7 Сарын 1-ны өдөр юу болсон? хүний эрх хэрхэн зөрчигдөв?
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, хүний эрхийн төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хууль зүй, хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгч, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Конрад Аденауэрийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, зарим дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар, өмгөөлөгчид, долдугаар сарын 1-ний үеэр эрх нь зөрчигдсөн иргэдийг оролцуулсан нээлттэй сонсгол боллоо. Харин “Долдугаар сарын 1 ба Хүний эрх” сэдэвт сонсголын чухал бүрэлдэхүүн хэсэг болох байсан прокурорын төлөөлөгчид ирсэнгүй. Монгол Улсын ерөнхий прокурор оролцох боломжгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын дарга, орлогч хоёр өвчтэй гэсэн тайлбар ирүүлж, хуралдаан төгсөх дөхсөн үед эмчийн магадлагааг хуралдаан даргалагчийн нэр дээр ирүүлсэн юм. Утсаа салгасан байна гэсэн яриа ч гарч байсан. Уг нь прокурорууд ирсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд ямар зөрчил гарсан талаарх мэдээллийг тэднээс сонсох ёстой байжээ. Сонсгол өглөө 10.00 цагт эхэлж 16.00 цаг орчимд өндөрлөв.
Уг арга хэмжээг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, тус дэд хорооноос байгуулж Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Долдугаар сарны 1-ний үйл явдлын үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг судлан дүгнэх ажлын хэсгээс зохион байгуулсан юм. Ажлын хэсгийг энэ оны долдугаар сарын 1-нд байгуулжээ.
Нээлттэй сонсголыг Хүний эрхийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Э.Бат-Үүл даргалж дэд хороо, ажлын хэсгийн гишүүд оролцон TY-9, NTV, Eagle телевизүүд шууд дамжуулан нэвтрүүллээ. Нээлттэй сонсголд оролцохоор 178 хүн бүртгүүлснээс танхимын багтаамжаас шалтгаалан 40 ажиглагч, гэрчийг оруулахаар болжээ. Ажиглагчдын дотор Иргэний хөдөлгөөний Г.Арслан, Н.Саруул нарын зүтгэлтнүүд, “Долдугаар сарын 1” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байсан “Иргэний альянс” төвийн тэргүүн Ж.Занаа, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нар байлаа.
Ажлын хэсгийн нэр дээр галт зэвсэг хэрэглэсний улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, шархадсан иргэдээс зургаа, зодуулсан, дарамтлуулсан, эрүү шүүлтэд өртсөн иргэдээс 18, прокурор, шүүхийн байгууллага нэг талыг барьсан, дээрээс өгсөн зааврын дагуу ажилласан гэх 13, эд хөрөнгийн хохирол барагдуулах болон бусад асуудлаар 18 гомдол иргэдээс ирсэн байна.
Гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр уг сонсголоор хэн нэгнийг яллах, аль нэг талд нь давуу тал олгох зорилго агуулаагүй бөгөөд гэрч нар гэдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэрч гэдэг ойлголтыг бус үйл явдалд биеэр оролцон нүдээр харсан хүмүүсийг нэрлэсэн байна. Гишүүн Ц.Дашдорж “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсанаар хүний амьд явах эрх зөрчигдөж таван хүнийг буудаж хөнөөсөн. Цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг хохироох ёсгүй байдаг. Нэр нь тодорхой бус ч цагдаагийн ажилтан хүн буудсан гэдэг. Цагдаагийн байгууллагын тухай хуульд галт зэвсгийг хэрхэн хэрэглэх тухай заалт маш бүрхэг. Урьдчилан сануулаад буудна гэсэн заалт л байдаг. Сануулаад баривчлах юм уу, шууд л буудах уу гэдэг бүрхэг. