Ө.Энхтүвшин: Үймээний шалтгааныг тогтоох нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил
Долдугаар сарын 1-ндхууль хяналтынхан хэрхэн ажилласан талаар үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Долдугаар сарын 1-ний асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос хоёр ажлын хэсэг ажилласан. Х.Тэмүүжин гишүүний ахалсан ажлын хэсэг хүний эрхийн талаас нь судлаад, дүгнэлт, зөвлөмжөө УИХ-д танилцуулсан. Танай ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан бэ?
-Долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдал, онц байдал тогтооход нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, хоорондын хамтын ажиллагаа нь хангагдаж чадсан уу, үгүй юу гэдэгтдүгнэлт хийсэн юм. Бид дүгнэлтээ УИХ-ын даргад өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оччихсон байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмжийг ажил хэрэг болгохыг шийднэ. Тухайн үед Засгийн газар, хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа хангалтгүй нь ил байсан. Тиймээс цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл, Их хурал, Засгийн газрын аль алинд нь хамаарах юм бий. Одоогоор зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай тодорхой зүйл алга. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл долдугаар сарын 1-ний шалтгааныг заавал тогтоох ёстой. Нийгэм, эдийн засаг, улстөрийн гээд олон шалтгаан нөлөөлсөн нь ойлгомжтой. Мөн сэтгэл зүй нөлөөлсөн. Тэгэхээр эдгээрийг бүрэн тогтоож, цэгцэлж, дүгнэлтг аргах нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил.
-Та ажлын хэсгийн дарга бус хувь хүнийхээ хувьд долдугаар сарын 1-ний үймээний шалтгааныг юу гэж үзэж байна?
-Үнэхээр эмгэнэлтэй. Ялангуяа таван хүний амь насыг хөнөөсөн нь Монголын түүхэнд гарсан хамгийн харуусалт явдал болсон. Энэ бүхэн дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс ажлын хэсэг ажилласан. Иймэрхүү үйл явдал үүсч магадгүй байгаа үед хэрхэн ажиллах ёстой, түүнээс яаж сэрэмжлэх хэрэгтэй зэрэг дүгнэлтээ өгсөн. Хэдийгээр бидэнд шалтгааныг тодруулах чиг үүрэг байхгүй ч гэсэн зүгээр орхичихож болоогүй. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хүн ч олон байна. Зөвхөн УИХ-ын сонгуулийн үр дүнг сонсоод л бухимдаад тэнд оччихсон гэвэл өрөөсгөл. Ганцхан тоо хэлээд байгаа шүү дээ. Найман мянга орчим хүн цугласан гэхэд тэр дотор хамгийн идэвхтэйгээр байшин шатааж, бензин цацаж, чулуу шидсэн, цагдааг хайсны төмрөөр сүлбэсэн гээд олон авир гаргасан 997 хүнийг тухайн үед цагдаа нар түр саатуулсан.
Дараа нь хаяг тогтоогоод тэр хүмүүс хаана амьдардаг юу хийдэг, сонгуульд хэд нь саналаа өгсөн гээд судлахад 715 нь сонгуульд оролцоогүй байсан.
Үүнээс дүгнэхэд зөвхөн сонгуультай холбоотой гэж ойлгож болохгүй. Ядууралтай, сонгуульд саналаа өгсөн, хүмүүсийг архидуулсан, гэмт хэрэг давтан үйлдсэн 200 гаруй хүн байсан гээд судлахаар илүү дэлгэрүүлж олон талаас нь харах хэрэгтэй. Ингэж л долдугаар сарын 1-ний үймээнийг цэгцлэх ажлыг эхлэх ёстой. Эхлээд шалтгааныг тогтоогоод дараа нь яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаармаар байгаа юм. Гэхдээ тухайн үйл явдлын нэг л хэсэг нь. Улс төрийн намуудтай, улстөрчидтэй тодорхой хэмжээгээр холбоотойг хэлэхгүй өнгөрч болохгүй.
-Онц байдал зарласан нь буруудсан гэсэн мэдээллүүд гарч байгаа. Үүнд ямар дүгнэлт хийсэн бэ?
-Ерөнхийлөгчийн зарлийг УИХ-ын онцгой чуулганаар хэлэлцээд баталсан. Тэгэхээр онц байдал зарласан нь буруу гэж байгаа нь өөрөө ташаа юм. Гэхдээ өнөөдрийн мөрдөж байгаа хуульд онц байдалтай холбоотой тодорхойгүй асуудал олон байгаа. Хэн санаачилга гаргаж, хаанаас өргөн барьж, яаж зарлиг гаргах юм гэдэг нь тодорхой биш.
-Цагдаа нартай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгочихсон байсан ч дахин сэргээлээ. Энэ талаар танд шинэ мэдээлэл байгаа юу?
-Зарим хүн манай ажлын хэсгийг галт зэвсэг, цагдаа нартай холбоотой асуудлыг давхар хариуцсан гэж ойлгоод байгаа. Үүнийг гардаж шалгасан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас л асуух ёстой. Энэ тухай нарийн мэдэхгүй мөртлөө буруу, зөрүү юм яриад байгаа хүмүүс ч олон хүнийг төөрөгдүүлээд байна