С.Эрдэнэ буруугүй гэсэн шийдвэрийг Баянгол дүүргийн шүүх гаргалаа
Түүнд УИХ-ын гишүүний суудал ямар их үнээр олдсон гэж санана. Шүүхийн танхимд хэдэнтээ дуудагдаж, хариуцагчийн ширээнд багагүй хугацааг өнгөрүүлэн "Би буруугүй " гэдэг үгийг олон удаа давтсаны эцэст парламентын танхимд суух боломж сая л нэг С.Эрдэнэд олдож байна. Ийм боломжийг тэрээр 13 жил мөрөөдөж 1996 оноос хойш нийслэлийн Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд дөрвөн удаа нэр дэвшсэн юм.
"С.Эрдэнэ буруугүй, УИХ-ын гишүүн байж болно" гэдэг шийдвэрийг Баянгол дүүргийн шүүх гаргаж тэрээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан юм. Хамгийн сүүлд шүүхдсэн жишээнээс л дурдахад С.Эрдэнийг гурван үндэслэлээр буруутгаж байсан. УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нэгэн зочид буудлын байрыг өндөр үнээр худалдан авч дундаас нь их хэмжээний мөнгө завшсан, тендергүйгээр "Ланд-Круйзер" машин худалдан авсан, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын сангаас хууль бус мөнгө зарцуулсан, тойргийн хорооны дүнг зассан зэргээр түүнийг буруутгасан ч цагаадсан юм.
С.Эрдэнэ дээрх шалтгаанаар Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд гурван cap хоригдсон. Энэ мэтчилэн С.Эрдэнэ рүү чиглэсэн муу мэдээ, таагүй явуулга түүнийг алхам тутамд нь дагасан ч тэрээр бууж өгөөгүй. Эцэст нь 25-ын С.Эрдэнэ нэртэй үлдсэн билээ.
Содномзундуйн Эрдэнэ гэж хэн бэ. Улаанбаатар хотын уугуул тэрээр нийслэлийн Баянгол дүүрэгтэй сайн, муу аль ч талаараа холбоотой байдаг. Түүний боловсролын тухай жагсаалтад одоогийн Батлан хамгаалахын их сургууль/тухайн үед Цэргийн нэгдсэн дээд сургууль нэртэй байсан/, "Отгонтэнгэр" их сургууль, Удирдлагын академи төгссөн гэж бичжээ. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, орос хэл эзэмшсэн гэдгийг дурдсан байна. С.Эрдэнэ ажлынхаа гарааг Багануур дүүргээс эхэлсэн аж. Хувьсгалт залуучуудын эвлэл, МоАН, Нэгдсэн нам, МҮАН-д улс төрийн ажилтан, УНДЕГ-ын дарга, Баянгол дүүргийн Засаг даргын ажлыг хийж байжээ. Түүний бие чилээрхсэн тухай сэтгүүлчийн асуултад "Би эрүүл саруул байна. Намайг цааш нь харуулах гэсэн хүмүүс л ийм яриа гаргасан бололтой. С.Эрдэнэ бие сайтай, үхэж өрсөлдөгчөө баярлуулахгүй" хэмээн гөжүүдэлж байв. Түүний хобби загасчлах. Өөр хийх дуртай зүйлсийнхээ талаар ярьж байсан нь үгүй юм билээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай бичгийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа тэрээр УИХ-ын танхимд тэсэлгүй ороод суучихсан нь дахиад л асуудал үүсгэсэн. Тангараг өргүүлэх эсэх нь тодорхойгүй байхад дураараа ирсэн С.Эрдэнээс болж парламент дэгээ зөрчиж УИХ-ын дарга загнуулсан юм. Бичиглэлийн эхэнд дурдсан шиг УИХ-ын гишүүн хэмээн дуудуулах нэр түүнд их үнээр олдсон. Тиймээс ч хүлээж тэсэлгүй чуулганы танхимд гүйж ороод бусдад зэмлүүлсэн байх.
УИХ-д орж чадахгүй шүүхийн хаалга сахиж явахдаа С.Эрдэнэ" Монгол Улсын төр завхарсныг энэ явдал илэрхийлж байна. Үндсэн хуулийн заалтыг хэлбэрлэлтгүй дагах ёстой. Төр хуулиа уландаа гишгэлээ. Хууль тогтоох дээд байгууллага 76 гишүүнтэйгээр хүчин төгөлдөр шийдвэр гаргах ёстой. Хууль шударга ёс гэж байна уу" хэмээж байсан. Тэрээр үнэхээр шударга ёс. Монгол Улсын төлөө зүтгэж чадах улстөрч эсэх нь 2012 оны УИХ-ын сонгууль хүртэлх хэсэгхэн хугацаанаас хамаарна. Баянголынхны итгэлийг дааж чадвал түүнд хэд хэдэн парламентын түүхийг бичилцэх боломж бий. Харин цаг хугацааны шалгуурт бүдэрвэл дахин босохгүй ч байж мэдэх юм. С.Эрдэнийг хөл алдуулах дэгээ байнга өндөрт байдаг гэдгийг тэр өөрөө мэдэрдэг байх.