Г.Баярсайхан: Сонгуулийн хуулийг ацаг, шалтаг гаргаад л хойшлуулчих байх
-Шударга гишүүд нь сонгогдож, олигархиуд жагсаалтаар гарна-
УИХ-ын чуулган наадмын өмнө завсарласан. Чуулганыг хэрхэн дүгнэж байгааг УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.
-УИХ чухал хуулиудаа хойшлуулаад хаалтаа хийсэн нь шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?
-УИХ өөрийнхөө хүрээнд ажиллаж, хэлэлцэж батлах ёстой хуулиудаа гаргалаа. Зарим хуулийг
хэлэлцүүлэг хугацаа авч, завсарлага авсан. Энэ нь хуулийг улам сайжруулж гаргая гэсэн санаа. Нэг зүйлийг хэлэхэд, УИХ-ын хяналт алдагдсан байна. Олон тогтоол баталсан, түүнийхээ хэрэгжилтийг хянах ёстой. Оюутолгойн гэрээг сайжруулах 57 дугаар тогтоол, бас 39, 40 дүгээр тогтоолыг хэлж байна.
-Тавантолгойн асуудал Сонгуулийн хуулийн сүүдэрт дарагдаад УИХ-д орж ирсэнгүй?
-Тавантолгойн асуудал яах аргагүй хэлэлцэх ёстой асуудлын нэг байсан. Одоогоор Засгийн газар энэ асуудлыг оруулж ирээгүй байгаа. Гэхдээ мордохын хазгай гэгчээр эхнээсээ хэл ам дагуулж байна. Томоохон гүрнүүдэд хувааж өгсөн гэсэн ойлголт байна. Гэхдээ тийм биш. Хятадад 40, АНУ-д 24, ОХУ-д 18 хувийг өгсөн байна, Энэ нь манай гуравдагч хөршийн бодлогод хэр нийцэж байгааг эргэж харах шаардлагатай. Өмнөд Солонгос, Японыг Тавантолгойн гадна үлдээж болохгүй.
-Яагаад Япон, Өмнөд Солонгосыг оролцуулах хэрэгтэй гэж?
-Япон, Өмнөд Солонгосын компаниуд албан ёсоор хувь эзэмшээд явах ёстой гэж бодож байна. Хэцүү, хүнд үедээ Япон улсаас миллиард гаруй ам.доллар авч байсан. Мөн Өмнөд Солонгост 50 гаруй мянган Монгол иргэн ажиллаж байна. Энэ бүхнийг Засгийн газар яагаад дэнсэлж тооцсонгүй вэ. Хятад, АНУ, ОХУ-д тус бүр 30 хувь, үлдсэнийг нь бусад орнуудад хуваарилж болох байсан. Эхнээсээ ОХУ-аас сөрөг хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Өмнөд Солонгос, АНУ-аас ч бас адил. Тиймээс бид нухацтай хандаж, үүцээ задлах ёстой байсан.
-Тавантолгойн хувьцааг иргэддээ олгох болсон. Одоогоор нэрлэсэн үнэ нь нийтэд зарлагдаагүй байгаа. Ер нь дэлхийн зах зээл дээр гаргавал яах бол?
-Тавантолгойн хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргахыг дэмжиж байгаа. Ингэвэл хэн дуртай нь авахад нээлттэй болно. Япон ч авч болно. Ийм альтернатив бариант байсныг бодох хэрэгтэй. Энэ чуулганаар Тавантолгойн асуудал орж ирсэнгүй. Гэхдээ мууд сурамгай гэгчээр наадмын өмнө хальт оруулж ирэх гэсэн чинь Сонгуулийн хуулийн маргаан УИХ-ын чуулганыг тасалдуулсан учир чадаагүй байх.
-Сонгуулийн хуулийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхнийх байна гэж тогтсон. Намрын чуулганаар амжиж батлах болов уу. Хэрхэн харж байна вэ?
-МАН Сонгуулийн хуулийг хамгийн чухал асуудал учраас эхний ээлжид хэлэлцэнэ гэж гурван жилийн өмнө ярьж байсан. Монголын маргааш дуусах биш. Явсаар байгаад намрын чуулган руу "шидлээ". Намар болоход дахиад ямар нэгэн ацаг, шалтаг гаргаж байгаад хойшлуулж таараа. Ингээд л 2008 оных шиг будилаантай сонгууль явагдах болов уу гэж харж байгаа. Хамтарч байгаа нам олиггүй зан гаргаж байна. Нэрээ сольсон биш дордож, хэлж ярьснаасаа буцаад байгаа нь харамсалтай. Сонгуулийн хуулиа шинэчлэх байсан юм.
-Хэрэв сонгуулийн тогтолцоо МАН-ын хүссэнээр болбол?
-Шударга гишүүд нь ард түмнээс сонгогдож, олигархиуд, тэдний хүүхдүүд намын даргаар дамжуулан томилогдож орж ирнэ. Үүнд шүүмжлэлттэй хандаж байгаа.