Г.Баярсайхан: Япон Солонгос хоёрын сонирхлыг Тавантолгойн гадна байлгаж болохгүй
2011.07.19

Г.Баярсайхан: Япон Солонгос хоёрын сонирхлыг Тавантолгойн гадна байлгаж болохгүй

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай уулзаж, Таван толгой болон Сонгуулийн хуулийн талаарх байр суурийг нь сонирхлоо.

-УИХ-ын чуулган завсарлалаа. Энэ удаагийн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ үйл ажиллагаагаа  тодорхой түвшинд явуулж байгаа. Өөрийнхөө эрх үүргийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа явуулах бүхий л боломжийг хангаж байна. Харин УИХ-д нэг л зүйл дутагдаад байгаа юм. Энэ бол УИХ-ын хяналт. УИХ гаргасан  олон тогтоолынхоо хэрэгжилтийг хянах ёстой. Би Оюу толгойн гэрээг сайжруулах 57 дугаар тогтоол, 39, 40 дүгээр тогтоолын тухай хэлээд байна. Хяналтын ажил дээр онц дүн тавьж чадахгүй. Хангалтгүй ажилласан. УИХ хэлэлцээд гаргах ёстой хуулиудаа хэлэлцсэн. Зарим дээр нь удаж, бүлгүүд завсарлага авсан. Энэ нь хуулийг улам сайжруулж гаргах гэснийх юм.

-Таван толгойн асуудал хэлэлцэгдэх байсан ч амжсангүй. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар Таван толгойн асуудлыг хараахан оруулж ирээгүй байна. Гэхдээ мордохын хазгай гэгчээр Таван толгой их шүүмжлэл дагуулсан. Таван толгойгоо БНХАУ, АНУ, ОХУ гуравт хуваагаад өгчихсөн, сайхан боллоо гэсэн ойлголттой явж байх шиг. Гэхдээ тийм биш юм. Хятадад ,40 хувийг, АНУ-д 24, ОХУ-д 18, Монголтой нийлээд 36 хувийг өгсөн байна. Энэ хуваарилалт дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхол, Монголын гуравдагч хөршийн бодлогод хэр нийцэж байгааг эргэж харах зайлшгүй шаардлага тулгарлаа. Япон, Солонгос хоёр яасан бэ. Миний бодлоор энэ хоёр орныг оролцуулж, Таван толгойгоос хувь эзэмших ёстой. Бид хүнд хэцүү үедээ Японоос миллиард гаруй доллар авч л байсан. Солонгост 50 гаруй мянган монгол иргэн ажиллаж байна. Тэдний ард 200 мянган монгол хүний амьдрал байгаа.

Гишүүд нь сонгогдож, олигархиуд нь томилогдож орж ирнэ

Улс эх оронд асар их хэмжээний валютын орлого оруулж байна. Энэ бүх зүйлийг Засгийн газар яагаад дэнсэлж, тооцсонгүй вэ. Хятадад 30, АНУ-д 30, Орост 30, үлдсэн хувийг нь бусад оронд тараагаад өгчхөж яагаад болсонгүй вэ гэдэг асуудал гарч ирж байна. ОХУ-аас Таван толгойн хуваарилалт дээр сөрөг реакци ажиглагдаж эхэлсэн. Солонгосчууд ч дургүйцэж байна. Ийм хандлага АНУ-аас хүртэл ажиглагдаж эхэллээ. «АНУ-д 24 хувийг өгснөөр Япон, Солонгост хуваариллаа гэж үзээгүй биз дээ» гэсэн яриа хүртэл гарч байна. Ер нь Таван толгойн хуваарилалтыг нухацтай авч үзэх хэрэгтэй байсан юм.

-Таван толгойн асуудал ирэх чуулганы үеэр хэлэлцэгдэх байх. Засгийн газрын дэмжсэн хувилбар чуулганаар батлагдах магадлал хэр өндөр вэ?

