Су.Батболд: Тогтолцоогоо шийдчихвэл хуулийг ганц цагт л батална
2011.09.28

Су.Батболд: Тогтолцоогоо шийдчихвэл хуулийг ганц цагт л батална

-Оюутолгойн гэрээг  эргэж харах болсонтой хол­боотойгоор гадны хэв­лэлүүд “Монголын Засгийн газар санхүү, эдийн засгийн соёл, хариуцлагагүй байдал гаргаж байна” гэх утгатай нийтлэлүүд бичиж байна. Дээр нь “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш буурч, хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байгаа нь хүртэл манай Засгийн газартай холбоотой гэх юм. Гол нь энэ бүхэн  ирэх онд болох парламентын сонгуулиас болж байгаа гэдгийг хамгийн ихээр онцолж байна л даа?
-Ер нь Монголын тал хөрөнгийн эзэн гэдэг утгаараа аль болох хурдан хугацаанд тодорхой хувийг эзэмших нь зүйтэй. Ер нь Монголын тал хөрөнгийн эзэн гэдэг утгаараа аль болох хурдан хугацаанд тодорхой хувийг эзэмших нь зүйтэй. Тийм учраас бид Оюутолгой ордын 34 хувийг эзэмшинэ гэж гэрээ байгуулсан ч 30 жилийн дараа 50 хувийг нь эзэмших бус аль болох богино хугацаанд дээрх  хувиа нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ тал дээр Засгийн газар ажиллах нь ч зөв. Харин нэг анхаарах зүйл бий. Бид нэгэнт хийсэн, шийдвэрлэснээсээ эргэж буцаад байлгүй ажиллаж сурах хэрэгтэй болж байна. Оюутолгой бол хөрөнгө оруулалтын анхны том гэрээ. Цаашдаа ч бид энэ төрлийн маш олон гэрээ байгуулна. Тийм үед анхнаасаа сайтар бодож, тунгааж аливаа гэрээг үзэглэх хэрэгтэй. Үгүй бол хийснээсээ буцаад маргааш нь “Байдал ийм болчихож ээ. Уучлаарай” гэх юм бол ийм түншлэгчтэй хамтарч ажиллах хүн олдохгүй нөхцөл байдал үүсэж мэднэ. Тиймээс эхнээс нь асуудлаа зөв зүйтэй шийдэх, гэрээ хийж сурах хэрэгтэй.
-Гадныхны харж бай­гаачлан сонгуулийн сураг л бүхнийг будилаантуулаад байна гэж үзэхгүй байна уу, та?
-Яах вэ, гадныхан аль ч өнцгөөс харж болно.
-Уржигдар сонгуулийн хуулийн асуудлаар нэгэн хурал болсон. Хурал бас л үр дүнгүй өнгөрсөн юм аа даа?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг цугласан. Энд юу ярьсан гэхээр,  Сонгуулын ерөнхий хороо болон Улсын Бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийг сонссон. Тэдний мэдээллийг сонсож сонгуулийн үед автоматжуулсан системийг хэрэглэхэд бэлэн үү, тоног төхөөрөмжөө сонгосон уу гэх мэт асуудлыг авч хэлэлцлээ. Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газраас цахим иргэний үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой эсэх асуудлаар танилцуулга авсан юм.
-Гол нь хоёр намын зөвшилцлийн асуудал л яригдаад байгаа. Гэтэл танай намыг хуучин тогтолцоогоо авч үлдэх сонирхолтой байгаа гэх юм?
