Ж.Сүхбаатар: Сонсголын санаа нь зөв ч сайн үр дүн авчрахгүй
2010.04.14

Ж.Сүхбаатар: Сонсголын санаа нь зөв ч сайн үр дүн авчрахгүй

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Сүхбаатараас дараахь тодруулгыг авлаа.

-2008 оны долдугаар сарын нэгний үймээний асуудлаар Хүний эрхийн дэд хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ сонсголыг үргэлжлүүлэн галт зэвсэг хэрэглэсэн асуудлаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байна. Зарим хүн шүүх, хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хэлэлцэх гэлээ гэж дургүйцэж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?

-Хүний эрхийн дэд хорооны удирдлагаас надад нээлттэй сонсголыг үргэлжлүүлэн хийнэ гэж албан ёсоор мэдэгдээгүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээс авсан мэдээллээр бол галт зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой сонсголыг үргэлжлүүлэх нь. Гэхдээ энэ нь ямар ач холбогдолтой юм бэ. Миний ойлгож буйгаар галт зэвсэг хэрэглэсэн асуудлыг хуулийн дагуу шийдсэн байх. Ийм тохиолдолд асуудлыг дахин сөхөж тавих нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг бодох ёстой. Сонсгол мэдээж тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх, эргээд парламент өөрийн үйл ажиллагаанд тусгаж авах замаар явдаг. Миний байр суурь гэвэл галт зэвсэг хэрэглэсэн талаар нээлттэй ярих гэсэн санаа нь зөв боловч сайн үр дүн авчрахгүй гэж бодож байна.

-Яагаад?

-Гаднын олон улс оронд зөрчилдөөн, сөргөлдөөн болсны дараа парламент мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Харин манайд парламентын мөрдөн шалгах ажил хэвшиж тогтоогүй байна. Анхны санаачилга гарч байгаа нь зөв. Гэхдээ нийгмийн тодорхой хэсгийг талцал, зөрчилдөөнд хүргэсэн асуудлаар урьдчилсан үр дагаврыг нь тооцолгүй ярьж болохгүй байх. Өөрөөр хэлбэл, улс төр болохуйц төвөгтэй асуудлыг парламентын төвшинд ярих нь сайн үр дүн авчрахгүй. Харин хязгаарлагдмал хүрээнд ярьж парламент зөвлөмж, дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргээд явах хэрэгтэй. Энэ бол парламентын дотоод ажил хэргийн шугамаар хийх зүйл. Мэдээж ил тод байх асуудал чухал. Гэхдээ 2008 оны долдугаар нэгний хэрэг явдалтай холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.