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээр хохирсон цагдаагийн ажилтнуудад нөхөх олговор олгох тухай ярьж байгаа. Нийтээр хоморголон баривчилсан гэдгийн хувьд Дэнжийн мянгын урьдчилан саатуулах төвд 716 хүнийг хорьсны дотор 26 хүүхэд, 21 эмэгтэй байсан. Тэднээс 60 хувь нь суллагдаж 280 хүнд ял төлөвлөсөн. Нийслэлийн Бага тойрууд Онц байдал тогтооно гэсэн хязгаар тогтоож өгсөн ч баривчлагдсан хүмүүс дотор огт өөр газраас баригдсан хүмүүс байсан. Цагдаагийн ажилтнууд Бага тойруу гэдгээ ч мэдэж байсан уу, үгүй юү. Баримт бичиггүй явсан хүнийг 72 цаг саатуулна гэсэн заалтыг зөрчиж бүх хүнийг олон өдрөөр хорьж, гадаа талбайд нар, бороонд галуун цуваагаар суулгаж байцаасан. Нэг өрөөнд олноор хорьсон. Амьсгалах нөхцөл хүнд, цагдаа нар хүнлэг бус хандсан, эрүүдэж шүүсэн гэсэн хэсэг илтгэлд бий. Нийт 244 хүний 84,6 хувьд хорих, 8,9 хувьд баривчлах, 0,8 хувьд торгох шийтгэл оноож найман хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэрэгт ердийнхөөс хатуу хандсан. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг насанд хүрсэн хүмүүстэй хамтатган хаалттай шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд бий” гэлээ. Үүний дараа үндсэн сонсголдоо орлоо.
Сонсголыг нийт дөрвөн бүлгээр явуулсан юм. Эхний бүлэг нь долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэдийг баривчилсны дараа цагдаагийн байгууллагын байр, харьяа нутаг дэвсгэр дээр зодож дарамталсан тухай асуудал байв. Энэ хэсэгт хохирсон иргэдийг төлөөлж гэрчээр Н.Оргилболд, Х.Түвшинжаргал, Г.Энхцэцэг нар, цагдаагийн байгууллагыг төлөөлж ЭЦГ-ын дарга асан Л.Ганболд, ЭЦГ-ын дэд дарга асан Б.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын ахлах байцаагч асан Д.Ганболд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баатарпүрэв, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Батчулуун, Мөрдөн байцаах газрын дарга Ц.Эрдэнэбат нар оролцсон юм. Гэрч болох гурван иргэн баривчлах явцад болон албадан саатуулах, баривчлах байранд байх үед цагдаа нар иргэдийг хэрхэн хэрцгийлэн зодож тамлаж, цус нөжтэй нь хутгаж байсан, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан талаар дэлгэрэнгүй ярилаа. “Та нарыг овоолж байгаад буудна” хэмээн заналхийлэхийг сонсоод 1937 онд ийм байсан байх гэсэн бодол төрснөө тэд хэлж байлаа. Гэрчүүдийн дэлгэрэнгүй яриаг манай сонины өчигдрийн дугаарт нийтэлсэн тул энд давхардуулалгүй орхив. Тэднийг ярьсны дараа цагдаагийн дарга нар үгээ хэллээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядамдорж: -Орой 21.00 цагийн үед жагсаал цуглааныг тараахад хүч хүрэхгүй болсон. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дайрах гэж байгаа тухай мэдээ ирсэн. Иргэдийг салган тусгаарлах үйл ажиллагаа явуулж байхад хамгийн идэвхтэй эсэргүүцэж байсан хүн нь Г.Энхцэцэг. Г.Энхцэцэг орилж хашгирч, бусдыг уриалан дуудсан, их согтолттой байсан. Цагдаа нарыг дайрч давшилсан, улаан цамцтай, хаана зодуулсан юм бүү мэд, цамц нь нэлдээ цус болсон байсан. Согтуу хүнд янз янзын юм харагдсан байх. Манай жолооч Г.Энхцэцэгт хүнлэг хандсан. Ахад ээмэг, бөгжийг минь өгөөрэй гэснийг өгсөн. Зургаа хоног саатуулсан.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баатарпүрэв: - Н.Оргилболд бол намын байрны дэргэд бензин тараасан. Орой 23.00 цагийн үед манай Цагдаагийн хэлтсийн цонхуудыг хүмүүс хагалсан. Манай цагдаа нарт хүн зодох зав байгаагүй.
Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Батчулуун: -Манай байр хүчин чадлаасаа 4,4 дахин олон хүн хүлээж авсан. 731 хүн баригдаж ирсэн. Манайх цагдаагийн 44 ажилтан, үүнээс найман эмэгтэй ажилтантай. Тэр шөнө үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын ес нь эмэгтэй байсан. Нэг эмч, дөрвөн сувилагчтай, тэд 139 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.
Ирсэн хүмүүсийг гадаа 30,30-аар суулгаж тоолсон. Зогсоовол дайрах хүн байсан. Суулгаснаас болж чилсэн хүн байж магадгүй. Би ажилтнууддаа бороохой тарааж өгсөн. Хүч хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулсан.
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа: -Манай 63 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. 19.30 цагт нэмэгдэл болж очсон. Манай 280 албан хаагч хөнгөн, хоёр нь хүндэвтэр гэмтсэн. Албан хаагчид 23.00 цаг хүртэл утаа, угаартай газарт бүслэлтэд байсан. Н.Оргилболд бол бензин тараасан. Гомдолтой гээд байгаа Ц.Мянганбаяр долдугаар сарын 2-нд таксины жолооч зодсон. Эрүүлжүүлэгдсэн гэлээ. Хүний эрхийн дэд хорооны гишүүд дараа нь үг хэлцгээв.
Гишүүн Х.Тэмүүжин: -Та нараас болж долоо найман цагдаа алагдсан гэж худлаа хэлж иргэдийн эрх чөлөөнд халдсан. Хүмүүсийг зодож байснаа камераар бичиж байгаа шүү гэхээр зодохоо больсон гэж хүмүүс хэлж байсан.
Б.Ядамдорж: -Ийм үйл явдалд Монголын иргэд ч, цагдаа ч бэлтгэлгүй, цочролд ороод байсан. Хүмүүсийг галуун цуваагаар суулгахгүй бол тоолж болохгүй байсан.
Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Цагдааг шүүж байгаа юм шиг байж болохгүй. Хоёр талаас мэдээлэл сонсъё. Монголын цагдааг шүүхээ больё.
Энэ үеэр танхимаас “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа түүний хэлснийг эсэргүүцэн босч ирээд Э.Бат-Үүл гишүүнээс зэмлэл хүртэж буцаж суув. Э.Бат-үүл гишүүн “Занаа гараарай. Энэ бол УИХ-ын хуралдааны танхим шүү” гэснээр чимээ намжив.
Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ямар нэг байдлаар шууд ял тохох гэсэн оролдлого байна уу, үгүй юү. Долдугаар сарын 1, хүний эрх гэх юм бол эд хөрөнгөөрөө хохирогчид, гэмтэж бэртсэн цагдаагийн төлөөлөл яагаад байхгүй байна вэ. Иргэдэд хүнлэг бус хандсан, олноор нь хорьсон, хоол ундаар гацаасан гэж байна. Тийм л байх. Тэгвэл 800 гаруй цагдаа ч хоол ундгүй явсан. Санаатай тийм юм хийгээгүй шүү.
Гишүүн Э.Мөнх-Очир: -Санаатай эрүүдэж шүүсэн зүйлгүй. Санаатай зодож цохисон юмгүй гэж Хүний эрхийн комисс тайлагнаж байсан. /Ингэж хэлээд тэрбээр хуралдаан даргалагчаас сануулга авлаа/
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг: -177 хүнээс 100 гаруй нь зодуулсан, дарамтлуулсан гэсэн мэдүүлэг өгдөг.
Гишүүн З.Энхболд: -Дээрээс үүрэг өгсөн гэж хэлж байсан өмгөөлөгч, прокурор байдаг. Тэд мэдүүлэг өгөх ёстой. Дээрээс гэдэг нь хэн бэ. Ерөнхийлөгч үү, эсвэл хэн юм бэ.
