Сонгуулийн эрх зүйн хариуцлагын асуудлаар зөвлөлдөв
2011.04.14

Сонгуулийн эрх зүйн хариуцлагын асуудлаар зөвлөлдөв

УИХ-ын энэ хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахаар хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд тусгаад байгаа билээ. Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн хариуцлага, түүнийг хүлээлгэх арга замын тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өмнө явагдаж байсан сонгуулийн үед хуулийн хариуцлага хүлээлгэх зөрчил олонтаа гарч байсан ч холбогдох байгууллагуудын эрх үүрэг, хуулийн зохицуулалт, шийтгэлийн механизм тодорхой бусаас шалтгаалж сонгогчид, улс төрийн намуудын хүлээлтийг хангаж чадалгүй өдий хүрсэн.


Сонгуулийн маргааныг хууль, шүүхийн байгууллагууд шуурхай шийдвэрлэж чадахгүй байгаагаас “бохир”, хууль зөрчсөн сонгууль явагддаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий болоод байгаа. Иймээс сонгуулийн тухай хуулинд хариуцлагын асуудлыг нарийвчлан тодорхойлох, маргаан үүссэн тохиолдолд шуурхай шийдвэрлэх, энэ чиглэлийн холбогдох байгууллагуудын эрх, үүргийг тодруулах шаардлагатай байгаа юм. Энэ үндсэн дээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.

 

Сонгуулийн эрх зүйн хариуцлагын чиглэлээр анх удаа болж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд, сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, хууль хяналтын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож, сонгуулийн үеийн булхай зөрчлийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг оновчтой болгох арга замын талаар саналаа солилцов.

Зөвлөлдөх уулзалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нээж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал “УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын асуудлыг хуульчилсан байдал”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүн Д.Цэдэн-Иш “Сонгуулийн сурталчилгааны үед хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт”, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлууд”, Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Ц.Амарсайхан “Сонгуулийн зөрчил, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь”, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Ө.Энхтөр “Сонгуулийн үеэр гардаг хэрэг зөрчил-цагдаагийн байгууллагын үүрэг”, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Сонгуулийн санхүүжилтийн журам ба банкны үйл ажиллагааны зохицуулалт, хариуцлага” сэдвээр илтгэл тавилаа.

 

Илтгэлүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Ганбямба, З.Энхболд, Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Р.Гончигдорж, Х.Жекей, Д.Балдан-Очир, Х.Тэмүүжин нар асуулт асууж, сонгуулийн эрх зүйн хариуцлагын зохицуулалтыг сайжруулах арга замын талаар саналаа хэлэв. Мөн уулзалтад оролцсон сонгуулийн болон хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд ч энэхүү зөвлөлдөх уулзалт нь сонгуулийн үеийн зөрчил, маргаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломж, арга замыг хамтдаа эрж хайж, сонгуулийн шинэ хуульд энэ талын зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгөхөд чухал ач холбогдолтойг онцолж байв.

 

Зөвлөлдөх уулзалтаар яригдсан сонгуулийн эрх зүйн хариуцлагын талаархи саналыг нэгтгэж УИХ-ын сонгуулийн  тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт шилжүүлэхээр тохиров.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.