Ж.Батсуурь: Манай туслах дуугаа дуулж яваа би боломжоороо дэмждэг
2011.05.02

Ж.Батсуурь: Манай туслах дуугаа дуулж яваа би боломжоороо дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэтэл МАН-ын цөөнгүй гишүүн дэмжээгүй.Тэдний нэг нь та.Үүнээс болж Х.Тэмүүжин гишүүн Таныг нэлээд зандарч харагдсан.

-Бид хоёр хэрэлдээд байна уу.Тэмүүжин яагаад над руу дайраад байсныг өөрөөс нь асуу. Улс төр ярья л даа.

-Та мажоритар тогтолцоог авч үлдэхийн төлөө байсан юм биш үү?

-Би мажоритар гэдэг үг ер хэлээгүй. Стандарт бус зүйл битгий хийгээсэй гэж хувьдаа хүсэж байгаа. Манайхан хуулийг өөрт ашигтай байдлаар хэлэлцэж, хэрэгжүүлдэг. Д.Лүндээжанцан, Л.Болд нарын төсөл пропорциональ тогтолцоог сонгох тухай байсан. Түү-нийг нэгтгэж хэлэлцэхээр болсон. Гэтэл Ажлын хэсэг холимог хувилбар танил-цуулсан. Энэ тухайгаа УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцүүлээгүй. Яагаад ингэж хольж хутгах гээд байгааг би ойлгоогүй. Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар намын бүлгээр холимог тогтолцоог сонгох талаар ярилцсан гээд байгаа юм. Булгийн дарга, орлогч дарга нар тийм шийдвэр гаргаагүй гэдгээ хэлсэн. Манайхан булхай луйвар гаргачхаад түүндээ тогтолцоог буруутгадаг. Хуулиа хэрэгжүүлж чаддаг бол аль ч тогтолцоогоор шударга сонгууль явуулж болдог. Гол нь хууль тодорхой, шударга байх ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийг ягштал мөрддөг улсууд л гайхалтай хөгжиж байна шүү дээ. Энэ зарчмаар явах ёстой. Пропорцианаль хувилбараар намын нэрээр санал авах нь зохимжгүй юм шиг байгаа юм. Үндсэн хуультай зөрчилдөнө. Улс нэг тойрог болоод нэр дэвшигчээр санал авна гэвэл харин хуультай харшлахгүй. Нам, УИХ-ын олонх холимог хувилбар хэрэгтэй гэвэл тэр шийдвэрийг би дагна. Надад хувийн амбийц байдаггүй. Тогтолцооноос болж сонгууль будлиантай болдог гэвэл би санал нийлэхгүй. Ямар тогтолцоо байх нь чухал биш. Дарга нарын зааснаар, эсвэл хэдэн хун намын бодлого нэрээр асуудал тулгаад байж таарахгүй. Өнөө-дөр хуулийг завхруулдаг явдал хэрээс хэтэрч байна.

-Нэр нэгтийн чих нэг гэдэг. 2008 оны сонгуулиар Дорноговьд Я.Батсуурь, Ж.Батсуурь нарын дунд гол өрсөлдөөн болсон.Та хоёрын санал андуурагдах зэргээр хөгтэй, сонирхолтой явдал гарч байв уу?

-Андуурагдах зүйл гарсан байх. Гэхдээ хавтгайрсан асуудал гарч, сонгуулийн дүнд нөлөөлсөн юм байхгүй. Нэр андуурагдах юм гарч байсан байх аа.

-Хоёр өөр намынх ч гэсэн амьдаанууд хэр зэрэг гар нийлж ажилладаг вэ, тойрогтоо.

Бид хууль тогтоох байгууллагад ажилладаг учраас гүйцэтгэх засгийн ажилд оролцох боломжгүй.Тойрогтой холбоотой асуудлаар санал солилцож, сонгогчдынхоо санаа бодлыг сонсдог.Төсөл хэлэлцэх үеэр бидэнд ярьж хөөрөх зүйл гардаг аа. Энэ хэлбэрээр ажиллаж болмоор л санагддаг.

-Я.Батсуурь морь уядаг гэсэн.Та дутахгүй биз дээ?

-Би өөрөө гардаж морь уядаггүй ч хүүхэд байхдаа хурдан морь унаж өссөн. Миний аав нутагтаа нэртэй морь шинжээч, адуу эмнэх талаараа онцгой чадвартай хүн байсан. Дүү нар, эгчийн хүүхдүүд морь уядаг. Миний хувьд морь уяад байх цаг зав, боломж таарсангүй. Харин нэр дээр уралдуулдаг морьд бий. Түүнээс биш өндөр үнээр морьд худалдаж аваад, орд харшид тэжээж, алдарт, манлай уяачдыг тойгдоод байхыг хүсдэггүй.

-Таны хообий юу юм бэ. Монголын даамны холбооны ерөнхийлөгч гэж сонссон?

-Спортыг дэмжиж ажилладаг. Аймгийн Засаг дарга байхдаа 14 сумын есөд нь спортын заал барьж байгуулсан. Дийлэнхийг нь орон нутгийн хөрөнгөөр босгосон. Манай аймгаас алдартай тамирчид төрөхөө байг. Гэхдээ хүн бүр эрүүл саруул байхын тулд спортоор хичээллэдэг, хөгшин залуугүй чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх ёстой гэж би үзсэн. Монголд хөдөлгөөн дутмагших өвчин тахал мэт газар авч байгаад харамсдаг. Би Монголын үндэсний олимпийн хорооны хүндэт гишүүн. Спортыг дэмжигч гэсэн агуулгаар намайг гишүүнээр сонгосон байх. Даам тоглодог байсан ч зэрэг дэв байхгүй ээ. Даамны холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

-Спортоос гадна урлагийг дэмжигч гэж ойлгож байгаа.

-Би солгой хоолойтой. Гэхдээ урлаг, уран сайханд дуртай. Урлагт хайртай, мэдэрдэг хүн хэзээ ч танхай балмад байдаггүй гэсэн үг ч бий. Хүн амьдралаа урлаг, уран сайхантай хол-бодог байх хэрэгтэй. Намайг Засаг даргаар томилогдож байхад "Саран хөхөө" театрт мэргэжлийн жүжигчин байгаагүй. Тэгээд би санаа зовохдоо СУИС-ийнхтай ярилцаж байгаад элсэлтийн комиссынхыг урьж ажиллуул-сан. Шалгалтад тэнцсэн хүмүүсийн сургалт, дотуур байрны төлбөрийг аймгийн төсвөөс санхүүжүүлж байв. Одоо манайх чадварлаг боловсон хүчинтэй болсон. "Саран хөхөө" театрынхан "Гэгээн Муза" наадмаас шил-дэг найруулагч, эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэнийг хараад бахархаж байлаа.

-Таны туслахыг дуучин, СD гаргасан гэж сонссон.Та дэмждэг байхл даа.

-Манай нутгийн хүүхэд юм. Дуулдаг. Авьяас, чадвар байгаа бол түүндээ зориулж цаг зав гаргах ёстой гэсэн утгаар би дэмжинэ ээ. Дуугаа дуулаад, дууны үг бичүүлж байгаа гэсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.