Я.Батсуурьтай иргэний хөдөлгөөнүүд нэгдэнэ
2012.02.16

Я.Батсуурьтай иргэний хөдөлгөөнүүд нэгдэнэ

МАН, АН тус тусдаа 2008 оны сонгуулиар амлаж байсан амлалтаа биелүүлэх учиртай талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, иргэн бүр МАН-ын амлалт 1.5 сая төгрөгөө бэлнээр авах учиртай. Мөн үүний зэрэгцээ АН-ын амлалт Тавантолгойн хувьцаа эзэмшигч болно. Түүнээс биш хувьцаа юу, бэлэн мөнгө үү гэх сонголтыг иргэдэд тулгаж болохгүй хэмээн тэрбээр мэдэгдэж, түүнтэй байр суурь нэг байгаагаа Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн ч онцлов. Мөн "Амлалт нэхэх ард түмний холбоо" бодон бусад иргэний хөдөлгөөнүүд санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Сонгууль дөтөлж, хамтарсан Засгийн газрын үед шийдвэрлэгдсэн асуудлыг өдгөө ярьж байгаа шалтгаанаа эрхэм гишүүн цаг хугацааны хувьд ингэж таарсан хэмээн тайлбарласан юм. Учир нь Эдийн засгийн байнгын хорооноос С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсэг дүгнэлтээ оруулж ирэхгүй байсаар өнөөг хүрсэн аж.

Удтал хүлээлт үүсгэсэн ажлын хэсгийн дүгнэлтээр Я.Батсуурь гишүүний анхлан барьсан тогтоолын төслийг утга, үзэл санааны хувьд танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн байжээ.

Энэ талаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр олонтаа сануулж, анхааруулсан боловч хэн ч тоогоогүй гэнэ.

Улмаар олонхиороо асуудлыг шийдвэрлэж байгаад гишүүн ундуйцаж байгаагаа илэрхийлж байсан юм. Байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хуваарилах зорилготой түүний санаачилга эцэстээ өрсөлдөгч намынх нь бэлэн мөнгөний амлалттай хутгалдаж, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хувьцаагүй хоцрох болсонд гомдолтой байгаа аж. Нэгэнт олонхиороо хүч түрэн шийдвэрлэж буй уг тогтоолын төслийг нэгэнт чөдөрлөж дийлэхээ больжээ. Ганц аврал нь Ерөнхийлөгчийн хориг. Хэрэв Төрийн тэргүүн хориг тавьбал асуудал нааштайгаар эргэх бага ч атугай найдвар бий. Түүнээс биш асуудал нэгэнт бэлэн мөнгөний амлалт болж, иргэд өнөөдрийнхөө хоолыг бодсондоо аж ахуйн нэгжид хувьцаагаа арилжиж, харин 10 хувийг нэрлэсэн үнээр авах гэж байсан компанийн эзэд 20 хувийг халааслах боломж олдож буй нь энэ гэнэ. Уг нь хувьцааг Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж, дэлхийн зах зээл дээр IРО хийх үед нь иргэдэд хувьцаагаа арилжих боломжийг олгох байсныг ч тодотгож байлаа. Харин бэлэн сая төгрөгийн тухайд МАН өгч чадахгүй бол Монголын ард түмнээс уучлалт гуйж, үнэн учраа хэлэх ёстой хэмээн мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.