-Монгол Ардын нам тогтолцооны шинэчлэлийн төлөө л байгаа. Үүнийг би маш олон удаа хэлж байна. Бид энэ тогтолцоог шинэчлэх нь зүйтэй гэдэг байр сууриа олон удаа албан ёсоор илэрхийлсэн. Хамгийн анх бид сонгуулын тогтолцоонд пропорционал  хувилбарыг оруулж ирэх нь зүйтэй гэж ярьж байсан шүү дээ. Харин одоо энэ тал дээр хэн, юу гэж хэлэх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ тогтолцоог нэвтрүүлэхдээ яаж шийдэх вэ гэдэгт л ул суурьтай хандах хэрэгтэй байгаа юм. Үүнийг ярилцахад эрдэмтэн, судлаачид, гадаад, дотоодын зөвлөхүүд, “20 жил үйлчилж байгаа сонгуулийн тогтолцоогоо 100 хувь өөрчилж болохгүй. Шинэ тогтолцоонд аажмаар шилжих учиртай. Сонгогчдынхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Түүнээс биш улс төрийн нам, улстөрчийн эрх ашигт үйлчлэх ёсгүй” гэж байгаа. Тиймээс ч сонгуульд саналаа өгч сурсан тэр тогтолцоог нь хадгалаад, шинэчлэлээ аажмаар нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ардын намын хувьд тэрхүү тогтолцооны шинэчлэлийг хийхдээ энэ зарчмыг баримталж, шинэ тогтолцоог хэдэн хувиар шингээж өгөх вэ гэдгийг ярьж байгаа. Энэ нь ч сонгогчдын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Түүнээс биш бид шинэчлэлээс ухарч няцаад байгаа юм байхгүй.
-Үүнийг яагаад асуусан гэхээр танай намыг сонгуулийн тогтолцоог хуучнаар нь хадгалах гэсэн дээ ч юм уу, өөр зорилгоор цаг хожих гээд байна гэсэн байр сууриуд гарсан л даа?
-Ардчилсан нам дотроос тоглолт хийж буй хүмүүс байгаа бололтой. Гэхдээ манай намын хувьд цаг хожих гэсэн шалтгаан байхгүй. Харин ч АН-аас ч юм уу, УИХ-д суудалтай намуудаас шалтгаалж хойшилсон гэж ойлгож байна. Бүх намууд энд үүрэг, хариуцлагаа адилхан хүлээх учиртай. Түүнээс биш бид хойшоо суугаад тэд урагшаа зүтгээд байна гэж бодохгүй байна. Би өөрөө энэ хуулийн ажлын хэсэгт ажилладаггүй учраас анхнаасаа Сонгуулийн тухай хуулийг хурдан шинэчлэн батлуулахыг хүссэн. Энэ тал дээр АН-ыхан ч, бусад намын нөхөд ч идэвхи, чармайлт гаргахгүй байгаа. Маш сонин саналууд хэлж, булхай луйвар, хулгайчийн тухай яриад байгаа болохоос урагшаа ахиулах бодолгүй байна. Хулгайч хүн л “Хулгайчийг бариарай” гэж их чанга хашгирдаг юм гэнэ лээ. АН-ынхан булхай, луйврын тухай маш чанга дуугараад байгаа болохоор би тэднийг булхай, луйвар хийдэг юм болов уу гэж бодоод байгаа.
-Хаанаас ч юм гаргаж ирсэн 38, 38 гэсэн харьцааг уржигдар Ардчилсан намынхан санал болгосон гэсэн?
-Тэр өдөр ерөөсөө энэ тухай ярилцаагүй. Зөвхөн хоёр байгууллагын мэдээллийг л сонссон. Тэгээд ч 38, 38 гэдэг чинь зөвхөн АН-аас гаргаж ирсэн тоо биш. Манай нам сонгуулийн шинэчлэлийн асуудлаар маш олон удаа хурал хийсэн. Эрдэмтэн, судлаачдыг оролцуулж онолын үүднээс асуудалд хандахад Монголын сонгуулийн тогтолцоог янз бүрээр тооцож гаргасан байдаг. Тэнд байсан судалгаанууд дунд  тавь, тавин хувиар тогтолцоог авч үлдэх асуудал ч байсан. Энэ бол цоо шинэ зүйл биш. Хоёр намын зүгээс Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа шүү дээ. Миний хувьд тэр ажлын хэсгийг ажлаа сайн хийгээд, тохиролцоонд хурдан хүрэх шаардлагатай байна л гэж бодож байна.
-Зөвшилцөх ажлын хэсэг энэ зун хуралдаагүй нь ямар учиртай юм бол оо?