-УИХ-аар орж ирэх нь гарцаагүй. Энэ үед байр сууриа илэрхийлнэ. Дэлхийн томоохон гүрнүүдийн дунд бид маш ухаалаг бодлого явуулах ёстой. Япон, Солонгос бол том гүрнүүд. Тиймээс энэ том хоёр гүрний сонирхлыг Таван толгойн гадна байлгаж болохгүй. Миний бодлоор Таван толгойг хувьцаа хэлбэрээр дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй. Хэн дуртай нь очоод авч болно. Ингэснээр бид хэний ч өмнө нүүр бардам байх боломж бүрдэнэ шүү дээ. Хэрэв ихийг хүсээд байгаа бол Хятад очоод худалдаад авна л биз. Ийм хувилбар байсныг бас хэлэх хэрэгтэй. Засгийн газар наадмын үеэр УИХ-аар хальт оруулаад гишүүд уншиж амжаагүй байхад нь танилцуулаад гаргадаг зуршлаараа Таван толгойн асуудлыг оруулах гэсэн. Харамсалтай нь Сонгуулийн хуулийн маргаан УИХ-ын чуулганыг тасалдуулчихсан учраас оруулаагүй.

-Хоёр намын бүлэг Сонгуулийн хууль дээр тохиролцоонд хүрч чадаагүйгээс чуулган асуудлыг шийдэж чадахгүй байсаар завсарлалаа. Ингэж хоёр тийшээ харж суух шаардлага байв уу?

-Сонгуулийн хууль хамгийн чухал асуудал, хамгийн эхэнд шийднэ гэж МАН-ынхан хэлж байсан. Монголын маргааш ямар дуусах биш. Ингэж явсаар намар руу шидчихлээ. Намар болохоор дахиад ямар нэг шалтаг олж байгаад хойшоо шидэх биз. Тэгээд 2008 оны өнөөх будлиантай тогтолцоогоороо явах байх гэж харж байна. Уг нь Сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэдэг дээр хоёр нам тохиролцсон. Харамсалтай нь МАН-тай тохиролцож болдоггүй юм байна. Нэрээ сольсон биш бүр дордоод, хэлсэн зүйлээсээ буцаад байгаа нь харамсалтай.

-АН-ын бүлгийн хувьд пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог дэмжиж байсан. Пропорциональ буюу нам давамгайлсан тогтолцоог яагаад чухалчлах болов?

-Манай нам пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжиж байгаа. Гэхдээ гацаанаас гарахын тулд 38:38 гэсэн холимог хувилбарыг дэвшүүлсэн. Энэ нь ч эхийг нь эцээж тугалыг нь тураагаагүй МАН-ынхан хүлээгээд авчхаар хувилбар байгаа юм. Гэтэл тэгсэнгүй. Пропорциональ тогтолцооны давуу тал гэвэл нэг компанид үйлчлэх ам тангараг өгсөн нөхөд гадны уул уурхайн компаниудын мөнгийг өвөртөлж ирээд жалга дов, жижиг тойргуудаас УИХ-д сонгогддогийг болиулах явдал юм. Манай намын бүлэг Монголын төрийг гадны бохир мөнгөнөөс хол байлгая гэсэн байр суурийг баримталж байгаа. Пропорционалиар сонгууль явбал бүхэл бүтэн Монгол Улсыг арай л худалдаад авчихгүй байлгүй дээ. Харин мажоратори бол мөнгөөр өгдөг сонгууль. Энэ нь бохир, хулгайн, ямар ч мөнгө байж болзошгүй. Тиймээс л бохир мөнгөнөөс нэр дэвшигчийг хол явуулъя гэж байгаа юм. Ер нь ирэх сонгуулиар жинхэнэ гишүүд нь сонгогдож, олигархиуд нь томилогдож орж ирнэ.

-Намууд улс орны гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүр тавьж байна гэсэн шүүмжлэл ч байгаа шүү дээ?

-Улстөрийн намууд ард түмний эрх ашгийг үндсэн үзэл баримтлалаа болгодог.Тэгэхээр дан ганц намын үзэл баримтлал гэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Манай намын гол зорилго монгол хүнийг эрүүл чийрэг, ажилтай, Монголын нийгэм улстөрийг ардчилсан болгох явдал юм. Энэ эрх ашиг мэдээж ард түмний л төлөө байж таараа.

-Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарна. Тэгэхээр намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ч хэлэлцэх үү?

-Миний бодлоор холимог тогтолцоогоор явуулбал Үндсэн хуульд харшлах зүйл байхгүй. Харин дан ганц пропорциональ тогтолцоогоор явуулбал Үндсэн хуульд олон өөрчлөлт хийх шаардлага тулгарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.