2012.06.04
Ч.Амарболд генерал төрийн гурван өндөрлөгт хүсэлт гаргав
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболдын бие тааруухан байгаа. Тэрбээр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улсын яллагчаас ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон шүүх, прокурор зэрэг нийт 14 хуулийн байгууллагад холбогдох тайлбарыг гаргаж хүргүүлсэн байна.
ТАЙЛБАР, ХҮСЭЛТ
2012 оны 5 дугаар сарын 25 Улаанбаатар хот Намайг 2008 оны 07 дугаар сарын 1-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга байсан гэж үзэж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Аравдугаар хэсэг “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийн 294 дүгээр зүйлийн 294.2 дах хэсэгт: “Захирагч.....албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс ... хор уршиг учирсан” гэж зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдсэн. “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг”-ийг “Монгол улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт ... цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ” гэж Эрүүгийн хуулийн 274.1-д тодорхойлсон. Өөрөөр хэлбэл намайг 1-рт бусад цэрэгт /бусад цэрэг гэдэгт Зэвсэгт хүчний тухай хуулийн 6-р зүйлийн 2, УДШ-ийн 2003 оны 4-р сарын 21-ний 04-р тогтоолд:
“Тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд Ерөнхий зориулалтын, Хилийн, Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийг хамааруулан ойлгохыг тайлбарласны дагуу/ Дотоодын цэргийн дарга байсан учраас энэ гэмт хэргийн субъект болно , 2-рт дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн /объект/ болно гэж үзсэн байх. Гэтэл би 1-рт 2008 оны 7-р сарын 1-нд Дотоодын цэргийн дарга байгаагүй. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдаж, хөдөлбөргүй нотлогдоно. Үүнд:“Дотоодын цэргийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн “Дотоодын цэргийг удирдах талаар Засгийн газрын бүрэн эрх”-д: “Засгийн газар нь Дотоодын цэргийг удирдах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
1.Дотоодын цэргийн даргыг томилох, чөлөөлөх” гэж заасан. Гэтэл намайг 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд хуулийн дээрх заалтын дагуу Дотоодын цэргийн даргаар огт томилоогүй болохыг Монгол улсын засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны ХЭГ/362 дугаартай Монгол Улсын сайд, засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичигт: “Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Дотоодын цэргийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөхөөр заасан байна. Гэхдээ Таныг Дотоодын цэргийн томилсон Засгийн газрын тогтоол 2008 онд гараагүй болохыг үүгээр уламжилж байна “ гэжээ.Засгийн газрын тухай хуулийн заалт ёсоор хуралдаанаар хэлэлцсэн асуудал тэмдэглэлд тусгагдаж албан тушаалд томилох болон чөлөөлөхөд тогтоол гарах ёстой.
Тогтоол гараагүй учир томилогдоогүй, мөн чөлөөлөгдөөгүй болох нь ийнхүү нотлогдож байна.Нэмж дурьдахад намайг Дотоодын цэргийн даргаар томилох асуудлаар 2008 онд засгийн газрын хуралдаанд дуудаж байгаагүй юм.2.Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдөөгүй болох нь дараахь байдлаар нотлогдоно.Юуны өмнө би Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй болохоор хуулийн 6 дугаар зүйлд заасан Дотоодын цэргийн даргын бүрэн эрхийг эдэлж, “Дотоодын цэргийн үйл ажиллагааг удирдаагүй” Дотоодын цэргийн бүхий л ажиллагааг Дотоодын цэргийн Штаб хуулийн дагуу удирдаж байсан.
Үүний дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигаар тогтоогдсон Онц байдлын үед Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаанд Дотоодын цэрэг оролцоогүй, зэвсэг техник хэрэгслийг нь ашиглаагүй болохыг ЦЕГ-н дарга бөгөөд Дотоодын цэргийн дарга 2012 оны 1 дүгээр сарын 23-ны 1/30 тоотоор албан ёсоор батлан тодорхойлсон /тоотыг хавсаргав/. Ийнхүү тухайн өдөр Дотоодын цэрэг даргагүй учир Дотоодын цэргийн даргаас удирдах үйл ажиллагаа явагдаагүйн дээр Дотоодын цэрэг эмх замбараагүй байдлыг тараахад оролцоогүй учир Дотоодын цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөн эсэх тухай ямар нэгэн асуудал яригдах үндэслэлгүй юм.
