Ж.Сүхбаатар: МАХН сонгуулийн хуулийг шинэ нэрэндээ тохируулж гаргах гээгүй
Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл. Хэдийгээр хоёр намын бүлэг парламентын 50 суудлыг пропорционалиар, 26 суудлыг мажоритар системээр сонгох холимог хувилбар дээр зарчмын хувьд тохирсон ч зарим асуудлаар санал нэгдэж чадахгүй байгаа. МАХН-ын бүлгээс гишүүн Ж.Сүхбаатартай уулзлаа.
-Сонгуулийн холимог тогтолцоог сонгоно гэчихээд МАХН-ынхан яагаад намын нэрээр санал хураахыг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Сонгогч яаж саналаа өгөх вэ, түүнийг нь яаж тооцох вэ гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд зөрөлдөөд байгаа нь үнэн. АН-ын бүлгээс ажлын хэсэгт орсон гишүүд 50 суудал дээр санал хураалт явуулах-даа намыг нь дугуйлчихъя гэж байгаа; Мам нь 1-50 хүртэл нэр дэвшигчээ бичсэн жагсаалт гаргах юм. Тэгээд л намынх нь авсан суудалд жагсаалтад бичигдсэн хүмүүс эрэмбээрээ орж УИХ-д сонгогддог байх тухай ярьсан. Харин манай бүлгийн гишүүд сонгогчдын сэтгэл зүйг харах ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ Монгол Улс УИХ-ын таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан байна. Сонгогч нэр дэвшигчийг шууд сонгодог.
Өөрөөр хэлбэл, намыг нь харж санал егөхөөс гадна хувь хүнийг нь түлхүү хардаг. Ийм байдлаар 20 жил явчихаж. Сонгуулийн энэ арга барилд дасчихсан. Товчхондоо бол сонгуулийн соёл, нийгмийн сэтгэл зүйн орчин ингэж бүрэлдсэн байна, Бид ийм сэтгэл зүйг, ийм уламжлалыг шууд өөрчилж хүн сонгох биш нам сонгох хэлбэр рүү шилжвэл төлөвлөөгүй сөрөг үр дагавар гарах магадлалтай. Монголчуудын 20 жил хэрэглээд сурчихсан мажоритар бол нэр дэвшигчид тулгуурласан сонгуулийн систем. Тиймээс хэдийгээр пропорционалийг авч хэрэглэж байгаа ч тодорхой хэмжээнд нэр дэвшигч, сонгогч хоёрыг холбож өгөх хэрэгтэй. Сонгогч өөрөө асуудлыг тодорхойлох эрхийг энэ системийн хүрээнд бий болгох ёотой юм. Нэг талаас сонгогчдод давуу тал олгож байгаа мэт ч намд нь бас боломж олгоё гэж байгаа.
-Юу гэсэн үг вэ?
-Нам 1-50 хүртэл эрэмбэлсэн жагсаалт гаргаж, сонгогч нэр дэвшигчийг дугуйлна гэхээр адилхан эрх мэдлээ хуваалцаж байгаа гэсэн үг.Өөрөөр хэлбэл, сонгогч энэ хүнийг сонгох нь намд нь бас санал болж очно гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ өөрийнх нь өгсөн санал тухайн нэр дэвшигчийг эрэмбэлж байгаа болохоор парламентад илүү тусгалаа олно. Яагаад гэвэл, намын дотоод ардчиллаас болж жагсаалтын 50-д бичигдсэн нэр дэвшигч сонгогчдын эрэмбээр 15-д ороод ирэх боломжтой. Энэ нь сонгогчийн оролцоог түлхүү хангаж байгаа юм. Тэгэхгүй бол намын нэрийн дор нөгөө л шүүмжлэлд үргэлж өртөж байдаг, янз бүрийн асуудалд холбогддог, эсвэл намын халхавч дор сонгогчдын хүсээгүй нэр дэвшигч УИХ-д ороод ирэх бололцоотой болчихно. Сонгогчийн талаас харвал, миний төлөөлөл яг нам биш шүү дээ. Үндсэн хуулийн зарчмаар ч тэр нам бол сонгогчийн төлөөлөл биш. Сонгогч гишүүнээрээ дамжуулж төлөөллийн зарчмаа хэрэгжүүлдэг. Ер нь намыг гол тоглогч болгох нь зүйн хэрэг л дээ. Гэхдээ улс төрийн намыг бэхжүүлэх, сонгогчдын сэтгэл зүйг намын бодлогын төлөө саналаа өгдег болтол ийм засварын шатыг дамжих нь зайлшгүй.