Гишүүн Ж.Энхбаяр: -Гэрчүүдээс асууя. Цагдаа нар ямар бүдүүлэг үг хэлж байсан бэ. Гэрчүүдийн биеийн аль хэсэгт цохиж зодсон бэ. 2008 оны сонгуулиар аль нэг намын сонгуулийн штабт ажилласан уу?
Гэрч Х.Түвшинжаргал: -Намайг хулгайч, орон гэргүй, хамаатан садангүй, тэнүүлч гээд духан дээр чинь бичсэн байна гэсэн. Зодоогүй. Доош дарж хэвтүүлээд 111-д аваачсан. “Дээрээс тушаал өгсөн. Овоолж байгаад буудна” гэсэн. Гурван жил зургаан сарын ял сонссон.
Н.Оргилболд: -Зодуулсан. Гар ард гавлаад нүүр боож авч явсан. Хаашаа явж байгааг мэдээгүй. Баянзүрх дүүрэг дээр аваачсан байсан. Хүмүүсийг ОО дотор хувцсаар нь шээс арчуулж байсан. “Бөгсөө оцойлгоод доошоо тонгой” гээд бейсболын цохиураар хүн бүрийг 10 цохисон. Цахилгаан бороохойн цэнэг дуустал зодсон. Гар гавласан, гар дээр гишгэж байгаад байцаалт авсан. Хэргээ хүлээвэл 14 хонуулаад гаргана. Үгүй бол удаана гэсэн.
Г.Энхцэцэг: -Би жирэмсэн байсан. Толгой руу цохисон. Суллагдсаны дараа тархины компьютерийн бичлэг хийлгэсэн. Эмчлүүлсэн. Би бага насны хүүхэдтэй эх хүн. Хүүхдүүдийг зодож байгааг хараад эмзэглэсэн. Шаардлага тавьсан. Шаардлага тавьсан хүн согтуу болдог юм бол би багаж үлээе гэсэн. Цагдаа нар багаж байхгүй гэсэн. Би тэр өдөр улаан цамцтай байгаагүй. Өөр хүнийх байсан. Даараад давхарлаж өмссөн. Би сонгуулиар Чингэлтэй дүүрэгт сонгуулийн штабт ажилласан. /Аль намынх гэдгээ хэлэх шаардлагагүй гэж гишүүд хэллээ/.
Х.Баттулга: -Энхцэцэг жирэмсэн байсан гэсэн. Гэтэл Ядамдорж хурандаа согтуу байсан гээд байна. Энд зөрчил байна. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хүн жирэмсэн гэж худлаа ярихгүй байх. Тэр хүүхэд яасан бэ. Гэтэл архи уусан гээд байгаа.?
Г.Энхцэцэг: -Тэгэхэд хоёр сартай жирэмсэн байсан. Суллагдаж гараад сарын дараа эрүүл мэндийн байдал тааруу болж тархины даралттай, хавантай хэвтэрт орсон. Зуны халуунд даралт ихсээд хордлоготой байсан. Жирэмслэлтээ үргэлжлүүлэхэд эрсдэлтэй байна гээд эмчийн тусламж авч жирэмслэлтийг зогсоосон.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядамдорж: -Энхцэцэгийн бичлэг бий. Догшин авиртай, чулуу шидсэн, цонхонд ойртсон. Согтуу эсэхийг би үзээгүй. Тээвэрлэн хүргэсэн жолооч тэгж хэлсэн. Баригдсан арваад хүнээс ганц эмэгтэй нь байсан. Догшин авирласан тул сараалжтай өрөөнд хийсэн.
Энэ үеэр гишүүн Ж.Сүхбаатар үг хэлэхээр болж, Г.Рэнцэнтавхай түүнийг эсэргүүцэн босч ирээд хуралдаан даргалагчаас зэмлэл хүртлээ. Гишүүн Э.Бат-Үүл “Дураараа юм ярьж болохгүй. Рэнцэнтавхайг гаргаарай” гэснээр тэрбээр танхимаас гарч явав.