Нийслэлийн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд намайг 2008 оны 7 дугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газрын “даргын үүрэг гүйцэтгэгч” ажилтай байсан гэж тэмдэглэсэн. Би, Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 162 тоот тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилогдож, мөн сайдын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 233 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 2008 оны 3 дугаар сарын 19-ний Засгийн газрын 99-р тогтоолд “Маньбадрахын Ганболдыг Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж заасанболовч түүний оронд ЦЕГ-ын даргаар хэн нэгнийг томилсон тухай уг тогтоолд огт дурьдаагүй, өөр ямар нэгэн тогтоолоор ЦЕГ-ын даргаар хүн томилоогүй орхисон. Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн 18,2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д тус тус зааснаар “Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг боловч” тухайн үед Ерөнхий сайд намайг санал болгоогүй, томилоогүй учир Засгийн газрын тогтоол гараагүй.
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “ЦЕГ-ын даргыг томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг тус газрын тэргүүн дэд дарга Ч.Амарболд гүйцэтгэж байхаар” тусгагдсан гэдэг хэдий ч энэ тэмдэглэлийг надад танилцуулаагүй , ЦЕГ-т тухайн үед албан ёсоор ирээгүй, хуралдаанд намайг оролцуулаагүй юм. Тухайн үед ЦЕГ даргаас надад ЦЕГ-ын даргын албан бичиг баримт, өрөө тасалгаа, техник хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөөгүй. Харин сүүлд ЦЕГ-ын даргаар Д.Сандаг-Очир томилогдох үед М.Ганболд, Тамгын газрын дарга болон холбогдох алба хаагчдыг байлцуулан ажлаа албан ёсоор хүлээлцсэн. Тэр үед /2008 оны 3 сарын 19-өөс 2008 оны 9 сарын 22-ныг хүртэл/ намайг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон гэж ойлгож, тэгж нэрлэж, бичиж байсан боловч би үүрэг гүйцэтгэгчээр албан ёсны шийдвэрээр томилогдоогүй эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын цалин, нэмэгдлийг авч байсан. /Энэ талаарх .............тоот тодорхойлолтыг хавсаргав/. Эдгээр байдлаас үндэслэн би өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Шүүхийн 2011 оны 875 тоот шийдвэрт:
1.“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сайн бичигт овогт Чимиддоржийн Амарболдыг 2006 оны 9 дүгээр сарын 29 өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 22 өдөр хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсныг тогтоосугай” гэжээ.Би 2008 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байгаагүй, Дотоодын цэргийн даргаар томилогдоогүй гэдэг нь ийнхүү нотлогдсон. Хошууч генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг ташаа ойлголт, ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн дарга байна гэсэн Дотоодын цэргийн тухай хуулийн заалтыг өнгөц барьж, намайг зориуд цэргийн гэмт хэргийн субъект болгож Эрүүгийн хуулийн 294-р зүйлийн 294.2-оор яллагдагчаар татаж, ял төлөвлөсөн нь прокурорын зүгээс тухайн үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан эсэхийг сайтар нягтлаагүй, хууль зөрчин, яллах талыг хэтэрхий барьсан үйл ажиллагаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10-р зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасныг зөрчин хэлмэгдүүлж, хууль бусаар цагдан хорьж, эрүүл мэндээр хохироож, улмаар хилс хэрэгт шийтгэхээр улайрч байна. 2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантай болсон хэмээж, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан идэвхтэй оролцсон этгээдүүийн зарим нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, юу ч болоогүй юм шиг явцгааж, харин 7-р сарын 1-нд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж, амь биеэ үл хайрлан тэмцсэн цагдаа нараас 532 нь гэмтэж, тэдгээрээс 2 нь гэмтлийнхээ улмаас нас барж, 100 гаруй нь насаараа эмгэгтэй болж, бидний 4 алба хаагчид хийгээгүй, хилс хэрэгт тулгагдан прокурор шүүхийн хууль бус шийдвэрээр удаан хугацаагаар хоригдож хохирч байна.
Миний ийнхүү бичсэн тайлбар баримтыг анхааран үзэж, хуульд нийцсэн шударга хандлага, шийд гаргахыг хүсье.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан Хошууч генерал Ч.АМАРБОЛД
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.