-Мэдэхгүй юм. Би тэр ажлын хэсэгт ороогүй. Гэхдээ уржигдар ажлын хэсгийн хуралдаанаас харж байхад тэд уулзсан шинжгүй л байна билээ. Үүнийг би Сонгуулийн тухай хуульд ямар ч ахиц гаргаагүй гэж ойлгож байгаа.
-Удахгүй чуулган эхэллээ. Сонгуулийн тогтолцоог хааш нь шийдэх бол. Их сонин төлөв байдалд шилжчихэж?
-Одоо яахыг хэлж мэдэхгүй байна. Намуудын хүчин чармайлтаас л хамаарах байх даа. Цаг бага байна. Үндсэндээ хоёр, гуравхан сарын хугацаа л үлдээд байна. Батлагдах юм уу, үгүй юү гэдэгт би бага зэрэг итгэл алдарч байгаа. Энэ ажлын хэсэгт байгаа хүмүүсийн байр суурийг харсан ч гэсэн. Чуулган завсарлаад хоёр сар өнгөрөөд байхад урагшаа ахисан зүйл ерөөсөө харагдахгүй байна. Тиймээс л ингэж хэлж байна. Ажлын хэсгийнхэн хэрхэн ажиллахаас энэ асуудал нэг тийш шийдэгдэнэ. Тэднийг л сайн ажиллаасай гэж хүсэж байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар улирал дамжуулан ярьж байна. Мөн хоёр танхимтай парламентын талаар та дурьдах болсон. Энэ асуудал ямар шатанд явна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон байгаа. УИХ-ыг нэг танхимтайгаар гишүүдийн тоог олон болгоно гэх санал тэр дотор багтсан байгаа гэсэн. Гэхдээ би үүний эсрэг байгаа. Харин парламентын шинэчлэлийг цогцоор нь хийж, сонгодог хэлбэрийн хоёр танхимтай болох учиртай гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш одоо байгаа нэг танхимын гишүүдийн тоог нэмснээр сайжрах зүйл огт байхгүй. Энэ нь зөвхөн улстөрчидөд л ашигтай байх.
-Нэг танхим, энэ 76 дотор бизнесмэнүүд олон байгаа нь буруу гэж та хэлсэн байсан?
-Ер нь сүүлийн үед ард түмний төлөөлөл маш ихээр хумигдаж байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн болно гэдэг хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн ажил байдал руу улам бүр чиглээд байна. Бүлэглэлүүд суудлыг хувааж авах нь ч нэмэгдээд байгаа. Харин хоёр танхимтай болсноор төлөөллийн ардчиллыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.  Мөн УИХ-аас гаргах шийдвэр ч чанаржина. Шийдвэр гаргахад бага зэрэг удаан болж магадгүй л дээ. Гэхдээ хамаагүй. Зөв шийдвэр гарч байвал хугацаа тийм чухал биш. Тэгэхгүй бол одоогийн УИХ-аас гаргаж байгаа шийдвэрт хэн нэгэн хяналт тавих ч юмуу, шүүх боломж алга байна шүү дээ. УИХ одоогийн бүтцээрээ цаашаа яваад байвал маш цөөхөн хүний хүрээнд л шийдвэр гарсаар байх болно. Их хурлын ирц хэдээр бүрддэг билээ. Чуулганы хуралдаан 39 хүнээр бүрдэж байгаа. 39 хүн л чуулганд оролцож хууль хэлэлцэнэ. Тэднээс 20 гишүүн нь санал өгвөл хууль батлагдаж байна. Энд өнөөх төлөөлөл гэдэг зүйл харагдахгүй байна шүү дээ. Улс орны хэмжээний томоохон асуудал 20-хон хүнээр шийдэгдэж байна гэдэг харамсалтай байгаа биз. Тэгээд гаргасан шийдвэрт нь Ерөнхийлөгч хориг тавихгүй л бол шууд “ногоон гэрлээр” явчихна. Ийм байхад парламентаас гаргаж байгаа шийдвэр бүрэн, төгс, сайн байна гэдэг хэцүү. Цаашдаа илүү шүүж, шат дамжлагатайгаар асуудлыг хэлэлцдэг байх ёстой. Бид нэг үеэ бодвол харьцангүй өөр нөхцөл байдалд ирж, шилжилтийн үеэ дуусгаж байна. Одоо олон хууль “машиндаад” байх биш, харин илүү нийгмийн амьдралыг зохицуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Жолоогоо жаахан татах хэрэгтэй байна. Ийм үед аливаа асуудлыг хоёр танхимд хэлэлцдэг байвал хамгийн сайн үр дүн авчрах болов уу. Түүнээс биш одоогийн 76 гишүүнийг 99 болгоод юу ч өөрчлөгдөхгүй.
