Сонгуулийн шинэчлэлээс ухарч байна
Сонгуулийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай болсны нэг илрэл нь долдугаар сарын 1-ний үйл явдал. Сонгуулийн тогтолцоо гэдэг нь сонгогчдын өгсөн саналыг парламентад суудал болгон хуваарилах зарчим. Энэ утгаараа мажоритари буюу тойргийн тогтолцоо нь сонгогчдын олонхийн саналыг л төлөөлдөг, сонгогч нэг бүрийн саналыг парламентад тусгаж чаддаггүй. Харин пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо нь сонгогчдын саналыг парламентад бодитойгоор тусгаж чаддаг боловч улс тө рийн намуудын дарга нарт эрх мэдлийг олгодог. Тиймээс манайх шиг улс төрийн намууд нь төлөвшиж чадаагүй нөхцөлд сонгогчдын хүсэн хүлээсэн нэр дэвшигч сонгуулийн гадна үлдэх талтай. Тэгээд ч улс төрийн намуудад санал өгөх байдлаар парламентыг бүрдүүлэх нь Үндсэн хуулинд заасан сонгогчийн шууд сонгох эрхэд халдсан гэж үзэгдэх магадлалтай. Аль ч утгаар нь авч үзсэн хувь тэнцүүлсэн, эсвэл тойргийн системийг аль нэгийг нь бүрэн төгс гэж үзэх аргагүй. Аль аль нь давуу болон сул талтай. Тиймээс аль алиныг нь багтаасан холимог тогтолцоог илүүд үзэж байгаа. Яг одоогийн байдлаар улс төрийн хоёр том нам 50:26 буюу холимог тогтолцоон дээр санал нэгдээд байна. Гэвч сонгуулийн тогтолцоогоо шинэчлэхийн тулд улс төрийн намуудын алсын хараа, зориг хамгийн чухал. Харамсалтай нь сонгууль ойртох тусам сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудалд улам бүр хойргошсоор байна...
Энэ бол өчигдөр Удирдлагын академи дээр зохион байгуулсан “Монгол Улсын төрийн байгууллагын өнөөгийн тогтолцоо, цаашид төгөлдөржүүлэх боломж, арга зам” сэдэвт онол практикийн бага хурал дээр УИХ-ын гишүүн Су.Батболдын тавьсан илтгэлийн нэг хэсэг.
Харин хэлэлцүүлэгт оролцсон улс төр судлаачдын зүгээс “Сонгогчдын шууд сонгох эрх гэдэг нь сонгогч өөрийн биеэр очиж, саналаа өгөх хэлбэрийг хэлж байгаагаас биш улс төрийн намыг сонгох уу, нэр дэвшигчийг сонгох уу гэдэг тогтолцооны асуудалтай холбоогүй” гэсэн тайлбарыг хийж байлаа. Хорин жилийн өмнө Итали улс сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоондоо пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн элементийг давуу хэрэглэх болсон аж. Үүнээс хойш 26 орон сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулсны 25 нь пропорциональ системийн элементийг авч хэрэглэжээ. Манай парламентын хувьд ч өнөөдөр сонгуулийн мажоритари тогтолцоог халах тухай ярьж, УИХ дээр хоёр ч хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байгаа. Хэдийгээр улс төрийн хоёр том нам сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зайлшгүй, хамгийн боломжит хувилбар нь холимог тогтолцоо гэж үзэж ярьж боловч сонгууль ойртох тусам системийн өөрчлөлт улам бүр боломжгүй болно гэдгийг уг асуудлаар ажлын хэсэг ахалсан гишүүн Су.Батболд хэллээ. Тэгэхээр сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг урагшлуулахын тулд улс төрийн намууд, тэдний удирдлагуудад нийгэм, олон нийтийн зүгээс үзүүлэх шахалт шаардлага хэрэгтэй бололтой.
“Монгол Улсын төрийн байгууллагын өнөөгийн тогтолцоо, цаашид төгөлдөржүүлэх боломж, арга зам” сэдэвт онол практикийн бага хуралд Удирдлагын академийн танхимын эрхлэгч С.Зулфикар “Парламентын бүгд найрамдах улс, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс: харьцуулалт, давуу ба сул тал”, Ч.Энхбаатар “УИХ-ын үйл ажиллагаанд “рациональ парламентаризм”-ын журмыг нэвтрүүлэх нь”, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Ц.Батболд “Засаглалын механизмын мөн чанар”, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгчийн институцид “эрх зүйт ёс”-ны үүднээс хандах нь”, УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн тогтолцоо: шинэчлэлийн асуудал”, Х.Тэмүүжин “Сонирхлын зөрчлийн тусгайлсан хууль ба төрийн албаны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Улс төр судлаачид болон улс төрийн зарим намуудын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлэг дээр хамгийн их анхаарал татсан сэдэв нь мэдээж хэрэг Сонгуулийн хуулийн шинэчлэл, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслүүд байв. Хэлэлцүүлэгт оролцогсод дээрх сэдвээр илтгэгчдээс асуулт тавьж, хариулт аван өөрсдийн санал бодлоо хэлсэн. Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг мөн л УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж байгаа аж. Хэлэлцүүлэгт оролцогсдын олонхи нь уг хуулийг батлах нь төрийн алба, төрийн албаны ёс зүйд хийх нэг том шинэчлэл болно гэж үзсэн ч, хуулийн төслийн нэр томьёны асуудал дээр маргаантай байгаа гэдгийг Су.Батболд гишүүн хэллээ. Тухайлбал, хуулийн төсөлд төрийн албыг “нийтийн алба” хэмээн нэрлэхээр болсон, ашиг сонирхлын зөрчил гэдэг нь урьд өмнө үйлчилж байсан хуулиудын нэр томьёотой нийцэх эсэх талаар гишүүд санал зөрүүтэй байгаа аж. Харин хуулийг төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ бол манайтай нэг гараанаас гарсан, хуучин пост коммунист орнуудад мөрдөж буй хуулийн нэр томьёо. Хуулийн логикийн хувьд авч үзвэл зөрчилдөх зүйл байхгүй” гэлээ.