Ж.Батсуурь: Оюутолгойн гэрээг өөрсдөө баталчихаад араас нь чулуу шидээд байж болохгүй
2011.10.19

Ж.Батсуурь: Оюутолгойн гэрээг өөрсдөө баталчихаад араас нь чулуу шидээд байж болохгүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Сонгуулийн тухай хууль батлах хугацаа хэдийнээ өнгөрч , намын бүлгүүд санал нэгдэхгүй байна. Энэ тал дээр таны байр суурь юу байна вэ. Ер нь ингэхэд хувь гишүүний хувьд аль тогтолцоог дэмжиж байгаа юм?
-Манай парламент өнгөрсөн жил 20 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Энэ хугацаанд нэлээд хэдэн сонгууль өнгөрч, бид мажоритар гэж яриад байдаг жижиг тойргоор сонгуулиа өгч ирсэн. Олон мандаттай байсныг бид бүхэн мэдэж байгаа. Харин 2008 онд бол олон мандаттай ч томсгосон тойргийн зарчмаар явж ирсэн. Энэ тогтолцоо нь сонгууль явуулахад намыг дотор нь хагаралдуулдаг, сонгогчдыг ч мөн хагаралдуулдаг гэсэн муу үр дагавар байдаг гэх үндэслэлээр өөрчлөх гэж байна. Бид тэгэхээр сонгуулийнхаа тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох сонгогчдын маань санал аль болох бүрэн дүүрэн хэрэгжих зарчмыг баримталж байгаа юм. Ерөөсөө аливаа зүйл төгс байдаггүй шүү дээ. Дэлхийн улс орнууд ч энэ нь зүгээр ч юм уу гээд нэг тогтолцоог авч хэрэглэж байгаад ахиад арай боловсронгуй болгоод гэх мэтээр цааш явж л байна. Энэ бүгдээс оноог нь авч алдааг хаяад улам л боловсронгуй болон урагшилж байгаа юм.
-Тун энгийнээр тайлбарлаж хэлбэл Сонгуулийн хуульд яг ямар өөрчлөлт хийх гээд байна вэ?
-Мэдээж сонгуульд аль болох булхай луйвар гаргахгүй үүднээс л бодолцож хуульдаа өөрчлөлт оруулна гэсэн байр суурийг намын хоёр бүлэг дэвшүүлж байгаа. Нөгөө талд энэ хуулийг өөрчлөхөд хамгийн чухал зүйл нь манай орны өөрийн онцлогийг анхаарч үзэх ёстой. Тархай бутархай байршилтай, том газар нутагтай гэх мэт онцлог нь энэ хуульд шууд нөлөөлнө. Бидний өнөөдрийн хэрэглэж байгаа энэ тогтолцоог дэлхийн зарим улс хэрэглэж байна. Тэгэхээр сонгуулийн хуулийг өөрийн орны онцлогт тохируулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Ийм өргөн уудам нутагт тархай бутархай суурьшдаг манай улсын хувьд пропорциональ тогтолцоо тохирох уу, үгүй гэдэг асуудал бий.
Өөрөөр хэлбэл нам нь нэрийг нь дэвшүүлчихдэг, нам нь авсан саналаа хүмүүстээ хуваарилаад өгчихдөг энэ тогтолцоог шууд аваад хэрэглэх нь манай улсад тохирохгүй. Тэгээд ч энэ тал дээр дутагдал олон бий гэж үзэж байгаа. Энэ талаар улс төрд он удаан жил ажилласан туршлагатай хүмүүс ч ярьж л байна.
-Шууд пропорциональ тогтолцоо буюу намын нэрээр дэвшээд ороод ирэхээр алслагдсан сум аймаг анхаарлын гадна үлдэнэ гэсэн үг үү. Туршлагатай улстөрчид юу гэж байх юм?
-Бид шууд ийм тогтолцоогоор явбал алслагдсан сум суурин орхигдоно. Манай улс чинь уужим нутагт газрын мухарт тархан суурьшсан учраас хоцрогдох магадлалтай юм. Тиймээс алс хязгаарт байгаа иргэдээ үл ойшоон нам, намын удирдлагуудыг тойрон хүрээлсэн тийм л нөхцөл байдал үүснэ гэж болгоомжилж байгаа юм. Мэдээж тэд чинь алс баруун хязгаарт байгаа иргэдэд таалагдах гэж тийшээ анхаарал хандуулахын оронд намынхаа даргад таалагдахыг урьтал болгоно шүү дээ. Тиймээс бид намын бүлэг дээр ярьж байгаад холимог тогтолцоог олонхоороо зөв гэж үзсэн. Тэр тусмаа тойрог нь мажоритар давамгайлсан байвал зүгээр юм байна гэж үзсэн. Үүний дараа бид Ардчилсан намдаа санал болгосон л доо.
