрэг юм. Ингэснээр хаа хаанаа ухаантай тайван байдлаар асуудлыг шийдэх боломжийг бий болгоно. Энэ бол больж байгаа биш, хойшлуулж буй хэрэг гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Хойшлуулаад байснаар гэм буруутай этгээдэд ял завших боломж бүрдүүлэх юм биш үү?
-Ял завших асуудал байхгүй. Энэ үйл явц нь болоод өнгөрсөн, дүгнэчихсэн зүйл. Тиймээс нээлттэй хэлэлцүүлгийг хойшлуулсанаар хариуцлагаас мултарна гэх зүйл байхгүй.
-Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал цаашид ямар байдлаар үргэлжлэх бол?
-Бид өнгөрсөн 20 жилээ дүгнэхгүй бол цааш явахгүй нь ээ. Бороогоулдын уурхайг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Монгол улс түүхэндээ анх удаа 40 сая тонны нөөцтэй орд газрыг ашиглахаар боллоо.Энд юу анзаарагдаж байна гэхээр уул уурхайн стандарт, үндсэн ордын нөхөн сэргээлт, үндсэн ордын хаалт, технологийн асуудлууд, хууль эрх зүйн олон асуудлууд, хяналт шалгалтын асуудлуудыг шийдэгдээгүйгээр байсаар байна. Ийм асуудал байсаар атал томоохон ордыг ашиглаж байгаа нь болгоомжлол төрүүлж байна. Ашигт малтмалын хууль эрх зүйн орчинг сайжруулах тал дээр хийгдсэн ажил байнаТаван толгойн орд газрыг ашиглахтай холбогдон томоохон улс төрийн нөхцөл байдлууд үүсээд байна. Янз бүрийн байр сууриуд гарч байна. Аж ахуй нэгжүүд хүртэл байр сууриа илэрхийлээд эхэллээ. Үүнд бид маш бодолтой хандаж өнгөрснөө дүгнэн улс төрийн нэгдсэн шийдвэр гаргах хэрэгтэй байна. Монголд байгаа энэ их алт, мөнгө, уран бол баярлаад байх зүйл биш юм. Энэ нь бид нарын хувьд уйлах зүйл ч болж магадгүй болоод байна. Бид ухаан зарж энэ том бодлогын ард гарахгүй бол гадны томоохон орнуудын тоглоом болж магадгүй боллоо. Дэлхийн зах зээл дээр Монгол Улс бие даасан байр сууриа илэрхийлж, томоохон тоглогч болох боломжоо алдаж магадгүй байна. Үндэсний аж үйлдвэрээ босгох боломжоо алдаж ч магадгүй байна.Ийм л хүнд нөхцөл байдалд ирээд байна. Бидэнд баярлаад байх юм бага байна шүү.