Ц.Даваасүрэн: Тойроггүй хүмүүс пропорциональ ярьж байгаа
Удтал дуншсан эрх баригчдын тоглоомын дүрэм удахгүй тодорхой болно. Өнөөгийн яригдаж буйгаар бол 48:28 буюу мажоритор тогтолцоо давамгайлах бололтой. Ах намын тулган шаардалт, АН-ыг буулгаж авахад хүрээд буй. Тогтолцоо л холимог байвал тоо чухал биш хэмээх бүрхэг хариултын цаана АН санаагаа илэрхийлчихсэн. Иймээс кноп дарах үлдлээ. Тэгвэл гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа сонирхсон юм.
Дарга нарын хувьд пропорциональ тогтолцоо нь ашигтай. Намын авсан хувь дээр гишүүн болох хамгийн өндөр магадлалтай хүн мэдээж намын дарга. Нөгөө талаар энэ тогтолцоо бий болчихвол гишүүн болохын тулд намын даргаа халамжилж тойрсон хүрээлэл бий болдог. Тэгэхээр тэд санал нэгтэй байлгүй яах вэ. Одоогийн мажоритор тогтолцоогоор УИХ-д хэн суухыг ард түмэн шийддэг. Энэ бол Үндсэн хуулиар тэдэнд олгосон эрх юм. Одоо түүнийг нь янз бүрээр тайлбарлаж байгаад намууд булааж авах гээд байгаа нь нууц биш. Үүнийг би дэмжихгүй. Ард түмэн улс төрчдийн сонгогдох эсэхийг шийддэг шүүлтүүр байх нь юунд муу гэж. Харин ч өнөөдрийн нөхцөл байдал энэ шүүлтүүрийг улам сайн болгохыг шаардаж байх шиг байна. Нөгөөтэйгүүр намыг дугуйлна гэдэг сайхан зүйл биш. Өнөөдрийн манай улс төрийн төрх байдлыг хар л даа. Бизнесийн эрх ашиг давамгайлсан. Ийм үед пропорциональ тогтолцоо руу орвол намууд бизнесийнхний гарт орж, бүр төр засаг гэдэг улс төрийн шинж чанараа алдах эрсдэлтэй.
Одоогийн Сонгуулийн хуулиар сонгуулийн мөнгөний нөлөөллийг авч хаях ёстой. Мөнгөөр сонгуульд оролцож байна гэдэг төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахтай адил.Үүнийг хуульчилсан Эрүүгийн хуулийн заалт байна. Хариуцлагыг нь улам чангаруулаад, мөнгө, бэлэг сэлт байна уу хахуулын чанартай зүйлийг нь мөн тас хорих ёстой. Ингээд санал тоолоход гардаг будлианаа арилгачихвал ямар ч асуудалгүй шударга сонгууль явна. Пропорциональ, мажоритар аль алин дээр нь л мөнгө,санал тоололт будлиантуулах асуудал байдаг. Пропорционалаар явахаар мөнгө тараахаа больчихно гэж бодож болохгүй. Товчхондоо, тойроггүй хүмүүс л пропорциональ элемент, намыг дугуйлах хоёрыг дэмжиж байгаа. Хуваасаар байгаад тойрог олдохоо больсон юм хойно өөр яалтай ч билээ.