Г.Баярсайхан: Намд шууд санал өгөх нь үндсэн хуульд харшилна
2011.06.28

Г.Баярсайхан: Намд шууд санал өгөх нь үндсэн хуульд харшилна

АН-ынхан ямар учраас 50:26 тогтолцоог илүүд үзэх болсон талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

-Ардчилсан нам пропорциональ давамгайлсан 50:26 хувилбарыг сонгож байгаа гэдгээ мэдэгдсэн. Яагаад үүнийг сонгох болов?

-Мажоритар системээр явуулсан урьдны сонгуулиудыг харахад нэг дутагдалтай тал байдаг. Жишээлбэл, 2000 оны сонгуулиар МАХН нийт сонгогчдын 52.3 хувийн саналыг авч үлдсэнийг нь Ардчилсан нам болон бусад нам авсан байдаг. Гэтэл МАХН УИХ-ын 74 суудлыг авч үлдсэн 40 гаруй хувийг авсан намууд суудалгүй үлдэж байсан. Энгийнээр бодоход энэ нь улс төрийн шударга бус
хуваарилалт болчхоод байгаа юм. Үүнийг засах хамгийн сайн жишээ бол пропорциональ буюу хувь тэнцүүлсэн систем. Мажоритар тогтолцооны өөр ноцтой дутагдал бол тухайн тойрогт нэр дэвшигч мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авах боломж асар өндөр байдаг. Ялангуяа Монгол Улсад уул уурхайн хуваарилалт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед гадны компаниудаас эхлээд бизнесийн бүлэглэлийнхэн өөрийн төлөөний хүнээ УИХ-д оруулж болзошгүй. Тиймээс манай нам пропорциональ тогтолцоог сонгох нэг шалтгаан бодож байгаа юм. Товчхондоо пропорциональ тогтолцоог сонгосноор УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо нийт сонгогчдын 25 хувийн саналыг авч орж ирдэг байсныг нь өөрчилж үлдсэн 75 хувийн саналын төлөөллийг оруулж ирэх бололцоотой болно гэсэн үг. Түүнчлэн улс төрийн гуравдагч хүчнүүд парламентад орох боломж нээгдэж байгаа юм.

-Хэдийгээр пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог АН сонгоод байгаа ч мажоритараар сонгогдох 26 гишүүнээ шилжиж болно гэсэн зүйл ярьж байсан. Энэ талаар юу гэж хэлэх вэ?

-Мажоритараар сонгогдох 26 нь автоматаар пропорциональ руу шилжих тухай яриа бий.Үүнийг намын бүлэг дээр дахин ярих шаардлагатай. Миний хувьд шилжих асуудлыг дэмжихгүй байгаа.

-Пропорционалийг сонгосноор эрэмбэлэх асуудал гарч ирдэг. Ялангуяа Ардчилсан намынхан намд санал өгөх зарчмыг барьж байгаа. МАН-ын хувьд намдаа ч, гишүүндээ ч санал өгөх зарчмаар эрэмбэлэх зарчмыг барьж байгаа. Танай намын хувьд яаж эрэмбэлэх вэ?

-Эрэмбэлэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээрээ ярилцах хэрэгтэй. Хэн илүү улс төрийн жин дардаг, хэн илүү олон удаа УИХ-д сонгогдсон гэх мэт эрэмбэ дараагаараа жагсах байх. Өрсөлдөөн бий болох хэрэгтэй. Энэ бол муу зүйл биш. Хэрхэн эрэмбэлэх асуудлаа намынхаа халуун тогоон дотор хэлэлцэх нь хамгийн шударга зарчим гэж бодож байна.

-Танай нам хүн биш намд санал өгөх байр суурийг барьж байгаа гэж байсан. Намд санал өгөхөөр Үндсэн хууль зөрчихгүй юу?

-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төлөөллөө шууд сонгоно гэж байгаа. Тэгэхээр намд шууд санал өгөх нь Үндсэн хуульд харшилна. Гэхдээ бидний сонгосон холимог тогтолцоогоор 26 хүнийг шууд санал өгч сонгож байгаа. Ерөнхийдөө төлөөллөө шууд сонгох элемент орсон гэдэг утгаараа Үндсэн хууль зөрчөөгүй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.