Сонсголын хоёрдугаар хэсэгт мөрдөн байцаалтын шатанд хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар гэрч Ц.Занданхүү, Ц.Мянганбаяр нар ярьсан юм. Гэрч Ц.Занданхүү долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэхэд иргэний нийгмийн төлөөллүүд босч хүндэтгэл үзүүлсэн юм. Г.Арслан гараа атган өргөсөн байв. Гэрчүүдийн үгийг сонины өчигдөр, өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй нийтэллээ.
Тэднийг үг хэлсний дараа гишүүн Х.Тэмүүжин “Прокурор байх ёстой. Яагаад прокурор ирээгүй вэ. Асуудалд ийм байдлаар хандаж байгаа төрийн байгууллагатай УИХ хариуцлага тооцох ёстой. Тэдний хяналтад байдаг цагдаа нар нүүрээ улайлгаад сууж байх ёсгүй. Өөр оронд бол парламент тэднийг хөөж ирэх байсан гэлээ.
Гуравдугаар хэсгээр шударга шүүхээр шүүлгэх эрх хэрхэн зөрчигдсөнийг сонслоо. Түүгээр прокуроруудын мэдээллийг сонсох байсан ч тэд ирээгүй. Хэдийгээр гишүүн Ж.Энхбаяр “Прокурор байхгүй үед энэ асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй” гэсэн ч н.Бэхбат, н.Цэнд-Аюуш, н.Ганчимэг, н.Пүрэвбаатар, н.Хатанбаатар нарын өмгөөлөгчдийн үгийг сонссон юм. Гишүүн Ж.Сүхбаатар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр прокурор ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Хуралдааныг үргэлжлүүлэх ёстой” гэснээр сонсголыг үргэлжлүүллээ.
Өмгөөлөгч н.Цэнд-Аюуш “Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонгын баривчлагдсан хүмүүсийн эрх зөрчигдөөгүй” гэсэн мэдэгдэл үндсэндээ шүүгчдийн гарын авлага болж үүнээс болж шүүгдэгчдийн ял хүндэрч байсан” гэсэн нь ноцтой мэдээлэл байлаа. Хүний эрхийн үндэсний комиссын дарга хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн. Гэвч тэр үед хүмүүсийг зодож цустай нь хутгасныг 16 настай хүүхэд хэлсэн. Баривчлагдсан хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг эргэж очиход “Цамцаа тайлаад биеэ харуул гэж ганц удаа ч болов хэлсэн болоосой” гэцгээж байсан гэсэн. Тэгж үзсэн бол зодуулсан нь харагдах байсан.
Өмгөөлөгч н.Ганчимэг: -Миний үйлчлүүлэгч Түмэнжаргал бичиг үсэг мэдэхгүй. Түүнээс хоёр удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Бас баруун өвдөг, түнх рүү нь өшиглөж таягтай явж байсан. Батлан даалтад гарах гэхэд 500 мянган төгрөг авчирвал гаргана гэсэн. Ар гэрийнхэн нь мөнгө цуглуулаад ирэхэд гаргахгүй гэсэн.
Өмгөөлөгч н.Пүрэвбаатар: -Миний үйлчлүүлэгч Дэлгэрбаяр, Баасандорж нарыг намын байрны шатан дээрээс 38600 төгрөгийн үнэтэй хоёр шил вино авч явсны төлөө 5,6 жилээр тасалж ялласан, одоо сууж байна. Дээд шүүхийн шүүгч Д.Батсайхан улстөржиж “Манай МАХН-ын байрыг шатаасан” гэж улс төрийн байр сууринаас хохирогчдод хандсан. Намын батлахаа халааслаад сууж байсан шүүгч.
Өмгөөлөгч н.Хатанбаатар: -Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Хүний эрх хөндөгдсөн. Наадам болох гэж байна гэж шахсан. Ар гэрийнхний эргэлтийг зодуурын шарх эдгэрсний дараа оруулсан. Шүүх хурал жүжигчилсэн тоглолт байсан. Хулгайг дээрэм, хүндэвтэр гэмт хэргийг хүнд гэмт хэрэг болгосон. Наад тал нь хорьж шийтгэснээс биш тэнсэн өгөөгүй.
