Ардчилсан төрийн үед энэ асуудал дахин давтагдах ёсгүй
Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байсан билээ. Сонгуулийн дараа болсон үймээний үеэр таван сайхан залуу амь насаа алдсан. Хариуцлага хүлээх хүн олдоогүй энэ үйл явдал өнөөдрийг хүртэл харуусал дагуулсаар байна. Монголын төр ард түмнээсээ албан ёсоор уучлал хүссэний дараа энэ бүхэн сургамж болсныг улс төрчид дурслаа.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Эндээс Монголын төр нэг дүгнэлт хийх хэрэгтэй. Ер нь хүчний байгууллагуудыг бол хэзээ ч ард иргэдийнхээ эсрэг буу шагайхгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ямарваа нэгэн улс төрийн нам, улстөрчдийг дагаад, хөөрөөд буудах тушаал өгч байсан тохиолдол бий гэлээ.
Сонгуулийн санал авах өдөр Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд иргэний үнэмлэхийг асар ихээр тараасан.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Сонгууль будлиантай болсон нь үнэн. Тэндээс нэг асуудал бүх шатны шүүхээр тогтоогдсон байдаг. Энэ нь яг сонгуулийн санал авах өдөр Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд иргэний үнэмлэхийг асар ихээр тараасан.
Сонгуулийн өдөр зарим хорооны даргын ширээн дээр иргэний үнэмлэх өрчихсөн. Энэ үнэмлэхээр санал авч болно гэдэг шийдвэрийг сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан байдаг. Энэ бол харамсалтай асуудал л даа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид Ардчилсан төрийн үед энэ асуудлыг дахин давтуулахгүй байхын тулд, бид энэ алдаагаа дахин давтахгүй байхын тулд дорвитой арга хэмжээнүүдийг авах ёстой гэсэн юм.