Швейцарийн сонгуулийн систем сонгогч, нэр дэвшигчийн хоорондын харилцааг хувийн шинжтэй, ойр дотно болгодог
2010.07.05

Швейцарийн сонгуулийн систем сонгогч, нэр дэвшигчийн хоорондын харилцааг хувийн шинжтэй, ойр дотно болгодог

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн өөрчлөх асуудал ид яригдаж буй энэ үед бусад улс орнууд парламентын сонгуулиа хэрхэн явуулдаг, сонгуулийн ямар систем "үйлчилдэг" талаар цувралаар хүргэж байна. Үүний өмнө нь Недарланд улсын сонгуулийн системийн онцлогийг өгүүлсэн билээ. Энэ удаад Швейцарийн Холбооны улсын сонгуулийн системийн талаар нийтлэлээ.

Швейцарийн парламент болох Холбооны ассамблей нь дээд, доод хоёр танхимаас бүрддэг. Доод танхим буюу Үндэсний зөвлөл нь 200 гишүүнтэй бөгөөд нийт ард түмнээс 4 жилээр сонгогддог. Тэднийг сонгуулийн хувь тэнцүүлсэн буюу Пропорциональ системээр сонгодог.

Гэхдээ Швейцарь улс сонгуулийн пропорциональ системийг хоёр замаар засварлан, шинэчлэн хэрэглэдэг байна. Энэ шинэчлэлийн үр дагавар нь сонгогч, нэр дэвшигчдийн хоорондын харилцаа хувийн шинжтэй болоход нөлөөлжээ.

Нэгдүгээр шинэчлэл нь, Швейцарь нь 26 муж улсаас бүрдсэн Холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг "кантон" гэж нэрлэдэг. Сонгуулийн тойрогуудыг үндэсний нэг том тойрог болгож хуваахын оронд 26 кантоны тоогоор 26 сонгуулийн тойрог зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл улсынхаа хүн амын тоог харгалзан кантонууад парламентад суух төлөөллүүддээ хуваарилжээ. Тухайлбал хамгийн том кантон болох Цюрих муж улсаас парламентад 35 төлөөлөгч сонгогдож, байхад хамгийн жижиг кантонуудаас нэг төлөөлөгч сонгогддог байх жишээтэй.

Намууд кантон болгонд нэр дэвшигчдийн нэрсээ ирүүлнэ. Тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөгчдийн нэр л нэрсийн жагсаалт дотор байрлана. Үүнээс сонгогч сонголтоо хийх юм. Сонгуулийн дүнг кантон тус бүрээр тусад тусад нь тоолдог.

Ингэж 26 тойрогт хуваах нь сонгуулийн үндэсний нэг том тойргийг бодвол жижиг намуудад халтай байдаг байна. Хэрэв үндэсний нэг том тойрог байсан бол 200 суудлын нэгийг авахад 1,5 хувийн санал хангалттай тиймээс жижиг намуудад ашигтай байх юм. Гэвч сонгууль 26 тойрогт болж байгаа учраас ялалт байгуулахад саналын өндөр хувь хэрэгтэй. Тухайлбал, Цюрих муж улсад оногдох 35 суудлаас нэгийг авахын тулд нам 3 хувийн санал авах хэрэгтэй. 10 суудалтай кантонд 1 суудал авахад 10 хувийн санал шаардана. Нэг суудалтай жижиг кантонууд харьцангуй олон санал авсан нам ялна.

Хоёр дахь шинэчлэл бол
нэр дэвшигчдийн эрэмбийг намууд биш, харин сонгогчид тогтооно. Намууд эрэмбэлээгүй нэрсийн жагсаалт сонгогчдод санал болгодог.

Нэрсийн тоо тухайн тойргийн суудлын тооноос илүү гарах ёсгүй. Сонгогчид нэр дэвшигчдийг эрэмбэлэхдээ 3 сонголт хийж болно.

  1. нэр дэвшигчийг нэмж бичиж болно
  2. нэр дэвшигчийг хуудсанд хэвээр үлдээж болно
  3. нэр дэвшигчийг жагсаалтаас хасч болно.


Гол шаардлага бол кантонд оногдох суудлын тооноос л хэтрүүлж болохгүй. Сонгогч хуудсан дээр ямарч өөрчлөлт хийхгүй байж болно. Энэ нөхцөлд саналыг намд тооцно. Тэр ч атугай сонгогч өөр намын нэр дэвшигчийг нэмж бичиж болно. Энэ нь сонгуулийн дүн тоолоход бэрхшээл учруулдаг. Учир нь саналуудыг ялгаж салган нам намд нь өгнө.

Санал тоолохдоо эхлээд кантон бүрт нам бүрийн авсан суудлын тоог тодорхойлно. Дараа нь нэр дэвшигчид эрэмбээрээ суудлаа авна. Саналын хуудсанд нэр нь хэр зэрэг олон удаа бичигдсэнээр нэр дэвшигчдийг эрэмбэлнэ.

Сонголт хийх эрх чөлөө олгодог Швейцарийн систем нэр дэвшигчдийг хянах намын хяналтыг сулруулдаг учир намын сахилга АНУ-ын нэг адил доогуур байдаг. Хэдийгээр хэнийг нэрсийн жагсаалтад оруулахыг нам хянаж байдаг ч жагсаалтад орсноос хойш сонгогдох эсэх намаас төдийлөн хамаарахгүй болдог. Энэ систем хэдийгээр сонгогчдод их эрх мэдэл өгч байгаа мэт боловч сонирхлын бүлгүүдийн нөлөөг ихэсгэдэг талтай.

Сонгууль харьцангуй жижиг тойрогт болдог учраас хүмүүс нутаг орноо илүү мэдэрч байдаг. Энэ нь сонгогч, нэр дэвшигчийн хоорондын харилцааг хувийн шинжтэй, ойр дотно болгож байдаг гэж болно. Уг систем тухайн нэр дэвшигчийн талаар үнэлэмжээ илэрхийлэх бололцоог илүү олгодгоороо онцлог юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.