-АН-ын саналаар явбал Үндсэн хуулийн зөрчил гарах уу?
-Үндсэн хууль зөрчинө, зөрчихгүй гэж янз бүрээр ярьдаг. Гэхдээ тус хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж заасан байдаг. Энэ зарчмаар өнгөрсөн таван удаагийн сонгууль болсон. Сонгогчид намд биш, эхлээд хувь нэр дэвшигчид суудал хуваарилдаг, Гишүүдийнх нь авсан суудлаар аль нам сонгуульд ялав гэдгийг тодорхойлж ирсэн.
-МАХН-ын Их хурлаар нэрээ солих тухай асуудал ярьж байгаа. Хэрэв нэрээ Монгол Ардын Нам болголихвол АН-ынхны яриад байгаа намын нэрээр санал хураалт явуулбал МАХН-д ашиггүй тусна биз дээ. Намын нэрээ өөрчлөх болохоороо л танайхан нэр дэвшигчийн авсан саналыг намд нь тоолох хувилбарыг яриад байгаа юм биш үү?
-Харин ч эсрэгээрээ. Намын нэрийг саналын хуудсанд заавал товчлох биш, задалж бичиж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар задалж бичиж байсан удаатай. Түүн шиг Монгол Ардын Нам, Ардчилсан Нам гээд задлаад бичих бололцоотой. Ард талд нь хаалтан дотор МАХН гэсэн товчлолоо оруулчихаж болно. МАХН гэсэн нэр брэнд л дээ. Энэ бол үнэн. Бид брэндээ шинэ нэрнийхээ ард бичиж болно гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Дээд шүүхэд бүртгүүлэхдээ ингээд өгчихвөл саналын хуудсанд МАН (МАХН) гээд бичүүлчихэж болно. Энд санаа зовоод байх юм алга. Нам нэрээ сольж, санал хураалтад орохоос айгаагүй юм шүү. Харин ч намын шинэчлэл дүр төрх, имижийг дээд зэргээр сайжруулна. Намын дүр төрх, имижийг өөрчилж олон түмний итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө МАХН шинэчлэл.хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх гэж нэрээ солих зэргээр ажиллаж байна шүү дээ.
Энэ нам шинэчлэгдсэн дүр төрх, уур амьсгалтай сонгуульд ороход харин ч пропорциональ систем илүү тааламжтай. Хэдийгээр намын нэрийг дугуйлж санал хураалт явуулах нь бидэнд тааламжтай ч дээр өгүүлсэн сонгогчдод давуу сонголт олгох, Үндсэн хуультай нийцүүлэх зэрэг шалтгаанаар нэр дэвшигчид тулгуурласан сонгууль явуулъя гэж байгаа юм. Нэг системээс нөгөө рүү огцом шилжих нь судлаачдын хэлдгээр сонгуулийг өөрийг нь шударга байлгах, сонгогчдод ойлгомжтой байлгах зэрэг зарчмыг алдагдуулдаг. Өөрчлөлтед зохицоогүй байхад нь шууд шилжсэнээр үүдэн гарах улс төрийн тогтолцооны тооцоогүй сөрөг үр дагавар үүсэх магадлалтай. Тиймээс л 100 хувь мажоритар системээс хосолмол системээр дамжиж 100 хувь пропорциональ руу орох тухай ярьж байгаа.