-Ардчилсан намын хувьд таны ярьж байгаатай бол санал нэгдсэн байх. Харин 50:26, 38:38:, 48:28 гэсэн толгой      эргүүлсэн тооны асуудал ярьчхаад энэ хуулийг гацааж байна. Ардчилсан нам чухам яагаад зөвшөөрөхгүй байгаа хэрэг вэ?
-Нэг мөсөн шинэчилнэ гэж үзэж байгаа юм уу яаж байгааг сайн мэдэхгүй байна. Тэдний намын бүлгийн хурал дээр юу ярьсныг сайн мэдэхгүй юм.
-Гэхдээ л та энэ улс төрийн гал тогоонд байгаа хүн мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ?
-Зөвхөн энэ, тэр гээд байх нь юу юм. Манай улс төрийн намуудад нэг ийм зүйл байна. Эднийх ийм зүйл санаачилчихлаа. Заавал нэг юм харсан байх учиртай гээд хардаад байдаг. Үүнийг л эсрэгээр нь хийх ёстой гэж үздэг. Ер нь ийм байдал улс төрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн ажиглагдах болсон. Одоо энэ Оюутолгойн гэрээ ч юм уу бусад томоохон зүйл дээр их ажиглагдах болжээ. Миний хувьд энэ хардалтын л нэг байгаа байх. Ерөөсөө сонгуулийн хуулийг хардалт гацаагаад байна. Харин өнөөдөр манай хоёр намын бүлэг нэг үеэ бодвол нэлээд ойлголцож байна.
-Энэ байдлаар хардаж гацаагаад байтал хугацаа богино үлдлээ. 12 дугаар сарын 31-нд хуулийн хугацаа дуусаж байгаа. Үүнээс хойш энэ хуульд гар хүрэх эрх байхгүй шүү дээ?
-Ер нь бол Сонгуулийнхаа хуулийг хэлэлцээд дотор нь байгаа болох болохгүй зүйлээ ярилцаад явж байгаа шүү дээ. Аливаа зүйл чинь төгс байна гэж байхгүй шүү дээ. Одоо бол холимог тогтолцоон дээрээ санал нэгдэж байгаа. Аль нь давамгай байх вэ, аль нь илүү байх вэ гээд л маргаж байгаа юм. Тэгэхээр одоо Сонгуулийн тухай хууль батлахад нэг долоо хоног хоёр долоо хоног үлдлээ гэж ярьж болох байх шүү. Тун удахгүй батлагдана.
-Оюутолгой гэснээс хөрөнгө оруулалттай холбоотойгоор нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт шаардах хүргүүлчихээд сууж байна. Та энэ гишүүдийг дэмжиж байгаа юу, эсвэл?
-Бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгэнт гадаадынхан хөрөнгөө гаргаад, тухай үеийн хууль журмаар эрэл хайгуулалтыг хийж үйлдвэр байгуулах хүртэл судалгаа хийсэн нь үнэн. Тэгэхээр үүнийг олон салбарт хөрөнгө оруулж, олон улсын төвшинд уул уурхайн чиглэлээр ажилладаг зарчмыг үндэслэж хийсэн гэрээ. Энэ гэрээг нэлээд урт хугацаанд хэлэлцэж байж Засгийн газар УИХ-аар дамжуулж баталсан шүү дээ.
Бүр гэрээгээ хууль болгоё гэж ярьж байсан зүйлүүд ч бий.
Ингэж анхны гэрээ байгуулснаас хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн. Энэ хугацааг алгуурлалаа гээд хожоод байсан зүйл алга. Цаг хугацаа бол үнэт капитал гэж яригддаг. Үүнийг ашиглаж, цалин тэтгэврээ нэмэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах гээд олон асуудал цаг хугацаа хүлээлгүй гарч ирж байна. Байдал ийм учраас гарцаагүй гэрээ байгуулах шаардлага байсан уу гэвэл байсан. Гэхдээ бид энэ гэрээг Засгийн газар санаачилж, энэ УИХ баталчихвал гавьяа байгуулчих болов уу гэж бие биенээ хардах хэрэггүй. Нэгнийхээ хийсэн ажлыг нураах хэрэггүй юм. Ингэж тал талаас нь хэмлээд, энэ алдаатай, хамгийн муу гэрээ боллоо гээд шүүмжлээд суухаасаа илүү тал талаасаа дэмжиж ярилцаад явах ёстой гэж бодож байна. Ингэхэд энэ гэрээг чинь бид нэлээд олон талаас нь ярилцаж байгаад УИХ-аар баталсан шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн гэрээг өөрсдөө баталчхаад араас нь чулуу шидээд байж болохгүй.
