"Долдугаар сарын 1"-ний хохирогчдоос уучлал гуйх нь Засгийн газрын үүрэг гэлээ
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо" Долдугаар сарын 1 "-ний үймээний талаар санал дүгнэлтээ гарган тогтоолын төсөл боловсруулж Хууль зүйн байнгын хороонд өчигдөр танилцууллаа. Олон хүн бэртэж гэмтсэн, таван хүний амь үрэгдсэн, олон хүний өмч хөрөнгө галд шатсан хар өдрийн хэрэг одоо хүртэл тасраагүй хоёр жил гаруй ярьж байгаа билээ.
"Хүний эрхийн үндэсний комиссын 2008 оны илтгэлд дурдсанчлан хууль бус халдлагад өртөж ойр дотны хүнийхээ амь насаар хохирч хагацал үзсэн хохирогчдоос уучлал гуйх нь Засгийн газрын үүрэг гэж үзэж байна" хэмээн Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төсөлд дурджээ. Хэрэв дэд хорооны тогтоолыг байнгын хороо баталчихвал Засгийн газарт үүрэг өгөөд өнгөрөх байв. Гэвч гишүүд ноцтой асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзээд байнгын хорооны эсвэл УИХ-ын тогтоол болгож батлахаар боллоо. Тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хорооноос Р. Гончигдорж, Д.Одбаяр, Ж,Сүхбаатар нарын хуульч гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулав.
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин гишүүн ч УИХ-ын шийдвэр болгож гаргах саналтай байгаагаа танилцуулсаныг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хар мягмар гаригийн хэрэг одоо хүртэл нэг мөр шийдэгдэхгүй улстөржиж байгаад Б.Чойжилсүрэн, Ч.Сайханбилэг нар шүүмжлэлтэй хандав. Энэ талаар нухацтай ярилцахаар болж тэр өдрийн үймээний бичлэгийг нэг бүрчлэн үзэж хэлэлцэх саналыг Ц.Нямдорж сайд хэллээ.