-99 дотор нь бас л бүлэглэлүүд бий болчихно гэж үү?
-Байдал өөрчлөгдөхгүй. Гол нь маргаашийн дотор парламентыг хоёр танхимтай болго гэж байгаа юм биш. Цаашдаа Монгол Улсад парламентын ардчилалыг хөгжүүлье гэж бодож байгаа бол үүнийг хийх ёстой.
-Танаас өөр үүнийг дэмжиж байгаа байр суурьтай гишүүн хэр олон байгаа вэ?
-Энд манай намын байр суурь байгаа шүү дээ. Улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалт хийхэд манай намаас ийм санаачилгыг гаргаж тавьсан. УИХ-д ч, судлаачдын дунд ч үүнийг дэмжиж байгаа хүн цөөнгүй бий.
-Тогтолцооны хувьд үүнийг сонгодог зарчим гэж ойлгож болох уу?
-Сонгодог зарчим байлгүй яахав. Тэр зарчмаар нь байгуулъя гэж байгаа. Тухайлбал, зөвлөхүүдийн танхимтай, төлөөлөгчийн танхимтай байх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ сэдвээр ярих зүйл олон бий.
-Эргээд сонгуулийн тог­то­л­цооны тухай ярилцъя. Би таныг сонгуулийн талаар нэлээд шүүмж хэлэх байх гэж бодож байлаа. Харин энэ тал дээр итгэл алдарч байна гэхээр бага зэрэг гайхлаа?
-Итгэл алдрах нь ч юу юм. Ер нь үүнийг шинэчилнэ гэдэг маш хүндрэлтэй санагдаж байна. Яагаад гэхээр, УИХ-ын гишүүд болон улс төрийн намуудын байр суурь маш хол зөрөөтэй байгаа болохоор хуулийг баталж гаргахад маш түвэгтэй байдал үүсэж байна. Дээр нь энэ сонгуулийн тогтолцооны талаар би маш их ярьсан болохоор дахиад л “Ийм учиртай” гэж ярих нь хүмүүст уйтгартай байх биз.
-Цаг хугацаа давчуу байна гэж та дээр хэлсэн. Харин цаг нь тулах тусам хууль чанаргүй болох эрсдэлтэй юм биш биз?
-Ерөнхийдөө энэ хуультай хол­богдох жижиг зүйлсийг хан­галттай тохирсон л доо. Хамгийн гол нь тогтолцоогоо ямар хэлбэрээр гаргах юм гэдгээ л шийдвэл нэг л өдөрт баталчихна. Харин тэгж шийдэхэд л нам, улстөрчдийн хооронд гараад байгаа зөрүү нь л асуудал болчихоод байна. Сүүлдээ зарим нь аль нь зөв юм гэдгээ ч мэдэхээ байж байх шиг санагдаж байгаа.
-Жижиг зүйлс гэдэгт юу, юуг оруулаад байгаа юм?
-Тухайлбал, сонгогчдын сана­лыг тоолох автоматжуулсан сис­те­мээ шийдчихлээ. Одоо иргэний үнэм­лэхээ цахимжуулчихвал бүр сайн. Ингэвэл давхар санал өгөх, шилжилт хөдөлгөөн хийж санал өгдөг байдал алга болно. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагааг ил тод байлгах, сонгуульд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, булхай луйвар гаргахгүй байх, сонгуулийн үеэр элдэв мөнгө тараах гэх мэт жижиг хэрнээ сонгуулийн үед маш том асуудал болдог зүйлсийг хуульд нэлээд сайн тусгаж санал хураасан. Одоо тогтолцоогоо л шийдчихвэл ганцхан цагийн дотор Сонгуулийн тухай хуулийг батлах боломжтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.