7 дугаар сарын 1-нд 3 хүний амь аварчээ
2012.04.23

7 дугаар сарын 1-нд 3 хүний амь аварчээ

Монголын түүхэнд “7 дугаар сарын 1-ны хэрэг явдал” гэсэн нэр томъёо үүсчихээд байгаа. Энэ бол 2008 оны 7 дугаар сарын 1-ны өдөр болсон үймээн самуунаас үүдэлтэй нэр юм. Үймээний хөлд 5 хүний амь нас үрэгдэж, МАХН-ын төв байр бүрэн шатсан төдийгүй хэвлэл мэдээлэл, урлаг соёлын байгууллага нэрвэгдэн ихээхэн хохирол амссан билээ.Үймээн дэгдээгчдийн хөлөөс хүний амь нас, байгууллагын эд хөрөнгөө хамгаалах гэж олон хүн тэмцсэний нэг нь Тухайн үеийн МАХН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Барилга ашиглалт, инженер техникийн албаны даргаар ажиллаж байсан Галсантогоочийн Баттулга аж.Тэр өдөр жагсагчид 14 цаг 30 минутын үед МАХН-ын байр руу дайрч, цагдаа нар 16 цагийн үед иржээ.

Цагдаа ирэх хүртэл Г.Баттулга ажилчдаа зохион байгуулж хамгаалалтад гарч байжээ. Улмаар 17 цагийн үед байдал улам хүндэрч үймээн дэгдээгчдийн зүгээс байрыг галдан шатааж эхлэхэд Г.Баттулга гал унтраах үүрэг хүлээжээ. Учир нь үймээн дэгдээгчид галын дуудлагын дагуу ирсэн машинуудыг байшин руу ойртох боломж өгөөгүй. Тэрбээр ажилчдын хамт 3 цаг гаруй гал унтраах ажил хийжээ. Байшин дотор байсан бүхий л галын аюулын үед хэрэглэх хэрэгслүүдийг хэрэглэсэн боловч олон газар түймэр дэгдэж, оройн 8 цаг өнгөрч байхад энгийн хувцас өмссөн 105 дугаар ангийн зарим ажилтан орж ирснээр Г.Баттулга үүргээ тэдэнд шилжүүлсэн юм байна.Үймээн самуун улам даамжирч, дотор байсан иргэдийг гадагш гаргаж, байрны хамгаалалтад гарч байсан цагдаа нар ч байрыг орхижээ. Нэгэнт цагдаа нар хамгаалахаа больсон учир үймээнд оролцогчид дотогш чөлөөтэй нэвтэрч, эвдэж сүйтгэх, тонож дээрэмдэх ажилдаа шуударсан байна.Тэдний хэрхэн аяглахыг харсан хүн бол Г.Баттулга. Тэрбээр байрны дотор байсан иргэдийг гаргасан ч гэсэн төв байрны даргын хувьд үүргээ гүйцэтгэн, ойр орчимд байжээ.Орой 10 цагийн үед түүний утас дуугаран байрны 3 давхарт энгийн хүмүүс байж болзошгүй боллоо гэсэн мэдээг дуулгасан байна. Ингээд тэрбээр бөөн утаа, хорт хий цацсан шатаж байгаа байшин руу хамгаалагчдыг дагуулан оржээ.

Тэднийг дотогш ороход 3 давхарт намын ахмад ажилтан Ч.Дашдэмбэрэл, Н.Дашдовдон, богино долгионы радиод ажилладаг залуухан эмэгтэй Б.Нарангэрэл нар айж балмагдсан, дээр нь утаанд угаартаад яах ч учраа олохгүй, өрөөгөө дотроос нь цоожилчихсон сууж байжээ. Хэрвээ дахиад 30 минут л болсон бол энэ гурван хүн үймээн самууны үеэр амь үрэгдсэн 5 хүн дээр нэмэгдэж мэдэхээр байсан байгаа биз...Ийнхүү Г.Баттулга үймээн самууны дундаас эр зориг, ухаан самбаа гарган эрдэнэт 3 хүний амь аварчээ.

Ер нь хорвоод хүний амь аврахаас өөр дээдийн гавьяа байдаг гэж үү?Дугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж байгаа хурандаа Ш.Батсүх саяхан өдөр тутмын сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө “Хувьсгалт намын байр шатаад юу ч үгүй болж байхад Ганбаатар гээд нэг хүн Хувьсгалт намын байранд угаартаж нас барсан. Яг тэрэнтэй хамт 50-60 хүн үхэх байсан.

Онцгой байдлын нэг дэд хурандаа баруун хойд талын ганцхан цонхоор тэр олон хүнийг гаргасан. Хэрвээ тэд нар гараагүй, тэр цонхыг хаасан юм уу, шат буулгаагүй бол тэр дотор 50- 60 хүн шатаж угаартаж үхэх байсан шүү дээ” хэмээн ярьсан байна лээ. Энэ мэт хүмүүсийг олж сурвалжилбал хүний 7 дугаар сарын 1-нд хүний амь аварсан олон хүн байх магадлалтай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.