Ер нь бол 50-иас дээш хувийг өөртөө авъя гэдэг яриа бол анхнаасаа л байсан.
Анхны үйлдвэр барьж байгуулах хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаанд бол ийм зүйл ярихгүй гэсэн. Энэ бүгдийг нөхсөний дараа 50-иас дээш хувийг ярих ёстой. Гэрээнд чинь хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх вэ, үр ашгаа хэзээ өгч эхлэх вэ, монголчууд хэдий үед нь хувиа нэмэх вэ гээд тодорхой заачихсан байгаа. Энэ цаг үедээ саналаа тавиад л хувь нэмэх тухай ярих байсан. Түүнээс биш өнөөдөр ажил дөнгөж эхлээд хөрөнгө оруулалт ч дөнгөж орж байхад ийм зүйл ярьж болохгүй. Олон улсын хэмжээнд яригдах бидний нэр хүндээс эхлээд олон асуудал дагуулна гэж бодож байна.
-Сайншандын Хүнд аж үйлдвэрийн парк, бас Сайншандад нефть нэрэх үйлдвэрийн шав тавилаа гээд таны сонгогдсон тойрогт бүтээн байгуулалтын ажил их л дуулдах юм. Чухам ямар шатандаа явна. Та энэ зүгт нэлээд анхаарал хандуулж байгаа байх?
-Хүнд аж үйлдвэрийн парк, нефть боловсруулах үйлдвэр гэдэг бол ганц нэг компани бүү хэл Монгол Улсын Засгийн газар дангаараа хийчих ч ажил биш. Нарийн төвөгтэй ажил шүү дээ. Манайх 2010 онд л газрын тос олборлогч орон боллоо шүү дээ. Олборлож байгаа тосны хэмжээ, чанар гээд үйлдвэр байгуулахад шаардлага хангахгүй зүйлүүд нэлээд бий. Үүнийг бол олборлож байгаа нефть боловсруулах уу гаднаас түүхий нефть оруулж ирж боловсруулах уу гээд нэлээд олон асуудал анхаарлын төвд байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын компаниуд Монголын зарим компанийн оролцоотойгоор Монголд нефть нэрэх үйлдвэр барих тухай саналууд ирсээр байгаа. Долоон компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай зөвшөөрөл тухайн үеийн эрх олгогчдоос авсан байдаг. Зөвшөөрлийнхөө дагуу ажлаа эхлэхэд олон зүйл шаардагдана".
Барьж байгуулахад хөрөнгө оруулалт чухал. Чухам хаанаас хэнээс гээд асуудал бий.
Нөгөө талд техник эдийн засгийн үзүүлэлт гээд бас л чухал зүйл бий. Гэтэл Монголд ийм зүйл боловсруулчихсан компани хараахан алга л байна. Ер нь бол энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд бол ярьж байгаа. Сая Германы Канцлер ирлээ. Бидний сайн мэдэх нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гаргаж авах гэрээ хэлцэл боллоо. Энэ бол нэлээд түрүүлж баригдах болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр та Сайншандын нефть нэрэх үйлдвэрээс өмнө тэр нүүрснээс нефть гаргаж авах тухайд илүү хурдан гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?
Аливаа зүйлийг эхлэхэд зүгээр сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй л дээ. Ер нь бол шав тавих өөр асуудал, нарийн технологи, техник эдийн засгийн үзүүлэлтийг нь гаргах гэдэг өөр шүү. Тэгээд хөрөнгө оруулалт гэж нэг том зүйл бий. Түүнээс биш хаа сайгүй шав тавьж л байдаг шүү дээ. Налайхад сонгуулийн өмнө шав тавьсан шүү дээ. Одоо нэг том цементэн хашаа байна. Тэр үед хамаг амьтныг ажилтай болгоно. Гадаад дотоодод сургана гээд шав тавьж байсныг санаж байна. Гэтэл одоо хаа байна вэ. Дарханд ч бас шав тавилаа. Багахангайд бас шав тавилаа гээд зөндөө бий. Шав тавина гэдэг бол өөр асуудал. Шав тавьснаар юм бүтчихдэг бол сайхан л хэрэг. Би Дорноговь аймгийн Засаг даргаар 2000-2008 он хүртэл ажиллахдаа хэд хэдэн цементийн үйлдвэрийн шав тавьсан хүн шүү дээ. Одоо баригдсан нь үгүй л байна.
Нийтлэлч

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.