С.Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүдээ гадуурхаж болохгүй
Тавантолгой ордыг эргэлтэд оруулж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх талаар Засгийн газар мэдээлсэн. Мөн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид арилжаалах талаар УИХ-ын тогтоол гарсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Я.Батсуурь,Д.Одбаяр нар тус бүр иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, харин аж ахуйн нэгжид хувьцаа олгохгүй байх талаар хуулийн төсөл санаачлан боловсруулсан нь өнөөдөр маргаан дагуулаад байгаа. Нэг хэсэг нь Аж ахуйн нэгжээ шахаж байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь Аж ахуйн нэгжид хувьцаа олгохоор цөөн хэдэн нөхөд баяжна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ талын байр суурийг хүргэж байна.
-Иргэдэд өгөх хувийг нэмнэ гэж байгаатай бол санал нэг байна. Харин Аж ахуйн нэгжүүдээ гадуурхаж хувьцаа олгохгүй байна гэдэг буруу юм. Өнөөдөр Монголын 800 гаруй мянган хүн хувийн хэвшилд ажиллаж, түүгээр амьдралаа залгуулж байна. Татвараа төлж байна. Ийм байхад тэднийг шахна гэдэг ойлгомжгүй асуудал юм. Тавантолгойн сургаар нэг хүн олон компани байгуулсан гэх яриа газар авсан. Гэсэн ч энэ чинь хуулийн цаг хугацаатай шүү дээ. Тэгэхээр хэтэрхий нэг талыг бариад туйлширч болохгүй байх. Хувийн хэвшилд байгаа иргэд ч тэгш л хүртэх ёстой ш дээ. Ер нь Тавантолгойн тухай ярихад хэн илүү мөнгө хаяж, хувьцаа худалдаж авсан нь Тавантолгойд хөрөнгө оруулалтын илүү хувь, эзэмшинэ биз. Яахаараа манай Засгийн газар хувь тогтоож байгаа юм. Эдийн засаг гадарладаг, банк санхүүгийн наад захын мэдлэгтэй хүний л хийчих аргачлал шүү дээ. Нөгөө талаас Тавантолгойг өдий болтол яагаад эргэлтэд оруулахгүй байгаа юм. Би бол шууд л Ухаа худагтай холбож ойлгож байгаа. Ухаа худгийн үнэлгээг осгох, хувьцааны ханшийг өсгөх зорилгоор зориуд Таван толгойг эргэлтэд оруулахгүй барьсан. Тэр хооронд Ухаа худгийн хувьцааны ханш өчнөөн тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд өслөө. Тэр хооронд нүүрс боловсруулах үйлдвэр барьчихлаа. Сайндаа биш эд Монголын ард түмний хөрөнгөөр л тоглож байгаа.