Ө.Энхтүвшин: Энэ их эмзэг асуудал учраас бүх гишүүдийг байлгах ёстой
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2010.03.03

Ө.Энхтүвшин: Энэ их эмзэг асуудал учраас бүх гишүүдийг байлгах ёстой

2008 оны долдугаар сарын нэгний өдрийн үйл явдлын үеэр төрийн байгууллагууд хуулийн дагуу ажилласан эсэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ?

-Гучаад удаа хуралдсан. Одоо комиссын хурлаар хэлэлцэх үлдсэн. Тэгээд УИХ-ын даргад өргөн барина. УИХ-ын дарга энэ асуудлыг яаж хэлэлцэхийг шийдэх байх. УИХ-аар хэлэлцүүлэх юм уу, эсвэл байнгын хороогоор хэлэлцэх үү гэдгийг Д.Дэмбэрэл дарга шийдэх байх. Учир нь тэгж ингэж хэлэлцэнэ гэсэн хуулийн тодорхой заалт байхгүй. Мөн ҮАБЗ-д дүгнэлтийг егнө. Яагаад гэвэл энэ ажил ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хийгдэж байгаа. Уг зөвлөмж дээр УИХ ийм ажлыг нь хий, Засгийн газар тийм ажлыг нь хий, ҮАБЗ энэ ажлыг хийнэ гээд ялгаад өгчихсөн. УИХ-д өгсөн үүрэг нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар байсан, хоорондын хамтын ажиллагаа ямар түвшинд явагдсан бэ гэдгийг тогтоож үнэлэлт дүгнэлт өг гэсэн байгаа. Тэр дагуу бид дүгнэлтээ гаргасан. Ерөнхийдөө ҮАБЗ, Засгийн газар чиглэл чиглэлээрээ үүргүүдээ гүйцэтгэж байгаа байх гэж бодож байна. Тэгж байж энэ зүйл цогц болох юм. Шалтгаануудыг нь ҮАБЗ дээр илүү нарийвчилж тогтоох тухай зөвлөмж дээр бий.

-Та cap шинийн өмнө дүгнэлтээ УИХ-д өргөн барина гэж байсан?

-Нэгдүгээрт, cap шинийн өмнө өгч амжихгүй байсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж чадаагүй. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэхгүй бол дараа нь "Би ч байгаагүй, миний санал тусаагүй" гэдэг асуудал гарч болзошгүй. Энэ их эмзэг асуудал учраас гишүүдийг бүгдийг нь байлгаж байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.

-Дараа ийм үйл явдал болбол хуулийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар дүгнэлт гаргах уу?

-Гол нь энэ. Мөн гурван асуудлаар дүгнэлт гаргана. Нэгдүгээрт, тухайн үед онц байдал зарласан өдрүүдэд нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд яаж ажилласан бэ гэдгийг. Хоёрдугаарт, тэдний хоорондын хамтын ажиллагаа нь зохих түвшинд явагдсан уу, эсвэл хангалтгүй байсан уу. Гуравдугаарт, цаашид ийм явдал гаргахгүй байхад юуг анхаарах ёстой вэ гэдэг чиглэлтэй дүгнэлт гарч байгаа.

-Ажлын хэсгийн хуралдааны дараагийн товыг тогтсон уу. УИХ-ын хаврын чуулган эхлэхээр хийх үү?

-Чуулганаас наана хийнэ. Гишүүд маань тойргоороо яваад ирэх байх. Мөн гадаадад томилолттой нэлээд гишүүн байна. Тэд ирэх байх.

-Ажлын хэсэг хэдэн гишүүнтэй вэ?

-14 билүү дээ,

-Та ер нь гишүүдййн өгсөн санал дүгнэлтүүдтэй танилцсан уу?

-Танилцсан.

-Хандлага нь ямар байсан бэ?

-Өөрөө өөрийнхөө чиглэлээр заавал оруулах ёстой гэсэн зүйлүүдээ бичиж ирүүлсэн байгаа. Одоо "Тэр ийм байр суурьтай байгаа, энэ ингэж үзэж байгаа гэдэг ч юм уу эсвэл иймэрхүү юм болсон юм шиг байна лээ. Бид ингэж үзэж байгаа" гэвэл хариуцлагагүй асуудал болно. Дараа нь бүр том маргаанд оруулж болзошгүй. Өөрөө дур мэдэж комисс болон ажлын хэсгийн өмнөөс үнэлэлт дүгнэлтийг хэвлэл мэдээллээр зарласан байна гээд энэ ажил маань ямар ч үр дүнгүй болох магадлалгай учраас агуулгатай холбоотой зүйлийг хэлэхэд эрт байна.

-УИХ-ын даргад санал, дүгнэлтээ өргөн мэдүүлснийхээ дараа мэдээлэл хийх үү?

-Өгснийхөв дараа мэдээлэл хийлгүй яахав. Яг үнэндээ асуудал амаргүй байгаа. Энэ асуудал чинь сонгууль явагдсан үед болсон үйл явдал. Хүссэн, хүсээгүй энэ чинь сонгуультай холбогдоно. Сонгуультай холбогдохоороо улс төрийн намуудын хоорондын байр суурь ил гараад ирдэг. Зөвхөн намуудын ч биш юм, эрх нь зөрчигдсөн, хохирсон гэж үзэж байгаа хүмүүс, ял сонссон, цагаадсан гэх зэрэг олон талын зүйл байгаа, Асуудал бүрээр хүн бүр өөр өөрийн байр суурьтай байна аа. Нэг хэсэг нь миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна, нөгөө хэсэг нь эрх зөрчигдөөгүй, харин миний эрх зөрчигдсөн гэж үззж байх жишээтэй.

-Санал, дүгнэлтийг гаргахдаа ажлын хэсгийнхэн нэгдмэл байр суурьтайгаар гаргах юм байна гэж ойлгож болох уу?

-Нэгдмэл байр сууринд хүрсэн дүгнэлтүүд байх учиртай гэж бодож байна. Нэгдэхгүй байгаа хэсгийг хасах ёстой.

-Улс төрийн байр сууринаас дүгнэлт raprax ёстой гэх хүмүүс байна. Ажлын хэсгийнхэн энэ талаар ярилцсан уу?

-Аль болохоор улс төртэй хутгахгүй гэж бодож байгаа. Гэхдээ зарим нь упс төрийн дүгнэлт гарга гэж байгаа. Улс төр гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа шүү дээ. Аль болохоор хууль нь ямар байсан юм, хуулийн хүрээнд явж чадсан уу. Комисс хэн нэгэн хүний байр суурь давамгайлахгүй, тэдний шахалт орохгүй, өөрийнхөө итгэл үнэмшлээрээ дүгнэлтийг гаргах учиртай. Яг ийм юм болсон байна гэдэг дээр нэгдмэл ойлголтод хүрсэн дүгнэлт гарна гэж бодож байна.

-Гаднаас нөлөөлөх гэж оролдож байна уу?

-Үгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.