Гишүүн Ж.Сүхбаатар: -Шүүгчийн намын батлахтай гэдгийг яаж мэдсэн бэ. Прокурор ирээгүй нь сайн болжээ. Ирсэн бол мэтгэлцээн үүсэх байсан байна.
Өмгөөлөгч н.Пүрэвбаатар: -Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батсайханы талаар би байр сууриа илэрхийлж чадна. Манай намын байрыг шатаасан хог шаарууд гэж хэлснээс үүдээд МАХН-ын гишүүнээ орхиогүй яваа хүн гэж үзсэн. Хэд хэдэн удаа тэгж хэлсэн.
Өмгөөлөгч н.Ганчимэг: -Далдын хар хүч үйлчилж байсан. Хоригдож байсан хүмүүс “Нээрээ Ерөнхийлөгч бидний бууд гэсэн юм уу. Арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй байна. Нээрээ буудах юм уу” гэж түгшиж байсан байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа биелүүлж чадахгүй байж хүний эрх ярих ёсгүй.
Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Нээлттэй сонсгол хийх нь зөв юм байна. Гэхдээ анхаарах зүйл байна. Прокурорууд ирээгүй нь зөв байна. Яллах дүгнэлтээ сонсгох юм бол шүүхийн шийдвэрийг шүүх хурал болох гээд байна. Намын батлахаа халаасалж суугаад хоморголон ял оноосон, орон нутгийн сонгуулийн өмнө шийдсэн гэх мэт улс төр хиймээргүй байна. Ял хүндэдсэн эсэхийг УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй. УИХ-ын индэр дээрээс шүүхийн шийдвэрийг яллахгүй шүү.
Гишүүн Х.Тэмүүжин: -Шүүхийн шийдвэрийг шүүгээгүй. Гарсан алдааны талаар ярьж байна. Прокурор Энэрэл дээрээс шийдвэр өгсөн гэж хэлээд шүүн тасалсан байдаг гэлээ.
Сонсголын дөрөвдүгээр хэсгээр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь хохирсон, шархадсан зэргээр хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар сонссон юм. Хүний амь хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байхад уг асуудлыг сөхөх нь хуульд нийцэх эсэх талаар гишүүд нэлээд ярилцсаны эцэст гэрч Г.Ариунбаатарын үгийг сонсоод дүгнэлт гаргалгүй үлдээхээр болов. Мөн бууны суманд шархадсан нэг иргэн БНСУ-аас өргөдөл ирүүлжээ. Тэрбээр тэнд эмчлүүлж буй аж. Гэрчийн үгийг манай сонины өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.
Гишүүн З.Энхболд “Долдугаар сарын 1-ний том сургамж бол тэр өдөр хүчний байгууллагууд хэрхэн ажилласанд үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Дараа ийм үйл явдал болоход хуулийн байгууллагууд бэлэн биш байна. “Манай намын байрыг шатаасан” гэж хэлдэг шүүгчтэй байж таарахгүй. Иргэдийг хоморголон шүүсэн шүүгч нарт сахилгын хорооны дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэдэд хүний эрхийн боловсрол олгохгүй бол 1937 оных шиг “арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй байна. Буудуулах юм байна” гээд сууж таарахгүй. 1937 он дуугүй үргэлжилж байна. Иргэдийг өмгөөлөгчтэй байцаана гэдэг зарчим зөрчигдөж байна.
Гишүүн Э.Бат-Үүл: -УИХ хууль тогтоодог, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ажлын хэсэг гаргаж Хүний эрхийн талын хуулийн хэрэгжилтийг үзэж байна. Гишүүд Хууль зүйн байнгын хороонд үгээ хэлээрэй гэснээр зургаан цаг үргэлжилсэн нээлттэй сонсгол өндөрлөлөө.
Сонсголын үеэр хүний эрхийн манаач болох ёстой Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Солонго долдугаар сарын 1-ний үеэр хүний эрх зөрчигдөөгүй гэж хэлснийг оролцогчид шүүмжилж байв. Д.Солонго дарга ч уучлалт хүссэн юм.