Нийгэм дэх эмх замбараагүй байдлыг үүсгэгч аномикууд
Нийгэмд ямар нэгэн шударга бус явдлын тухай цуурхал тархахад, аль эсвэл Засгийн газар олон нийтийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргавал, энэ тухай мэдээ нийгмийн сэтгэлийн ихэд эмзэглүүлж, асар их бухимдлыг төрүүлдэг. Ийм нөхцөл бүрдчихсэн нийгмийн сэтгэлзүйд нэг л жаахан өдөөн хатгалт хийхэд ямар ч урьдчилсан зохион байгуулалтгүй, төлөвлөгөөгүйгээр, бухимдсан хүмүүс уур хилэнгээ илэрхийлэхийн тулд даруй гудамжинд гарч ирдэг. Энэ маягийн зохион байгуулалтгүй, түргэн зуур гарч ирсэн хүмүүсийн нэгдлийг аномик бүлэг гэж нэрлэдэг.
Франц улсад засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсаал, цуглаан хийх, аномик бүлэг үүсэх нь ердийн бөгөөд улстөрийн уламжлал болсон үйл явц байдаг нь ихээхэн сонирхолтой.
Жишээ нь 1960-аад оны сүүлчээр францын засгийн газар их сургуулийн оюутнуудад ангидаа болон оюутаны байрны өрөөндөө эсрэг хүйсийн хүнийг хүлээн авахыг хориглосон шийдвэр гаргажээ. Гэтэл хэсэг оюутнууд энэ шийдвэрийг эсэргүүцэн гудамжинд гарчээ. Энэ нь сүлдээ бүх л франц оюутангуудыг хамарч, бүх л эрэгтэй, эмэгтэй оюутангууд гудамжинд гаран жагсжээ. Энэхүү жагсаалаас болж засгийн газар үймээний хөлд золтой л уначхаагүй гэдэг.
Аномик бүлгүүд ихэнхдээ бухимдаж байсан асуудал нь шийдэгдээд, засгийн газраас нааштай хариу сонссоныхоо дараа даруйхан тардаг. Харин эсрэгээр эсвэл энэ байдал бүүр цаашлан даамжирч болно. Ингэж даамжирсан тохиолдол ямар нэгэн удирдагч, лидер гарч ирэхээр уугьж буй дургүйцлийн цогийг дүрэлзсэн түймэр болгон дэврээдэг байна. Дараа нь тэсрэлт болж үйл явдлын өрнөл урьдчилан хэлэх аргагүй, хяналтаас алдагдсан хэлбэртэй болно.
Аномик бүлгүүд зарим үед нийгмийн нэлээд өргөн бүлэг давхарга, тухайлбал, шашны эсвэл үндэс угсаатны бүлгийг хамран газар авдаг. Жишээ нь 1992 онд африк гаралтай америк нэгэн гэмт хэргийн сэжигтэн залууг цагдаа нар зэрлэгээр зоджээ. Цагдаа нарыг ялтнаар дуудсаны дараа шүүх тэднийг цагаатгах шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэн Лос-Анджелесын хар арьстангууд амьдардаг захын цагдаа нарыг эсэргүүцэн хорооллуудад олныг хамарсан үймээн болж, энэ нь сүүлдээ учир утгагүй, зодоон, цохион болж хувирчээ.
1988-1990 онуудад Зүүн Европ даяар, мөн Монголд ардчиллыг дэмжсэн жагсаал цуглаан, эсэргүүцлийн ажиллагаа, бослого үймээн хаа сайгүй болж эхэлсэн. Удаан хуримтлагдсан дургүйцэл гадагш цөмөрч, залхаан цээрлүүлдэг, мөрдөж мөшгөдөгг дэглэмүүд энэ үед нуран унасан юм. Бусад газарт болж буй бослого, хөдөлгөөний тухай мэдээ эсэргүүцлийн ажиллагааг идэвхжүүлэн, үлгэр жишээ болж, шинэ амжилт бүр урам зоригийг бадрааж байв.