Ө.Энхтүвшин: Ажлын хэсэг дүгнэлтээ хаврын чуулганы өмнө өргөн барина
Долдугаар сарын нэгний эмх замбараагүй байдлын үеэр нийгмийн дэг журмыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд хуулийн хүрээнд ажилласан эсэхийг тодруулах зорилготой ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Ө.Энхтүвшин гишүүний ахалсан уг ажлын хэсэг долдугаар сарын нэгний үеэр цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал зэрэг хүчний байгууллагууд ямар хууль, эрх зүйн хүрээнд ажилласан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр юу ярьсан, Ерөнхийлөгч ямар үндэслэлээр онц байдал зарласан зэргийг тодруулж, нууцын зэрэглэлтэй материалуудтай танилцсан байна. Тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл сонсчээ.
Үүндээ үндэслэн ажлын хэсгийн гишүүд долдугаар сарын нэгний үйл явдлын талаархи дүгнэлтээ бэлэн болгоод байна.
Энэ талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээс тодруулахад, ажлын хэсгийн гишүүд дүгнэлтээ бичгээр ирүүлээд байгаа. Үүнийг албан ёсны дүгнэлт гэж үзэж болохгүй. Тиймээс ойрын үед ажлын хэсэг хуралдаж гишүүдийнхээ саналыг нэгтгэнэ. Долдугаар сарын нэгний хэрэг явдлын талаархи дүгнэлтээ хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барина гэлээ.
Ө.Энхтүвшин гишүүний ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Д.Энхбат, Д.Тэрбишдагва болон Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албаны хүн багтсан юм.
Г.Сонинбаяр