Завханчууд «хүйтний нэмэгдэл» олгох хүсэлт гаргав
2011.09.13

Завханчууд «хүйтний нэмэгдэл» олгох хүсэлт гаргав

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид МАН-аас зохион байгуулж буй «Ард түмнээ сонсох» аяны хүрээнд Завхан аймагт ажиллалаа. Завханчууд өнгөрсөн 2008 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нарыг УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон.


Завханы гишүүд төр түмнийхээ итгэлийг дааж орон нутагтаа ихийг хийж, бүтээж байгааг нутгийн иргэд сайшааж байгаа аж. Завхан аймагт өнгөрөгч оны мөн үеэс 20 хувиар буюу тэрбум 500 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт нэмэгджээ. 2009, 2010 онд 1.4 тэрбум төгрөгийн зээлийг 157 төсөлд олгосон бол он гараад 25 төсөлд эргэн төлөлтөөс 375 сая төгрөгийн зээл олгосон байна.

Бондын эх үүсвэрээс тус аймагт тэрбум төгрөг, Сум хөгжүүлэх санд 1.6 тэрбум төгрөг, “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хоршооллыг хөгжүүлэхэд 405 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Мөн худалдааны төвийг дэмжих хагас тэрбум, томоохон төслүүдийн хоёр тэрбум төрөгийг нэмж шийдвэрлэхээр яригдаж байгаа аж. Аймгийн хэмжээнд энэ онд 13.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 50 орчим хувийг БСШУ, ЗТБХБ, ХХААХҮ-ийн сайдуудын багц эзэлж байгаа нь сургууль, цэцэрлэг, зам гүүр, жижиг дунд үйлдвэрлэлийн барилга байгууламжид ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Завхан аймагт ажилласан ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “УИХ өнгөрсөн онд батлан даалтын сан байгуулж, орон нутгийн захиргаанаас төслүүдэд батлан даалт гаргах эрх олгосон. Нөгөө талаас Сум хөгжүүлэх санд 50-130 сая төгрөг олгосон нь тухайн орон нутагтаа ямар нэгэн барьцаагүйгээр асуудлыг шийдэх боломж олгосон” гэдгийг онцолж хэлсэн байна. Ингэснээр Завхан аймагт аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 5357.8 сая төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 451.1 сая төгрөгөөр нэмэгдэх аж. Завхан аймаг нийслэлээс 1000 илүү км алслагдсан бөгөөд Монгол Улсын хамгийн хүйтэн цэг энд оршдог тул Завханчууд “хүйтний нэмэгдэл” олгох талаар судлахыг хүссэн байна. Мөн иргэд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ байгалийн бэрхшээлээс хамааран хүндхэн хүрдэг талаар ярьсан байна. Ялангуяа эхчүүд амьдарч буй сумандаа төрдөг болгох хүсэлтийг албаны хүмүүст тавьжээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.